| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0697/З |
| Дугаар | 221/МА2026/0704 |
| Огноо | 2026-10-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2026/0704
2026 10 01 221/МА2026/0704
Б.Д-ий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.Ц нар
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд
Нэхэмжлэлийн шаардлага:
“Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д
Хэргийн индекс: 128/2026/0697/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д-өөс Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан “Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 746 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай тушаал хүчингүй болохыг тайлбарлажээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан үндэслэлийг хэрэглэхийн тулд хэргийн нөхцөл байдлыг “цаашид тодруулах шаардлагатай” бөгөөд тодруулах зүйлийн цар хүрээ нь “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх ёстой.
3.2. Хуулийн тус заалт захиргааны хэргийн шүүх мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлсэн ч шүүхийн журмаар шинжлэн судлах боломжгүй үлэмж маргаантай, тодорхойгүй нөхцөл байдал бий болсон үед тус нөхцөлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесст баригдалгүйгээр тухайн чиглэлийн мэргэшсэн захиргааны байгууллагын өөрийн шийдвэр гаргах ажиллагааны журмаар дахин тодруулж, сонгох боломжоо хэрэгжүүлж шийдвэр гаргах боломжийг олгож буй зохицуулалт юм.
3.3. Гэтэл шүүхийн нэмж тодруулах шаардлагатай зүйл нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д “...хариуцагч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталж, эрх бүхий төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу нээлттэй зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлэн томилох байдлаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй” гэжээ. Маргаан бүхий Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 104 дүгээр тушаалаас үзвэл тус тушаалын үндэслэх хэсэгт зөвхөн Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2 дахь заалт (Засгййн газрын гишүүний томилох, чөлөөлөх ерөнхий бүрэн эрхийг зохицуулсан норм) болон “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам”-ын 5.1 дэх хэсэг (мөн адил зөвхөн томилгооны эрх мэдлийг хэн эдэлдэгийг заасан) гэсэн хоёр үндэслэлийг дурдсан байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, ажлаас чөлөөлөх бодит шалтгаан огт дурдагдаагүй болно. Энэ нь “эрх бүхий этгээд томилсон учраас эрх бүхий этгээд хүссэн үедээ ямар ч үндэслэлгүй чөлөөлж болно” гэсэн үндэслэлээр гарсан, албан тушаалтны дур зоргоор авирласан үйлдэл юм.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хуульд зааснаар Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлаагүй нь нэгэнт тодорхой байхад шүүхээс үүнийг нөхөж батал гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч тал уг Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлуулаагүй байсан нь хариуцагч өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй юм. Батлагдсан албан тушаалын тодорхойлолт байхгүй байхад ажилтныг “шаардлага хангаагүй” гэж буруутган ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх шаардлагад нийцэхгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн энэхүү эс үйлдэхүйг зөвтгөж, 45 хоногийн дотор ажлын байрны тодорхойлолтоо нөхөн батлаад дахин чөлөөлөх боломжийг хариуцагчид олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, хууль бус шийдвэрийг дахин баталгаажуулах нөхцөл бүрдүүлсэн.
3.5. Түүнчлэн эрх бүхий төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу нээлттэй зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлэн томилох байдлаар дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар шийдвэр гаргаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хязгаараас хэтэрсэн дүгнэлт болсон.
3.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хвагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар уг албан тушаалд томилох, чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг эхэлж хэрэглэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулна” гэж зөв дүгнэсэн.
3.7. Гэтэл эцэст нь маргаан бүхий тушаалыг “дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлэх” байдлаар шийдвэрлэсэн зөрчилтэй байна. Хэрэв хөдөлмөрийн харилцааг цуцлах хууль ёсны үндэслэл огт байгаагүй, энэ нь илэрхий тодорхой нотлогдож байгаа энэ тохиолдолд уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн, засаж залруулах боломжгүй, эхнээсээ үндэслэлгүй акт байх ёстой бөгөөд үүнийг “нэмж үндэслэл олж тодорхойлох” боломж олгох нь хуульд нийцэхгүй байна.
3.8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний зүгээс маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн, энэхүү зарчмын зөрчил маргаан бүхий актаар илэрсэн учраас хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актын шинжтэй, Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй” гэж тайлбарласан учир илт хууль бус акт болохыг тогтоох боломжтой талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбараа хэлсэн болно.
3.9. Иймд маргаан бүхий тушаал нь ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл, бодит үндэслэл огт байгаагүй, актын мөн чанар нь анхнаасаа хууль бус байсан нь тодорхой нөхцөлд шүүхийн нэмж тодруулах ёстой “баримт, нөхцөл байдал” үлдэхгүй бөгөөд хариуцагчид “албан тушаалын тодорхойлолт батлуулах, сонгон шалгаруулалт зохион байгуулах” зэргээр цаашид үйлдэл хийх боломж олгосон нь өнгөрсөнд аль хэдийн гарсан хууль бус актыг эргэн засах, шинэ, өөр эрх зүйн харилцаа (ирээдүйд явуулах сонгон шалгаруулалт) үүсгэх боломж олгосон нь үндэслэлгүй байна.
3.10. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэлийг ямар нэг шалгуургүйгээр хэрэглэж шийдвэр гаргах явдал нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж нэг маргааныг 2 удаа шүүхээр шийдвэрлэх үр дагаварт хүрээд байна.
3.11. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16-д “Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан “...анхнаасаа намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдгийг мэдэж байсан. Хэрвээ шинэ сайд намайг ажлаа өг гэж хэлсэн бол би хэзээд ч ажлаа өгөхөд бэлэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ажлаа маш сайн хийгээд явж байхад гэнэт сонсох ажиллагаа ч хийлгүйгээр маргаан бүхий тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд нь гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шинэ сайд өөрийн хүнийг томилмоор байна гээд надад хэлчихсэн байсан бол гомдолгүйгээр өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгөх боломжтой байсан” гэх тайлбараас үзвэл маргаж буй хариуцагчийн үйл ажиллагаа өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шүүхээр эргүүлэн томилогдохоор маргаж буй Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалд ажиллах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ.
3.12. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, багасгасан зүйл байхгүй. Түүнчлэн шүүх хуралдаанд дээрх тайлбарыг буруу ойлгуулсан байна, ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байгаа, эрх нь зөрчигдсөн талаараа тайлбарласан бөгөөд уг тайлбар нь ч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.
3.13. Эцэст нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дөрвөн зүйлээс бүрдэнэ: (1) маргаан бүхий 104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, (2) ажилд эгүүлэн томилуулах, (3) ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, (4) нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх. Гэтэл шийдвэрийн тоггоох хэсэгт зөвхөн эхний шаардлагыг “45 хоногоор түдгэлзүүлэх” байдлаар шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн гурван шаардлагад тодорхой хариу өгөөгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалын дагуу шүүх нэхэмжлэлийн бүх шаардлагад дүгнэлт өгөх үүрэгтэй тул энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5.3-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс санал авсны үндсэн дээр Шадар сайд албан тушаалын тодорхойлолтыг батлах; Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 6.1-т “Энэ журмын 4.1, 5.3-т заасан үйл ажиллагааг албан тушаалын тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл 15 хоногийн хугацаанд албан тушаалын тодорхойлолтод санал өгөх; Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4.4.-т “... зарыг ажлын 10-аас доошгүй өдөр Зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ”, 8.5-т “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог аливаа дараалал харгалзахгүй сонгон шалгаруулж нөхнө”, 12.1-т “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан туша'алд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж тус тус заасан процесс ажиллагааг хийгдсэний үндсэн дээр дахин шинэ акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдэх боломжтой байна.
4.2. Хариуцагч шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс дараах ажиллагааг явуулж байна. Үүнд: Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан тушаалын тодорхойлолтыг Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-ын 7 дугаар хавсралттай уялдуулан шинэчлэн батлах шаардлага гарсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ЗГ-2/872 дугаар албан бичгээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирлын албан тушаалын тодорхойлолтын ангилал, зэрэглэл болон холбогдох мэдээллийг шинэчилж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах чиглэлийг Стандарт, хэмжил зүйн газрын даргад хүргүүлсэн. Улмаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгосон Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны “Албан тушаалын тодорхойлолтыг хүчингүйд тооцох тухай” А/234 дугаар тушаал 2026 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Шадар сайдын ажпын албанд ирсэн болно.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын 5.3-т заасны дагуу Шадар сайдын ажлын алба албан тушаалын тодорхойлолтын төслийг боловсруулж, Төрийн албаны зөвлөлөөс санал авах ажиллагаа хийгдэж байна.
Ийнхүү хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түүний үр дүнд үндэслэн шинэ акт дахин гаргах шаардлагатай байна. Гэвч дээрх үе шаттай ажиллагааг хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу бүрэн, бодитой хэрэгжүүлэхэд үлдсэн хугацаа хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул нэмэлт хугацаа шаардлагатай байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0746 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 104 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хуртэл түдгэлзүүлсэн 45 хоногийн хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн 6 сар болгон өөрчилж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Б.Д-өөс Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
4. Монгол Улсын Шадар сайд Х.Г-ийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Д-ийг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, улмаар Монгол Улсын Шадар сайд Н.Н-ын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 104 дүгээр тушаалаар тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгож чөлөөлсөн байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...маргаан бүхий тушаал нь ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл, бодит үндэслэл огт байгаагүй, актын мөн чанар нь анхнаасаа хууль бус байсан нь тодорхой нөхцөлд шүүхийн нэмж тодруулах ёстой “баримт, нөхцөл байдал” үлдэхгүй бөгөөд хариуцагчид “албан тушаалын тодорхойлолт батлуулах, сонгон шалгаруулалт зохион байгуулах” зэргээр цаашид үйлдэл хийх боломж олгосон нь өнгөрсөнд аль хэдийн гарсан хууль бус актыг эргэн засах, шинэ, өөр эрх зүйн харилцаа үүсгэх боломж олгосон үндэслэлгүй шийдвэр байна ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэлийг ямар нэг шалгуургүйгээр хэрэглэж шийдвэр гаргах явдал нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж нэг маргааныг 2 удаа шүүхээр шийдвэрлэх үр дагаварт хүрээд байна” гэх давж заалдах гомдлын тухайд,
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь оновчгүй болжээ.
5.2. Учир нь уг шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл нь “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” байх байтал энэхүү маргааны хувьд хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, нэхэмжлэгч уг албан тушаалд түр томилогдсон, ийнхүү томилогдохдоо уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй болох нь бүрэн тогтоогдож байхад шүүх түүнд дүгнэлт өгөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байжээ.
5.3. Маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:”, гээд 4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасан нь Шадар сайдын бүрэн эрхийг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт байна.
5.4. Шадар сайдад дээрх хуулиар олгогдсон эрх нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам”-ын 5.1-д “Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж, чөлөөлнө” гэж зааснаар хэрэгжих учиртай.
5.5. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай” 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалыг ТҮМ-9 зэрэглэлд багтаажээ.
5.6. Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд уг тодорхойлолтод тус албан тушаалд горилогч нь байгалийн шинжлэх ухаан /051, 053/, төрийн удирдлага /041303/, эрх зүй /042101/, хүнс боловсруулалт /0721/, нано шинжлэх ухаан, инженерчлэл /078801/, био инженерчлэл /078804/ мэргэжилтэй байх, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх тусгай шаардлагуудыг тодорхой заасан.
5.7. Нэхэмжлэгчийн тухайд уг албан тушаалд түр томилогдох үедээ ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх шаардлагуудыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан Б.Д-ий төрийн албан хаагчийн анкетын боловсролын талаарх мэдээлэлд хэсэгт тэрээр 2001-2007 онуудад Куба улсын Гавана хотод шүдний эмч, 2011-2013 онуудад АНУ-ын Жеоржиа мужийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Нийгмийн эрүүл мэнд, 2019-2023 онуудад Удирдлагын академийн Удирдахуйн ухааны их сургуульд Төрийн захиргааны менежментийн чиглэлээр тус тус суралцсан гэсэн баримтаар тогтоогдсон байна.
5.8. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэл, албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолын хавсралтаар “ахлах түшмэл” зэрэглэл ТЗ-4, ТЗ-5 ангилал хамаарах талаар тусгайлан журамласан бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн анкетын ажил эрхлэлт, ажлын туршлага хэсгээс үзэхэд 2007-2014 онуудад АШУҮИС, Нүүр ашигт малтмал судлалын тэнхимд багш, эмчээр /ТҮ-4/, 2018-2020 онд Эрүү, нүүрний мэс заслын дагалдан эмчээр /ТҮ-5/, 2020-2021 онд Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд Чанар, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн болон даргаар /ТҮ-8/, 2021-2024 онуудад Нийгмийн эрүүл мэндийн газарт Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн /ТЗ-7/, 2025-2026 онуудад Нийслэлийн эрүү мэндийн газарт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн /ТЗ-7/-ээр тус тус ажиллаж байсан буюу тэрээр дээрх хуульд заасан ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байна.
5.9. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагуудыг хангаагүй, Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонгон шалгаруулалт явуулах, 33 дугаар зүйлд заасан тусгай шалгалтыг өгөх зохицуулалтыг зөрчиж, дээрх албан тушаалд томилогдсон байх тул түүнийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор:”, 4/ хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;” гэж заасны дагуу хариуцагч өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд гаргасан байх бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.10. Тодруулбал, маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, 1) уг акт нь хуульд нийцээгүй байх; 2) нэхэмжлэгчид хуулиар олгосон буюу түүнд хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд шүүхээс хангах боломжтой.
5.11. Гэтэл нэхэмжлэгчийн сэргээн тогтоолгохоор тодорхойлсон эрх хуулийн дагуу үүсээгүй болох нь нэхэмжлэгчийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “...сонгон шалгаруулалтад оролцоогүй, ярилцлага хийгдээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй,” гэсэн тайлбараар тогтоогдож байх энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний хугацаатай холбоотой зохицуулалт хэрэглэгдэхээргүй байна.
6. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагч нь нэхэмжлэгчийн төрийн албанд хөдөлмөрлөх эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийж, оролцогчийн эрхийг хангаагүй” гэх гомдол үндэслэлтэй байх боловч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаварыг өөрчлөхүйц, тухайлбал сонсох ажиллагаа явагдсан байсан бол нэхэмжлэгчийн тайлбар, саналыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхгүй байхуйц үр дагавар үүсгэх алдаа биш тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй юм.
7. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж буй энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түүний үр дүнд үндэслэн шинэ акт дахин гаргах шаардлагатай байна. Гэвч дээрх үе шаттай ажиллагааг хууль тогтоомж болон холбогдох журмын дагуу бүрэн, бодитой хэрэгжүүлэхэд үлдсэн хугацаа хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул нэмэлт хугацаа шаардлагатай байна” гэх давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-ийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-өөс Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 104 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, “3.” гэснийг “2” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ