| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
2024 02 01 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Н.Ц , Э.Э , тэдгээрийн өмгөөлөгч У.Хандсүрэн,
шүүгдэгч Г.Ч , түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч ад холбогдох эрүүгийн 2303 00539 0529 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Г.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн зам Х авто засварын зүүн замд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим Toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 9.9, 10.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас Н.Ц ы жолоодож явсан Honda Dio маркийн мопедтой мөргөлдөж Н.Ц , Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах оролцогчийн өгсөн мэдүүлэг тайлбарын сонсов. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Н.Ц ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 50 минутын орчим зуслангаас эхнэрийн хамт ажил руугаа Дарь-Эхийн замаар явж байсан. Машин зам дээр түгжрэл их байсан учир машинуудын зүүн гар талаар гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхад Стима маркийн тээврийн хэрэгсэл толиндоо харахгүйгээр огцом дарахад би зүүн гар тийш эргэх оролдлого хийсэн боловч амжаагүй тул тухайн машин бид хоёрыг мөргөж миний хөл хугарсан. Манай эхнэр мопедэд дарагдсан байсан тул мопедийг холдуулах гэж өргөсөн боловч гараас алдагдаж манай эхнэрийн хөл нь хугарсан. Түргэн тусламж дуудахад цаг хугацаа алдах гээд байсан учир Ч ын машинаар гэмтлийн эмнэлэгт очиж 5-6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж, хөлдөө хагалгаа хийлгэж 11 хадаас хадуулсан. Эмнэлгээс 14 хоногийн дараа гарсан. Тухайн үед эхнэр бид 2 хамт гэмтсэн учраас маш хэцүү байсан. Ажилгүй, орлогогүй, эдийн засаг, бие эрхтний хувьд хүнд байдалтай байсан. Шүүгдэгч талаас тухайн үед эмнэлэгт бид хоёр дээр ганц хоёр удаа ирсэн. Дахин ирээгүй. Гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан учир цагдаагийн байгууллагад дахин мэдүүлэг өгсөн. Гомдолтой байна. Би хагалгаанд орохдоо бэлнээр 300.000 төгрөг төлсөн. Тухайн үед эм авч байсан бөгөөд нийт 1.600.000 төгрөг байна. Мөн ажилгүй байсан үеийн цалин орлого, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Шүүх хуралдааны өмнө хохирлын мөнгөнөөс 890.000 төгрөгийг мопед засварын мөнгө өгснийг бид авсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр өдөр мопедний ард суугаад явж байсан. Тухайн зам түгжрэлтэй байсан учир манай нөхөр гүйцэд түрүүлэх үйлдэл хийж зүүн гар тал руу эргэх гэж байтал шүүгдэгч Ч гэх хүн бид хоёрыг ирж мөргөсөн. Мопедийн доор миний хөл дарагдаж хөдөлж чадахгүй байсан. Тээврийн хэрэгслийн жолооч болох Ч түргэн тусламж дуудсан боловч зам маш их түгжрэлтэй байсан учир Ч тай хамт гэмтлийн эмнэлэг рүү явж рентген зураг авхуулж эмчид үзүүлэхэд хөлийн хурууны 2 яс цуурч гипс хийлгэж гэр рүүгээ явсан. 8 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл ажлаа хийх боломжгүй болж лист бичүүлж гэртээ эмчилгээ хийлгэсэн. Одоо миний хөл гишгэж алхаж явахад бага зэрэг өвддөг болсон. Би фитнесээр хичээллэдэг байсан боловч дахин фитнесээр хичээллэх боломжгүй болсон. Гэмтлээс үүдэн сорвитой болсон тул үүнд лазер эмчилгээ хийлгэж байгаа. Мөн сэтгэл санаа, хөлийн гоо сайхны талаар гомдолтой байна. Нийт 4.033.785 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дарь-Эхийн зам Х засварын зүүн замд болсон байх ба зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Автомашин мопед 2 анх мөргөлдсөн гэх хэсгийг А үсгээр, мопедны жолооч газар унасан хэсгийг Б үсгээр, мопедны зорчигч газар унасан хэсгийг 1 тоогоор тэмдэглэн үзлэгийг хийв. А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгтөөр хэмжихэд 4.70м*6.40м*11.70м, А цэгээс Б цэг хүртэл 3.80м, А цэгээс 1 тоо хүртэл 2.40м, Б цэгээс зүүн хашлага хүртэл 2.10м, зорчих хэсгийн нийт өргөн 8.9м байв. Мопед машины жолоочоор заалган нөхөн үзлэг хийв” гэх тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,
Хохирогч Н.Ц ы “Би тухайн өдөр Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг Дарь-Эхийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Honda Dio маркийн мопедыг жолоодоод эхнэрээ хойноо суулгаад автомашины зорчих хэсгээр сөрөг хөдөлгөөнтэй эгнээ замаар явж байсан. Тэр үед 43-96 УБГ улсын дугаартай цагаан өнгийн Toyota estima автомашин урд явж байсан бөгөөд автомашин хөдөлгөөн их автомашинууд удаашралтай урагш удаанаар явж байхаар нь би урд явж байсан бөгөөд автомашины хөдөлгөөн их автомашинууд удаашралтай урагш удаанаар явж байхаар нь би урд явж байсан машины зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд тухайн машины зүүн талд ороод дунд хэсэгт нь гүйцэж түрүүлээд явж байхад огцом зүүн тийш дохио өгөлгүй дарсан. Тэр үед нь бултах гээд зүүн тийш дарахад машины зүүн урд хэсгээр миний жолоодож явсан мопедны хойд хэсэг, эхнэрийн хөл хэсэг рүү мөргөхөд би жолоодлого алдаад шарваад баруун тийш унахдаа хөлөөрөө тулахад машины зүүн урд хэсэг нь миний баруун хөлийг мопедтой хавчиж мөргөөд түрж яваад зогссон. Эхнэр бид 2 мопедтойгоо машины урд нь унасан, ослын дараа миний баруун хөл эргэчихсэн байсан. Эхнэр Энэрэлийн баруун хөл нь мопедод дарагдсан байхаар нь босгох гээд унасан газраас бостол миний баруун хөл хугарчихсан байсан болохоор нь буцаад унасан. Ингээд машины жолооч түргэн тусламж руу залгахад удахаар байна гэж хариу өгсөн. Тэгэхээр нь би шууд эмнэлэг явъя гэж хэлээд жолоочийн машинд эхнэр бид 2 суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Машины жолооч нь 40 орчим насны туранхай эрэгтэй хүн байсан. Машинд жолоочоос гадна охин нь гээд 10 орчим насны хүүхэд сууж явсан. Би жолоочид хандаад сигнал дараад байхад яагаад дохио өгөхгүй огцом эргэчих вэ гэж хэлэхэд би хөгжмөө чангалсан байсан гэж хэлсэн. Толиндоо хардаггүй юм уу гэхэд би утсаар ярьж байсан миний буруу би жолоодох эрхгүй, цагдаа дуудаад хэлэхгүй байх арга байна уу, би хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн. Ингээд гэмтэл дээр очоод үзүүлэхэд миний баруун хөлийн 3 хэсэг яс хугарсан байна гэж хариу гарсан. Ингээд би 08 дугаар сарын 05-ны өдөр 102 дугаарын утас руу залгаж болсон явдлын талаар хэлэхэд замын цагдаа дээр өөрийн биеэр очиж өргөдөл өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би 08 дугаар сарын 11-ний өдөр тээврийн цагдаагийн албан дээр ирж өргөдөл бичиж өгсөн. Гомдолтой байна. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал, өөрийн ажилгүй байгаа өдрийн цалин, би хувиараа авто косметикийн чиглэлээр ажилладаг байсан бөгөөд сарын дундаж орлого 8 сая төгрөг байдаг. Эхнэрийн хамт хоёулаа эрүүл мэндээрээ хохирсон байгаа болохоор их хэцүү байна. Жолооч талаас мөн холбоо байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,
Хохирогч Э.Э ийн “Би тухайн өдөр Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг Дарь-Эхийн замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Honda Dio маркийн мопедны хойно сууж явж байсан. Нөхөр Ц мопедоо жолоодож явсан бөгөөд тэр үед 43-96 УБГ улсын дугаартай цагаан өнгийн Toyota estima маркийн автомашин урд явж байсан бөгөөд автомашины хөдөлгөөн их, автомашинууд удаашралтай, урагш удаанаар явж байсан тэр үед нөхөр урд явж байсан машины зүүн талаар нь гүйцэж түрүүлэх гээд тухайн машины зүүн талд ороод дунд хэсэгт нь гүйцэж түрүүлээд явж байхад цагаан өнгийн Toyota estima маркийн автомашин огцом зүүн тийш дохио өгөлгүй дарсан. Тэр үед би машины зүүн урд дугуйг харсан. Нэг мэдэхэд газар уначихсан чирэгдэж байсан. Тэр машин манай мопедыг мөргөөд шууд зогсоогүй түрүүлж түрж байгаад зогссон. Ослын дараа нөхөр Ц хөл хугарчихлаа гээд орилсон. Тэгээд машины жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд уучлаарай толиндоо харахгүй дарчихлаа, утсаар ярьж байхад охин түгжрэлтэй байна буцаад эргээд явчихъя гэж хэлэхээр нь зүүн тийш дарчихлаа гэж хэлсэн. Ингээд ослын газраас машины жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр жолооч эмнэлэг явах замд хаана ажилладаг болон эрхээ хасуулсан, цагдаад хэлэхгүй бол бүх хохирлыг чинь барагдуулна гэх мэт зүйл ярьж байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод бүртгүүлж байхад мөн машины жолооч эрэгтэй цагдаад бүртгүүлэхгүй бол бүх хохирлыг чинь барагдуулна гээд ахиад хэлж байсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний баруун хөлийн 2 хуруу цууралттай, зулгарсан шархтай гэж хариу гарсан. Гомдолтой байна. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал, өөрийн ажилгүй байгаа өдрийн цалинг нэхэмжилнэ. Би сард 2 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Жолооч талаас байнга хүргэж өгнө, бүх хохирол барагдуулж өгнө гэж хэлсэн боловч бид хоёрт хохирол барагдуулахгүй яваад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Т ий “Toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай автомашин миний эзэмшлийнх бөгөөд 2023 онд худалдан авсан юм. Манай хуурай ах Ч надад ослын талаар хэлсэн. Ч ах миний автомашиныг манай гэрээс ирээд хүүхэд хүргэж өгчхөөд ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд мопедтой мөргөлдсөн байна лээ. Би хуурай ах Ч тай холбогдож боломж бололцоогоороо бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна... Миний машинд хохирол учраагүй. Надад автомашинтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц , Б.Э нар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,616,500 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч О.Болороогийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10235 дугаартай “Э.Э ийн биед баруун тавхайн 3,4 дүгээр шивнүүрийн далд хугарал, тавхайн зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дэх тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10392 дугаартай “Н.Ц ы биед баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, үений мултрал, баруун шилбэнд язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,
Авто тээврийн мэргэшсэн инженер Э.Эрдэнэмөнхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн
“1. Тоёота эстима маркийн 43-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 3,3 мм /стандарт 0-5мм/ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа -3.0кН, баруун талдаа 3.1кН зөрүү нь 3.0% стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.9кН, баруун талдаа 1.8кН, зөрүү нь 5.0% хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6,800 cd, хол дээрээ 22,500 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6,800 cd, хол дээрээ 21,200 cd байгаа нь ойрын гэрлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна.
2. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6,800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6,800 cd байгаа нь ойрын гэрлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна.
3. Ойрын гэрлийн хувьд стандартын шаардлага хангахгүй байна. Энэ гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл.
4. Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа -3.0кН, баруун талдаа 3.1кН зөрүү нь 3.0% стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.9кН, баруун талдаа 1.8кН, зөрүү нь 5.0% хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,9 кН, баруун талдаа 1,8 кН, зөрүү нь 5.0% хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос бүрэн зогсож байна.
5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Уг авто тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед авто машины жин, хурдаас, замын гадаргуугаас хамаарч зам дээр тасалдсан мөр үүснэ.
6. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-73 дахь тал/,
“Вендо” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 45046 дугаартай “Honda Dio маркийн 74-75 УРА улсын дугаартай хар өнгийн мопедны зүүн урд тоормосны базуур 82,500 төгрөг, зүүн урд толь 93,750 төгрөг, баруун доод баг 262,500 төгрөг, урд доод баг 270,000 төгрөг, эд анги солих зардал 50,000 төгрөг, эд анги будах зардал 100,000 төгрөг, 100 гр будаг тус-мат лак 30,300 төгрөг нийт 889,050 төгрөг” гэсэн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83-84 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 1687 дугаартай “Жолооч Г.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 3.5-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл тогтоогдож байна. Мопедны жолооч Н.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Жолооч Г.Ч нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна” гэсэн магадалгаа /хх-ийн 108-109 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг эхлүүлэхэд автомашинууд зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцож байгаа нь харагдаж байх ба сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ зорчих хэсэг зам байв. Бичлэгийн 3 дахь секундэд замын хойноос урагш чиглэлд Toyota estima маркийн авто машин явж байгаа нь камерт харагдав. Уг автомашин нь бичлэгийн 11 дэх секундэд зүүн тийш чиглэлээ өөрчлөх хөдөлгөөн эхэлж байгаа нь харагдах ба энэ үед мөн хойноос урагш чиглэлд мопед жолоодсон жолооч зорчигчийн хамт автомашин зүүн талаар урагш чиглэлд хөдөлгөөнд оролцоод явж байх ба бичлэгийн 12 дэх секундэд зүүн тийш чиглэлээ өөрчилж байгаа Toyota estima маркийн тээврийн хэрэгслийн зүүн дугуй, буфер хэсэг мопед жолоодож явсан жолоочийн баруун талаас мөргөж мопедны жолооч, зорчигч нар зорчих хэсэг дээр унаж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 106 дахь тал/,
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “..осол болох үеийн дүрс бичлэг бичигдсэн CD-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 107 дахь тал/,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, А.Эрдэнэтуяа нарын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/91 дугаартай “Хавтаст хэрэгт авагдсан видео бичлэгээс харахад toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.9 дэх заалт буюу чиг заах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх...”, 10.1 дэх заалт буюу жолооч ..чиг өөрчлөхдөө .. аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөн байна. Мопед жолоодож явсан жолооч Н.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт, 9.9, 10.1 дэх заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-124 дэх тал/,
Н.Ц ы 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 16 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 52-61 дэх тал/,
Яллагдагч Г.Ч ын “Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хуурай дүү Т гийн эзэмшлийн Toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодоод Дарь-Эхийн замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тухайн зам нь сөрөг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байсан бөгөөд автомашины хөдөлгөөн их түгжрэлтэй удааширсан байсан. Ингээд түгжрэл их болохоор би буцаж эргэх гээд толиндоо харахад автомашин харагдаагүй. Тэгэхээр нь урагш харахад 40 орчим метрийн зайд автомашин буцаж эргэх гээд эсрэг хөдөлгөөний автомашинуудыг хаасан байхаар нь би буцаж эргэхээр зүүн гар тийш дарахад зүүн талаар мопед жолоодож явсан хүн орж ирээд машины дугуй хэсэгт мөргөгдөөд унасан. Ослын дараа би машинаас буугаад мопедны жолооч зорчигч дээр очиход эхнэрийнх нь хөл нь мопедонд дарагдсан байхаар нь гаргаад, нөхрийг нь мөн өргөөд замын хажуу тийш боржур дээр суулгасан. Тэгээд түргэн тусламж дуудсан. Тэгэхэд мопедны жолооч мөн ирэхгүй байх шууд эмнэлэг рүү явчих гэж хэлсэн. Тэгээд би машиндаа жолооч болон зорчигч эмэгтэйг суулгаад эмнэлэг рүү явсан. Мөн манай эхнэр ирээд хамт явсан. Эмнэлэгт үзүүлэхэд мопедны жолоочийн баруун шагайны яс хугарсан, эхнэрийнх нь баруун хөлийн хуруу хугарсан байна гэж хариу гарсан. Би 2022 онд жолооч болсон. Одоо жолоодох эрхийн В ангилалтай бөгөөд 2022 оны 09 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 1 жил жолоодох эрхээ хасуулсан байгаа. Би хохирогч нарт одоогоор 500,000 төгрөг эрүүл мэндэд нь зарцуулсан байгаа. Хохирлын баримтыг хараад хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын “Г.Ч нь тус хорооны сургуулийн 26 дугаар гудамжны 494б тоотод оршин суудаг, ам бүл 4 болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 1,616,500 төгрөг төлсөн гэх баримт, хохирогч Э.Э , Н.Ц нарт Honda Dio маркийн мопедны засварын төлбөрт 890,000 төгрөг төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт бүхий 4 хуудас баримт,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 95 дахь тал/, Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 96 дахь тал/, “Хатхүлэг” ХХК-ийн захирал Ч.Э-ын “Г овогтой Ч нь 2019 оноос эхлэн тус компанид авто механикчаар тогтвортой ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 97 дахь тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 98 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын “Б овогт Г.Ч , эрх хасах: Улаанбаатар, Сүхбаатар, Зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2022/09/23-2023/09/23, 1 жил, а/д С.Бямбахүү” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 99 дэх тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 100 дахь тал/, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 101 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дэх тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Э.Э ийн эмчилгээний зардалтай холбоотой Э.Э ийн амбулаторийн дэвтрийн хуулбар, “Монсудар паблишн” ХХК-ийн захирал Р.Э-ын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Э.Э ийн эзэмшлийн Хас Банкны ... тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 432,537 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,057,460 төгрөгийг “Монсудар ХХК ХЧТА тэтгэмж олгов” гэсэн утгатайгаар олгосон баримт, Beauty Queen эмнэлгийн эмчилгээний хуудас, эмийн сангаас эм тариа худалдан авсан гэх 21 хуудас, Н.Ц ы эмчилгээний зардалтай холбоотой Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн баримт, эмийн сангаас эм тариа худалдан авсан гэх 8 хуудас, нийт 29 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Г.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн зам Х авто засварын зүүн замд 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим Toyota estima маркийн 43-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 9.9, 10.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас Н.Ц ы жолоодож явсан Honda Dio маркийн мопедтой мөргөлдөж Н.Ц , Э.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Э , Н.Ц , яллагдагч Г.Ч нарын мэдүүлэг, Г.Ч ын эрүүл мэндэд хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Г.Ч ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадалгаа зэрэг бичмэл нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Ч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын “Б овогт Г.Ч , эрх хасах: Улаанбаатар, Сүхбаатар, Зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2022/09/23-2023/09/23, 1 жил, а/д С.Бямбахүү” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 99 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Г.Ч ын үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Тээврийн прокурорын газраас Г.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц , Н.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ц Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн гэж 300,000 төгрөг, эм тарианы зардал гэж 794,292 төгрөг, нийт 1,094,292 төгрөг нэхэмжилсэн. Эм тарианд зарцуулсан гэх 794,292 төгрөгөөс аами таами үзэмтэй үрэл авсан гэх 2,250 төгрөг, Я овогтой Н /РД:.../-гийн худалдан авалт хийсэн гэх 14,580 төгрөгийг хасаж, Г.Ч аас 1,077,462 төгрөг гаргуулан хохирогч Н.Ц д олгуулахаар,
Хохирогч Э.Э нь эмчилгээний зардал гэж 345,200 төгрөг, сорви арилгах лазер эмчилгээ хийлгэнэ гэж 2,332,000 төгрөг, үүнээс одоогийн байдлаар кеналог тариа хийлгэсэн гэж 88,000 төгрөг, эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхэд зарцуулсан таксины зардал гэж 115,720 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин гэж 1,240,955 төгрөг, нийт 4,033,785 төгрөгийг нэхэмжилсэн. Эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 345,200 төгрөгөөс бараа үйлчилгээ нэртэйгээр худалдан авалт хийсэн 26,150 төгрөг, 9,500 төгрөг, салфетка худалдан авсан 650 төгрөг, Голомт банкны хаанаас юу худалдан авсан нь тодорхойгүй зарлагын баримт 8,000 төгрөгийг хасаж 300,820 төгрөг, кеналог тариа хийлгэсэн 80,000 төгрөг, цалин болох 1,240,955 төгрөг, таксины зардал гэж нэхэмжилсэн 115,710 төгрөгөөс 2023 оны 08 дугаар сарын 22, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд үйлчлүүлсэн 31,820 төгрөгийг хасаж, 83,890 төгрөг, нийт 1,713,660 төгрөгийг Г.Ч аас гаргуулан хохирогч Э.Э д олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, уг хугацаанд төлж барагдуулсан болно.
Уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,616,500 төгрөг, Н.Ц ы жолоодож явсан Honda Dio маркийн мопедонд 889,050 төгрөгийн хохирол тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Н.Ц , Н.Э нар энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ч аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж
шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.Ч ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авхуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс дээш гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ч ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ч ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс Г.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны 2 хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн дараа хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Ч ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч ыг 1 /нэг/ жилийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, Чингэлтэй дүүрэг дэх гэрээсээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ажилдаа явах чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Ч ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, Чингэлтэй дүүрэг дэх гэрээсээ гарч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ажилдаа явах чиглэлээр зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ч ад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Н.Ц , Н.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Г.Ч аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ