Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар   2024/ШЦТ/128

 

 

 

   2024        02         01                                  2024/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О т холбогдох эрүүгийн 2306 00000 3760 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

          Э.О  нь 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....  тоотод хохирогч М.З тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гурилын модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүргэн ах З тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид хоёр 00 цагаас хойш маргасан юм шиг байна лээ. Тухайн үед би зарим зүйлийг санаж зарим зүйлийг нь санахгүй, миний ухаан санаа орж гарч байсан. Би гурилын мод ширээн дор тавьж гарснаа санаж байна. Би хорих байгууллагаас суллагдаж гарч ирээд 7-8 сарын хугацаанд нийтийн байранд амьдарч байгаад түрээсээ төлж чадахгүй байдалд орсон учир хүргэн ахынхаа гэрт ирж амьдрах болсон. Уг нь би хорих байгууллагаас суллагдаж гарч ирснээс хойш хүргэн ахдаа төвөг учруулахгүй гэж бодож нийтийн байр түрээслэн амьдарч байсан. Олон жилийн өмнө бид 2 бага зэрэг таарамжгүй харилцаатай байсан хэдий ч би суллагдсанаасаа хойш хүргэн ахтайгаа маргаж муудаагүй хэвийн харилцаатай байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний буруу” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Цагдаагийн байгууллагын Шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 42 минутад 909005... дугаараас “урьд шөнө аавыг ээжийн дүү зодсон байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дахь тал/,

Хохирогч М.З ын “Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой хадам дүү Э.О ын хамт ....  тоотод байх гэртээ сууж байсан. Тухайн үед гэрт ирэхэд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба араас О  орж ирсэн. Тэгээд би унтахаар байшин руугаа орсон. Гэртээ орж ирээд унтаж байхад О  намайг цохиод байсан. Сүүлдээ би ухаан алдсан уу, эсвэл архиндаа тасарсан байсан уу зарим зүйлийг санахгүй байна. Намайг ямар ч байсан байшинд байхад О  цохиод байсан. Тухайн үед би байшингийнхаа урд талын орон дээх унтаж байсан. Надад О тай маргалдсан зүйл байгаагүй. О  өмнө намайг зодож байсан ба би гомдол санал байхгүй гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Мөн О  намайг зодсон цагаас хойш манайд огт ирээгүй. Э.О т хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Миний биеийн байдал одоо гомдолгүй болж байгаа. Намайг Э.О  юугаар зодсон талаар мэдэхгүй байна. Намайг цохиж байсан зүйл нь их хатуу зүйл байсан. Намайг Э.О  нь 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дахь тал/,

Гэрч Э.А ийн “Би нөхөр М.З ын хамт ....  тоотод оршин суудаг. Миний төрсөн дүү Э.О  хүн амины хэргээр 20 жилийн ял аваад 14 жил суугаад 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хорих ангиас суллагдаад манай гэрт ирж амьдарч байгаа. Э.О  хорихоос гарч ирснээс хойш 3 сар орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сараас эхлээд архи уусан. Нөхөр М.З  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Манай нөхөр М.З  нь Э.О тай таарч тохирдоггүй ба хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ маргалдаж, зодолдох гээд байдаг болохоор маргалдаж эхлэхээр нь цагдаад дуудлага өгөөд явуулчихдаг байсан ... Э.О , М.З  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг унтуулдаггүй, би тэр хоёрыг зодолдож магадгүй гэж айгаад байдаг. Тэгээд шөнө 03 цагийн үед гарч бие засахад байшингийн гэрэл асаалттай байсан болохоор М.З ыг гэр рүүгээ орчихсон, одоо унтаж байгаа юм байна гэж бодсон. Ямар нэг зодолдсон, хэрэлдсэн, маргалдсан дуу чимээ огт гараагүй. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед босоод бие засаж байхад байшингийн яндангаас утаа гарч байхаар нь М.З  босоод гал түлчхээд унтаж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд миний байсан хажуу айлын эмэгтэй айл руу явна гэж хэлэхээр нь тэр эмэгтэйг дагуулаад хашаа руугаа ороход гэр болон байшин цоожтой болохоор байшин руугаа илүү түлхүүрээр онгойлгоод ороход М.З  орон дээр доошоо хараад унтаж байсан. О  байгаагүй. Тэгээд хамт байшин руу орсон эмэгтэй нөхөр М.З ыг дуудахад дуугарч өгөхгүй, чичрээд байхаар нь харахад гар, нүд, толгой бага зэрэг хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон талаар нөхөр М.З аас асуухад олигтой юм хэлэхгүй, нуруу өвдөөд байна, дараад өг гэхээр нь бага зэрэг илж өгсөн. Тэгээд хүү Ганбатад хэлээд хүү ирээд эмнэлэгт болон цагдаад дуудлага өгсөн. Нөхөр М.З ын хэвтэж байсан ор нь бага зэрэг цус болсон, өөр ямар нэг эвдэрсэн, эмх замбараагүй болсон юм байгаагүй. Тэгээд байшингийн гадаа байх гэр рүү ороход цус болон зодолдсон ямар нэг зүйл ажиглагдаагүй ... М.З ын зүүн хонго нь хөхөрсөн, 2 гар хөхөрсөн, уруул бага зэрэг хавдсан, нүд нь хөхөрсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/,

Гэрч Н.У ын “Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн орчимд босоод гарч бие засахад З  ахын байшингаас утаа гарч байхаар нь гэр рүү орж А  эгчид З  ах галаа түлчихсэн байна, утаа гарч байна гэж хэлсэн. Тэгээд 11 цагийн үед Э.А  эгчтэй хамт гэр рүү ороход М.З  урд талын орон дээр доошоо харсан байдалтай унтаж байсан. Байшин халуун байсан болохоор З  ахаа гээд дуудахад сэрэхгүй болохоор нь за за жоохон унтаг гэж бодоод Э.А  эгч юмнуудаа цэвэрлэж байхаар нь би ажилдаа явах гээд гарсан. Тухайн үед З  ахын гэрт ороход ямар нэг зодолдсон зүйл, цус болсон зүйл анзаарагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13641 дугаартай “М.З ын биед элэгний 2, 3, 4 сегментийн задрал, их сэмжний задрал, бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралт 1500 мл, баруун эгэмний зөрөөгүй хугарал, баруун талын 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хэсгийн арьсан доорх хий хуралт, тархины баруун зулайн ар, зүүн чамархайн атираа ховил завсар, сильевийн ховил, шулуун синусын ар хэсгийн аалзан хальсан доорх бага хэмжээний цус харвалт, хоёр нүдний дотор булан, доод зовхи, зүүн дал, хоёр бугалга, зүүн тохой, зүүн чих, баруун мөр, хэвлий, цээжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-17 дахь тал/,

Хохирогч М.З ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 64-65 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “....  тоотод 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Э.О т зодуулж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.З  эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,104,900 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.О аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дэх тал/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн М.З ын өвчний түүх /хх-ийн 71-96 дахь тал/,

Яллагдагч М.З ын “Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 427 дугаар хорих ангиас хугацааны өмнө суллагдсан. Суллагдсан өдрөөс ....  тоотод байх эгчийнхээ гэрт амьдардаг байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны үед хүргэн ах М.З тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Архи ууж байхдаа өмнө М.З  ахтай зодолдож намайг зодож байсан талаар ярьж байгаад байшин руу орж архи ууж байгаад ахыг гурилын модоор цохисон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан би ахыг цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 6 дахь тал/, гэрч Э.А ийн мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13641 дугаартай дүгнэлт /хх-ийн 15-17 дахь тал/, яллагдагч Э.О ын мэдүүлэг /хх-ийн 25-26 дахь тал/, хохирогч М.З ын мэдүүлэг /хх-ийн 58-60 дахь тал/, гэрч Н.У ын мэдүүлэг /хх-ийн 62-63 дахь тал/, М.З ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 71-96 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дахь тал/,

Яллагдагч Э.О т шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 19 дэх тал/,

Шүүгдэгч Э.О ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/,

Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дахь тал/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 38-39 дэх тал/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-49 дэх тал/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаартай “Хоригдлыг хугацааны өмнө суллаж хяналт тогтоох тухай” захирамж /хх-ийн 51-55 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О  түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын зүгээс үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн гэсэн байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.О  нь Э.О  нь 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .....  тоотод хохирогч М.З тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гурилын модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.З , гэрч Э.А , Н.У , яллагдагч Э.О  нарын мэдүүлэг, хүний биед эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар

            - Э.О  нь төрсөн эгч Э.А , түүний нөхөр хүргэн ах М.З  нарын эзэмшлийн хашаан дахь илүү гэрт амьдарч байсан,

            - Э.О  нь 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хүргэн ах М.З ын байшинд түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  

            - Урьдын таарамжгүй харьцааны талаар ярьж маргалдаж улмаар Э.О  нь М.З ын хэвлий тус газарт олон удаа гурилын модоор цохисон гэх үйл баримт тогтоогджээ.

Хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Э.О  нь хүний биед хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориудаар хийж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирахад хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Э.О ын хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэхдээ гурилын мод ашиглан цохисон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Ахуйн хүрээн дэх байнгын архидалт, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.З  нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үүний улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 6,104,900 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд М.З аас 6,104,900 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

            Хохирогч М.З  нь цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.О  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Э.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно”, мөн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заажээ.

Шүүгдэгчийн урьд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүхээс хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доош хөнгөрүүлэн ял оногдуулах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй, хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Э.О ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд Э.О  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүхээс Э.О ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, согтуугаар, ахуйн хүрээнд, төрөл садны харилцаатай хүмүүсийн хооронд урьдын таарамжгүй харьцааны улмаас хүний биед олон удаагийн үйлдлээр, эд зүйл, хэрэгсэл ашиглсан хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан

Э.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 26 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 2 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.О т шүүхээс оногдуулсан 7 жил 2 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Э.О  нь энэ хэрэгт шүүхийн шатанд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О т 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Э.О т энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 8 /наймр/ сар 26 хоног /хорин зургаа/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О т оногдуулсан 7 /долоо/ жил 2 /хоёр/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.О ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.З  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч Э.О аас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ