Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1218

 

 

 

 

 

 

 

 

   2023           12           07                                        2023/ШЦТ/1218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд хаалттай хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

иргэдийн төлөөлөгч Н.Б,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр,

шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж  нарыг оролцуулан эрүүгийн 2109004010906 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Я овогт О.Б, /регистрийн дугаар: .............../, 1989 оны 08 дугаар арын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........... дүүргийн ............ хороо .............. тоотод оршин суух хаягтай,

урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 835 дугаартай шийтгэх тогтоолоор "хамтран амьдрагч Э.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

О.Б  нь Сүхбаатар дүүргийн ........... дугаар хороо .............. тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Э.Г-тэй байнга буюу 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон,

2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо ........... тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн салсан эхнэр Э.Г-ийг байнга мөнгө олж өгөхийг шаардан дарамталж, догшин авирлан тарчлаан, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б аас мэдүүлсэн: “...Г-ийн мэдүүлэг худлаа. Намайг гүтгэж мэдүүлээд байна. Би хүчээр Г тэй бэлгийн харилцаанд орсон, дарамталж зодсон гэж байна. Энэ асуудал Г бид хоёрын хуучин бичиж байсан чат дээр бүгд тодорхой байгаа. Байранд очиж дарамтлаагүй гэдгийг Г ийн чат, мессежийг утасных нь дугаартай гаргаад шалгавал нотлогдоно. Тухайн үед би фейсбүүк чат бүх юмаа устгачихсан байсан. Г ийн мэдүүлгийг би эсэргүүцэж байна. Би өөрөө огт архи уудаггүй мөн би хувиараа ажил хийдэг учир надад Г ийг дарамталж мөнгө авах шаардлага байхгүй. Хэрэв тэр шкап эвдэрсэн бол нугасыг нь сольж янзалсан байх ёстой. Зураг дээрээс харвал огт тийм зүйл байхгүй байсан. Тухайн цаг хугацаанд би байнга гадуур ажилладаг, гэртээ 7 хоногтоо 1-2 удаа очдог байсан. Г ийг надад өгсөн гэх мэдүүлгийг нотлох баримт байхгүй байна.  Би хэзээ Г ийг дарамталж мөнгө авсан болох нь тодорхойгүй байна. Би Г  рүү шилжүүлсэн мөнгөнийхөө баримтыг компаниасаа авч чадахгүй байгаа...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би 2020 оны 8 дугаар сар болон 9 дүгээр сард Г тэй хамтран амьдарч байсан. Би хөдөөгөөр барилгын ажил хийж явдаг болохоор хотод ирэхээрээ гэртээ буюу Г ийн гэрт очиж хонодог байсан. Би 2021 оны 02 дугаар сард хөдөө ажлаасаа ирээд Г ийн гэрээс охин Ялгуунаа аваад өөрийнхөө эмээ болох Сосорбурам дээрээ аваачиж 3-4 хоног хамт хоносон. Би аав хүн болсон хойно охинтойгоо “хэцүү байна уу” гэж ярихад “ээж заримдаа шөнө гараад явчихдаг. Би айж байгаад унтаад өгдөг. Тэгээд хааяа манай гэрт танихгүй хүн дагуулж ирдэг. Би уурлахаар ээж тоодоггүй “аавдаа битгий хэлээрэй” гэдэг байсан” гэж хэлэхээр нь би Г тэй “чи өөр хүнтэй болсон юм бол эртхэн хэлээрэй, өвчин зовлонтой байхад битгий хүүхдийн хажууд заваараад байгаарай” гээд уурлахад Г  “чи юугаа хуцаад байгаа юм” гээд хоорондоо маргалдсан. Тэгсэн хэрэлдсэний маргааш орой нь Г ийн эгч Гэрэлтуяа залгаад бид нар хүүхдүүдээ аваад Гачуурт явлаа гэхээр нь охиноосоо асуутал “явъя” гэхээр нь би охиноосоо асуутал авъя гэхээр нь би охиноо өгөөд явуулсан. Тэгээд энэ цагаас хойш би охинтойгоо одоо болтол уулзаагүй, утсаар ч яриагүй байна. Хамтран амьдарч байгаа хүмүүс чинь орондоо ороод бэлгийн харьцаанд орно биз дээ. Би хүчээр бэлгийн харьцаанд ороод байсан зүйл байхгүй. Миний ажил барилгын ажил учир оройтдог. Би дандаа оройтож ордоггүй. Бас архи дарс нэг их уугаад байдаггүй. Би хүүхдийнхээ хажууд өөр хүнтэй битгий заваараад бай гээд уурласан. Хэл амаар доромжилсон байж магадгүй. 2020 оны 8 дугаар сар, 9 дүгээр сард надад хүчиндүүлсэн юм бол яагаад тэр үедээ гомдол гаргаагүй болохыг гайхаж байна. Би Г т мөнгө өгч чадахгүй. Үнэхээр мөнгө өгөхөөр болбол охиндоо л мөнгө өгнө...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15/,

хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх 2010 онд бид 2 танилцсан тэрнээс хойш 2,3 жил хамт амьдраад дундаасаа хүүхэдтэй болсон тэр хугацаанд маш их хардаж сэрдэж хэл амаар доромжилдог хэцүү байдалтай байдаг байсан. Тухайн үедээ бүхнийг болгоно бүтээнэ гээд нууцалж явдаг байсан. Намайг ажил хийе гэхээр ажил хийлгэдэггүй “би болгоно” гэдэг байсан. Үнэндээ тэр цалин мөнгө нь хаана ч хүрдэггүй байсан. Ажилд ороод ажил хийхээр “утсаа авахгүй байна” гэж маргалдаад орой нь ажлаасаа ирэхээр байнга зодоон нүдээн болдог байсан. Ажил хийхгүй амьдаръя гэхээр би гэртээ хүүхдээ хараад  суухад маш хэцүү. Манайх нийтийн байр түрээсэлдэг байсан бөгөөд эгчийнхээ хашаанд ээж аавынхаа гэрийг бариад амьдарсан. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл нь ширүүн болоод ээжтэйгээ нийлж намайг зодоод тусдаа би хаа байсан гачуурт руу хүртэл нүүж байсан. Тэгээд салахаас өөр аргагүй болж 2018 онд шүүхийн шийдвэрээр салсан. Тэрнээс хойш 2 жил гайгүй чимээгүй байж байгаад 2019 онд хүүхэд сургуульд орно гэх шалтгаанаар ээж рүү залгаж хүүхэдтэйгээ уулзмаар гээд ахин дахин ирж “би хүүхдээ бодож байгаа. Би та хоёртой амьдрахгүй. Зүгээр би хүүхдэдээ байр аваад өгье. Чи надад тодорхой хэмжээний хэдэн сая төгрөг өгчих” гээд би 1,000,000 төгрөг гаргаж өгч байсан. Хэсэг хугацааны дараа “одоо тэдэн төгрөг хэрэгтэй байна. Байрыг чинь гаргаад өгнө” гээд л яваад байсан. Тухайн үедээ гайгүй болж байгаа юм болов уу гэж бодсон. “Компани байгуулна, би мөнгийг чинь буцаагаад өгчихнө. Чи энэ дээр гарын үсгээ зур” гээд дагуулаад л явдаг байсан. Тэрнээс хойш 3-4 машин мөргөлдүүлээд тэр өр зээлийг нь барагдуулах гэж ээж, ааваараа малчны зээл хүртэл авхуулаад дарах гээд явж байтал сүүлдээ юун тэр өр зээлийг нь дарах 2 уулаа гэр бүлийн маргаанаас болж би зүгээр амиа аваад салах нь зөв болсон. Тэгээд юм л бол “чи хүнээс мөнгө зээлээд өг” гэдэг. “Би хэнээсээ зээлэх вэ” гэхээр “ээж, аав, эгчээсээ зээлээд өг эсвэл утасны аппликэйшнаас зээл аваад өг” гэж дарамталдаг байсан. Би дуудлага ирэхээр айж чичирдэг болсон. Олон удаа утасны  аппликэйшнаас зээл авч сүүлдээ тэр өрөндөө дарагдаад стрессдэж гарын харшил хөдлөөд тайван унтаж чадахаа больсон байсан. Би энэ хүнийг хүүхэдтэйгээ уулзсанаас хойш ахин хамт амьдраагүй. Гэтэл намайг ярилцахгүй болохоор уурлаад эсвэл “ярилцмаар байна” гээд оройдоо ирээд хэл амаар доромжилж “муу ч гэсэн би чиний хүүхдийн эцэг шүү” гээд гарт таарснаа аваад шиддэг байсан. Заримдаа хүүхдээ хойд өрөөндөө оруулж унтуулдаг байсан.  Учир нь хүүхдийн дэргэд янз бүр болохгүй гээд бэлгийн харилцаанд орохгүй болохоор цохиж аваад “хүчиндчихнэ шүү чамайг” гээд дайрдаг байсан. Нэг дайрсан тохиолдолд би энэ хүнийг хэчнээн цааш түлхээд хүчрэхгүй. Би нэгэнт энэ хүнээс салах гээд шийдсэн байсан. Өөрийг нь жаахан эсэргүүцэхэд л ойр орчмынхоо хамаг юмыг авч шиддэг байсан. Фейсбүүк чатны асуудал бол тухайн үедээ энэ хүн надад “мөнгийг чинь гаргаад өгнө” гэхээр нь багахан хэмжээний итгэл төрөөд сэтгэл зөөлөрсөн байсан үеийн асуудал юм. Тэр үедээ зөндөө зээл авчихсан байсан болохоор тэрэндээ шаналаад мөнгөө өгчих юм болов уу гээд л яваад байсан. Сүүлдээ энэ хүнтэй худлаа юм байна гээд дарь эхийн хашаа байшингаас зугтъя гэж шийдээд 100 айлд байр түрээслээд амьдарч байсан. Гэтэл ямар нэг байдлаар олоод мэдчихдэг “би чамайг хаанаас ч олно чи надаас зугтана гэж бодож байна уу” гээд хэл амаар доромжилдог байсан. Ээж, аав “чи мөнгөөр юу хийгээд байгаа юм” гэхээр нь “мөнгөний хэрэгтэй байна” гэж худлаа хэлээд сүүлдээ худалчийн нэртэй болоод дууссан. Зуун айлд байр түрээслэх гэж ирэхдээ дарь эхийн хашаа байшинг хоосон орхиод ирсэн чинь ээж над руу залгаад “хөөе энэ дарь эхийн хашаа байшинг яасан юм бэ хүн түрээсэлнэ зарна гээд явж байна шүүдээ” гэхээр нь “Үгүй хоосон байгаа” гэж хэлсэн. Тэгээд яваад очиход О.Б  хүнд түрээсэлсэн байсан. Нөгөө хүн нь дамнаад зарах гээд байж байсан. Тэр хүн нь “наад хүн чинь үзүүлэх гэж байхдаа түлхүүрээ мартчихаж гээд цонх хаалга үүдийг нь эвдээд орсон” гэж хэлсэн. Хуурамч гэрчилгээ үзүүлж түрээсэлсэн байсан. Тэр хүн нь дүүгээ байлгаж байгаад явахдаа дотор нь байсан хөргөгч бусад байсан зүйлсийг нь аваад явсан байсан. Би тэргийгээ авъя гэж хэлсэн. Дараа нь би тэр хүний түрээсийн мөнгийг бүгдийг нь төлсөн. Энэ асуудлаас үүдэн би дотроо нууж явдаг байсан бүх айдас бүх зүйлээ ээж аав гэр бүлийнхэндээ хэлсэн. Тэд нар намайг цагдаагийн байгууллагад мэдэгд гэсэн. Өмнө нь би манай гэрийнхэнд муу зүйл хийхээс нь айдаг байсан. Энэ хүн хэлэхдээ “танай ээж, аавыг чинь би хаана байдгийг мэднэ. Шатаачхаж чадна, дүүг чинь би цустай нь холиод алчхаж чадна” гэдэг байсан болохоор би үхэх мөрөөрөө ганцаараа үхье гэж бодоод нуудаг байсан. Сүүлдээ ээж, аав мэдээд хашаа байшингийн асуудлаас болоод би шүүхэд өгч энэ бүх асуудлаа ярьж эхэлсэн. Одоо л нэг арай тайван байдаг болж байна. өмнө нь бухимдаад хэцүү байдалд байдаг  байсан...” гэв.

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "...Би Сүхбаатар дүүргийн ......... дугаар хороо ........ тоотод 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр охин Ялгууны хамт нүүж ирсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр миний салсан нөхөр  Б  нь миний амьдарч байгаа газрыг мэдээд мэдсэнээсээ хойш 6-7 удаа согтуу шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд ирж агсам тавьж гэрийн эд зүйлийг эвдэж надтай хүчээр бэлгийн харьцаанд ордог. Бэлгийн харьцаанд орохгүй гэхээр гичий минь би чиний нөхөр чинь шүү чи өөр хүнтэй болчхоод надтай унтахгүй байгаа юм уу гэх зэргээр харааж байгаад хүч хэрэглэж гэрт ирэх бүртээ бэлгийн харьцаанд ордог байсан. Бас намайг мөнгө олж өг гээд надаар хүчээр нийт 9.000.000 төгрөг хүмүүсээс зээлүүлж авсан би тэр мөнгөнүүдийг дандаа найз нөхөд ар гэрээсээ болон хүүхдийн хадгаламж мөнгө зээлдэг байгууллагуудаас зээлсэн болохоор одоо надад үнэхээр хэцүү байна. байгаагүй, гэхдээ байнга согтуу ирж хүчээр бэлгийн харьцаанд орж гэрийн эд зодож хогшлыг эвдэж намайг дарамталж байсан. Энэ хугацаанд би үнэхээр их сэтгэлийн хямралд орсон миний бие дээгүүр стресс бухимдлаас болж харшил гардаг болсон. Бас намайг энэ тухай цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэндээ хэлэх юм бол ална шүү гэрийг чинь шатаана гэх зэргээр сүрдүүлдэг байсан. Гомдолтой байна  Б д хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Дарамтлуулж өгсөн мөнгөө авмаар байна...2014 онд Дарь эхэд байхад би найзуудтайгаа гэрт авч ирлээ гэхэд би найзуудаа хаана ч авчирна гээд намайг нэг удаа зодож байсан. Үүнээс хойш 25 дугаар эмийн сангийн  Б-ын ээжийн гэрт байхад нэг орой би ажлын хүмүүстэйгээ төрсөн өдөр тэмдэглэчхээд 23 цагийн үед гэртээ яваад ортол  Б  ээжтэйгээ нийлж байгаад намайг хэл амаар доромжлоод намайг зодсон. Дараагийн суудал нь Өргөөгөөс хойшоо нийтийн байранд байхад бас утсаар ярьсангүй гэж уурлаж хаалга цонх түгжээд гэрээс гаргадаггүй байсан. Тэгээд 25 дугаар эмийн сангийн тэнд байхад намайг зодсон асуудлаас хойш  Б тай хамт амьдрахаа больсон юм. Тэгээд 2018 онд хүүхэд сургуульд орох үеэр миний ээж рүү  Б  залгаж ярьсан. Тэгээд л үүнээс хойш байнга шахуу хэл амаар доромжлоод хүчээр бэлгийн харьцаанд ороод, мөнгө төгрөг нэхэж дарамтлах болсон. Би нарийн шийрийн зүйлээ хэлдэггүй. Байсан. Манай гэрийнхэн бол ерөнхийдөө намайг ийм асуудалтай байсан гэдгийг мэднэ. Надад мөнгөний шаардлага их байна надад мөнгө олоод өг гар утсан дээр мөнгө зээлж болдог олон арга байна, би мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихнө гэх мэтээр хэлж авдаг байсан. Ээж, аав, эгчээсээ авч өгдөг байсан. Би аав, ээж, эгчдээ энэ асуудлаа хэлээд байдаггүй. Найз Золзаяатай энэ асуудлаар хальт ярьж байсан болохоос биш нээх ярьдаггүй. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан байх намайг дагаж гэр рүү ороод үүдэндээ ханад өлгөсөн байсан түлхүүрийг аваад гарчихсан. 2020 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд салсан нөхөр ирж хүмээр бэлгийн харьцаанд орж дарамтлах болсон. Ирэхдээ дандаа орой шөнийн цагаар ирдэг болохоор яг тэр өдөр гэж санахгүй байна. Миний сайн санаж байгаагаар бол хүүхдийн баярын өмнөхөн гэрт ирж гичий чинь яагаад гар утсаа авахгүй юм, пизда чинь хэнтэйгээ заваараад байгаа юм гээд хэл амаар доромжилж байсан. Гар утсаа аваад яриад яваад байвал яваад л байна. Гар утсаа авахгүй болчихвол архи уухаараа орж ирээд хэл амаар доромжлоод байдаг. 2020 оны Хүүхдийн баяраас хойш 14 хоногийн дараа шөнө орж ирээд бас хэл амаар доромжлоод байхаар нь өөдөөс нь юм дугарахгүй болохоор надтай хүчээр бэлгийн харьцаанд орчоод яваад өгдөг. Ирэх болгондоо ийм мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө аваад явдаг. Хэлсэн мөнгийг нь өгчихөөр хэд хоногтоо ирэхгүй таг чиг байдаг 2020 оны Наадмаас өмнөхөн хэд хоногийн өмнө бас шөнө ирж согтуу хэрүүл хийж байгаад явсан. Бас надтай хүчээр бэлгийн харьцаанд орчоод яваад өгсөн. Наадмаас хойш амралт эхлээд амралтаа аваад хөдөө аав, ээжийн гэр Гачуурт руу яваад өгсөн. Хүүхдийн нүдэн дээр бас шууд бэлгийн харьцаанд орохгүй. шөнө унтах гээд гэрлээ унтраахаар миний унтаж байгаа орон дээр ирж хэвтээд намайг тэврэх гээд наалдахаар нь би зайгаа барихаар гичий минь чи янхан минь хэдэн хүнтэй унтсан гээд хэл амаар маш их доромжилдог. Уурласан үедээ их огцом ууртай, хүн алчхаж магадгүй учир би тэр хүнээс залхаад бушуухан л бэлгийн харьцаанд орчоод явуулахыг боддог. 2020 оны 08 дугаар сард хүүхдийн сургууль орох болоход хүүхэдтэйгээ уулзах гэж байна гэж хэлэн 7 хоногийг зайтай 2, 3 удаа ирээд надтай бэлгийн харьцаанд ороод байхаар нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яаралтай Баянзүрх дүүргийн ......-р хороо ..........-р гудамжны ............... тоотоос Сүхбаатар Дүүргийн .......... дугаар хороо ............ тоотод охинтойгоо хамт нүүж очсон. Тэгээд хэсэг чимээгүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр ажил тарчаад гэр лүүгээ шөнө явж байтал гэнэт  Б  гарч ирээд гэр лүү дагаж ороод гэрийн түлхүүр булаагаад авчихсан. Тэгээд гэрт орж ирчхээд чи энд ирчихсэн юм уу чи надаас хол зугтаана гэж бодоо юу, чи май шүү, чи надаас холдоно гэж бодоо юу гичий минь гэж хэл амаар доромжлоод байдаг учир би айгаад хэлсэн үгэнд нь ордог юм. 2020 оны 10 дугаар сард бас ойрхон, ойрхон хэдэн хоног ирээд гэрт орж ирчхээд чи надтай ярилцахгүй, гар утсаа авахгүй байна, хамт байх гэхээр дургүйцээд байна гээд уурладаг байсан. Уурлахаараа зан ааш нь их догшин, ширүүн болдог учир бий айгаад хурдхан бэлгийн харьцаанд ороод явуулахыг боддог. 2020 оны 10 дугаар сард сүүлд Хөдөө явахдаа Хэнтий аймаг руу 10 хоног явлаа гээд явахад нь хэдэн хоног ирэхгүй санаа амар байх нь гэж байтал 2020 оны дүгээр сард хөл хорио тогтоогоод ирэхгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сард ирнэ гэхэд нь би  Б  ирээд яг хүнтэй унтаагүй надтай хүчээр унтана гэж бодоод би найз Заяагаа чи ирээд надтай хэд хоног байж байгаач салсан нөхөр ирээд хүчээр бэлгийн харьцаанд орох гээд байна гэж хэлээд найз Заяагаа хэд хоног гэртээ байлгасан. Яг тэгж байтал 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр билүү 25-ны өдөр ирээд надтай хүчээр унтах гээд байхад нь би ойртуулаагүй. Хэд хоног тэгж явж байгаад нэг орой пиво барьчихсан орж ирээд найз Заяатай муудалцаад би бас давхар муудалцаад хэрүүл болоод би гэрээсээ  Б ыг хөөгөөд гаргасан. Тэгээд цагдаагийн байгууллага өргөдөл бичиж өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө нь Б... дүүргийн ......-р хороо .............. тоотод болж байсан. Харин 31-ний өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо ........... тоотод хэл амаар доромжилж, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан. Би өгч байгаагүй. 102-т хэрвээ дуудлага өгвөл  Б  намайг ална шүү гээд байдаг болохоор айгаад 102-т дуудлага өгч чаддаггүй байсан. Надад ийм ч танил байна, тийм ч танил байна гэж маш ихээр хэл амаар дарамталдаг. Би  Б аас маш их айж байна. Хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч болдог уу, би энэ хүнээс болж маш их бухимдаж стрессдэж, бас мөнгө санхүүгийн маш их дарамтад орж байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 20, 1хх-ийн 90/

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд "миний салсан хамтран амьдрагч 2020 оны 09 сараас хойш гэрт ирж хүчээр бэлгийн харьцаанд орж хэл амаар доромжлоод байна" гэх гомдол /1хх-ийн 17/,

 

Хохирогч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "........ дугаартай данс бол  Б ын ээжийн данс байна. Бусад дансыг нь сайн мэдэхгүй байна.  Б  нь өөрөө ямар ч данс эзэмшдэггүй болохоороо надаас мөнгө авах болохоороо над руу нэг данс мессежээр явуулаад энэ данс руу гялс мөнгө хийгээдэх гээд яаруулдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 213/,

 

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...нөхөр  Б  нь ээжтэйгээ нийлж зодсон байсан. Тэгээд шүүх цагдаагаар яваад шүүхээс эхнэр хүүхэдтэйгээ уулзах эрхийг нь хязгаарласан байсан. Тэгээд дүүгийнхээ гар утас, амьдарч байгаа хаягийн сольсон. Тэгээд 2019 оны сүүлээр дүүгээ салсан нөхөр  Б  нь баяруудаар хүүхэдтэйгээ уулзана гэж уулздаг гэж мэдсэн. Надад авч байсан. Хувийн юм хийх гээд мөнгө хэрэгтэй байна гэж хэлж авсан. Сүүлд нь сонсоход салсан нөхөр  Б даа өгсөн юм байна лээ. Би сая 2021 оны 03 дугаар сард мэдсэн. Тэрнээс Өмнө нь надад хэлдэггүй байсан. Их ууртай, догшин зан шинжтэй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41/,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний охиныг араас нь дагаж яваад гэр оронги нь мэдэж аваад шөнө оройн цагаар орж дарамталж байсан талаар мэдсэн. Ээжээ мөнгө хэрэг болоод байна гэхээр нь өгчихдөг байсан. Сая энэ жилийн 2021 оны цагаан сараар Банк бусаас мөнгө нэхээд байна,  Б ыг мөнгө өгчих байх гэсэн өгөөгүй байна гэж байсан... Б охинтойгоо уулзана гээд байхаар нь би өөрөө дагуулж очиж байсан....Г ийн ажлын хүмүүстэй нь хардаж зоддог байсан. Надад хэлж байсан. Надад бүгдийн хэлж байсан. 100 айлд байдаг гэрийг мэдчихсэн, шөнө оройн цагаар орж ирээд дарамтлаад байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

Гэрч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...найзалж байхад нөхрөөсөө салчихсан байгаа, нөхрийгөө их хартай, гадуур хамт явж байхдаа өөр хүн рүү харж болохгүй харвал бөөн хэрүүл болдог гэж ярьж байсан. Өөрийнхөн ярьж байгаагаар нөхөр нь ээжтэйгээ нийлж зодоод тархи толгойг нь хагалаад цагдаа шүүхээр яваад салсан гэж байсан. ... Манай нөхөр надад танай найз Г ийн гэрт шөнө эрэгтэй хүн ирж хоноод байна гэж хэлдэг байсан. Одоо бодоход тэр нь хуучин нөхөр  Б  нь байсан байна. 2018 он 2019 онд бас хоорондоо нээх холбоогүй байсан байхаа надад юм хэлдэггүй байсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сард амьдарч байсан газраасаа нүүчихсэн байсан болохоор яагаад нүүсэн талаар асуухад салсан нөхөр байнга шахуу ирээд дарамтлаад, хүчээр бэлгийн харьцаанд ороод байна гэж ярьж байсан. Г тэй ерөнхийдөө утсаар холбоотой байдаг байсан. Тэгээд утсаар ярих болгонд салсан нөхөр ирээд дарамтлаад байна, ирээд мөнгө төгрөг нэхээд байдаг, заримдаа ирээд гар хүрээд байна гэж ярьдаг байсан...Тэгээд сүүлд 2021 оны 02 дугаар сард Дэлгэрцэцэг салсан нөхөр ирж охинтойгоо уулзана гээд байна чи ирээд хамт хоноод өгөөч гэхээр нь би Д-ийн гэрт 3 хоносон. Яг тэгэхэд салсан нөхөр  Б  гэх залууг тэгэхэд анх удаа харсан. Тэгээд тэр  Б  гэх залуу нь Д-ийн гэрт шөнө ирээд эхний өдрөө зүгээр хоносон. 2 дахь өдөр нь  Б  охиноо авч яваад ээжтэйгээ золгуулах гэж аваад явсан. Хүүхдээ авч явсан шөнөө Дэлгэрцэцэгийн гэрийг шууд түлхүүрээр онгойлгож ирээд Д-т агсам согтуу тавьж, гар хүрч зодсон. Шууд орж ирээд л Г ийг янхан гичий банзлаар нь хэл амаар доромжилж, гартаа барьчихсан байсан пиво шидэж, шкафын хаалга эвдээд, Г ийг түлхэж унгааж хүртэл гэмтээсэн. Би орж ирэхэд нь унтаж байсан болохоор чимээгүй сонсоод байсан. Сүүлдээ бүүр зодоод байхаар нь босож дундуур нь орж салгасан.  Б  бол эмэгтэй хүнийг арай л хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог юм байна лээ. Маргааш нь гар утсаар нь ярьж хэл амаар доромжилж байгаа нь арай л юм байна лээ Өдрийн цагаар эзэнгүй байдаггүй болохоор ирдэггүй. Дандаа шөнөөр ирдэг байсан гэж байсан...Г  гэнэтхэн нүүгээд явчихсан байсан болохоор нь гайхаж байсан. Тэгээд асуухад салсан нөхрөөсөө зугтаж хаягаа өөрчилсөн гэсэн. Гэр бүл салчихсан байж бэлгийн хэрэглээгээ хангах ирж хүчээр бэлгийн харьцаанд ороод байна, хэцүү байна гэдэг байсан. Жоохон дургүйцэхээр хэл амаар доромжлоод байна, гар хүрээд байна гэдэг байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93/,

 

Гэрч Э.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 онд байхаа өвөл эгч 100 айлын ард "Хаан" банкны хойно охиныхоо хамт хоёулаа байр түрээсэлж байсан. Энэ үед өдөр 15 цагийн орчим байхаа эгч над руу залгаад байрны хаалга болон шкафын хаалга янзлаад өгөөч гэхээр нь би орой ажлаа тараад эгчийн гэрт нь очиход Байрных нь хаалга рамаараа цаашаа хазайгаад том завсар гарчихсан унахад бэлэн болчихсон байсан. Мөн гэрийнх нь шкафын нэг хаалга нугасаараа салаад уначихсан ногоо хаалганы хөдөлгөөнтэй болоод суларчихсан байхаар нь наана нь мод тавьж нэвт шүрүүпээр боогоод янзалж өгөөд үүднийх нь хаалгыг завсрыг нь чигжээсээр чигжиж өгөөд юу болсон H 217/ талаар асуухад  Б  ирж агсан тавиад явсан гэж хэлсэн" мэдүүлэг /1хх-ийн 217/,

Гэрч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2013 онд байхаа Г ,  Б  хоёр хороололд байр түрээслээд тусдаа амьдарч байхдаа өвөл Г  манайд уйлчихсан Б  зодууллаа  Б  гарах гэхээр гарахгүй үүдэнд заазуур бариад ална шүү гээд уйлаад ярьж байсан. Мөнх ах, эгч нартаа хэлэх юм бол ална шүү гэж дарамталсан гэх мэтээр нэлээн хэдэн удаа иймэрхүү байдалтай ирж байсан. Тухайн үед Г ийн нүүр ам нь хавдсан зүйл харагддаггүй байсан, гэхдээ их дарамттай байгаа нь мэдэгддэг байсан. Мөн миний мэдэхийн 2014 оны намар байхаа сайн санахгүй байна Манай нөхөр бид хоёр гэртээ байж байхад 19 цагийн орчим болов уу манай нөхөр рүү танихгүй гудамжаар явж байгаа хүн залгаад эгчийг чинь энд нөхөр нь бололтой хүн зодоод байна гэгчийгээ ирж аваа 25 дугаар эмийн сангийн хажууд гэж хэлээд салгасан. Тэгээд нөхөр бид хоёр яваад очиход Баянгол дүүргийн цагдаа руу аваад явчихсан байсан. Баянголын цагдаа дээр очиход Г ийн үс нь арзайчихсан толгой нь нэлээн хэдэн газар хагарчихсан хүүхдээ чирчихсэн хүүхэд нь уйлчихсан байдалтай байсан. Ингээд Г ийг нөхөр бид хоёр аваад манайд хоёр жил орчим цуг амьдарсан.  Б тай бол хоёр жил уулзаагүй байж байгаад хоёр жилийн дараанаас  Б  нь хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж гуйсаар байгаад уулзсан байсан. Тэгээд дахиад амьдарна бүтнэ гэж байгаад Г ээр дамжуулан аав, ээжээр нь 4 сая төгрөгийн малчны зээл хийлгүүлээд авсан байсан. Дараа нь дахиад 1 сая төгрөг бас аав ээжээр зээл хийлгүүлээд авсан байсан. Өөр бэлнээр бага сага мөнгө зөндөө авсан юм шиг байна лээ. Тэрнээс гадна 2020 онд байхдаа Г ийн Дахь- эхийн хашаа байшинг нь  Б  ална тална гэх мэтээр дарамталж байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 221-222/,

 

Шүүгдэгч О.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 96/,  

 

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл "хохирогч Э.Гийн эзэмшлийн "Хаан банкны 5622020366 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга" /1хх-ийн 51-86/,

Эд зүйлд үзлэг хийсэн: "2022 оны 04 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн ....дугаар хороо ....... дугаар байрны ....... тоотод амьдрах Э.Гийн гэрт байх бор өнгийн хувцасны шкафт үзлэгийг хийхэд уг шкаф нь бор шар өнгийн хоёр хаалгатай модон шкаф байлаа...шкафын хаалгыг онгойлгож үзэхэд бор өнгийн хаалга дотор талдаа 4 ширхэг нугастай ба дээд талын хоёр нугас нь байрнаасаа хөдөлж хажуу талд нь дахиж боолтоор боож бэхэлсэн... Уг шкафын зүүн талын хавтасны гадна талд 1 метрийн урттай мод барьж нэвт нугасан шүрүүпээр боож тогтоосон ба дээд булан хэсэгт дотор талын нугасыг шүрүүпээр нэвт шрүүпэдсэн хэт ил гарсан байсан..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 226-227/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн дүгнэлт

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хууль ёсны, үнэн зөв байх бөгөөд дараах дүгнэлтэд хүрсэн болно. Үүнд:

Прокуророос шүүгдэгч О.Б ыг 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн ......... дугаар хороо ......... тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн салсан эхнэр Э.Гийг байнга мөнгө олж өгөхийг шаардан дарамталж, догшин авирлан тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч Э.Гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, талуудын шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгч О.Б  нь 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн ....... дугаар хороо ........ тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн салсан эхнэр Э.Гийг байнга мөнгө олж өгөхийг шаардан дарамталж, догшин авирлан тарчлаан, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүгдэгч О.Б ын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна.

Иймд “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос О.Б д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин О.Б Сүхбаатар дүүргийн .......... дугаар хороо ........... тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Э.Гтэй байнга буюу 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь хохирогч Э.Г, гэрч Э.Гэрэлтуяа, Б.Гантуяа, Ц.Золзаяа, Э.Баярсайхан, Т.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Б ын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүгдэгч О.Б ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч О.Б д дээрх гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокуророос Я овогт О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар О.Б ыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар ялтан О.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч О.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.БОЛДБААТАР

 

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.БАТСАЙХАН

 

 

                                                                                                Б.ДУЛАМСҮРЭН