Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Гантөмөрт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 147 дугаар шүүгчийн захирамжтай Ж.Гантөмөрт холбогдох эрүүгийн 1936003460263 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Алтай нар түмт овгийн Жүгдэрийн Гантөмөр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклийг 2019 оны 01 дүгээр сард иргэн Г.Бат-Өлзийд 1700000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Ж.Гантөмөрт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар гэж зааснаар шүүхийн урьчдилсан хэлэлцүүлэг явуулах боломжтой ба уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт, гомдол гаргаагүй, шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байна. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүхэлд нь дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл юу болох, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой талаар дурдаагүй, гэм хэргийг үйлдсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анх шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж  заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Ж.Гантөмөр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Chongoing Hongli маркийн улаан өнгийн мотоциклыг 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн иргэн Г.Бат-Өлзийд 1700000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд   холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд нь шүүгдэгч  Ж.Гантөмөрийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Анхан шатны  шүүх Ж.Гантөмөрт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж  хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүх Ж.Гантөмөрт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр, яллагдагчийг шүүхэд шилжүүлж / хх-н 150-151х /, гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн атлаа, уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т заасан “ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна “ гэх заалтыг зөрчсөн байх тул энэ нь ноцтой зөрчил болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хүлээн авсан шүүгч мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана, хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол гэм буруугийн хурлаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буцаахаар зохицуулсан байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/147 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.Гантөмөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Гантөмөрт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             

           

                                                           

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

                                                                                                          Б.ДАМБА