Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн, 

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 2324000000088 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн *******ийн ******* /РД: *******/.    

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд * аймгийн * сумын * багийн задгайд байрлах өөрийн гэртээ Pokerrr2 гар утасны аппликейшн ашиглан "Хангарьд” гэх нэртэй өрөө үүсгэн шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулсан, өөрийн ******* дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч 127,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.       

Шүүгдэгч  *******  нь  2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12-ны

өдрийг хүртэлх хугацаанд * аймгийн * сумын * багийн задгайд байрлах өөрийн гэртээ Pokerrr2 гар утасны аппликейшн ашиглан "Хангарьд” гэх нэртэй өрөө үүсгэн шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер тоглоом цахим орчинд зохион байгуулж, өөрийн ******* дугаартай Хаан банкны харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч 127,000 төгрөгийн ашиг олсон болох нь:   

 

-2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 1-2-р хуудас/,

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид хоёр 2019 оноос хойш гэр бүл болоход эхний хоёр жил хөдөө мал малладаг байсан болохоор утсаар оролдох боломжгүй, сүлжээгүй газар байдаг байсан. Дараа нь 2022 оноос хойш сумын төв орж ирээд амьдраад эхлэхэд байнга утсаа оролдож PUBG цахим тоглоом их тоглож эхэлсэн, утсаа оролдоод байнгын гэртээ байж байдаг. Тэгээд энэ жилийн зун мөрийтэй тоглоом тоглож байхыг нь харсан тэр өдрөөс хойш би болиулах талаар зөндөө оролдож, уурлаж, маргаж байсан боловч болихгүй тоглодог байсан. Тэгээд 2023 оны 06 дугаар сард мөнгө хэрэгтэй болоод байна гээд мөрийтэй тоглоом тоглож байхыг харсан бас 20,000 төгрөг бооцоонд тавьж алдчихлаа гээд хэлээд байсныг санаж байна. Үүнээс хойш ахиад тоглож байхыг нь хараагүй манай нөхөр цахим тоглоом бас их тоглодог утаснаас холдох нь ховор байнгын утсаараа тоглоод байж байдаг. Үүнээс болоод хэд хэдэн удаа хэрүүл маргаан гарч байсан, маргаан гарах үед л гайгүй утсаа оролдохоо болиод эхэлдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа бас утсаа оролдоод тоглоом тоглодог энэ нь гэр бүлийн хэвийн бус байдалд оруулдаг юм ...Манай нөхөр цахим мөрийтэй тоглоом тоглоод яг хэчнээн төгрөгийн мөнгө хожсон талаар бол мэдэхгүй. Надад үүний тухай хэлээд байдаггүй лам болохоор ном уншиж өгнө гээд яваад байдаг цахим мөрийтэй тоглоом тоглож, мөнгө олж амьдралын эх үүсвэр болгоод мөнгө хожиж олсон мөнгө гэр бүлдээ зарцуулж байгааг нь мэдэхгүй, мөнгөтэй үед ажил хийж олсон цалин л гэж мөнгө төгрөгөө зарцуулдаг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-115-р хуудас/,

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би уг залууг мэднэ. Би ******* овогтой ******* гэх залуутай нэг сургуульд сурч байсан. Бид хоёрын хооронд өр авлага байхгүй, өш хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Би Хаан банкны ******* тоот дансанд мөрийтэй тоглоом тоглох зорилгоор мөнгө хийж байсан бөгөөд нийт 3 удаа хийж байсан. Яг хэзээ хийж байсан талаар тодорхой санахгүй байна... Би Pokerrr2 аппликейшнээр мөрийтэй тоглоом өөрийн хүсэлтээр тоглодог бөгөөд уйдаагаа гаргах зорилгоор тоглодог. Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Pokerrr2 аппликейшний "Хангарьд клуб”-т орж ширээнд 3-4 удаа тоглосон. Би Хаан банкны ******* тоот дансанд мөнгө хийсэн. Нийт 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 100,000 төгрөгөө алдсан... “Хангарьд клуб”-ын админ залууг таних бөгөөд ******* овогтой ******* гэдэг. Би яг хэдэн удаа зохион байгуулсан талаар мэдэхгүй бөгөөд ямар ч байсан 3-4 удаа тоглоход байж байсан... Би гомдол, санал байхгүй бөгөөд ямар нэгэн хохирол байхгүй. Би зүгээр зугаагаа гаргаж тоглосон юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-р хуудас/, 

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ хүнийг танихгүй анх удаа сонсож байна. Би тухайн үед тоглохдоо ийм данс руу 13,000 төгрөг шилжүүлээд ширээнд сууж тоглож байсан... Би клубт нь тоглосон Хаан банкны ******* гэсэн данс руу мөнгөө шилжүүлж орсон гэхдээ мөнгө хожиж чадаагүй бүгдийг нь алдаад гарсан. Би өөрөө энэ цахим мөрийтэй тоглоомыг нь тоглодоггүй юм. Тэр өдөр л ганц удаа 13,000 төгрөгөөр цэнэглээд тоглосон. Би тэр хүнийг ерөөсөө танихгүй. Надад тухайн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хүнд гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,

-Яллагдагч *******ын Хаан банкны *******, дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-23, 47-59-р хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

-Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 100-101-р хуудас/,

-2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны *******,,,, , , , , тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91-96-р хуудас/,

-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн   мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.     

Шүүгдэгч *******ын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.   

Шүүгдэгч ******* нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Iphone-11 Pro max” маркийн шар өнгийн гар утсыг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн байх тул уг гар утсыг, мөн ******* тоот дансанд байх 127,000 төгрөг нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого байх тул уг 127,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, дүрс бичлэг хуулбарлан авсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.       

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* ******* овгийн *******ийн *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Iphone-11 Pro max” маркийн шар өнгийн 1 ширхэг гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 127,000 төгрөгийг тус тус улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН