Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Б.Гантулга түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000440155 дугаартай,178/2024/0014/Э индекстэй  хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Цагаан туг ургийн овогт Батнасангийн Гантулга, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Буянт сумын 04 дүгээр (Цагаан эрэг) багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450’000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700’000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Гантулга нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан авч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай адууг нууцаар, хууль бусаар авч худалдан борлуулж мал хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2-р хуудас)

Хохирогч Б.Алтансүхийн өгсөн “...Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2022 оны 03 дугаар сард өөрийн эзэмшлийн бор зүсмийн азарга Бямбаа гэх залуугийн 15 тооны адуунд байхад хулгайд алдсан. Би адуугаа алдаад 9 сарын хугацаа өнгөрч байна...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6-р хуудас)

 

Гэрч Б.Бегжаны өгсөн “...Ховд аймгаас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Оронбасар гэх хүнээс 1,400,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа би өөрөө очоогүй...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17-р хуудас)

 

Гэрч Б.Оронбасарын өгсөн “...Би хааяа хүмүүсээс адуу худалдаж аваад буцаагаад зардаг. 2022 оны 03 сарын эхээр байхаа өдрөө сайн санахгүй Мягмарсүрэн гэдэг хүн би азарга зарна гээд утсаар ярьсан. Би Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Батнасангийн Гантулга гэх залуугийн хашаанд очиход надад бор зүсмийн азарга үзүүлсэн. Бид хоорондоо тохиролцоод худалдаж авахаар болоод тахиа Ганаагаар хөтлүүлээд хашаандаа аваачсан. Буцах үед би Мягмарсүрэнд 1,400,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30-р хуудас)

 

 Гэрч Х.Бямбабаярын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын эхээр байхаа өдрийг сайн санахгүй байна. Буянт багийн 19-04 тоот хашаанд адуугаа тэжээгээд өвс өгөөд байж байтал Буянт сумын харьяат Батнасан овогтой Гантулга гэх залуу ирээд “бор азарга Алтжины төрсөн ах Алтаагийн азарга, надад захисан юм гээд адуунаас өөрөө бугуйлдаж барьж аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-26-р хуудас)

 

Гэрч Н.Мягмарсүрэнгийн өгсөн “...2022 оны 03 сарын эхээр над руу манай хадам Батноров залгаад “.Гантулгаас халтар үрээний өртгөнд 2 адуу авах ёстой нэг адуу нь ирсэн байна, аваад зараад мөнгийг нь над руу шилжүүл гэхээр нь Оронбасар  гэдэг залуутай утсаар яриад зарах азарга байна гэж хэлэхэд “авъя” гээд бид хоёр Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах Гантулгын хашаанд очиж үзэхэд миний азарга гээд хур дэлтэй, хоёр талын гуяндаа саран тагатай хөх бор зүсмийн азарга үзүүлсэнэгээд Оронбасар авахаар болоод тохирсонОронбасар худалдаж авсан адуугаа Гантулгаар өөрөөр нь хашаандаа хүргүүлж авна гээд хүргүүлсэн. Тэр үед би Оронбасараас 1,400,000 төгрөг бэлнээр аваад 20,000 төгрөгийг Б.Гантулгад өгсөн. Үлдэгдэл мөнгийг Батноров руу шилжүүлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35-р хуудас)

 Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 36-40-р хуудас)

 Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ХЦ23-19 дугаартай шинжээчийн дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 66-67-р хуудас)

 

- Хохирогч У.Пүрэвдоржийн өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр хүрэн алаг азаргатай 2 тооны гүүтэй 4 тооны байдас нийт 7 тооны адууг Ховд аймгаас Мянгад сумын Цагаанбулан багт хүргэсэн. Тэгээд удалгүй алаг азаргаа хүнд зарсан. Миний 2 гүү, 4 байдас азаргагүй явж байх хугацаанд халиун байдас алга болсон. Тэр цагаас хойш би өөрийн халиун байдас хайгаад олоогүй. Сүүлд сураг тавьж байгаад С.Кенжеболат гэх залуугаас Баян-Өлгий йн Толбо сумын иргэн МедiiDalelhan гэх фейсбүүк хаягтай залууд Тахиа  хочит Ганаа миний халиун байдсыг тээврийн хэрэгсэлд ачиж Толбо суманд аваачиж зарсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 143-144-р хуудас)

Гэрч Д.Мейрамбекийн өгсөн ”... Би Баян-Өлгий аймгийн Толбо суманд ажиллаж амьдардаг. 2023 оны 01 сарын 31-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Ховд аймгийн Буянт сумын гэх 3 адуу ирсэн. Тухайн үед өөрийгөө танилцуулж байсан боловч одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг залуу нь казах нэртэй байсан. Тухайн залуучууд цагаан өнгийн портер машинтай ирсэн. Тэр машин нь тэвш нь бүхээгтэй байсан. Тухайн үед надад адуу зарахаар ирсэн 1 залуутай нь би 98980195 гэх дугаараар харилцаж байсан. Тэр залуу надад нийт 4 тооны адуу авчирсан. Хээр азарга / тамга мэдэхгүй гэх / хүрэн гүү / тамга мэдэхгүй халиун байдас / тамга мэдэхгүй /, хүрэн сарваа / эр, тамгагүй / дээрх 4 тооны адуунаас халиун байдсыг нь мөнгөөр авсан, харин нөгөө 3 адууг нь өрөндөө авсан. Халиун байдсыг 98980195 утасны эзэн гэх залуу надад хэлэхдээ “Ахаа би ядарч явна, мөнгөний хэрэг гараад байна, энэ манай адуу байгаа юм” гэж хэлээд гуйхаар 600,000 төгрөгөөр авахаар тохирч дансаар шилжүүлсэн. Миний мөнгө шилжүүлсэн данс хамт явсан казах залуугийнх нь байх шиг байсан. Дансыг нь хийхэд Кенжеболат гэх нэр гарч ирж байсан санагдаж байна. Дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Би өөрийн хаан банкны 5189099621 тоот данснаас “Megii” гэж нэрээ бичээд хийсэн байх. Эдгээр адууны зураг бүгд миний утсан дээр байгаа...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 146-149-р хуудас)

 Гэрч Х.Мирасын өгсөн”... Би Мейрамбекид өөрийн 4663 БӨТ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 8 тооны адуугаар сольсон. Тэр 8 тооны адуунд дээрх 3 тооны адуу байсан. Хээр азарга, 2 хүрэн гүү, хар хээр гүү, халиун байдсыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Т.Айбол гэх залууд зарсан. манай сумын ойролцоо ууланд байгаа...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 151-152-р хуудас)

 

Гэрч О.Ерболын өгсөн... Би 02 сарын сүүл үед авсан байх сайн санахгүй байна. Д.Мейрамбекээс 1 тооны хүрэн сарваа худалдаж авсан. Тухайн сарваа тамгагүй байсан. Тэгээд би өөрийн ахын тамга дарсан. Одоо тус сарваа Толбо сумын 1-р багийн Тилекбек гэх залууд зарсан /зээлээр/. Одоо тэдний адуунд байгаа...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 154-155-р хуудас)

Гэрч Т.Айболын өгсөн ”... Би 2023 оны 3 сарын эхээр 5 тооны адуу худалдаж авсан. Хээр азарга “S тамгатай”, хүрэн гүү “тамга мэдэхгүй”, хүрэн гүү “тамга мэдэхгүй”, халиун байдасдоо манай адуу Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байгаа. Зарж үрэгдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 157-158-р хуудас)

Гэрч Х.Тилебекийн өгсөн ”... Би Толбо сумын иргэн Ербол гэх хүнээс 1 тооны хүрэн зүсмийн эр даага худалдаж авсан. Цаанаас ирэхдээ “А” үсгэн тамгатай ирсэн. Одоо энэ даага манай адуунд байгаа...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 160-161-р хуудас)

Гэрч Б.Мягмарын өгсөн ”...2О23 оны 02 сарын үеэр Б.Гантулга болон Кенжеболатын хамт Баян-Өлгий аймгийн Толбо сум руу 4 тооны адуу ачиж аваачсан. Тухайн үед Б.Гантулга над руу холбогдоод “Чиний машин шинэ, арай сайн юм чинь Баян-Өлгий аймгийн Толбо сум руу яваад ирье” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд тухайн үед би өөрийн 1 ой гарантай хүүхдээ хараад эмнэлэгт байсан болохоор өөрийн найз Кенжеболатыг Ховд аймгийн Буянт сумын төвд байх өөрийн хашаанаас 33-03 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машиныг унаад ир гэж гуйсан. Энэ үед Б.Гантулга өөрийн цагаан өнгийн Портер машинаар Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрээс Толбо сум руу ачиж явах 4 тооны адууг аймгийн төвд ачаад ирсэн байсан. Тэгээд орой нь Буянтаас манай найз Кенжеболат миний машиныг унаад 18 цаг өнгөрч байхад манай эхнэр Бадамгаравыг ажлыг нь тарахаар нь аваад аймагт ирээд эмнэлгийн хашаанд манай эхнэрийг буулгаад Кенжеболат нөгөө 4 тооны адууг Ганаатай ярьж байгаад ачиж ирэхээр явсан. Орой 22 цаг өнгөрч байх үед Ганаа Кенжеболат 2 намайг эмнэлгээс ирж аваад Б.Гантулга надад аймгийн төвөөс гарахдаа гадад хөлс гэж бэлнээр 150,000 төгрөг өгсөн. Түүгээр нь би машиндаа Бадрах шатахуун тэгээх станцаас түлш хийж банкаа дүүргээд шууд Толбо сумын чиглэлд гарсан.  01 цагийн үед Толбо сумын төвд байх айлын хашаанд буулгасан. Тэгээд ачиж очсон 4 тооны адуугаа буулгаад оронд нь хул зүстэй азарга ачаад өглөө 06 цагийн үед Ховд аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164-р хуудас)

Гэрч С.Кенжеболатын өгсөн ”... 2023 оны 02 сарын үед найз Мягмар над руу залгаад миний машиныг унаад манай эхнэрийг аваад аймагт хүрээд ирээрэй гэхээр нь яах гэж байгаа юм гэсэн чинь Ганаа 4 тооны адуу ачаад Толбо ороод ирье гээд гуйгаад байна гялс ороод ирье гэхээр нь Мягмарын эхнэр Бадамгаравын ажлыг нь тарангуут аваад аймгийн төвд 18 цаг өнгөрч байх үед орж ирсэн. Тэгээд Бадамгаравыг эмнэлэгт буулгаад би 7-р сургуулийн доор байдаг Ганаагийн баз гэх машин засдаг айлын хашаанаас очоод Ганаа болон Ганаагийн эхнэрийн хамт 4 адуу Мягмарын машин дээр ачаад эмнэлгээс Мягмарыг аваад Бадрах клонкын хажуу талын клонкоос түлш аваад шууд хөдөлсөн. Энэ үед харанхуй болсон байсан. Цаг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд Толбо суманд очиход айлууд унтсан байсан. Нөгөө адуу авах айлын хашаанд адуугаа буулгаад өртгөнд нь 1 тооны хул азарга ачсан. Тэгээд нөгөө айлын гэрт орж цай уугаад буцаад гарсан. Өглөө 6 цаг өнгөрч байхад аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 166-167-р хуудас)

Гэрч Ц.Ганбаатарын өгсөн ”... Би Гантулгатай 2023 оны 01 сарын 28-ний өдөр адууны наймаа хийсэн ингэхдээ би Гантулгаас бор хээр 11 настай зөв гуяндаа “Э” үсэгтэй түүн дээр хэлбэрийн тамгатай хурдан удмын адууг авахаар тохирч өөрийн адуунаас 1 азаргатай 4 үрээ нийт 5 адууг нэмээд 30 эр, эм нийлсэн ямаа, бэлнээр 500,000 төгрөг өгч авсан. Миний өгсөн адуунууд хээр азарга, зөв гуяндаа дэгээтэй, тамгатай босоо дэгээ, хээр үрээ, буруу гуяндаа босоо дэгээ, буруу чих цуулбар, 2 бор үрээ, 1 хул үрээ бүгд ижил им тамгатай адуунуудыг тус адуунаас азаргыг наймаа тохироод удаагүй авсан 4 тооны үрээг сүүлд цагаан сарын урдхан авсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 169-170-р хуудас)

Гэрч З.Энхбаатарын өгсөн”...Тэр үед Гантулга гэх найз нь надаас хүрэн унагатай хүрэн гүү худалдаж авсан байсан. Миний худалдсан байсан хүрэн гүү нь нар, сар, тамгатай байсан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 179-180-р хуудас)

Гэрч Т.Булганы өгсөн ”...Би зүсийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 3 адуу манай адуу байсан. Энэ 3 адуу нь нэг нь азарга, 1 гүү, 1 унага байсан. Им тамгыг нь би сайн санахгүй байна. Манай унаган адуу биш хүмүүсээс өртгөнд авсан адуунууд байсан учир им тамгын ялгаж сайн хэлж мэдэхгүй байна. Харин үлдсэн 1 адууг нь сайн таниагүй. Сүүлд нөхрөөсөө асуухад Пүрэвдорж ахын адуу намайг аймагт аваад ир гэж хэлсэн юм гэж тайлбарласан...” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 182-184-р хуудас)

Малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэээгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1 дүгээр хавтаст хэргийн 196-209-р хуудас)

Вендо ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХЦ23-110 дугаартай  хөрөнгийн үнэлгээний тайлан  (1 дүгээр хавтаст хэргийн 230-р хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч Б.Гантулга нь 2023 оны 03 дугаар сарын эхээр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Алтансүхийн бор зүсмийн 6 настай адууг хулгайлж Б.Оронбасарт 1,400,000 төгрөгөөр зарсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн бэлчээрт байсан адуун сүргээс нь 4 настай халиун зүсмийн  адууг тус тус хулгайлсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Гантулга нь мөнгө олох болон өөрийн хэрэгцээг хангах зорилгоор бусдын адууг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.Гантулга нь  2023 оны 03 дугаар сарын эхээр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Алтансүхийн бор зүсмийн 6 настай 1 тооны адууг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн 4 настай халиун зүсмийн байдсыг тус тус хулгайлсан үйлдэл нь өөр цаг хугацаанд, өөр өөр газар нутагт үйлдэгдсэн байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын мал хулгайлах” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

 2.2. Шүүгдэгч Б.Гантулгын бусдын өмчлөлд байгаа малыг мэдсээр байж авч цааш зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн онцлог байдал, тэр дундаа бод малыг өдөр тутамдаа дагаж малладаггүй, малчдын малдаа анхаарах үүрэг хариуцлага сул зэрэг нөхцөл байдал нь мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

2.4. Иймд шүүгдэгч Б.Гантулгыг бусдын мал хулгайлах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2.5. Хохирогч Б.Алтансүхийн “миний азарганы үнэ 1,700,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, харин би адуугаа алдаад хайхад 800,000 төгрөгний бензин хийсэн үүнийг нэхэмжилнэ” (1-р хавтаст хэргийн 3-4-р хуудас) гэх мэдүүлэг өгсөн байх ба шатахууны үнэ 800,000 төгрөгний баримт ирүүлээгүй байна.Хохирогч У.Пүрэвдоржид 700,000 төгрөгний хохирол (2-р хавтаст хэргийн 11-р хуудас) тус тус төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,000,000 төгрөг болсон нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтаст хэргийн 14-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 16-57-р хуудас),шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хэргийн 73-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа ( 1 дүгээр хавтаст хэргийн 74-р хуудас),Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын тодорхойлолт ( 2 дугаар хавтаст хэргийн 157-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүхэд гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төртогтохын Номин, Гантулгын Эрхсаран нарын төрсний гэрчилгээний хуулбар, Э.Энхзаяагийн “Жирэмсний хяналтын хөтөч карт зэргийг  ирүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гантулга нь эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт мал маллаж амьдардаг, эхнэр Э.Энхзаяа нь 8 сартай жирэмсэн, урьд  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар,мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, уг ялаа эдэлж дуусаагүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх тогтоогдоогүй харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дууш удаа үйлдсэнийг гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн 117 хоногийн ялыг нэмж нэгтгээд 02 жил 03 сар 09 хоногийн хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялаас хасаж тооцоод нийт 2 жил 2 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасны дагуу түүний гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 1,850,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай. Хул азарга, 2 настай эр адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож Т.Айбол, Х.Тилекбек нарт адууг тус тус олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх санал, тайлбар

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч   Ж.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.Гантулгын 2017, 2019 оны хоёр гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдаг.Шүүгдэгч  Б.Гантулга үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, 5-7 насны хоёр бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн байгаа. Энэ гэмт хэрэг нь 2023 оны  шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл, дахин давтан гэмт хэрэг үйлдээгүй гэ үзнэ. Прокурорын санал болгосон 2 жил 2 сарын хорих ялыг зөвшөөрөхгүй байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал,тайлбар тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс: Шүүгдэгч Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гантулгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 2336000440155 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 7,8 дугаартай ” Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан туг ургийн овогт Батнасангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Цагаан туг ургийн овогт Батнасангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 02(хоёр) жил 03 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,000,000 (хоёр сая) төгрөгийг түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч Б.Гантулгаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 7,8 дугаартай ”Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС