Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0013/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэрэгт*******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000627 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан-Уул аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, нийт 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай магадлалаар 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 10 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 327 дугаартай захирамжаар 1 жил, 10 сар, 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус сольж хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний 05 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шүтээн” ресторанд цонхыг нь гадна талаас нь хүчтэй түлхэж эвдэн нэвтэрч уг ресторанд байсан шампанскийг онгойлгон уусан, цонхоор буцаж гарахдаа 8 ширхэг набор, хайрцгандаа 35 ширхэгтэй сүүтэй цай, 5 кг шарсан тахианы мөч, вино онгойлгогч, Samsung 4G LTE, Samsung duos, Samsung note1, Iphone 6 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан бага хэмжээнээс дээш буюу 622,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10/,

 

Шүүгдэгч *******аас эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хаввтаст хэргийн 16/,

 

Цонхоор нэвтрэн орсны дараа ресторан дотор тухлан 32 минутын турш байсан хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19/,

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний үүрээр 06 цаг 03 минутын орчимд над руу манай “рецейпшн” залгаад манайд хулгай ороод, би цагдаад бариад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад очсон чинь манай паабын урагшаа харсан 1 цонхны вакум жижиг цонхыг онгойлгоод хулгай орсон байсан. 8 ширхэг набор, 1 хайрцаг Хатан гэсэн нэртэй сүүтэй цай, 5 кг шарсан тахианы мөч, 4 ширхэг гар утас, вино онгойлгогч 1 ширхэг тус тус алдагдсан. Мөн 1 ширхэг шампанск задлаад уусан байсан. ...5 кг тахианы мөчийг гадаа асгаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 26/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би үүдний рецейпшингийн амардаг өрөөнд унтаж байтал 2023 оны 10 дугаар 31-ний шөнө 05 цаг 39 минутын орчимд чимээ гараад байхаар нь буудлын захирал руу залгах гээд 93396336 гэсэн утас руу залгасан чинь эрэгтэй хүн авахаар нь гайхаад хаалгаа онгойлгоод тамхины цэг рүү очоод хартал гадаа манай буудлын ресейпшингийн утсыг 25 орчим насны залуу барьчихсан утсаар ярьж байхаар нь би тухайн үед “эгч нь чамайг авахаар ирсэн юм аа, эгчийн дүү хаана байна” гэх мэтийн зүйл яриад буудлаас гарч ирээд тэр залууг барьж аваад буудал руугаа дагуулж орж ирээд гадна талынхаа хаалгыг цоожилчхоод цагдаа руу дуудлага өгсөн чинь тэр залуу буцаж гарах гээд надтай ноцолдож эхэлсэн бөгөөд би 3-4 минут орчим ноцолдож байтал ашгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд тэр залууг гавласны дараа буудлаа шалгатал паабын урагшаа харсан 1 цонх онгорхой, гадна талд нь наборнууд болон тахианы мөч, цай асгарсан байдалтай байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж мэдээд буудлын ажилтнуудад хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн: “...8 ширхэг набор 72,000 төгрөг, хайрцгандаа 35 ширхэгтэй 1 хайрцаг сүүтэй цай 17,500 төгрөг, 5 кг шарсан тахианы мөч 60,000 төгрөг, вино онгойлгогч 7,500 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung 4G LTE маркийн гар утас 150,000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung duos маркийн гар утас 100,000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Samsung note1 маркийн гар утас 80,000 төгрөг, хуучин хэрэглэж байсан Iphone 6 маркийн гар утас 120,000 төгрөг, 1 ширхэг шампанск 15,000 төгрөг, нийт 622,000 төгрөг болно” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 32-33/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, одоо хохирлын 150,000 төгрөгийг авах юм бол гомдол санал байхгүй” гэжээ.

 

Шүүгдэгч *******: “...Би авсан эд зүйлсийг бүгдийг нь буцааж өгсөн. Харин уусан шампанск, идсэн тахианы мөч хоёрыг өгөөгүй учраас өөрийнхөө гар утсыг өгсөн” гэжээ.

 

Улсын яллагч: “...энэ гэмт хэргийн улмаас 622,000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ******* нь шампанск болон тахианы үнэ болох нийт 75,000 төгрөгийн хохирлыг төлөх бөгөөд өөрийнхөө барьцаалсан гар утсыг хохирогчид өгсөн байна. Хохирогч Сарангуа нь тухайн гар утсыг 200,000 төгрөгөөр зарсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан 9 нэр төрлийн эд зүйлсээс 7-г нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Харин шампанск болон шарсан тахианы хохиролд өөрийнхөө гар утсыг өгсөн. Тухайн гар утсыг хохирогч нь 200,000 төгрөгөөр борлуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэжээ.  

 

Шүүгдэгч *******ын мэдүүлэг, улсын яллагч болон өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ”хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох”-оор заасан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол уг зүйл хэсэгт заасныг журамлан хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Шүүгдэгч ******* үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Ийнхүү хорих ялыг хөнгөрүүлэхдээ шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ ресторанд нэвтрэн орсны дараа өөрийн гэрт байгаа мэт тухлаж буй хувийн байдал зэргийг харгалзан хамгийн доод хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнө нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан боловч засарч хүмүүжээгүй байх тул оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар *******т 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.ГЭРЭЛТ-ОД