Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01246

 

Б.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01775 дугаар магадлалтай,

Б.Хын нэхэмжлэлтэй,

“БД” ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 10,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндсайхан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “БД” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг, нийт 10,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “БД” ХК-аас 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БД” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 124,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01775 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “БД” ХК-аас даатгалын нөхөн төлбөр 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг, нийт 10,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Хаас төлсөн 69,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “БД” ХК-аас төлсөн 124,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр буюу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.Маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Даатгалын тухай хуулийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэхээр заажээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “даатгалын тохиолдол мөн эсэх” талаарх маргааныг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэж даатгалын тохиолдол мөн байна гэж үзсэн шийдвэр гаргасан. /хавтаст хэрэгт шийдвэр авагдсан байгаа/

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2 дахь хэсэг, мөн 82 дугаар зүйлийн гарчиг хэсгээс үзвэл талууд Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдах журмаар 10 хоногийн дотор шүүхэд хандахаар хуульчилсан. Гэвч даатгагч “БД” ХК 10 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдах журмаар шүүхэд гомдол гаргаагүй ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийнхүү “БД” ХК нь нэгэнт хуулиар эрх олгосон байгууллагаас маргааныг шийдвэрлээд гаргасан эрх зүйн актыг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тул даатгуулагчийн зүгээс шүүхэд хандахаас өөр аргагүй болсон юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх маргаан руу ороогүй ба давж заалдах шатны шүүх энэ маргааныг “дахин” шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна.

Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. Үүнд:

4.1.1.Хуулиар эрх олгосон байгууллагаас маргааныг шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг даатгалын байгууллага биелүүлээгүйгээс даатгуулагч арга буюу шүүхэд хандсан ба энэ нөхцөл байдлын улмаас даатгуулагчийн эрх зүйн байдал дордсон.

4.1.2.Санхүүгийн зохицуулах хороо маргааныг шийдвэрлэх эрх хэмжээгүй, тухайн байгууллагаас гаргасан шийдвэр эрх зүйн албадлагын хүчин чадалгүй гэж үзвэл Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт хэрэгжих боломжгүй болоход хүрнэ. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг даатгалын байгууллага биелүүлэхгүй байх замаар уг шийдвэрийн эрх зүйн үйлчлэлийг зогсоох боломжтой.

4.1.3.Мөн анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Даатгалын байгууллага бол мэргэжлийн байгууллага бөгөөд цаг хугацааны эрсдэлийг тооцоолох ёстой. Гэтэл хугацаа алдсан эрсдэлийг даатгуулагчид хариуцуулсанд гомдолтой байна.

4.1.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг ...Нотлох баримтыг шинжлэн судалсан үр дүн нь түүнийг үнэн зөв гэж үзэх явдал юм. Хуульд зааснаар нотлох гэж байгаа үйл баримт нь хөдөлшгүй “үнэн зөв” байх ёстой. Нотлох баримтыг шинжлэн судлаад гарсан үр дүнд эргэлзээ байгаа бол түүнийг шүүх үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм. Шинжлэн судалж байгаа нотлох баримтын талаар шүүх ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой... хэмээн тайлбарласан байдаг. 2022.07.27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шатнаас хальт гишгэж унасан гэдгийг нотлох зорилгоор нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан ба магадлалд дурдсан “нэхэмжлэгчийн тайлбарууд хоорондоо зөрүүтэй” гэж дүгнэснийг нотлох боломж олгоогүй нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байгаа.

4.1.5.Нуруу өвддөг байсан үйл баримтын талаар маргаагүй. Бүх хүний нуруу их бага хэмжээгээр өвддөг. Хөдөлмөрлөх боломжгүй болтлоо өвдөх /хэт их өвдөлтийн улмаас яаралтай хагалгаанд орсон/ буюу хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлсөн гол хүчин зүйл нь G54.1 өвчний улмаас буюу нурууны үе хоорондын жийргэвч урагдаж, бүлтэрсний улмаас мэдрэлийг их хэмжээгээр дарсан явдал юм. Энэ урагдалт нь хүчтэй доргилт, гадны нөлөөний улмаас үүсэж болох талаар мэс засал хийсэн эмч Б.Анарын тодорхойлолтыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгсөн. Нурууны ердийн өвдөлт буюу архаг өвчин, гэнэтийн өвчлөлийн зааг ялгааг давж заалдах шатны шүүх сайтар нягталж үзээгүйд гомдолтой байна. /Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт тусгагдсан/

4.1.6.Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр цуглуулсан баримтыг няцаах шаардлага шүүх хуралдаан эхлэх үед бий болсон буюу хариуцагч талаас хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны өмнө тайлбараа өөрчилсөн юм. Ингээд 2022.12.03-ны өдөр ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байсныг нотлох зорилгоор “Шүүх хуралдаан даргалагч албажуулах захирамж”, “Албан бичиг” зэрэг баримтад гарын үсэг зурсан баримтуудыг нотлох баримтаар гаргуулах, мөн ажил дээрээ хөдөлж чадахгүй ажлын эмчээр өвчин намдаах тариа 30 минут тутам хийлгэж, 103 тусгай дуудлага дуудан, хөдөлж чадахгүй байсны улмаас машинд өргүүлэн орж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн зэрэг үйл баримтыг нотлох зорилгоор 103 тусгай дуудлагын эмч н.Золбаяр, СХДИХАШШүүхийн Тамгын газрын эмч н.Батчимэг, жолооч н.Энхбат нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

4.1.7.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 2021.12.06, 07-ны өдрүүдэд эмчийн асуумжид өгсөн хариултыг үнэн зөв гэж үнэлсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байгаа. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт онош тодруулах зорилгоор эхэлж хэвтүүлсэн юм. Улмаар 3 хоногийн дараа МРI шинжилгээний зургийг үндэслээд гэмтлийн өвчин гэж үзэж, яаралтай хагалгаа хийнэ гэснээс тус эмнэлгийн “Гэмтлийн тасаг”-т хэвтэж хагалгаа хийлгэсэн. Тухайн үед даатгуулагчийн нурууны үе хоорондын жийргэвч урагдсан их хэмжээний өвдөлттэй, хагалгаанд орох хүртлээ 7 хоногийн турш 2 цаг тутамд өвчин намдаах тариа хийлгэж байсан. Өвчний түүхийг гэмтлийн тасгийн мэс заслын эмч Б.Анар бичсэн. Гэтэл онош тодруулах зорилгоор 3 хоног хэвтэх хугацаанд мэдрэлийн тасгийн эмчийн асуусан “асуумж”-ийг үндэслэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.1.8.Мөн даатгуулагч нь 2021.12.06-ны өдөр ажил дээрээсээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хүргүүлж, онош тодруулж, хагалгаанд ортлоо өвчин намдаах тариа хийлгэсний улмаас ходоод шархалсан. Энэ өвчний улмаас 30 хоног хөдөлмөр эрхэлж чадаагүй. Энэ талаараа мөн даатгалын байгууллагад баримт бүрдүүлж өгсөн бөгөөд энэ өвчлөл нь мөн л гэнэтийн өвчлөл юм.

4.1.9.Дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.18-ны өдрийн 001/ШХТ2022/01308 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.Х хариуцагч “БД” ХК-д холбогдуулан 10,260,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2021.12.06-ны өдөр ажил дээрээ шатнаас халтирч унасан, үүний улмаас нуруу хүчтэй өвдсөн, эмнэлэгт үзүүлэхэд нурууны үе хоорондын жийргэвч урагдсан байсан, мэс засалд орж нийт 32 хоног ажил үүргээ эрхэлж чадаагүй тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 3,420,000 төгрөг гаргуулна уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь эмчийн үзлэгт шатнаас эвгүй гишгэсэн, шатнаас халтирч унасан гэж өөр өөрөөр тайлбарласан байдаг, иймээс даатгалын гэрээнд заасан ахуйн эрсдэл үүссэн эсэх нь тогтоогдоогүй, мөн тухайн өвчин гэнэтийн өвчин бус, нурууны архаг хууч өвчин сэдэрсэн гэж үзэхээр байгаа нь түүний албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой үүсэх даатгалын эрсдэлд хамаарахгүй, иймээс даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй, мөн даатгалын байгууллагад хандах гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...Б.Х нь “БД” ХК-тай 2020.12.22-ны өдөр шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан, 2021.12.06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа шатнаас халтирч унасны улмаас нурууны үе хоорондын жийргэвч урагдан мэс засалд орж 2021.12.06-ны өдрөөс 2022.01.04-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ, иймээс нөхөн төлбөрт 6,840,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй, харин хариуцагч нь нөхөн төлбөрийг санаатай хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, асуудлыг шийдвэрлэхэд нарийн мэдлэг, даатгуулагчаас зарим баримт шаардсан нөхцөл байдал үүссэн байх тул алдангид 3,420,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй...” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба энэ үндэслэлээ “...анхан шатны шүүх даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэсэн нь буруу байна, даатгалын үндсэн эрсдэлд тооцох нөхцөлүүдийг гэрээний 4.1-д тусгасан, 4.1.2-т элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, ...зэрэг аюулд өртөхийг ахуйн эрсдэлд тооцохоор тохиролцсон, ...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн тайлбарууд хоорондоо зөрүүтэй, ...түүнийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа шатнаас халтирч унасны улмаас эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан, даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, иймээс нөхөн төлбөр, улмаар алданги шаардах эрхгүй” гэсэн байна.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж хяналтын журмаар гомдол гаргасан ба энэ хүрээнд шүүхээс дүгнэлт хийв.

10.Нэхэмжлэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг бөгөөд шүүгч, түүний гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалалтыг тодорхойлсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн (2012 оны) 24 дүгээр зүйлд заасны дагуу “БД” ХК-тай (шүүгчийг төлөөлж Шүүхийн ерөнхий зөвлөл гэрээг байгуулсан) 2020.12.22-ны өдөр шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь тогтоогджээ.

11.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

12.Даатгалын зүйл, даатгалын орчин, даатгалын эрсдэл, даатгалын тохиолдлын талаар даатгалын гэрээгээр зохигч дараах зүйлийг тохиролцсон байна. Үүнд:

Гэрээний 2.1.4-т “даатгалын эрсдэл” гэдгийг даатгуулагчид хохирол учруулж болохуйц гэрээгээр тохирсон нөхцөл, үйлдэл, орчин, үйл явдлыг,

2.1.5-д “даатгалын тохиолдол” гэдэгт даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг,

3.1-д “даатгалын зүйл” нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн амь нас, эрүүл мэнд болохыг тус тус заажээ.

Түүнчлэн “даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх” гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхлэх, албан томилолтоор ажиллах, ажлын байрандаа амрах, ажилдаа ирэх, буцах замд аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байх үед болон шүүхээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцох эсхүл эдгээртэй адитгах бүхий л албан ажлуудыг хамруулан ойлгоно гэсэн байна.

Гэрээний 4.1-д даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад албан үүргээ гүйцэтгэсэнтэйгээр холбоотой учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцно гээд үүнд, байгалийн, ахуйн, мал амьтны нөлөөгөөр үүсэх, техниктэй харьцах үеийн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, 24.2.3-т заасан, гуравдагч этгээдээс учруулах хохирол, гадны дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл зэрэг 9 нөхцөлийг хамруулсан, 4.2.1-д ахуйн эрсдэлд, элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, ...зэргээс үүссэн эрсдэлийг тодорхойлжээ.

13.Гэрээний дээрх заалтуудаас үзвэл шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад даатгалын эрсдэлд хамаарах хүчин зүйлээс шалтгаалж эрүүл мэндэд хохирол учирсан, үүнээс шалтгаалж ажил үүргээ гүйцэтгээгүй бол даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн архаг хууч өвчин сэдэрсэн, үүнээс гадна нэхэмжлэгч нь шатаар буухдаа эвгүй гишгэсэн, эсхүл шатнаас унасан гэж 2 өөрөөр тайлбарласан тул даатгалын гэрээний 4.1.2-т заасан ахуйн эрсдэл үүсээгүй буюу... “унах” үйлдэл тогтоогдоогүй” гэсэн агуулгаар нэхэмжлэлээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй атал давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, уг үйл баримтад хамааралтай гэрээний зохицуулалт болон хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

15.Нэхэмжлэгч Б.Х нь 2021.12.06-ны өдөр ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байсан талаар хариуцагч маргаагүй, энэ үедээ шатнаас халтирч эвгүй гишгэсэн, үүнээс шалтгаалж нуруу нь хүчтэй өвдсөн, улмаар эмнэлгийн тусламж авсан болох нь тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх “шатнаас халтирч эвгүй гишгэсэн” үйлдлийг “унах” ахуйн эрсдэлд хамааруулах боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгч Б.Х тухайн ахуйн эрсдэл болсон гэх 2021.12.06 болон 07-ны өдөр эмчид үзүүлсэн байх ба эмчийн үзлэгийн тэмдэглэлд “өнөөдөр шатаар буухдаа эвгүй гишгэснээс зовиур ихсэж хөдөлж болохгүй байна” гэсэн, 2021.12.20-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгчдийн картад “2021.12.06-ны өдөр ажил дээрээ явж байгаад унасан, тэр дороо хүчтэй өвдөлт өгсөн, эмнэлэгт хүргэгдсэн” гэсэн, эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа ахуйн эрсдэлд орсон гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, энэхүү үйлдлийг даатгалын гэрээний 4.2.1-д заасан ахуйн эрсдэлд хамааруулахгүй байх нь гэрээний зохицуулалтын агуулгад нийцэхгүй, ахуйн эрсдэлийг зөвхөн унасан, ойчсон үйлдлээр хязгаарлах боломжгүй. Даатгалын эрсдэлд даатгуулагчид хохирол учруулахуйц гэрээгээр тохирсон үйлдэл, орчин бий болсныг ойлгохыг заасан байх ба шатнаас хий гишгэх, эвгүй гишгэсэн, унасан аль ч үйлдлээс эрүүл мэндэд хохирол учрахыг үгүйсгэхгүй юм.

16.Нөгөө талаар, даатгалын гэрээний 4.1.9-д “гэнэтийн өвчлөл”-ийг даатгалын эрсдэлд хамааруулж үүнд, тодорхой хэд хэдэн өвчнийг жагсаахын зэрэгцээ бусад гэнэтийн өвчлөлүүд гэж тусгажээ.

Нэхэмжлэгч Б.Хын нуруу өмнө өвддөг байсан хэдий ч түүний 2021.12.13-ны өдөр мэс засалд орох шалтгаан болсон нурууны үе хоорондын жийргэвч урагдсан гэмтэл нь өмнө нь үүссэн нь тогтоогдоогүй, харин 2021.12.06-ны өдрийн шатнаас эвгүй гишгэсэн үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдсон байна. Ахуйн эрсдэлээс үүссэн ямар өвчнийг гэнэтийн гэж үзэх эсэх талаар даатгалын гэрээнд тодорхой тусгагдаагүй тул даатгуулагчид өвчний улмаас гэнэтээр илрэх шинж тэмдэг нь “гэнэтийн өвчин”-д хамаарна гэж дүгнэхээр байна. Энэ утгаар, нурууны өвчний улмаас өмнө эмчлүүлж, эм ууж байсан байдал нь уг өвчний хурц хүндрэл, гэнэтийн шинжтэй байдалд хүргэсэн “гэнэтийн өвчлөл”-ийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

17.Гэрээний 7.1-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөх төлбөр олгохгүй байх 12 тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс гэрээний 7.1.3-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх нөхцөл үүссэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх нь гэрээний агуулга болоод хуульд нийцэхгүй болно.

18.Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн, даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болсон байх ба гэрээний зарим нөхцөл тодорхой бус тусгагдсан байдлыг даатгуулагчид ашиггүй байдлаар тайлбарлах боломжгүй.

19.Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзаагүй ба шүүх гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан шаардлагад нийцнэ. Иймээс даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

20.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Х нь даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтээ 2021.12.22-ны өдөр цахим шуудангаар хариуцагч “БД” ХК-д хүргүүлсэн, тус компани даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн, улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2-т зааснаар нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба тус хорооноос “БД” ХК-ийг даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй гэсэн хариу өгчээ.

21.Даатгуулагч нь гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа, амбулаторийн карт зэргийг бүрдүүлэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд, тус байгууллага 5 хоногийн дотор даатгагчид өгнө гэсэн, нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид хандаж 2021.12.22-ны өдөр хүсэлт, баримт хүргүүлснийг “БД” ХК хүлээн авсан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

22.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын нөхөн төлбөрт нэхэмжлэгчийн шаардсанаар 6,840,000 төгрөгийг хариуцагч “БД” ХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй орхино.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01775 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Х /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр/-ын 2022.10.25-ны өдөр 179,110 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ