Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 2324000030001 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны *дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, халх, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт * аймгийн * сумын * багийн * тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД: *******/       

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 30 минутын орчим Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд *******ыг тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахад нь зогсоож “Миний малчнаар адуугаа туулгадаг хэн бэ?" гэж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар *******ын толгойн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:    

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын хажууд *******ыг тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахад нь зогсоож “Миний малчнаар адуугаа туулгадаг хэн бэ?" гэж үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар *******ын толгойн тус газарт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 24 тооны адууг Буурлын үзүүр гэх газраас аваад Нүүрстийн үзүүр гэх газар авч ирж орхисон. Тэгтэл манай адууг эхнэрийн хамаатан болох ******* буцаагаад Буурлын үзүүр гэх газар руу тууж байгааг би өөрөө харсан. Тэгээд энэ адуу туугаад байгаа талаар ярилцах гэж эхнэрийнхээ хамт *******гийн гэрт очсон. *******гийн гэрт очоод *******тай уулзаад ахынхаа адууг буцаагаад дөхүүлээд өгөөрэй, 2-3 унага муудсан байсан авах гэсэн юм аа гэж хэлсэн. Тэгээд тэндээс гараад Нөмрөг сумын төв гэр рүүгээ явсан. Нөмрөг сумын төв рүү 19 цаг 30 минутын орчим орж ирж байтал Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талын гарц дээр замын хажуу талд нэг цагаан өнгийн жижиг машин зогсож байсан. Эхнэр бид хажуугаар нь өнгөрсөн чинь нөгөө машин гэрлээрээ дохиод, сигналдаад байсан. Тэхээр нь би Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын гарц дээр зам чөлөөлөөд зогссон. Тэгтэл нөгөө жижиг цагаан машин машин миний хажуугаар орж ирээд, миний машиныг шүргэх шахаа хаагаад зогсоод машинаас ******* гэх залуу бууж ирээд миний машины жолооч талын хаалгыг онгойлгоод үгийн зөрүүгүй намайг цохиод эхэлсэн. Миний баруун талын нүд рүү эхлээд нэг удаа цохисон, мөн баруун талын шанаа, толгойн баруун хойд хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ******* гэдэг залуу эхлээд надад ямар нэгэн зүйл хэлэхгүй учир зүггүй цохиод байсан, тэгж байгаад "чамайг хаана явсан газар чинь ална, Нөмрөг суманд байлгахгүй, миний малчнаар адуугаа туулгаж байдаг чи яасан овоо юм бэ?” гэх зэргээр хэлэх хэлэхгүйгээр намайг харааж цохиод байсан. ******* намайг цохиж эхлэхэд манай эхнэр машинаас буугаад тойрч очоод *******г цааш татах гэтэл манай эхнэрийг түлхэж холдуулаад намайг цохиод байсан. Манай эхнэрийг хэд хэдэн удаа түлхэж холдуулсан. Тэгж байгаад манай эхнэр *******г надаас арай гэж холдуулахад нь би цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгж байтал Шунхлай шатахуун түгээх станцын түгээгч ******* гэдэг хүн ирээд *******г "чи яаж байгаа юм бэ, бие хаа муутай хүн рүү яаж байгаа юм" гээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. ******* ирээд удаагүй байтал цагдаа ирсэн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ очоод багийн эмч Базардайрийг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд "даралт их байна, даралтны эм уу" гэж хэлээд даралтны эм, зүрхний эм өгөөд явсан. Маргааш өглөө нь манай гэрт ******* гэх залуу орж ирээд “цэцэрлэгийн хүүхэд биш дээ, битгий маяглаад бай, 2-3 цохилцоход юун сүртэй юм, гомдолгүй гээд гарын үсэг зур, юун сүртэй юм гэж” хэлсэн. Тэгэхээр нь бид нар дахин цагдаа дуудаад өгөөд явуулсан. ******* манай гэрт ирэхээр нь би толгойгоо харуулаад чи намайг ийм болтол цохисон гэхэд ******* хариуд нь "наадах чинь миний цохисон биш байна, чи наадахаа өөрөө цохисон, хүний гараар цохихоор ийм болдоггүй юм" гэж хэлж байсан. Намайг машин дотроо байхад цохиод байсан, эхлээд машины хаалга онгойлгоод цохисон, дараа нь хаалга хаатал машины цонхоор намайг цохисон. Миний толгой хэсэг гараараа 10 гаран удаа цохисон. Энэ хэргээс болоод миний толгой байнга өвддөг болоод байна, мөн даралт ихсээд, зүрх чичрээд байгаа. Өмнө нь миний хөл өвддөг, хөлийн судасны өвчтэй юм. Энэ өвчнөөрөө эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд бүх зүйл хэвийн болоод эмнэлгээс гарсан, эмнэлгээс гарсан бичиг нь хүртэл байгаа. Тэгээд маргааш нь ******* гэх залууд зодуулсан. ******* бид 2-т ямар нэгэн өр авлага, өс хонзонтой зүйл байхгүй, өмнө нь тэр болгон харьцаад байдаггүй байсан. Энэ хэрэг болсны маргааш ******* ах нь гэх хүн над руу залгаад байхаар нь би аваагүй, манай эхнэр рүү залгаж яриад "танай нөхөр манай дүүд зодуулаад салсандаа баярла, хэрэв надтай таарсан бол би газар дээр нь дуусгах байсан юм" гэж ярьсан. Надад зардлын баримтууд байгаа, мөн хэрэг гарсан орой авхуулсан зураг байгаа. Тэдгээрийг гаргаж өгнө. Мөн Шунхлай шатахуун түгээх станцын бичлэг байгаа байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас/

-Хохирогч Б.ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: "...Би энэ хэргээс хойш Тосонцэнгэл сумын эмнэлэг, Нөмрөг сумын эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 удаа тус тус үзүүлсэн. Би ингэж явахдаа толгой болон биеийн ерөнхий байдлыг үзүүлээд яваад байгаа. Ямар нэгэн байдлаар эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй, гадуур эмчилгээ хийлгээд яваад байгаа. Би жоохон дулаарвал Улаанбаатар хот явж толгойгоо үзүүлэх хэрэгтэй байгаа. Өөр ямар нэгэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

 -Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энэ хэргийн хохирогч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Эдгээр үйлчилгээнд нийт 442,250 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 442,250 төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээр гаргуулахаар заасан байгаа. Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 442,250 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/   

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн нөхөр *******ын хамт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сумын төвд байх гэрээсээ өөрийн эзэмшлийн Jimny гэх машинтай гараад Зостын өтөг гэх газар хамаатны айл болох ******* гэдэг айлд очоод буцаад сумын төв рүү 19 цаг 30 минутын орчим явж байтал Шунхлай шатахуун түгээх станцын зүүн талд зам дээр нэг цагаан өнгийн жижиг машин зогсож байсан. Тэгээд нөхөр бид 2 хажуугаар нь өнгөрөөд явж байтал нөгөө машин бид 2-н араас ирээд гэрлээрээ дохиод, сигналдаад байхаар нь уулзах гэж байгаа юм байна гэж бодоод Шунхлай шатахуун түгээх станцын баруун талын гарц руу гараад зам чөлөөлөөд зогссон. Тэгтэл нөгөө машин манай машиныг шүргэх шахуу урд талаар хааж зогсоод машинаас ******* гэх залуу ганцаараа бууж ирээд манай машины жолооч талын хаалга онгойлгоод манай нөхөр ыг цохиод машины түлхүүр сугалаад авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тойрч очоод машины жолоочийн хаалгыг хаахад онгорхой байсан цонхоор нь манай нөхрийг цохиод байсан. ******* гэх залуу манай нөхөр ыг "би чамайг Нөмрөг суманд байлгахгүй, хаана явсан газар чинь ална, мөн машинаасаа буугаад ир чамайг ална гэж" хэлээд цохиод байсан. Би ******* гэх залууг холдуулах гээд түлхээд дийлэхгүй байсан, намайг түлхчхээд манай нөхрийг цохиод байсан. Тэгээд би ******* гэх залуу арай гэж машинаас холдуулах хооронд манай нөхөр цагдаа дуудсан. Тэгж байтал Шунхлай шатахуун түгээх станцын түгээгч ******* гэдэг хүн хүрээд ирсэн, мөн цагдаа нар ирсэн. Цагдаа ирсэн хойно ******* гэх залуу өөрийнхөө машиныг холдуулчхаад ирээд машины түлхүүрээ ав гээд над руу шидсэн. Тэгээд нөхөр бид 2 гэртээ очоод багийн эмч Базардайрийг дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд манай нөхрийг "даралт их байна, даралтны эм уу” гэж хэлээд даралтны эм, зүрхний эм өгөөд явсан. Маргааш өглөө нь манай гэрт ******* гэх залуу ирээд “цэцэрлэгийн хүүхэд биш дээ, ямар цохисон биш дээ, уучилчихаа, гомдолгүй гэж хэл, юун сүртэй юм гэж” хэлсэн. Тэгэхээр нь бид нар дахин цагдаа дуудаад өгөөд явуулсан. Манай нөхөр ыг машинд сууж байхад нь ******* гэх залуу толгойн баруун талын хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Олон удаа цохисон. Манай нөхөр машинаасаа буугаагүй, хэрэв машинаас буусан бол манай нөхрийг алах байсан байх. Хэрэг гарах үед манай нөхөр , ******* бид 3 л байсан. *******гийн машинд хүн байсан эсэх талаар мэдэхгүй байна. Манай нөхөр *******г цохиж зодсон зүйл байхгүй, өөрөө л зодуулсан. Манай нөхрийн толгой баруун талаараа хавдсан, баруун талын нүд шанаагаараа хавдсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Манай нөхөр болон ******* нарын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонтой зүйл байхгүй. Миний хувьд ямар нэгэн өр авлага өс хонзонтой зүйл байдаг талаар мэдэхгүй байна. Уг хэрэг гарах үед манай нөхөр бид 2 ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин ******* яасан талаар сайн мэдэхгүй байна. Намайг хэн нэгэн зохиж зодоогүй, миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. ******* гэх залуу намайг түлхээд байсан өөр ямар нэгэн зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28- 29-р хуудас/    

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Завхан аймгийн Нөмрөг сумын Хөдрөг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай ШТС-д өглөө 08:00 цагаас орой 20:00 цагийн хооронд түгээгчээр ээлжинд гарч байсан. Тэгтэл орой 19 цаг 40 минутын орчим надаас ээлж авах гэдэг хүн ажил дээр ирсэн. ажил руу орж ирээд "гадаа гарцан дээр 2 машин зогсчихсон хүмүүс муудалцаад байх шиг байна, эмэгтэй хүн дугараад байна. Тэр 2 хүний нэг нь танай ахын хүүхэд байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлын байрнаасаа гараад машин гарцан дээр зогсож байсан 2 машин рүү дөхөж очсон. Тэгтэл машин дотроо суучихсан, эхнэр нь машинаас нь буучихсан, манай ахын хүүхэд болох ******* бас машинаасаа буучихсан машиныхаа хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би ахын хүүхэд болох *******д хандаад "юу болоод байна аа" гэж асуухад хэн ч надад хариулаагүй. Хоорондоо хэрэлдээд байсан, юу гэж хэрэлдээд байсан талаар сонсоогүй, юу гэж хэрэлдээд байгааг нь ойлгоогүй. Тэгтэл замаар машин ирээд тэр машинаас цагдаа бууж ирээд тэд нартай уулзаад байсан. Удалгүй цагдаа тэд нарыг дагуулаад сумын төв рүү явсан. Тэгэхээр нь буцаад ажлын байр руугаа ороход манай нөгөө түгээгч “юу болсон талаар мэдэв үү” гэж надаас асуусан, би мэдсэнгүй ээ хэрэлдээд байх шиг байсан, цагдаа ирээд аваад явлаа гэж хэлсэн... Намайг ажлын байрнаас гараад дээрх хүмүүсийн хажууд очтол , түүний эхнэр , ******* нар л байсан өөр хэн нэгэн хамт байгаагүй. , түүний эхнэр , ******* нар хоорондоо хоорондоо хэрэлдээд байсан, юу болсон гэж асуухад хэн нь ч хариулт өгөөгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/      

-Гэрч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 18-19 цагийн орчим манай хүргэн болох ******* эхнэр ын хамт Нөмрөг сум Нуур баг Зост гэх газар байх манай гэрт ирсэн. Манай гэрт ирээд "чи яагаад адуу мал хөөгөөд байгаа юм" гээд уурлаад, ширээ нүдээд, хүүхэд айлгаад байсан. Тэгэхээр нь би уурлаад "би хониндоо яваад ирж байна, танай адуу малыг би хөөгөөгүй, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Б. “маргааш манай адууг буцааж авч ирээрэй” гэж хэлээд хаалга саваад гараад явсан. Мал хөөсөн туусан гээд хэрүүл болоод гараад явсан ямар нэгэн зодоон цохион болоогүй. танай гэрт ирээд таныг адуу мал хөөлөө гээд хэрүүл маргаан болоод явсан талаар би ******* гэх хүнд хэлээгүй. *******гийн аав, ээж 2 манай хажуу талд хамт өвөлжиж байгаа. Манайд ирээд явсны дараа *******гийн ээж манай гэрт орж ирээд "юун машин ирээд явсан" гэж асуухаар нь би “ ирээд адуу мал хөөлөө, туулаа гээд уурлаж байгаад явлаа" гэж хэлсэн. Тэгтэл *******гийн ээж манай гэрийн утсаар Нөмрөг сумын төв рүү яриад байсан, хэнтэй ярьсан талаар мэдэхгүй байна, нэг эрэгтэй хүнтэй яриад байсан, би сайн анзаараагүй. Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш *******тэй уулзаагүй байж байгаад 2024 оны 01 дүгээр сарын эхээр малын хажууд нэг уулзсан. Утсаар яриагүй. ******* гэх хүнтэй  уулзаад  ойр зуурын зүйл яриад өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р

хуудас/ 

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би дээрх мэдээлэлд цагдаагийн дэд ахлагч ын хамт очсон л доо. Иргэн нь хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч руу дуудлага өгөөд тэгээд бид нар очсон. Очиход орой 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байсан байхаа Шунхлай ШТС-н баруун талын уулзвар дээр иргэн болон түүний эхнэр нар нь машиндаа суусан, ******* нь ын машины хажууд зогсож байсан. Бид нарыг дуудлагаар очиход үйл явдал болоод дууссан, хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар асуухад "******* гэдэг хүн миний бие эрх чөлөөнд халдаж намайг зодлоо, мөн намайг заамдаж аваад, миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохилоо” гэж байсан. Харин ******* нь би наад хүнийг чинь цохиж зодоогүй, зүгээр барьж авсан гэснээс өөр ямар нэгэн зүйл ярихгүй байсан. Тэгэхээр нь би *******г маргааш цагдаа дээр ирж уулзаарай гэж хэлээд, харин ыг эмнэлэг ороод эмчид үзүүлээд тодорхойлолт бичүүлж аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд болсон хэргийн талаар хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч д хэлсэн. Тэгээд нь тэр өдөр ирээгүй маргааш нь тодорхойлолт авч ирээд гомдол мэдээллээр оруулсан. Бид нарыг дуудлага мэдээллийн дагуу очиход ******* нарын биед ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. нь "******* миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж зодлоо, толгой өвдөж байна" гэж байсан. Мөн ын дээлийн энгэр нь задгайрсан байсан, мөн нэг талынх нь ханцуй урагдсан байсан, аль тал нь гэдгийг нь санахгүй байна. Баруун талынх нь байсан байхаа. Жолооч талын цонхоор гараа гаргахаар нь ханцуй нь урагдсан харагдаж байсан. Бид нарыг дуудлага мэдээлэлд очих үед Шунхлай ШТС-н баруун талын уулзвар дээр , түүний эхнэр , ******* нар байсан. Мөн Шунхлай ШТС-н түгээгч гээд нэг эмэгтэй байсан. Өөр хэн нэгэн байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/   

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр нэг орой гэртээ хонио хашаад байж байтал манай малчин болох *******гийн гэрт машин ирсэн байсан. Би хонио хашчихаад Жавхлангийн гэрт ортол 2 хүүхэд нь уйлаад орилж байхаар нь юу болсон талаар асуухад “ ирээд адуу хөөлөө гээд ширээ сандал нүдээд, хүүхэд айлгаад, ******* та хоёрыг ална гэж хэлээд гараад явлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гийн утсаар өөрийн хүү ******* рүү залгаад " *******гийн гэрт ирээд адуу мал хөөлөө, *******тай чинь хамт ална хядна гэж хэлээд гараад явсан байна" гэж хэлсэн. Тэгтэл манай хүү ******* "өө тийм үү" гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,   

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 000000030 дугаартай “...1. *******ын биед гэмтэл учирсан байна. 2. Тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Тус гэмтэл нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 6. *******ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт..." /хх-ийн 61-р хуудас/  

-Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22/08 тоот албан бичгийн хавсралт /хх-ийн 18-20-р хуудас/,  

-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******ын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн   зөвшөөрч   байна...” гэсэн   мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/  зэрэг

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд *******гийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  учруулсан  хохирлыг  төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч *******гийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******од  болон эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.   

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.  

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН