Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0387

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ц********,

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар

Маргааны төрөл: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах үйлчилгээний төв бүхий 24 айлын орон сууцны 343 дугаар барилга дээр улсын комисс ажиллуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Ц********-аас Хотын стандарт, хяналтын газар холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах үйлчилгээний төв бүхий 24 айлын орон сууцны 343 дугаар байранд улсын комисс ажиллуулах ажлыг зохион байгуулахыг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах үйлчилгээний төв бүхий 24 айлын орон сууцны 343 дугаар байрыг “И М*****” ХХК-иар гүйцэтгүүлж, улмаар уг барилга дээр улсын комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан.

3.Улмаар Хотын стандарт, хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/103 дугаар албан бичгээр “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасныг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэр гаргуулахыг мэдэгдье” гэжээ.

4.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/“Иргэн Г.Ц******** миний бие Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Зүүн сэлбийн 343 тоот өөрийн эзэмшлийн газар дээр 24 айлын үйлчилгээтэй орон сууцыг орон нутгийн иргэдийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан барилгын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Барьсан барилга маань мөнгө төгрөгийн асуудлаас бага зэрэг хойшлогдож 2018 онд ахин гэрчилгээг сунгуулан 2019 онд дууссан. “И М” ХХК-иар 24 айлын барилгаа бартерээр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.

2/“Ковид 19” цар тахал болж 2 жилийн хугацаанд улсын комисс ажиллах боломжгүй байсан. Миний бие 2022 оны 01 сард Хотын стандарт, хяналтын газарт уг барилгыг ашиглалтад оруулах хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн хариуд Барилгын тухай хуулийн 37 зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр буцаасан. “И М” ХХК-тай гэрээ хийж барилгаа дуусгаад 2019 оны өвөл ажилчид нь хөдөөнөөс ирээд нийгмийн асуудлыг нь шийдэх үүднээс айлуудаа оруулсан. Үүн дээр ямар нэгэн зарга үүсгэх асуудал байхгүй. Хамгийн гол нь уг барилгыг ашиглалтад оруулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулмаар байна” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Иргэн Г.Ц******** нь Хотын стандарт, хяналтын газарт 2 удаа барилга байгууламжийг ашиглалтад оруулъя гэж хүсэлт гаргасан байдаг.

2/Тухайн иргэний гаргасан хүсэлтийг үндэслээд манай байгууллагаас очиж үзлэг хийхэд өөрийнх нь хэлж буй тайлбараар Барилгын тухай хуулийн 37 зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчиж ашиглалтад оруулаагүй барилгад айл өрхүүдийг оруулж ашигласан нь тогтоогдсон.

3/Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолоор ашиглалтад ороогүй

барилгыг ашиглахыг хориглох бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэж комисс ажиллана гэсэн заалтыг үндэслээд комиссын үйл ажиллагааг зохион байгуулах боломжгүй гэсэн хариу өгч тухайн иргэнээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4/Шүүхээс ямар нэгэн холбогдох хууль дүрмийн хүрээнд шийдвэр гаргаад өгвөл комисс ажиллахад татгалзах зүйлгүй. Цар тахал, ачаа бараа, тээвэрлэлтийн хүндрэлтэй байгааг ойлгож байгаа учраас хувийн байгууллага аж ахуйн нэгжийг төрөөс дэмжиж ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр ажиллах тал дээр гарахад хариуцагчийн зүгээс ажиллахад татгалзах зүйлгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах үйлчилгээний төв бүхий 24 айлын орон сууцны 343 дугаар байрыг “И М *****” ХХК-иар гүйцэтгүүлж, улмаар уг барилга дээр улсын комисс ажиллуулах хүсэлтийг гаргажээ.

2.Хотын стандарт, хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/103 дугаар албан бичгээр “Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасныг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэр гаргуулахыг мэдэгдье” гэжээ.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар тогтоолоор баталсан  "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж тус тус заажээ.

3.Нэхэмжлэгчээс “улсын комисс ажиллуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч цар тахалтай холбоотой хүсэлтийг хүлээж аваагүй, барилгыг ашигласан талаар маргахгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, няцаасан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаан дээр уг асуудлаар мэтгэлцээгүй, харин ч “нэхэмжлэгчээс комисс ажиллуулах хүсэлтийг 2 удаа гаргасан, өмнө ч гэр бүлийн хүнтэй ирж уулзаж байсан, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох,,,”-оор заасан тул ажиллах боломжгүй болсон, шүүхээс улсын комисс ажиллуулах талаар шийдвэр гарсан тохиолдолд ажиллуулахад татгалзах зүйлгүй” гэв.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.6-д “48.6.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэжээ.

4.Хэргийн оролцогч нараас тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байхад ашигласан /оршин суугч нарыг оруулсан/ талаар маргаагүй бөгөөд уг үйл баримт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж үүссэн болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгчээс тухайн барилга дээр улсын комисс ажиллуулах хүсэлтийг удаа дараа гаргасан, цар тахал /ковид-19/-ын улмаас улсын комисс ажиллахад хүндрэл үүссэн зэргийг хүндэтгэх үзэх шалтгаанд тооцох үндэслэлтэй бөгөөд дээрх шалтгааны улмаас тухайн барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад иргэдийг оруулж, ашигласанд нэхэмжлэгчийг дангаар буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл 2020, 2021 онуудад Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр онц болон хязгаарлалтын дэглэм удаа дараа тогтоосон нь нийтэд илэрхий баримт бөгөөд нэгэнд барилга угсралтын ажил дууссан барилгыг ашигласныг буруутгах боломжгүй.

5.Хэдийгээр Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасан хэдий ч энэ нь дээр дурьдсанчлан хүндэтгэх үзэх шалтгаантай байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6.Харин хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд барилгыг хүлээн авсан акт үйлдэх, шаардлага хангаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах нь тухайн комиссын бүрэн эрхийн асуудал бөгөөд шүүх уг ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.1, 48.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц********ын нэхэмжлэлтэй, хариуцагч Хотын стандарт, хяналтын газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамжид байрлах үйлчилгээний төв бүхий 24 айлын орон сууцны 343 дугаар байранд улсын комисс ажиллуулах ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭН