Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2020/00647

 

 

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 148/ШШ2020/00647

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 4 дүгээр хэсэг, 29 дүгээр байр, Нүргээн хөршийхөн Сууц өмчлөгчдийн холбоо, гүйцэтгэх захирал Д.А нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг,3 дугаар хэсэг, 210Б тоотод оршин суух хаягтай, Б овогт Г.Х //-д холбогдох

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 29 дүгээр байрны 00 тоот техникийн өрөө нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 29 дүгээр байрны дундын өмч мөн болохыг тогтоолгох, Г.Хүрэлчулууны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа, гэрч Г.Нямаахүү, нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нүргээн хөршийхөн СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт байрлах багш нарын 29 дүгээр байрны 00-н өрөөг иргэн Г.Х гэгч нь хууль бусаар баримт бүрдүүлж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж авсан байна. Г.Х хуурамч баримт бичиг бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон ба аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор Г.Хүрэлчулууны өмчлөлийг хүчингүйд тооцсон юм. Энэ байрны 00 /шит/ өрөө нь бусдын хууль бус эзэмшилд байснаараа тухайн байрны оршин суугч бидний хувьд хэцүү нөхцөл байдлууд үүсэж эхэлсэн. Ноднин жил маргаан бүхий энэ өрөөнд гал алдаж тухайн үед ОБГ-т дуудлага өгч асуудлыг шийдвэрлүүлж байсан. Ер нь байрны доор байх шитний өрөөнд айл суулгаж болохгүй ба энэ тухайн байрны оршин суугчдын нийтийн эзэмшилд хамаарах объект гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар. Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно...гэсэн байхад зөрчсөн үйлдэл гаргасан байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал .нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д ...орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт. цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна гэж заасан ба иргэн хүн өмчлөх эрхгүй юм. Бид дээрх тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, иргэн Г.Хүрэлчулууны нэр дээр бүртгэгдсэн Ү-1317001429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хааж, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар хандсан юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10/54 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Г.Хүрэлчулуун 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 110028643 дугаартай зээл болон барьцааны гэрээгээр ХАС банканд барьцаалж зээл авсан бөгөөд уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусахаар бүртгэгдсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар Орон сууц хувьчлах товчооны тогтоолыг хэрэгжүүлэхэд уг зээлийн барьцааны гэрээ нь улсын бүртгэл хийхэд барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, маргаан үүсгэх эх, бүртгэлийн хууль тогтоомж зөрчигдөхөөр байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд энэхүү асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа манай байгууллагад хандана уу гэсэн хариу өгсөн. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт байрлах багш нарын 29 дүгээр байрны 00-н өрөөг өмчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хааж, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг гаргасан ба 2019 оны 11-р сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар... маргаан бүхий өрөөний өмчийн асуудлыг Иргэний хэргийг шүүхээр тогтоолгох ёстой, мөн нэхэмжлэгч нар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй гэж үзсэн учраас 2019 оны 12-р сарын 05-ны өдөр Нүргээн хөршийнхөн" Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж хуульд заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг, 4-р хэсэг.29 байрны 00 тоот техникийн өрөөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг, 4-р хэсэг, 29 байрны дундын өмч болохыг тогтоож, Г.Хүрэлчулууны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Г.Хүрэлчулуун нь 2020 оны 7 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нүргээн хөршийхөн СӨХ-ноос Г.Хүрэлчулуун миний биед холбогдуулан гаргасан ...техникийн зориулалттай өрөөний өмчлөгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг 4-р хэсэг 29-р байр мөн болохыг тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх... тухай нэхэмжлэлийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хариу тайлбар гаргаж байна. Миний бие Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р багт байрлах Багш нарын 29-р байрны 00 тоот өрөөг гэр бүлийн хамтаар 2006 оноос эхлэн түрээсийн гэрээний дагуу түрээслэн амьдарч байгаад хувьчлал явагдах үеэр буюу 2010 онд хувьчилж авсан. Тухайн үед манай байр СӨХ-гүй байсан бөгөөд байрны даргаар н.Шатар багш ажиллаж байсан. Миний бие н.Шатар багштай түрээсийн гэрээ байгуулан, гэрээний дагуу төлбөрүүдээ цаг тухайд нь өгч байсан. Нэхэмжлэлд дурдахдаа намайг хуурамч баримт бичиг бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж авсан, энэ тухай хууль хяналтын байгууллага тогтоосон гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Байр хувьчилж авахад бүрдүүлэх материалууд болох миний гараар бичсэн өргөдөл, байр түрээсийн гэрээ, иргэний бичиг баримтууд, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийг журмын дагуу бүрдүүлсэн ба байрны оршин суугчдын зөвшөөрөл буюу тухайн байрны оршин суугчдын гарын үсэг цуглуулснаас ганц хоёр хүний гарын үсэг биш байсан нь тухайн бүрдүүлсэн материал бүхэлдээ хуурамч гэж үзэх үндэслэлгүй юм. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11-р сарын 02-ны өдрийн 125 дугаартай тогтоолоор тухайн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 233-р зүйлд заасан Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг мөн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Эрүүгийн хуулийн 233-р зүйлийн 1 дэх хэсэгт "... Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан... байхыг ойлгох ба миний бүрдүүлсэн дээрх материалуудаас тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас ашиглан хуурамчаар үйлдсэн нэг ч баримт байдаггүй. Ганц 2 хүний гарын үсэг биш байсан нь дээрх зүйл ангид заасан гэмт хэргийн шинжийг огт агуулахгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Гэтэл хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай дээрх тогтоолд дурдсан ...хуурамч материал бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна... гэх үндэслэлгүй үг өгүүлбэрийг удирдлага болгон хувьчлалыг хүчингүйд тооцсон Орон сууц хувьчлах товчоо-ны 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоол ч мөн үндэслэлгүй юм. Тухайн байрны оршин суугчдын гарын үсэг нь тухайн байрыг надад өмчлүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо нотолж зөвшөөрч буй агуулга бөгөөд хувьчилж авснаас хойш 10-аад жил тухайн байранд амьдрахад оршин суугчид нэг - удаа тухайн хувьчлалыг эсэргүүцсэн, татгалзсан үг үйлдэл, хандлага зүйл огт илэрхийлж байгаагүй. Нэхэмжлэлд мөн 00 тоот өрөө бусдын хууль бус эзэмшилд байснаараа байрны оршин суугчид бидний хувьд хэцүү нөхцөл байдлууд үүсэж эхэлсэн... гэх мэтээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Нодлин гал гарсан гэдэг нь худлаа бөгөөд олон жилийн өмнө тогны утсанд масс үүсэж гал авалцсан нь үнэн боловч тухайн гал нь ямар нэгэн хор хохирол учруулаагүй, ОБЕГ-т дуудлага өгсөн боловч ирэхээс нь өмнө миний бие өөрийн биеэр унтрааж дууссан байсан. Миний бие тухайн 00 тоот өрөөг хувьчилж өмчилснөөр байрны нийт оршин суугчдын эрх ашиг нэг ч зөрчигдөөгүй гэдгийг баттай хэлэх байна. Иймд миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү! ...гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нүргээн хөршийхөн Сууц өмчлөгчдийн холбоо нь Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсгэг 29 дүгээр байрны 00 тоот өрөөний өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Г.Хүрэлчулууны хууль бус эзэмшлээс 00 өрөөг чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн  шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Хүрэлчулуун нь Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсгэг 29 дүгээр байрны 00 тоот техникийн өрөөг 2010 оны 11 сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 05 дугаартай тогтоолоор баталсан хавсралтын дагуу хувьчилж 0114116 дугаартай гэрчилгээ авахдаа оршин суугчдын зарим иргэдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч материал бүрдүүлсэн болох нь Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 183100308 тоот прокурорын тогтоол, 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 125 тоот прокурорын тогтоол, Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 2019 оны 5 сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагч Г.Хүрэлчулуун нь орон сууц хувьчлах товчооны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоол үндэслэлгүй гэх тайлбар өгсөн боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот шийдвэрийн үндсэн дээр маргаан бүхий 00 өрөө хариуцагч Г.Хүрэлчулууны өмчлөлд шилжсэн байх боловч уг тогтоолыг 2019 оны 5 сарын 13-ны өдрийн 07 тоот тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн Аймгийн орон сууц хувьчлалын товчооны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж ба уг тогтоол хэрэгжсэнээр Л.Хүрэлчулууны эрх дууссан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг Нүргээн хөршийнхөн СӨХ-д шилжүүлээгүйн улмаас зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө...зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан байна.

Г.Хүрэлчулууны эзэмшилд байгаа Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсгэг 29 дүгээр байрны 00 тоот өрөө нь тухайн байрны Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.

Иймд Г.Хүрэлчулуун нь Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсгэг 29 дүгээр байрны 00 тоот өрөөг чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Г.Хүрэлчулууны өмчлөл бүхий Ү-1317001429 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн даалгах нь зүйтэй.

Харин гуравдагч этгээд нь зээлийн гэрээний үүргийг үүрэг бүхий этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Г.Хүрэлчулуун шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг баримтлан Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсгэг 29 дүгээр байрны 00 тоот өрөөг 29 дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоож, Сүхбаатар сумын 7 дугаар баг 4 хэсэг 29 дүгээр байрны 00 тоот өрөөг хариуцагч Г.Х хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Ү-1317001429 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х  70.200 төгрөг гаргуулж Нүргээн хөршийхөн СӨХ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ