Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0144/3 |
Дугаар | 128/ШШ2022/0344 |
Огноо | 2022-05-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2022/0344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Нц х********” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Маргааны төрөл: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*****, Ш.М*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Нц х********” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/298 дугаар захирамжийг илт хууль хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 417 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдаа явуулах” тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Буянт-Ухаа” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, “П*****” ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан худалдаа үйлчилгээний зориулалтаар 1.0 га газрыг дахин дуудлага худалдаанд оруулан иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 504 дүгээр захирамжаар 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны комиссын тэмдэглэлийн дагуу уг газрыг иргэн С.Болдбаатарт 15 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд нэхэмжлэгч “Нц х********” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г иргэн С.Б *****тай байгуулж, шилжүүлэн авах хүсэлт гаргажээ.
4.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/563 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 504 дүгээр захирамжийн иргэн С.Б*****т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Нц х********” ХХК-д Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Буянт-Ухаа” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, П***** ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан худалдаа үйлчилгээний зориулалтаар 1.0 га газрыг Худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000300254 дугаар гэрчилгээ олгож, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулжээ.
5.Нэхэмжлэгч “Нц х********” ХХКнь дээрх захирамжийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1028 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч “Нц х********” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны цогцолборыг эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар 2014 онд батлуулан, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 0001273 №76/2015 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.
6.Харин гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10091.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, Авто зогсоолын зориулалтаар олгож, 000001765 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
7.Нэхэмжлэгч “Нц х********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1/Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор батлагдсан “40000 айлын орон сууц” хөтөлбөр болон “Буянт-Ухаа Нийслэлийн Иргэдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлах тухай” 267 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн 9 хороо /тухайн үеийн/-ны нутаг дэвсгэрт “Буян-Ухаа” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.
2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явагдсан. Энэ дуудлага худалдаа нь ерөнхий төлөвлөгөөний дагуу “Дуудлага худалдаа” явуулах газруудтай зэрэгцэн “Нийтийн эзэмшилийн авто зогсоол” байхаар цогц байдлаар төлөвлөгдсөн .
Тийнхүү авто зогсоолын дэргэд газар эзэмшиж авах нь тухайн газарт үйлчилгээ эрхлэх, үйл ажиллагаа явуулахад том давуу тал болох байсан тул “Нц х********” ХХК нь өөрийн гүйцэтгэх захирал байсан С.Болдбаатарын нэрээр нээлттэй дуудлага худалдаанд орж ялагч болж Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 1.0 га газрыг 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 504 дүгээр захирамжаар эзэмших эрхийг анх авсан.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/563 дугаар захирамжаар “Нц х********” ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон.
2/Манай компани “Нц х********” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны цогцолборт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №73/2015 “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” авч барилгын ажлын эхний хэсэг буюу үйлчилгээний төвийн барилгыг гүйцэтгэж дуусгаад байна.
3/Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар 10099 м.кв газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Эрх чөлөөний хонх цогцолбор” зориулалтаар манай газартай наалдуулан 1 см зай үлдээлгүй олгосон. Үүнийг манай компанийн зүгээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр “нийтийн эзэмшлийн авто зогсоол”-ийн зориулалттай газрын зориулалтыг өөрчилж улмаар бусдад эзэмшүүлэх эрхгүй хэмээн маргаж шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар 10099 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тус шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/MA2016/0234 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Иймд манай компанийн зүгээс 700.000.000 орчим төгрөгийн санхүүжилт гаргаж нийтийн эзэмшлийн шороон авто зогсоолыг өөрийн хөрөнгөөр зориулалтын
дагуу хатуу хучилт бүхий стандартын авто зогсоол болгон тохижуулаад байна.
Тус хатуу хучилт бүхий авто зогсоолыг Ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтээр чөлөөтэй ашиглаж байна.
4/Гэтэл хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/285 тоот "Захирамж хүчингүй болгох” захирамж гаргасан хэдий ч 7 хоногийн дараа буюу 2016 оны 06 сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай" А/298 тоот захирамж гаргаж шүүхийн шийдвэрийг зөрчиж Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт газар эзэмших эрх олгосон болохыг манай компани хожим олж мэдсэн.
Тус захирамжтай холбогдуулан манай компанийн зүгээс 2020 оны 01 сарын 09-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт хандан 2019 оны 06/673 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/298 тоот захирамжаар авто зогсоол зориулалтаар эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөн орон сууцны болгон өөрчлөх хүсэлт ирүүлсэн” үүний хариуд Нийслэлийн Засаг дарга “ерөнхий төлөвлөгөөнд авто зогсоол байхаар заасан" хэмээгээд уг хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/298 дүгээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэх хариуг өгсөн.
Хан-Уул дүүргийн газрын албанаас 2021 оны 09 сарын 24-ны өдрийн 16/1912 тоот албан бичгээр манай компанийг барьж байгуулсан авто зогсоолыг буулгах, эс бөгөөд албадан чөлөөлөх талаар мэдэгдсэн. Иймд бид энэ асуудлаар шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрлээ.
5/Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийг дараах үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2008 он/- ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;" 9.1.9-д "Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн." заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Захиргааны акт 2016 оны 06 сарын 30-ны өдөр гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 108.1-д "Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул Захиргааны Ерөнхий хууль батлагдахаас өмнө гаргасан захиргааны актад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/ үйлчилнэ.
6/ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2008 он/-ийн 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасан илт хууль бус захиргааны акт болох тухайд,
Газрын тухай хуулийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах. Мөн хуулийн 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3.-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” мөн хуулийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасан.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тоот тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 2.1, 2.2, 2.2.1-т ...газар олгох, .... зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн засаг “төсөвт байгууллагад дарга олгоно” гэж заасныг зөрчсөн.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/298 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 10099 м.кв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 сарын 06-ны өдрийн 267 тоот тогтоолоор баталсан "Буянт-Ухаа” орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн авто зогсоол байхаар батлагдсан төлөвлөгдсөн газар юм. Иймд тус газарт газар эзэмшүүлэх эрх хэмжээ дүүргийн Засаг даргад байхгүй. Тус асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 94 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дах талд 2 дах догол мөрөнд нэг мөр дүгнэлт хийсэн.
Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул ЗХШTXTX-ын 34.4-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасны дагуу тус асуудлыг дахин нотлох шаардлагагүй. Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21.5.3-д зааснаар өөрийн газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээгүй буюу нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 12 сарын 06-ны өдрийн 267 тоот тогтоолоор баталсан "Буянт-Ухаа" орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул тухайн актыг гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллагаас гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн/2008 он/ 9.1.3-д заасан “Захиргааны захиргааны байгууллага, албан тушаалтан” илт хууль бус захиргааны акт байна.
7/Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж заасан илт хууль бус захиргааны акт болох тухайд болон Газрын тухай хуулийн 28.1.2, 33.1.1-т заасныг зөрчсөн тухайд
Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна”, 28.1.2-д “төрийн байгууллагын”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.
Улсын дээд шүүхийн 2008 оны 03 сарын 31-нийн өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15-р тогтоолын 1.7.-д “ Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар..." гэж ... байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас газрын байршил, зориулалт, хэмжээг зааж эзэмшүүлсэн болон эзэмшүүлэх газрыг хэлнэ” гэж заасан.
Дүүргийн засаг даргын тамгын газрын Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.1-д заасан чиг үүрэг дотор “авто зогсоол”-ын чиг үүрэг байхгүй. Иймд төрийн байгууллагад газар эзэмшүүлэхдээ төсөв байгууллагын чиг үүргээ гүйцэтгэх зайлшгүй хэрэгцээний бус зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 28.1.2, 33.1.1-т заасныг илтэд зөрчсөн.
Энэ тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 94 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дах талд нэг мөр
дүгнэлт өгсөн.
8/ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг зөрчсөн тухайд,
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д "... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасан.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 10099 м.кв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 сарын 06-ны өдрийн 267 тоот тогтоолоор баталсан "Буянт-Ухаа" орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн авто зогсоол байхаар зориулалтаар төлөвлөсөн бөгөөд тус газрыг аль нэг иргэн, хуулийн этгээд эсвэл төрийн байгууллагад эзэмшүүлж болохоор төлөвлөөгүй. Иймд тус захирамж газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасныг мөн зөрчиж байна.
Энэ тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны
02 сарын 02-ны өдрийн 94 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дах талд нэг мөр
дүгнэлт өгсөн.
9/Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг зөрчсөн тухайд,
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.3-т “зам, шугам сүлжээний газар” гэж заасан.
Газрын тухай хуулийн 3.1.9.“нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” гэж заасны дагуу тус газар нийтийн эдэлбэр газар юм. Дээрхээс үзвэл зам, шугам сүлжээний буюу нийтийн эдэлбэр газрыг эзэмших, ашиглах эрхийг олгох эрх хэмжээ ямар ч албан тушаалтанд байхгүй байна.
10/Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 12 сарын 06-ны өдрийн 267 тоот тогтоолоор баталсан “Буянт-Ухаа” орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд урд хэсэгтээ “нийтийн эзэмшлийн авто зогсоол"-той байдлаар төлөвлөгдсөн байдал нь “Нц х********” ХХКнь /өөрийн гүйцэтгэх захирал С.Болдбаатарын нэрээр/ тус газрын 2008 оны "Нээлттэй дуудлага худалдаа"-нд оролцож улмаар ялагч болж 133.500.000 төгрөгөөр худалдан авах гол үндэслэл болсон.
Улмаар дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нц х********” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны цогцолборт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2015.04.27-ны №73/2015 “Барилгын ажил эхлүүлэх,
үргэлжлүүлэх зөвшөөрөл" авсан. Үүгээр 12-15 давхар 500 айлын орон сууц, 4 давхар 9452 м.кв худалдаа үйлчилгээний төвийн ажил эхэлсэн юм.
“Нц х********” ХХК нь тус газартаа үйлчилгээний зориулалттай 4 давхар 9452 м.кв барилга ашиглалтанд оруулсан бөгөөд түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж, Хайпермаркет болон бусад худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Удахгүй 12-15 давхар 500 айлын орон сууц ашиглалтанд орно. Дээрх үйл ажиллагаатай уялдуулан нийтийн эдэлбэр авто зогсоолын зориулалттай газрыг 700.000,000 гаруй сая төгрөгөөр хатуу хучилт бүхий нийтийн эдэлбэрийн авто зогсоол болгон тохижуулсан. Гэтэл тус газрыг бусад этгээдэд хууль бусаар эзэмшүүлсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон "хууль ёсны итгэл" зөрчигдөж байна. Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 94 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/MA2016/0234 тоот Магадлалын хянавал хэсэгт 7 дах нүүрт дүгнэлт өгсөн. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 сарын 30-ны өдрийн А/298 дугаар "Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/ -ийн 9.1.3, 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар зарахад нь манайх худалдаж авсан. Газрыг авч байхад хөдөө хээр газар байсан. 133,500,000 төгрөгөөр авсан ба барилга байгууламж барих боломжгүй шугам, сүлжээ байхгүй байсан. 2014 оноос хойш шугам сүлжээ барьж эхэлсэн. Зураг төслөө боловсруулаад барилгаа барих гэхээр тухайн үеийн Хан-Уул дүүргийн Засаг дарга энд орон сууц барина гэсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ газар нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан 40,000 айлын орон сууцны хөтөлбөр барих хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 260 тоот тогтоолоор тухайн газарт ерөнхий төлөвлөгөө баталсан ба үүний нэг хэсэг болгож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд Нисэхийн тойргийн хойно газрын эрх батлагдсан. Тухайн газарт 2008 онд дуудлага худалдаа зохион байгуулж, дуудлага худалдаанд орсон байгууллагуудаас манай компани шалгарч худалдан авсан. “Нц х********” ХХК нь тухайн дуудлага худалдаанд орж 133,500.000 сая төгрөгийн төлбөрийг төлж газрыг авсан шалтгаан нь ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн авто зогсоол төлөвлөгдөж үйлчилгээний болон орон сууцны барилга барихаар эдийн засгийн тооцоолол хийж үзэхээр ашигтай байхаар гарсан учир тухайн дуудлага худалдаанд орж холбогдох баримт бичгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон харьяа байгууллагуудаас техникийн нөхцөл, барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч барилгын ажлыг эхлүүлээд үйлчилгээний талбайг барьж дуусгаж, орон сууцыг барьж 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Барилгын ажил эхэлж байхад энэ асуудлаар 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол болон ерөнхий төлөвлөлт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нийтийн эзэмшлийн зогсоол төлөвлөгдсөн газар дээр цэцэрлэгт хүрээлэн барих зориулалттай гэсэн нэрийн дор Хан-Уул дүүргийн Засаг дарга эзэмшүүлсэн. Тус шийдвэртэй холбогдуулан манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 94 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар олгосон газар Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдсэн ба үндэслэлд Хан-Уул дүүргийн Засаг дарга уг газрын талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй ба батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлөвлөгөө өөрчлөгдсөн тухай шийдвэр гараагүй байна. Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж орц гарцыг хааж байна. Дуудлага худалдааны зорилго хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын агуулга дурдагдсан. Уг шийдвэр дээр хариуцагчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0244 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдсэн, магадлалын үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу эзэмшүүлсэн газар дээр Хан-Уул дүүргийн Засаг дарга бие дааж шийдвэр гаргаж олгосон нь хууль зөрчиж байна гэсэн. Үүнээс гадна нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын орчин нь авто зогсоолын хамт цогц байдлаар төлөвлөгдсөн байх тул хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдлаар 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга өмнөх 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 тоот тушаалыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэтэл үүнээс 7 хоногийн дараа 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр А/298 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж гаргаж тухайн газрыг 10,999 м.кв газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Авто зогсоолын зориулалттай гэдэг нь ерөнхий төлөвлөгөөнд нийцэж байгаа ба дүүргийн зүгээс бариагүй. Иймд “Нц х********” ХХК-ийн зүгээс өөрийн орон сууцыг үйлчилгээгээр хангах талбай мөн ойр орчмын орон сууц болон үйлчилгээний байгууллага дундаа чөлөөтэй эзэмших зориулалтыг хангах үүднээс 700 орчим сая төгрөгийн санхүүжилтийг хувиасаа гаргаж тухайн газрыг орчин үеийн шаардлага хангасан нийтийн эзэмшлийн нээлттэй авто зогсоол барих мөн ногоон байгууламжтай болгон тохижуулсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 онд Нийслэлийн Засаг дарга руу хандаж “энэ газрын зориулалтыг өөрчилж орон сууц барихаар төлөвлөж байна. Иймд газрын зориулалтыг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сард 06674 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнээс нийтийн эзэмшлийн авто зогсоол гэдэг зориулалтыг өөрчлөхдөө Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууц барихаар төлөвлөж үйл ажиллагаа явагдаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс мэдсэн. Хариуцагч нь энэ үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор “Нц х********” ХХК-д 2021 оны 9, 12 дугаар саруудад удаа дараа газрыг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг өгч байсан. Газрыг чөлөөлж өгнө үү гэдэг газар дээр барьж байгуулсан нийтийн эзэмшлийн авто зогсоолыг буулгах тухай хүсэлт гаргасан юм. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч компанийн зүгээс Хан-Уул дүүргийн газрын албанд хандаж тайлбар хүсэх тухай албан бичгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн. Албан бичгийн агуулга нь ерөнхий төлөвлөгөөг нийтийн эзэмшилд авсан байсан бид уг авто зогсоолыг нийгмийн хариуцлагын хүрээнд 700 сая төгрөг зарцуулж нийтийн эзэмшлийн тохижилт бүхий авто зогсоол хийж тохижуулсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар уг газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшиж байгаа бол авто зогсоолыг ажиллуулах ашиг сонирхол байх ёсгүй. Бид Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мөнгө гаргуулахгүйгээр хувиасаа тохижуулсан нь хариуцагчийн зорилго нийцэж байхад яагаад энэ бүтээн байгуулалтыг албадан буулгах талаар хүсэлт ирээд байгааг ойлгохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь зорилгодоо нийцэж байна уу. Мөн хуулийн 4.2.4 дэх хэсэгт заасан зарчмыг мөн хангаж байгаа эсэх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байна уу эсвэл өөр ашиг сонирхол байгаа талаар тайлбар өгнө үү” гэдэг байдлаар шаардсан боловч хариу өгөөгүй. Зөрчлөө арилгана уу гэсэн агуулга дурдагдсан байсан. Компанийн зүгээс зөрчил гаргасан гэж үздэггүй. Мөн энэ байдлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй. Ингээд 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж уг асуудлыг шийдвэрлүүлэхээр өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь маргаан бүхий 2016 оны А/298 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус захиргааны актын гурван гол үндэслэлийг нэрлэж байгаа. Тухайн захиргааны акт нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс хэд хоногийн өмнө гарсан захиргааны акт юм. 2008 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий зохицуулалт 1-10 дугаар зүйл байдаг. Захиргааны ямар акт хууль бус, ямар акт хүчингүй болох талаар дурдсан байдаг. Бид тухайн үеийн хуулиар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны акт нь эрх бүхий байгууллагаас гараагүй үйлдлүүд гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 21.1.1 дэх хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батална. Мөн хуулийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Энэ газар шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн ба шугам сүлжээнд холбогдсон байсан. Тухайн газар дээр газар эзэмшүүлэх асуудал нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/11 тоот тогтоолоор баталсан Нийслэлийн барилга барих газрыг олгох, барилгын зураг загвар батлах, барилга эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлагдсан уг журмын 2.1, 2.2, 2.2.1 дэх хэсгүүдэд төсөвт байгууллагад газар олгох зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн Засаг дарга олгоно гэсэн байдаг. Ийм Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь төсөвт байгууллага мөн энэ асуудлаар бие дааж өөртөө газар олгох эрх хэмжээ байхгүй.
Тухайн асуудлаар шийдвэр гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 94 тоот шийдвэрээр хууль зүйн зөрчил гарсан болохыг дурдаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол тухайн зүйлийг дахин нотлохгүй гэдэг зарчим бий. Иймд эрх хэмжээгүй албан тушаалтнаас шийдвэр гаргасан учир хууль бус захиргааны акт гэдэг нь нотлогдоно. 2008 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.9 дэх хэсэгт хууль бус захиргааны акт өөр бусад хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 21.2, 33.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үүнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэсэн хэдий ч ямар нэг шийдвэр гараагүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай албан бичгийн 15 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийн 33.1-т Нийслэлийн зайлшгүй хэрэгцээний газар эсэхийг тодруулж, хуулиар хүлээсэн эрх хэмжээгээ тодруулах зорилгоор эрх бүхий албан тушаалтан зориулалт, хэмжээг зааж өгөхийг ойлгоно гэсэн байдаг. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд заасан чиглэлийг өгдөг захиргааны байгууллага юм. Уг ажлын албанд авто зогсоол барих чиг үүрэг байхгүй. Иймд Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай албан бичгийн 15 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийн 33.1-т заасныг зөрчиж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 23 тоот шийдвэрийн 7 дахь хэсэгт дурдсан. Газрын тухай хуулийн 33.4 дэх хэсэгт зааснаар уг газар дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан ба тогтоол өөрчлөгдөөгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй учир Газрын тухай хуулийн 33.4 дэх хэсэгт зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд төлөвлөж болохоор зааснаас бусдаар газар эзэмшүүлэхийг хориглоно гэдгийг хариуцаж зөрчсөн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ гэсэн байдаг. Нийтийн эдэлбэрийн газрын хэн нэгэн албан тушаалтан, байгууллага, иргэн хуулийн этгээд, эсхүл бүх захиргааны байгууллага эзэмшүүлэх эрх хэмжээ байхгүй. Газрын тухай хуулийн 6.2 дахь хэсэгт нийтийн эдэлбэр газрыг төрийн зохих шатны байгууллага хяналт тавих зохицуулалттайгаар нийтээрээ ашиглана гэсэн байдаг. Төрийн байгууллага хянан зохицуулах ба өөрөө эзэмших эрх байхгүй. Нийтийн эдэлбэрийн газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар өөртөө олгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй. Газрыг өөртөө олгож орон сууц барихаар төлөвлөж байгаа нь илт хууль бус шийдвэр юм. Энэ шийдвэр үйл ажиллагааны улмаас анх газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дуудлага худалдаагаар худалдан авч, тус газрын нэг хэсгийг авто зогсоолоор төлөвлөж, энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан, дуудлага худалдааны анхны үнэ болох 133,500.000 төгрөгөөс гадна 500 айлын орон сууц барихаар 50 тэрбум төгрөгийн хөрөнгө, үйлчилгээ нь 40 тэрбум төгрөг нийт 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан учир эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын орлогч газар дээр ирээд замыг хуулаад хашаа барина гэж хэлсэн. Хашаа баривал нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 243 дугаартай тоот байгаа. Энэ газар нь “Нц х********” ХХК-ийн эзэмшил газрын дагалдах бүрдэл хэсэг байна гэсэн. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэдэг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир тус актыг илт хууль бус гэж үзээд 2018 оноос Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинж байгаа хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэдэг хариу өгсөн” гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***** шүүхэд болон шүүх татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Нэхэмжлэгчийн зүгээс 2008 оны хуулийг ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх талаар заасан байдаг.
2/Тухайн маргааны үйл баримт нь 2016 оны А/298 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд Засаг даргын Тамгын газар зогсоолын зориулалтаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн.
Маргаан бүхий газрыг эзэмшүүлэх үндэслэл нь 2016 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 267 дугаар тогтоолоор авто зогсоолын зориулалтаар төлөвлөгдсөн учир дүүргийн Засаг дарга хууль тогтоомжийн хэрэгжилт, дээд шатны байгууллагын шийдвэрийг тухайн орон нутагт хэрэгжүүлж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн.
3/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Хан-Уул дүүргийн Засаг даргын ерөнхий чиг үүрэгт авто зогсоолын үйл ажиллагааг зохион байгуулах, харуул хамгаалалтыг хариуцах үндсэн үүрэгтэй. Энэ захиргааны акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаарх хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна. Илт хууль бус захиргааны актад тооцуулахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус актын шинжийг агуулсан байх хууль зүйн шаардлага байдаг.
4/Маргаан бүхий акт нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хан-Уул дүүргийн 16, 3 дугаар хороо тус тус хоёр газрыг эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 35.3.5 дэх хэсэгт зааснаар бусдын газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулахгүй талаар заасан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас тооллого хийхдээ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын газрыг ашиглаж байна гэсэн дүгнэлт гарсан. Газрын албаар дамжуулан хашааг буулгасан. Газар нь авто зогсоолын зориулалттай байсан. Бусдын эзэмшил ашиглалтын газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулахгүй ба эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Нэхэмжлэгч компани өөрөө дур мэдэн хүний газар дээр авто зогсоол барьчхаад миний эрх ашгийг хөндөж байна актыг илт хууль бусад тооцож өгнө үү гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бусад тооцох ямар шинжийг уг акт агуулж байна вэ. Нэхэмжлэгч компани эрх ашиг нь хөндөгдөж байгаа талаар үндэслэлээ гаргаад 2008 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэж байгаа учир тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А/298 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дээр авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчээс тайлбарлахдаа 2008 тухайн газарт суурьшлын бүс үүсээгүй байсан гэж байна. 2008 он гэхэд тус газрын эргэн тойронд суурьшлын бүс үүссэн байсан. “Нц х********” ХХКнь илүү газрыг хашаалсан байсан тул зөрчлөө арилга гэдэг байдлаар мэдэгдэх хуудас өгч байсан. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар авто зогсоолыг чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлж байгаагүй. Газрын тухай хуулийн 21.5.3 дахь хэсэгт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмших эрх олгоно гэсэн байгаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрөө эрх мэдлээ хэтрүүлэн газар ашиглах эрх олгосон гэж байна. Гэтэл дүүргийн Засаг дарга нь бүрэн эрхийн хэмжээнд орлоно гэж заасан. Маргаан бүхий газрын ойр хавиар гэр бүлийн болон бусад зориулалтаар газар олголт хийгдээд явж байгаа. Тус газарт зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Тус дүүргийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт авто зогсоолын зориулалтаар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10099 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Дээрх цогцолбор барихаар төлөвлөгдсөн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зогсоолын зориулалтаар ашиглахаар төсөлд тусгагдсан.
2/Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Өмчийн харилцааны газраас орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудын эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэл, ашиглалтыг сайжруулах чиглэлийг өгсөн. Дээрх үүргийн дагуу 3acar ДaprbIH Tамгын газар өөрийн эзэмшлийн барилга, байгууламж, газрын ашиглалтын талаар судалгаа, хяналт шалгалт хийж дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулсан.
3/Засаг даргын Тамгын газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Нц х********” ХХК-д мэдэгдэх хуудас хүргүүлж, мөн тус компанийн удирдлагуудтай биечлэн уулзалт хийж хууль бус үйл ажиллагааг зогсоож газар чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн.
4/Нэхэмжлэгч нь газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны тус тус зөрчиж газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газрыг дур мэдэн ашиглаж хууль зөрчин өөрсдийн талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, бусдын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлээ таслан зогсоохгүй хууль бус үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулсаар байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасны дагуу “хууль, тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах" ажлыг хариуцан зохион байгуулдаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, 25.1.10-д заасан дүүргийн чиг үүрэгт авто зогсоолын арчилгаа, нийтийн эзэмшлийн замын арчлалт хамгаалалт хамаардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд та хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр 2016 онд А/298 дугаартай захирамж гарч тус маргаан бүхий газар авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гарч албажуулсан. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа шинэ нэгжийн тухай хуулиар дүүрэгт авто зогсоол болон нийтийн эдэлбэрийн зам талбайн арчилгаа хамгаалалт нь дүүргийн чиг үүрэгт тодорхой тусгагдсан. Газар эзэмшигчээс зөвшөөрөл авалгүй газарт үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдлээ зогсоож газрыг чөлөөлж өгнө үү” гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгжийн тухай хуульд заагдсан дүүргийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжоор хангах асуудал яригдсан. Маргаан бүхий газар нь авто зогсоолын зориулалтаар олгогдсон. Нийслэлийн өмчийн харилцааны газраас шалгалт хийж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар газраа зориулалтын дагуу ашигла гэдэг асуудал яригдсан. Газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээрх газар дээр үйл ажиллагаа явуулах боломжийг олгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Нц х********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10091.0 м.кв газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт Авто зогсоолын зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, 000001765 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг олгож, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
2.Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын 10091.0 м.кв-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан ба Хан-Уул дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн захирамж гаргасан гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заажээ.
3.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий газарт зөвхөн Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй бөгөөд энэ төлөвлөгөөний дагуу олгогдож буй газраас бусад газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэхээр байна.
4.Гэтэл хуулиар тухайлан Нийслэлийн Засаг даргад эрх олгосон газарт Хан-Уул дүүргийн Засаг дарга бие дааж шийдвэр гаргасан байх тул түүний 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
5.Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд маргаан бүхий 10091.0 м.кв газар нь гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн зориулалтыг “дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын орон сууц барих” болгон өөрчилж өгөхийг хүссэн агуулгатай албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.
6.Дээрхээс дүгнэвэл нь гуравдагч этгээд нь маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар авто зогсоол хэлбэрээр эзэмшиж, ашиглах нь эргэлзээтэй байна.
7.Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын хоёрдугаар бүлгийн 2.1, 2.2, 2.2.1, 2.3-т зааснаар төсөвт байгууллагад болон барилга, байгууламж барих зориулалтаар газар олгох, түүн дээр барилга байгууламж барих зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн Засаг даргаас олгохоор заасныг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь зөрчсөн байхын зэрэгцээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрын зориулалтыг зөрчиж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
8.Нөгөөтэйгүүр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар газар олгохдоо Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасныг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журам, 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчиж олгогдсон гэж дүгнэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 0234 дүгээр магадлал, тус тус хуулийн хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
9.Харин маргаан бүхий захиргааны актын хавсралтын 1 дэх заалтаар гуравдагч этгээдэд тус дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ийн зүүн талд Нийтийн бие засаг газрын зориулалтаар 35 м.кв газрыг олгосон бөгөөд уг газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай хамааралгүй, уг үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тухайн заалтыг илт хууль бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Нц х********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/298 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг /хавсралтын 2 дахь заалт/-ыг илт хууль хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭН