Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

   2024         02           21                                    2024/ШЦТ/132     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Б.Билгүүн,  

шүүгдэгч Б.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ноён сорс овогт Батхуягийн Өсөхбаярт холбогдох эрүүгийн 2305024180058 тоот дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эгч нарын хамтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20-06 тоотод оршин суудаг, урьд

2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ялаар,

2023 оны 5 дугаар сарын 02- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 534 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ноён сорс овгийн Батхуягийн Өсөхбаяр /РД:ПЮ95092513/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эл би" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Н.Түмэнхүүгийн эзэмшлийн Ай фоне Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Н.Түмэнхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, гэрч М.Ган-Эрдэний мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Н.Алтансувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/, Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эл би" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Н.Түмэнхүүгийн эзэмшлийн Ай фоне Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Б.Өсөхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эл би" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Н.Түмэнхүүгийн эзэмшлийн Ай фоне Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Эл би" нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Н.Түмэнхүүгийн эзэмшлийн Ай фоне Икс эс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Түмэнхүүгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, гэрч М.Ган-Эрдэний мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, гэрч Н.Алтансувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/, Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Өсөхбаярт танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Хавтаст хэргийн 80 дугаар талд “...миний утсыг авсан залуу миний хохирлыг барагдуулсан, одоо гомдол санал байхгүй...” гэх хохирогч Н.Түмэнхүүгийн хүсэлт авагдсан байх тул шүүгдэгчийг шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Б.Өсөхбаяр шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Өсөхбаярт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.Өсөхбаярт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ноён сорс овогт Батхуягийн Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаярт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Өсөхбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өсөхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ