Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, ... дугаар баг, .... байрны .... тоот хаягт оршин суух, /РД:............, утасны дугаар .............../, Д.Н-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, ЭЦ сумын ЕБС-д холбогдох

 

 “2020 оны 3 дугаар сарын цалин 813 623 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Миний бие боловсролын байгууллагад багшаар 17 жил ажилласан. Би 2019 оны 12 дугаар сард ажлаасаа 3 сарын чөлөө авсан бөгөөд чөлөөнийхөө хугацааг дуусгаад захиралтай уулзаж “ажилдаа оръё” гэхэд тэрээр чиний ажиллаж байсан нийгмийн ажилтны орон тоон дээр өөр хүн аваад ажиллуулж байгаа учраас чи түр багшийн орон тоон дээр ажиллаж бай гээд ажиллуулсан.

Нэгэнт захирлын тушаал гарсан, мөн дэлхий даяар тархсан цар тахлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагдаж, бидний ажил онлайнаар явж байсан. Гэтэл намайг 3 дугаар сард ажилд авах тушаал гаргасан боловч сургуулийн дотоод группээс миний нэрийг хассан байсан учраас би өөрийн биеэр сургууль дээр очдог байсан боловч сургуулийн жижүүрээс өөр хүн байхгүй байсан, зарим үед сургууль цоожтой байдаг байсан.

Сургалтын менежер миний нэрийг хичээлийн хуваарьт оруулаагүй, ажлын чиглэл өгөөгүй. Менежер цагийн тооцоо гаргахын тулд хичээлийн хуваарьт зоож өгөх ёстой. Улиастайгаас ирэхэд дотоод чатаас хассан байсан. Хичээл заах анги тодорхой бус ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул хичээлийн цаг гаргаж өгөх талаар сургалтын менежер Ж-д хэлж байсан.

Хөдөлмөрийн гэрээг 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулаагүй, 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан. Тэр үед гэрээний доод талд тайлбар бичигдээгүй байсан. Миний хувьд 3 дугаар сард ажилласан боловч цалингаа авч чадахгүй өдий хүрлээ. Сургуулийн захиргаанд 3 дугаар сард ажилласны цалинг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бичиг хэргийн ажилтан Д нь над руу утсаар ярьж танд 3 дугаар сард ажилласан цалинг олгох боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.

Аймгийн санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Д.О нь миний 3 дугаар сарын ажилласан цалинг өг гэсэн чиглэл өгсөн боловч энэ шаардлагыг биелүүлэхгүй өдийг хүрсэн. Яагаад 3 дугаар сард ажилд авах тушаал гаргачихаад цалин өгөхгүй байгааг би ойлгохгүй байна. 3 дугаар сард ажилласны үндсэн цалин 770 545 төгрөг, ажилласан жилийн 15 хувийн нэмэгдэл, нийт 963 181 төгрөг болж байгаа. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хасагдаад нийт 813 623 төгрөг авах ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний талаар зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Тухайн үед ажлын байрандаа ажлаа хийх боломжгүй, гэрээсээ онлайнаар ажил хийх шийдвэр гарсан байсан. Энэ боломж нөхцөлийг ажил олгогчийн зүгээс хангаагүй гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-с миний 2020 оны 3 дугаар сард ажилласны цалин 813 623 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан ЕБС-н захирал Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 өвчний улмаас 2020.01.27-ны өдрөөс эхлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоогдож, ЗГ-ын 2020.01.26-ны өдрийн 30 дугаар тогтоол, 2020.02.12-ны өдрийн 62, БСШУСЯ-ны ЕБС-ийн бодлогын газрын даргын 2020.01.27-ны өдрийн 4/500 албан бичиг, БСШУСЯ-ны сайдын 2020.3.05-ны өдрийн А/118, аймгийн БСУГ-ын даргын зөвлөмжүүдийг үндэслэн байгууллагын тусгай төлөвлөгөөг боловсруулан цахимаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн.

Манай сургуулийн үйл ажиллагаа цар тахлын үед “ЭЕБС” гэсэн цахим хаягаар нийт багш сурагчид, чиглэлийн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй хүрдэг байсан. Мөн заах аргын нэгдэл бүр өөр өөрийн дотоод групп чатаар мэдээллээ солилцож хариуцсан менежерүүд нь хяналт тавин ажиллаж байсан. Теле хичээл бүх телевизээр олон нийтэд нээлттэй гарч байсан.

Д.Н 2020 оны 3 дугаар сард цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулсан талаараа ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээгээ хариуцсан менежертээ цахимаар болон цаасаар ирүүлээгүйн улмаас түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн цагийн тооцоо бичигдээгүй тул цалин хөлс олгоогүй.

2020 оны 3 дугаар сарын цалин олгож өгөх хүсэлтээ сургуулийн удирдлагад ирүүлсэн. Хүсэлтийг хуулийн хугацаанд нь сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн дарга нарыг байлцуулан хэлэлцэж шийдвэрлэсэн. Хурлаас Д.Н-т 2020 оны 3 дугаар сарын цалин хөлсийг олгох үндэслэлгүй, харин гурван сар ажлын байраа орхиж явсан багшийг ажилд эргүүлэн авах нь буруу гэсэн дүгнэлт гарч байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно.” гэж, 49 дүгээр зүйлийн 49.6-т “ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.” гэж заасан. Гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүл гэхэд нэхэмжлэгч авч ирээгүй байдаг. Тэгэхээр ажил хийгээгүй болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан бол цалин олгоно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Ажил хийгээгүй тохиолдолд ямар цалин олгох юм бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу цалин олгох боломжгүй. Цар тахлын үед ажиллах нөхцөлөөр хангаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадсангүй. Хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд улирал бүр, сар бүр ажлын тайлангаа өгөх үүрэгтэй талаар заасан байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Сүхбаатар аймгийн ЭЦ сумын ЕБС-д холбогдуулан “2020 оны 3 дугаар сарын цалин 813 623 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н “Д.Н 2020 оны 3 дугаар сард цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулсан талаараа ажлын гүйцэтгэлийн тайлан мэдээгээ хариуцсан менежертээ цахимаар болон цаасаар ирүүлээгүйн улмаас түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн цагийн тооцоо бичигдээгүй тул цалин хөлс олгоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно.” гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Н нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан ЕБС-н иргэний боловсролын багшаар томилогдсон болох нь тус сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ажилтан нь ... , цалин хөлс авах, ... эрхтэй.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н 2020 оны 3 дугаар сарын цалингаа нэхэмжилж байгаа боловч дээрх хугацаанд ажилласан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, ... үүрэгтэй.”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-с шүүх хуралдааны явцад нотлох баримтаар ирүүлсэн Эрдэнэцагаан ЕБС-н 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн НУЗАН-ийн багш нарын 3 дугаар сарын тайлантай танилцсан байдал, Нийгмийн ухааны багш нарын 3 дугаар сарын ирцийн мэдээлэл, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Н 2020 оны 3 дугаар сард хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь нотлогдож  байна.

 

Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно.” гэж заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн ЭЦ сумын ЕБС-д холбогдох “2020 оны 3 дугаар сарын цалин 813 623 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэгч Д.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан огнооны талаар маргаж байгаа ч хөдөлмөрийн гэрээний огноо 2020.3.02-ны өдөр гэж бичигдсэн, талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан гэж дүгнэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЕБС-с 2020 оны 3 дугаар сарын цалин 813 623 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэгч Д.Н-н  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ