Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0366

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И *****” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: “И *****,” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*****, Г.О*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И *****” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг одоо эзэмшиж буй талбайн хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  А/445 дугаар захирамжаар Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4261 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 000017571 дүгээр гэрчилгээг 5 жилийн хугацаатай  “И *****” ХХК-д олгожээ.

3.Харин нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 14, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн 0023 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргажээ.

4.Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/5835 тоот албан бичгээр “Хот байгуулалт, хөгжлийн газар, тус албаны хамтарсан “мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэгдэн цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэсэн” талаар мэдэгджээ.

5.Мөн уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0037 тоот албан бичгээр гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр “мэргэжлийн зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” талаар мэдэгджээ.

6.Нэхэмжлэгч “И *****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 сарын 02-ны өдрийн А/445 тоот захирамжаар “И *****” ХХК-д Баянгол дүүрэг, 20 хороонд байрлах нэгж талбарын 16******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-220******* дугаартай, 4261 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай олгон, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 200017571 дугаартай гэрчилгээ олгосон.

2/Тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2021 оны 06 сард дуусах болсон тул хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 05 сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хэдий ч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 02-06/5835 тоот албан бичгээр “Хот байгуулалт, хөгжлийн газар, тус албаны хамтарсан зөвлөлийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэгдэн цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгах шийдвэр гарсан болно" гэж мэдэгдсэн.

Дээрх хариуг компанийн зүгээс эс зөвшөөрч 2021 оны 10 сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар гомдол гаргасан хэдий ч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр “..., манай компанид эзэмшүүлсэн газрын эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 09 сарын 14-ний өдрийн хурлаар цахилгааны хамгаалалтын зурвасыг хасаж баталгаажуулахаар шийдвэрлэсэн үндэслэлтэй байна” гэж мэдэгдсэн болно. “И *****” ХХК нь дээрх газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар шилжүүлэн авч, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ëcoop биелүүлж ирсэн байхад хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхэл халдсан шийдвэрийг гаргасан.

3/Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг захирамжид дурдсан 4261 м.кв талбайн хэмжээгээр сунгахаас татгалзсан шийдвэр нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй” гээд 35-р зүйлийн 35.1.5-т “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Иймээс Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “И *****” ХХК-иас “И *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлая. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 тоот захирамжаар “И *****” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 16******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-20******* дугаартай, 4261 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үйлчилгээний болон орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  Тус газар эзэмших гэрчилгээний хугацаа нь 2021 оны 06 дугаар сард дуусгавар болсон. Уг хугацаа дуусахаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй. Үүний дараа 2021 оны 07 дугаар сард дахин хүсэлт гаргасан боловч Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг хүлээж авснаас хойш 15 хоногийг дотор шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлэхгүй хугацаа хожимдуулсан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай компанид хариу өгсөн. Тус хариунд “...Танай газар эзэмших гэрчилгээний сунгуулах тухай хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамтарсан зөвлөлийн хурлаар хэлэлцээд цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргасан болно, үүнтэй холбоотой тайлбараа бичгээр ирүүлэхийг хүсье...” гэсэн агуулгатай хариуг ирүүлсэн. Манай компанийн тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн. Мөн тус хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч хариуцагчийн хариу үндэслэлтэй байна гэсэн агуулгатай хариуг ирүүлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний гол маргаж байгаа үндэслэл нь тухайн хамтарсан зөвлөлийн хуралдааны тэмдэглэлтэй танилцах тухай хүсэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас ч өмнө өгч байсан, мөн шүүхийн шатанд ч өгсөн. Яг ямар байдлаар тухайн шийдвэр гарсан талаар холбогдох нотлох баримтаа ирүүлээч гэхээр эхлээд хариуцагч талаас газрыг хувийн хэрэгтэй холбоотой материалуудыг ирүүлж байгаад дараа нь хамтарсан зөвлөлийн хуралдааны шийдвэр ч гэхэд хэцүү, тэмдэглэл гэхэд ч хэцүү хүснэгтэлсэн баримтыг ирүүлсэн. Тухайн баримт нь хуралд оролцсон 2-3 хүний гарын үсэгтэй, бусад хуралд оролцсон хүмүүсийг цахимаар оролцсон мэтээр тусгасан баримтыг ирүүлсэн. Өөр тус газрыг хассан тухай ямар ч баримт, шийдвэрийг хавтаст хэрэгт ирүүлээгүй. Манай компанийн зүгээс тус хурлаар тухайн газрыг хассантай холбоотой шийдвэр гарсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна.  Бид тухайн үйл баримттай маргахаас илүүтэйгээр яагаад “И” ХХК нь маргаан бүхий газрыг хуульд заасны дагуу зохих журмаар ашиглаж, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ өгсөн байхад тус хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн эзэмшиж байсан газраас хассан тухай шийдвэр гаргаагүй мөртөө газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь эс үйлдэхүй байна, тус эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу сунгах боломжтой. Хоёрдугаарт: “И *****” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хасах тухай шийдвэрийг хамтарсан зөвлөлийн хурал биш Нийслэлийн Засаг даргын захирамжаар хасах тухай шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байдаг. Өнөөдрийн байдлаар “И *****” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хасах тухай захирамжийг Нийслэлийн Засаг даргаас гаргаагүй. Тийм учраас “И *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай захиргааны акт гаргах ёстой байхад гаргахгүй эс үйлдэхүйтэй маргаж байгаа юм. Иймд “И *****” ХХК-ийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь хуулийн дагуу зөвшөөрөл авч эзэмшиж, ашиглаж буй газрын эзэмшиж ашиглах хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг анх олгосон талбайн хэмжээгээр сунгахыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И *****” ХХК нь маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар тодорхой үнэ төлж авсан. Инженерийн шугам сүлжээ бүхий газар олгож болох эсэхийг судалж үзэхэд, Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.2.3-т энэ талаар маш тодорхой заасан байна. Тус заалтад “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан. Нийслэлийн Засаг даргад инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх нь байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-т "инженерийн шугам сүлжээ" гэж ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хийн дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг” ойлгоно гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар “...Маргаан бүхий газрын доогуур инженерийн шугам сүлжээ явж байгаа учраас танай эзэмшлийн газраас хасахаас өөр аргагүй байна...” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулж хэлбэл Мэргэжлийн зөвлөлийн хурлаас инженерийн шугам сүлжээтэй учраас тус компанийн эзэмшлийн газраас хасна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч талын гол нэхэмжлэлийн шаардлага бол “...Анх эзэмшүүлсэн 4231 м.кв талбай бүхий хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөөч...” гэж гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Тийм учраас тус газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах эсэхэд л талуудын мэтгэлцээн явагдах ёстой байх. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасны дараа хариуцагчаас маргаан бүхий газраас хасах тухай шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа. Эрчим хүчний тухай хуулийн тус зохицуулалт нь дулаан, цахилгааны шугам, сүлжээ өмчлөгч эсхүл эзэмшигч байгууллагатай гэрээ хэлцэл хийн орц гарцаа төлөвлөж, тухайн шугамууд дээр барилга, байгууламж барихгүйгээр ногоон байгууламж барих, эсвэл хуулж авч болдог хавтан тавих зэргээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч хийж болох тухай зохицуулалт юм. Түүнээс биш инженерийн шугам сүлжээ явсан учраас танай газраас хаслаа гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Мэргэжлийн зөвлөлд шийдвэр гаргаж бусдын газраас хасаж шийдвэрлэх эрх байхгүй. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газраас хассан тухай шийдвэр гараагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан тус хуулийн зорилтыг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар “И *****," ХХК-ийн дээрх газрын зориулалтыг үйлчилгээтэй, орон сууц болгон өөрчлөн, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

2/ “И *****" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 08- ны өдөр газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэснийг тус компанид 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/5835 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.

3/ “Мэргэжлийн зөвлөл” нь Нийслэлийн Засаг даргын газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэрийн хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангах үүрэг бүхий зөвлөл бөгөөд нэхэмжлэгч “И *****” ХХК-д газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтэд цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.2 дахь хэсгийг баримталсан.  

4/”И *****” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хамтарсан зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хариу өгсөн учраас ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргаас өөрт олгосон эрхийн хэмжээний хүрээнд Мэргэжлийн зөвлөлд хүсэлтүүдийг шилжүүлээд, Мэргэжлийн зөвлөлөөс тухайн хүсэлтийг дэмжих хүсэлтэй байвал Нийслэлийн Засаг даргын захирамж буюу захиргааны акт гардаг процесс ажиллагаатай юм. “И *****” ХХК-ийн хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд тухайн газар нь цахилгааны шугам сүлжээний хязгаарлалтын зурвастай давхцаж байсан учраас тухайн зурвасыг хасаж, үлдсэн хэсгээр нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжиж байна гэсэн Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Тэгэхээр үүнд ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 14, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн 0023 тоот албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргажээ.

2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/5835 тоот албан бичгээр “Хот байгуулалт, хөгжлийн газар, тус албаны хамтарсан “мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэгдэн цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэсэн” талаар мэдэгджээ.

3.Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0037 тоот албан бичгээр гомдол гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр “мэргэжлийн зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” талаар мэдэгджээ.

4.Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар хурлын хүснэгтийн 19 дүгээрт нэхэмжлэгчийн газрыг “Туул-1 коллектур шугамын трассын хэсгийг хасаж 100 хувь зөвшөөрсөн” гэжээ.

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн 2021 оны 05 дугаар сарын 14, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдийн гаргасан хүсэлтэд хариуцагчийн газрын асуудал эрхэлсэн байгууллагаас хариу мэдэгдлийг хүргүүлсэн, тухайн мэдэгдэл гаргасан гомдолд хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр  хариуг тус тус хүргүүлсэн байх тул түүнийг өргөдөл гомдол шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна.

6.Харин маргаан бүхий газар дээгүүр бохирын болон цахилгааны шугам давхцаж байгаа болох нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/10/1318 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн схем зургаар нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.

7.Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг одоо эзэмшиж буй хэмжээгээр буй 4261 м.кв хэмжээгээр сунгах боломжгүй талаар мэдэгдсэн нь хуульд нийцжээ.

8.Хэдийгээр нэхэмжлэгчийг анх газар эзэмших хүсэлт гаргахад болон газрын зориулалт өөрчлөхтэй холбоотойгоор Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар уг асуудал / бохирын болон цахилгааны шугам/ хөндөгдөөгүй хэдий ч уг үндэслэлээр нэхэмжлэгчийн газрыг одоо эзэмшиж буй хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах боломжгүй.

Учир нь цахилгаан, эрчим хүч нь аюулгүйн ажиллагааг заавал шаарддаг онцлогтой бүтээгдэхүүн болохын хувьд газрын хэвлий, газрын гадарга дээр байршихаас үл хамаарч хамгаалалтын зурвастай байхыг хуулиар тухайлан шаарддаг байх тул уг шаардлагыг биелүүлэхийг эрмэлзэж буй хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И *****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдлон гаргасан “И *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг одоо эзэмшиж буй талбайн хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭН