Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шүүгчийн захирамжтай Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

  Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг Их Монгол байрны 35-18 тоотод оршин суух, ПЮ84110482 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Халиун нударга овогт Гаасүрэнгийн Насанжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн 2299000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Хашжавт 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Г.Насанжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг ноцтой зөрчсөн төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэж чадаагүй, хэрэгт ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл юу болох, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй заалтуудыг дурдаж хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нараас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүгчийн захирамжаар яллагдагч түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж гэм буруугийн шүүх хуралдаан хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Насанжаргал түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар прокурорын эсэргүүцэлтэй танилцаад  гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Уг мотоциклийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооход ач холбогдолтой хэдэн онд, ямар албан тушаалтны шийдвэрийн дагуу уг мотоциклийг хэдэн төгрөгөөр худалдан авалт хийсэн эх үүсвэр нь тодорхойгүй байх тул Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газраас дээрх нотлох баримтуудыг гаргуулах шаардлагатай юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй гэж үзэж байна.Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг хэрэгт цуглуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх  ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд   дурдсан  асуудлаар  хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Г.Насанжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй “Chongoing Hongli” загварын улаан өнгийн 2299000 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Хашжавт 1500000 төгрөгөөр зарж борлуулан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа нь шүүгдэгч Г.Насанжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Насанжаргалд  холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх Г.Насанжаргалд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр, яллагдагчийг шүүхэд шилжүүлж / хх-н 161-162х /, гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн атлаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-т заасан “ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна “ гэх заалтыг зөрчсөн байх тул энэ нь ноцтой зөрчил болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хүлээн авсан шүүгч мөн хуулийн  33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана, хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол гэм буруугийн хурлаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаар анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буцаахаар зохицуулсан байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлээс “яллагдагч Г.Насанжаргалыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна“ гэх хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын бичсэн эсэргүүцлээс “Яллагдагч Г.Насанжаргалыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна “ гэх хэсгийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04  дүгээр  сарын 27 -ны өдрийн 2020/ШЗ/142 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Насанжаргалд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                                   

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                          Б.ДАМБА