Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “НДӨ” ХХК-ийн /РД:........., утасны дугаар ........., ........./ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7 дугаар баг, “Залуус” хотхоны 2-1 тоот хаягт оршин суух, /РД:........., утасны дугаар ........./, Б.Ө,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн НАМЗХнд холбогдох

 

 “Үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “НДӨ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагт СҮА МАН-ын дэргэдэх Сүхбаатар аймгийн НАМЗХ манай “B” ресторанд шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулсан. Тухайн үйл ажиллагааг холбооны тэргүүн гэх Б.Ө, О, Б.У нарын хүмүүс ирж зохион байгуулж, үнэ хөлсөө тохиролцсон. Тэд төлбөр, тооцооны асуудал дээр санаа зоволтгүй, манай аймгийн МАН-ын дарга Л мэднэ, зохицуулна гэж хэлсэн. Манай “B” рестораны хувьд тухайн цаг хугацаанд ямар ч хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл 2 жил 6 сар хүртэлх хугацаанд буюу одоог хүртэл төлбөр, тооцоогоо хийхгүй, өнөөдрийг хүртэл нэхүүлж бидний ажилд хүндрэл учруулж байна.

Иймд үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 4 600 000 төгрөгийг СҮА МАН-ын дарга Ш.Л-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн МАН хорооны дарга Ш.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа; 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагт Сүхбаатар аймгийн МАН дэргэдэх “НАМЗХ” нь “B” ресторанд шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулсны төлбөрийн үлдэгдэл болох 4 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа.

Тус нэхэмжлэлд хариуцагчаар Сүхбаатар аймгийн МАН хорооны дарга Ш.Л гэж тодорхойлсон байна. Миний бие Сүхбаатар аймгийн МАН хорооны 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот анхдугаар хуралдааны тогтоолоор тус аймгийн МАН хорооны даргаар томилогдсон бөгөөд уг асуудалд ямар ч холбоогүй юм. Мөн хариуцагч нь Сүхбаатар аймгийн МАН хороо эсхүл иргэн Ш.Л нарын аль нь болох нь тодорхойгүй байх тул тайлбар гаргах боломжгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Б.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа; “Тухайн хүлээн авалтын арга хэмжээг Сүхбаатар аймгийн НАМЗХ зохион байгуулсан нь үнэн. Төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөг төлөх ёстой гэдгийг миний бие баталгаажуулж гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би төлнө гэсэн санааг илэрхийлээгүй болно. Таксаас орж ирэх ёстой 1 600 000 орчим төгрөгийг байгууллагын ажилчид, хувь хүмүүст эхнээсээ танилцуулсан. Энэ асуудлаар шүүхэд хандсан гэдгийг хэлсэн. Миний хувьд дээрх мөнгийг төлөх боломжгүй, ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй болно.” гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХ дарга Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа; “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн НАМЗХ-н даргаар сонгогдсон. Нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. тухайн үед НАМЗХ-ны даргаар Б.Ө ажиллаж байсан. Хаана ямар тооцоотой, хэнээс ямар авлагатай байгааг би мэдэхгүй байна. Тухайн шинэ жилийн таксийн үнэ 80 000 төгрөг байсан. Үлдэгдэл тооцоогоо шахаад хүмүүсээс үлдэгдэл төлбөрөө авахад төлөх боломжтой гэсэн тайлбар хэлсэн Б.Ө-той 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уулзсан. Иймд хариуцагчаас НАМЗХ татгалзаж байна.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа; 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн НАМЗХ нь манай “B” ресторанд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан боловч хариуцагч нар нь төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Б.Ө руу утсаар ярихаар энэ миний хувийн асуудал биш, Сүхбаатар аймгийн НАМЗХ-с зохион байгуулсан арга хэмжээ тул тус холбоо төлнө гэдэг. Иймд хариуцагч нараас 4 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Тухайн үед би Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан нь үнэн. Тус холбооны даргаар ажиллаж байхдаа “НДӨ” ХХК-д үйлчилгээ үзүүлсний төлбөр 4 600 000 төгрөгийг төлөх нь үнэн гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Түүнээс хувийн зүгээс нэхэмжлэгч талтай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Сүхбаатар аймгийн НАМЗХ нь улс төрийн намын дэргэдэх байгууллага. Би тус холбооны даргын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн. Би энэ төлбөр тооцоог нь хийлгэх талаар идэвхийлэн оролцож байгаа. Энэ төлбөрийн асуудал миний хувийн асуудал биш учраас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “НДӨ” ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн МАН хороонд холбогдуулан “Үйлчилгээ үзүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийг солих хүсэлт гаргасны дагуу шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1297 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Сүхбаатар аймгийн МАН хороог Б.Ө-р сольж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1470 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Сүхбаатар аймгийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудыг холбоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж,

-хариуцагч Б.Ө “Сүхбаатар аймгийн НАМЗХ-с шинэ жилийн хүлээн авалтыг зохион байгуулсан нь үнэн. Тухайн үед уг холбооны даргаар миний бие ажиллаж байсан тул төлбөрийн үлдэгдэл 4 600 000 төгрөгийг холбооны зүгээс төлөх ёстой гэдгийг миний бие баталгаажуулж гарын үсэг зурсан нь үнэн. 2018 онд тус холбооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

-хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХ нь “... тухайн үед НАМЗХ-ны даргаар Б.Ө ажиллаж байсан. Хаана ямар тооцоотой, хэнээс ямар авлагатай байгааг мэдэхгүй байна. Тухайн шинэ жилийн таксийн үнэ 80 000 төгрөг байсан. Үлдэгдэл тооцоогоо шахаад хүмүүсээсээ төлбөрөө авахад төлөх боломжтой гэсэн тайлбар хэлсэн. Б.Ө-той 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уулзсан. Иймд хариуцагчаас Сүхбаатар аймгийн НАМЗХ татгалзаж байна.” гэж маргажээ.  

 

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн НАМЗХ нь “НДӨ” ХХК-ийн “B” ресторанд шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулсан болох нь зохигчдын тайлбар, төлбөр барагдуулах тухай 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0187 бүртгэлийн дугаартай нотариатын баталгаа бүхий баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тодорхойлсон “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсан “Төлбөр барагдуулах тухай” 2020.7.06-ны өдрийн 0187 дугаартай нотариатын баталгаа бүхий баримтаар Сүхбаатар аймгийн НАМЗХны даргаар ажиллаж байсан Б.Ө нь “НДӨ” ХХК-ийн “B” ресторанаас үзүүлсэн үйлчилгээний үлдэгдэл төлбөр 4 600 000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн.” гэсэн гарын үсгийн баталгаа гаргажээ.

 

Хариуцагч Б.Ө нь Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны даргын үүрэгт ажлаас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр чөлөөлөгдөж, тус холбооны даргаар Б.М сонгогдсон болох нь хариуцагч Б.Ө, Сүхбаатар аймгийн НАМЗХны дарга Б.М нарын тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “НДӨ” ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХноос гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнийхээ хөлсөө шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХ нь хөлс төлөх үүргээс татгалзах эрхгүй байна.

 

Өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог. Сүхбаатар аймгийн НАМЗХны дарга Б.М-н “тус холбоо нь хариуцагчаас татгалзаж байна” гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн ардчилал Залуучуудын холбоо нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХноос хөлсөөр ажиллах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр           4 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НДӨ” ХХК-д олгож, хариуцагч Б.Ө нь тухайн шаардлагыг хариуцах этгээд биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХны дарга Б.М-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч “НДӨ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сүхбаатар аймгийн НАМЗХноос улсын тэмдэгтийн хураамжид 88 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НДӨ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХ-с хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 4 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НДӨ” ХХК-д олгож, хариуцагч Б.Ө-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн НАМЗХ-с  улсын тэмдэгтийн хураамжид 88 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НДӨ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ