Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0685

 

 

                                           “Э*** ББСБ” ХХК-ийн

                                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч татварын улсын байцаагч Т.М***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-1540512 тоот нэхэмжлэхээр “Э*** ББСБ” ХХК-д /хуучин нэр нь “Ж*** ББСБ” ХХК/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автозам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн 45 тээврийн хэрэгсэлд хамаарах 13,552,257 төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглаж буй татварын цахим систем буюу татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийг тээврийг хэрэгслийн эзэмшигч этгээд гэсэн байдлаар гарч ирж буй мэдээллийг засварлаж, нэхэмжлэгч этгээдээс гаргаж өгсөн жинхэнэ эзэмшигч этгээдийн мэдээллийн дагуу татвар төлөгчийн бүртгэлийг залруулан оруулахыг, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр өмчлөгч банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийг илгээхийг тус тус даалгах,

Нэхэмжлэгч: “Э*** ББСБ” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, мөн тасгийн татварын улсын байцаагч Т.М*** нар,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2026/0665 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц***,

хариуцагч татварын улсын байцаагч Т.М***,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***, Ж.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,

Хэргийн индекс: 128/2025/1035/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э*** ББСБ” ХХК-иас анх “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-1540512 тоот нэхэмжлэхээр “Э*** ББСБ” ХХК-д /хуучин нэр нь “Ж*** ББСБ” ХХК/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автозам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрт нийт 69,876,181 төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, тус татварыг төлүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж буй Хаан банкны 5*** дугаартай төгрөгийн дансыг 66,175,267 төгрөгийн хэмжээнд, Худалдаа хөгжлийн банкны 4*** дугаартай дансыг 69,876,181, төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “татварыг төлүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж буй Хаан банкны 5*** дугаартай төгрөгийн дансыг 66,175,267 төгрөгийн хэмжээнд, Худалдаа хөгжлийн банкны 4*** дугаартай дансыг 69,876,181, төгрөгийн хэмжээнд тус тус битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзаж,

“...69,876,181 төгрөгийн татвар нь 230 тээврийн хэрэгсэлд хамаардаг. Үүнээс төлөгдөөгүй үлдсэн 45 тээврийн хэрэгсэлд хамаарах 13,552,257 төгрөгийн татвар”-тай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасган,

“Татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглаж буй татварын цахим систем буюу татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийг тээврийг хэрэгслийн эзэмшигч этгээд гэсэн байдлаар гарч ирж буй мэдээллийг засварлаж, нэхэмжлэгч этгээдээс гаргаж өгсөн жинхэнэ эзэмшигч этгээдийн мэдээллийн дагуу татвар төлөгчийн бүртгэлийг залруулан оруулахыг, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр өмчлөгч банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийг илгээхийг тус тус даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлсонтой холбогдуулан “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв” ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.

3. Улмаар “тээврийн хэрэгслийн эзэмшигчээр өмчлөгч банк бус санхүүгийн байгууллагын илгээгдэж буй мэдээллийг залруулж, жинхэнэ эзэмшигч этгээдийн мэдээллийг илгээхийг хариуцагч “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв” ОНӨААТҮГ-т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн тус шүүхийн шүүгчийн 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2026/5105 дугаар захирамжаар тусгаарласан.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2026/0665 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.20, 6.1.33, 7 дугаар зүйлийн 7.2.16, 9 дүгээр зүйлийн 9.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6, 26.7, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.17, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв” ОНӨААТҮГ-ын цахим системд бүртгэлтэй байгаа автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн дагуу татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг бүртгэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, автотээврийн хэрэгслийн албан татвар төлөгчөөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөвтгөн бүртгэж автотээврийн хэрэгслийн албан татвар ногдуулахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-1540512 тоот нэхэмжлэхээр “Э*** ББСБ” ХХК /хуучин нэрээр “Ж*** ББСБ” ХХК/-д 45 автотээврийн хэрэгсэлд 13,552,257 төгрөгийн автотээврийн хэрэгслийн албан татварын ногдол үүсгэснийг татвар төлөгчийг зөвтгөн татварын ногдлыг дахин тодорхойлох хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв” ОНӨААТҮГ-т 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дээрх 45 автотээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй байсан этгээдэд татварын ногдлыг дахин үүсгэх үүргийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт хүлээлгэж,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд татварын ногдлыг дахин тодорхойлоогүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-1540512 тоот нэхэмжлэх хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч татварын улсын байцаагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 4 дэх хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн хэсгийн 5 дахь хэсгийн дүгнэлттэй илт зөрчилдөж байна. Татварын алба шүүхийн шийдвэрт дурдсанчлан Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17 дахь хэсэг, Зам тээврийн хөгжлийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харъяа байгууллага /Автотээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг. Энэ нь төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үндсэн систем болох “ХУР” систем юм.

Татварын албанд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас дээрх хууль заасан татвар төлөх үүрэг бүхий эзэмшигчийн мэдээлэл “ХУР” системээр хэрхэн бүртгэгдэж татварын ногдол үүсч байгааг шүүхээс үзлэгээр тогтоож хэрэгт авагдсан болно.

4.2 Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дүгнэсэн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримт, татварын албаны Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгийн үнэн зөв байдлыг үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч байгууллагаас иргэний нэр дээр шилжсэн автотээврийн хэрэгслийн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дээр дурдсан төрийн мэдээллийн ХУР системд автотээврийн хэрэгжлийн арлын дугаараар шалгаж эзэмшигчээр иргэний нэр дээр шилжсэн хугацаанаас татварын ногдолд өөрчлөлт оруулдаг болно.

4.3 Бүртгэлийн байгууллагаас тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийг ялгаж бүртгэдэг энэ талаар хүсэлт гаргасаар байхад зөвтгөж бүртгэхгүй байна гэж дүгнэсэн нь ХУР системээр бүртгэлийн байгууллагаас татварын албанд зөвхөн эзэмшигчээр банк бус санхүүгийн байгууллагын мэдээлэл ирдэг өөр мэдээлэл ирдэггүй болохыг татварын албанд ирж үзлэгээр тогтоосон үйлдлээ үгүйсгэсэн, бодит үйл баримтыг үнэлэхийг хүсээгүй үйлдэл гэж үзэж байна.

4.4 Шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсгийн дүгнэлт нь тухайн хэргийг шийдвэрлэх явцад цугларсан баримт, хамтран хариуцагч татсан үйлдэл, хэргийн нөхцөл байдалтай зөрчилдөж байна. Учир нь хэргийг шийдвэрлэх явцад хамтран хариуцагчийг татаж, хариу тайлбар нотлох баримтууд гаргуулан шинжлэн судлах явцдаа хэргийг тусгаарласан. Тухайн байгууллагын ХУР системд нийлүүлж буй программтай холбоотой асуудлыг тодруулаагүй, бүрэн гүйцэт шийдвэрлээгүй атлаа энэхүү төрийн байгууллагууд хооронд солилцсон мэдээллийг үндэслэн МУ-н Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу татварын ногдол үүсгэсэн үйлдлийг буруутган нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Нөгөөтэйгүүр хуульд татвар төлөгчийг автотээврийн хэрэгслийн өмчлөгч гээгүй харин эзэмшиж буй этгээд буюу эзэмшигч гэж заасан. Эзэмшигч гэдгийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд гэж ойлгохоор байна. Энэ нь татварын хууль тогтоомжид татвар төлөгчийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасныг илэрхийлж байна гэдгийг өмнө шийдсэн адил төрлийн маргаантай хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд заасан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

  ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч татварын улсын байцаагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд:

3.1. Тус улсад автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг  “Автотээврийн бүртгэл хяналтын төв” УТҮГ, орон нутгийн хэмжээнд “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төв” ОНӨҮГ тус тус хийж, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.17-д зааснаар дээрх байгууллагуудын бүртгэлд үндэслэн автотээврийн хэрэгслийн эзэмшигчийг албан татвар төлөгчөөр тодорхойлж, татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэж, автотээврийн хэрэгслийн албан татварыг ногдуулах, төлүүлэх процесс ажиллагаа явагддаг.

3.2. Нэхэмжлэгч “Э*** ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хүрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдэж, зээлдэгч нь тухайн автотээврийн хэрэгслийн хувьд эзэмшигчээр бүртгэгддэг.

3.3. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/02-1540512 тоот нэхэмжлэхээр “Э*** ББСБ” ХХК /хуучин нэр “Ж*** ББСБ” ХХК/-иас Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 39,266,674.00 төгрөг, Автозам ашигласны төлбөр 29,573,907.00 төгрөг, Агаарын бохирдлын төлбөр 1,035,600.00 төгрөг, нийт 69,876,181.00 төгрөгийг нэхэмжилж, татварын өрийг төлүүлэх зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн Хаан банк дахь дансыг 66,175,267.00 төгрөгөөр битүүмжилсэн болох нь тогтоогдсон.

3.4. Хариуцагчийн дээрх шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга, улсын байцаагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25/20-1540512 тоот нэхэмжлэхээр “Э*** ББСБ” ХХК-д /хуучин нэр нь “Ж*** ББСБ” ХХК/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автозам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийн төлөгдөөгүй үлдсэн 45 тээврийн хэрэгсэлд хамаарах 13,552,257 төгрөгийн татварын өр үүсгэн нэхэмжилсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Татвар ногдуулалтын үйл ажиллагаанд ашиглаж буй татварын цахим систем буюу татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийг тээврийг хэрэгслийн эзэмшигч этгээд гэсэн байдлаар гарч ирж буй мэдээллийг засварлаж, нэхэмжлэгч этгээдээс гаргаж өгсөн жинхэнэ эзэмшигч этгээдийн мэдээллийн дагуу татвар төлөгчийн бүртгэлийг залруулан оруулахыг, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр өмчлөгч банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийг илгээхийг тус тус даалгах” хэмээн тодорхойлсон.

3.5 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Засгийн газрын 2009 оны "Автотээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Зам тээврийн хөгжлийн яам, Татварын ерөнхий газар хооронд "Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ" хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага /Автотээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг...” зэргээр тайлбарлан маргасан.

4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн,

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь

доор дурдсан төрөлтэй байна:” гээд 7.2.16-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;”, 34 дүгээр зүйлийн 34.17-д “Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсын автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, түүний өөрчлөлтийн талаарх мэдээллийг гаргаж, татварын албанд хүргүүлнэ” хэмээн,

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 1-д “улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” хэмээн,

Автозамын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Улсын авто замын сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:” гээд 25.1.4-т “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр” хэмээн,

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна”, 4.1.4-т “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч”, 5 дугаар зүйлийн 5.1-д “...автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдалд агаарын бохирдлын төлбөр /цаашид "төлбөр" гэх/ ногдуулна” хэмээн,

Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “агаарын бохирдлын төлбөр" гэж ... автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч ... төлөх төлбөрийг” хэмээн тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудын дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн автотээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран татвар төлөгч байж хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 сарын 02 өдрийн 404 дүгээр тогтоолд тайлбарласанчлан “... хуульд татвар төлөгчийг “автотээврийн хэрэгслийн өмчлөгч” гээгүй харин “эзэмшиж буй этгээд” буюу “эзэмшигч” гэж заасан ба эзэмшигч гэдгийг “тухайн автотээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд” гэж ойлгохоор байна. ... Иймд,  “...Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг “тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч” гэж тодорхойлох боломжтой, 6 дугаар зүйлийн 6.1-ийн агуулга нь тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй л бол тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэх тухай зохицуулалт юм.

5. Тухайн тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр,

“Автотээврийн үндэсний төв” УТҮГ болон “Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв” ОНӨҮГ нь өөрийн мэдээллийн санд автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг тусад нь бүртгэдэг.

Нэхэмжлэгч “Э*** ББСБ” ХХК /хуучин нэрээр Ж*** ББСБ ХХК/ нь 2021 оноос хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автотээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахдаа эзэмшигчээр зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг бүртгүүлж байсан.

Татварын алба, татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг үүсгэхдээ автотээврийн хэрэгслийн арлын дугаараар, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн байгууллагаас төрийн мэдээлэл солилцооны ХУР системд нийлүүлсэн эзэмшигчийн мэдээллийг татан авч татвар төлөгчийг тодорхойлдог болох нь тус тус тогтоогдсон.

6. Үүнтэй холбоотойгоор шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь зээлийн үйл ажиллагаа. Энэ хүрээнд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тээврийн хэрэгслийг барьцаалах, өмчлөх эрхийг тухайн зээлийн гэрээний хугацаа, үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр шилжүүлэн бүртгүүлснээс өөрөөр тухайн тээврийн хэрэгслүүдийг бодитоор ашиглаагүй болох нь тогтоогдож байхад хариуцагчаас автотээврийн хэрэгслийн албан татвар, Автозам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр нэхэмжлэгчийг шууд тодорхойлж, татвар ногдуулсан нь үндэслэлгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч хуулийн этгээд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автотээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, эзэмшигчээр өөр этгээд бүртгэгдсэн лавлагаа бүхий хүсэлт гаргасаар байхад хариуцагчаас татвар төлөгчийн мэдээллийг татварын удирдлагын нэгдсэн системд зөвтгөөгүйгээс автотээврийн хэрэгслийн албан татварыг өмчлөгчид ногдуулсан нь үндэслэлгүй. Татварын алба Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулж, хөндлөнгийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг татварын хяналт шалгалт, татвар ногдуулалт, хураалт болон татвар төлөгчийн эрсдэл, бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах үүргээ хэрэгжүүлэхдээ 34.17-д зааснаар авто тээврийн улсын бүртгэлийн байгууллагаас төрийн мэдээлэл солилцооны ХУР системд нийлүүлсэн мэдээлэл татварын удирдлагын нэгдсэн системд татагдах процесст алдаа үүсэж байгааг нягтлаагүй, үл хэрэглэснээс татвар төлөгчийг буруу тодорхойлж, автотээврийн хэрэгслийн албан татварыг өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдэд ногдуулсан нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4-т нийцээгүй алдаатай үйл ажиллагаа болжээ” гэх дүгнэлт үндэслэлтэй.

7. Хариуцагч талаас гаргасан “...нэхэмжлэгч байгууллагаас иргэний нэр дээр шилжсэн автотээврийн хэрэгслийн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дээр дурдсан төрийн мэдээллийн ХУР системд автотээврийн хэрэгслийн арлын дугаараар шалгаж эзэмшигчээр иргэний нэр дээр шилжсэн хугацаанаас татварын ногдолд өөрчлөлт оруулдаг ... татвар төлөгчийг автотээврийн хэрэгслийн өмчлөгч гээгүй харин эзэмшиж буй этгээд буюу эзэмшигч гэж заасан. Эзэмшигч гэдгийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд гэж ойлгохоор байна. Энэ нь татварын хууль тогтоомжид татвар төлөгчийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасныг илэрхийлж байна гэдгийг өмнө шийдсэн адил төрлийн маргаантай хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд заасан...” зэрэг гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2026/0665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч татварын улсын байцаагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

 

 

                   ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА