Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 101

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

иргэдийн төлөөлөгч М.Хишигбаяр,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

шүүгдэгч О.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9 дүгээр гудамж 18 тоотод оршин суудаг,Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 сарын 1-ний өдрийн 118 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 сарын 16-ны өдрийн 50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 6-ны өдрийн 310 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 12 сарын хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 2015 оны 11 сарын 18-ны өдөр 12 хоногийн хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УП96050931/ Боржигон овогт Отгончулууны Мөнхтөрд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625022005 дугаартай 185/2017/0093/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ НЬ:                   

 

Шүүгдэгч О.Мөнхтөр ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 07 дугаар сарын 23наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “32” баарны гадна согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Ц.Нэмэхбаярын бүсэлхийн зүүн хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мөнхтөрийн: Би 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Цэрэндагва, Бек, Зоригтбаатар нартай “32” бааранд орсон. Тухайн үед бид 4 нэг шил архи хувааж уусан бөгөөд гадаа гартал Зоригтбаатарыг нэг бүдүүн залуу зодоод машин руугаа чирээд байхаар нь очиход намайг цохиод заамдаад машин руугаа чирсэн. Би гараас нь зайлаад явсан. Би буцаж ирээд салгах гэхэд салахгүй “намайг ална” гээд дайраад байхаар нь хутгалсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нэмэхбаярын: ...Би найзуудаа хайж …баар луу ороход манай найзууд бааранд байхгүй байсан. …32 клубын үүдэнд тавьсан хар өнгийн “Харрер” машины аккумлятор суучихсан асахгүй байсан.  …нэг залуугаас “аккумлятор байвал холбоод асаагаад өгөөч хөгшөөн” гэж асуутал “чи өөрөө аккумлятор пизда минь” гэсэн. …би “чи ямар харьцааны соёлгүй пизда вэ” гээд тэр залуутай маргалдаж барьцалдаж…  …би тэр залууг боосон, тэгтэл тэр залуу намайг ална шүү гээд…  …би тэр залуутай ноцолдсон.  …би надтай анх маргалдсан залуутай маргалдаж байгаад болиод зогстол гэнэт нэг намхан банди цаанаас гүйж ирээд намайг тойрсноо ташаа хавь руу хүчтэйгээр үзүүртэй юмаар хатгачихаад шууд эргээд гүйгээд явчихсан. Тэгээд аймаар өвдөхөөр нь хартал цус гоожиж байсан бөгөөд зүс таньдаг Очироо хүрч ирээд чамайг хутгалсан байна, нэгийг нь бариад ав гэсэн,…  …Миний зүүн сарвуунд болон бусад шарх гэмтлийг тэр учруулаагүй, би өөрөө тэр хавиар машины аккумлятороо салгах гэж оролдож байгаад копуданд цохиж хавччихсан санагдаж байна. Би тэр үед өөрөө согтуу байсан. Надад Мөнхтөрийн учруулсан гэмтэл бол хутганы шарх л байгаа юм, Зоригтбаатар бол надад гэмтэл учруулаагүй.

Аккумлятор асуухад өмнөөс янз бүрээр харьцсанаас болоод муудалцаад маргалдаад тэгээд би…  …согтуу байсан болохоороо ахархаад машиндаа оруулж байгаад загнаж сургах санаа зорилготой түлхээд байсан. Намайг хутгалсан залууг би хараа ч үгүй, маргаагүй, цохиж зодоогүй. Гэнэт л нэг намхан залуу хутгалчихаад цаашаа эргээд гүйсэн,…  …2016 оны 7 дугаар сарын 23-24 нд шилжих шөнө 01-02 цагийн үед хэрэг гарсан байсан. Би эмчилгээний зардлаа бүрэн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30, 112/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Зоригтбаатарын: ...2016 оны 07 дугаар сарын 23-ны орой дүү нар болох Мөнхтөр, Цэрэндагва, Бэк нартай хамт гадуур уугаад …шөнийн 00 цаг өнгөрөөд 32 клуб руу орсон. Ороод бид дөрөв 1 шил 0.75 литрийн архи авч хувааж …ууж дуусаад баарны үүдэнд гараад ирсэн чинь нэг бүдүүн залуу согтуу агсраад …над руу ирээд томроод …түүнтэй муудалцсан. Тэр залуу намайг машин руу шахаад цохиод зодоод…  …Мөнхтөр бид хоёрыг салгаад боль гээд болиултал тэр залуу Мөнхтөрийг цохиж аваад түлхсэн. Тэгээд Мөнхтөр зугтаад буцаж гүйж ирээд…  …гэнэт гүйгээд явчихсан. Тэгтэл намайг хатгачихлаа гээд зүүн талын ташаа руугаа харсан. Тэгэхээр нь бид зугтсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэрэндагвын: ...Тэр шөнө 00 цаг өнгөрөөд би найзууд болох Зоригтбаатар, Мөнхтөр, Бэк нарын хамтаар 32 клуб руу орцгоосон. Орохоос өмнө бид нар 2 шил архи уусан жаахан согтуу байсан. …баарны гадаа Зоригтбаатар ах нэг хүнтэй маргалдаж байсан. Тэр хоёр хоёулаа дээгүүрх хувцсаа тайлчихсан нүцгэн бие бие рүүгээ дайраад байж байсан. …Зоригтбаатар ахыг тэр бүдүүн ах барьж аваад сэгсрээд машиндаа суулгах гээд цохиж аваад байсан... Мөнхтөр цаашаа зугтсан, …Мөнхтөр “хүн хутгалчихлаа яах уу” гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттөмөрийн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний 03 цаг 45 минутанд Цогтбаяр овогтой Нэмэхбаяр гэдэг хүн яаралтай түргэн тусламжийн 103-аар ирээд эмнэлгийн анхны тусламж авч яаралтай тусламжийн хуудасны 912 дугаарт бүртгэгдэн эмчилгээ хийлгэсэн байна. Уг хүний бүсэлхийн зүүн талд хатгагдсан шархтай...байсан. Хатгагдсан шарханд шархны анхны цэгцлэлт хийж 1.5 см урт шарханд 2 оёдол тавьсан, ...зөвлөгөө өгөөд явуулсан. Ц.Нэмэхбаярын биед учирсан шарх нь нэвтрээгүй, хөнгөн хэлбэрийн шарх байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-113/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Батсайханы: ...Манай баарны хяналтын камерын он сар өдөр цаг минутанд ямар ч зөрүү байхгүй. Бид нар хяналтын камерынхаа бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг байнга шалгаж байдаг. Яагаад гэвэл ямар нэгэн асуудал болвол цагдаагийн байгууллагаас шалгадаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлж хяналтын камераа байнга хэвийн ажиллагаатай байлгадаг, орон нутгийн цагтай тааруулж хэвийн ажиллуулж байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-115-116/,

 

Мөрдөн байцаалтад О.Мөнхтөрийн яллагдагчаар: ...Хохирогч Нэмэхбаяр нь  өөрөө намайг зодоод байсан, намайг цохиж зодоод байсан болохоор нь би айсандаа түүнийг хутгалсан. Би бааранд сууж байхдаа сандал дээр байсан жижиг тонгорог хутга байсныг аваад халаасандаа хийсэн байсан. Хутгыг би хаана хаяснаа санахгүй байна. Хэний хутга байсныг би мэдээгүй. Нэмэхбаярыг хутгалчихаад би эргээд цаашаа гүйсэн нь үнэн, тэр үед хаягдсан уу, дараа нь хаягдсан уу сайн санахгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-52/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №10295 тоот:     

  1. Нэмэхбаярын биед бүсэлхий, зүүн сарвуунд шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-121/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Б.Ганзоригийн: ...Ц.Нэмэхбаярын бүсэлхийнд учирсан шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн хатгагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1,5 см урт оёдолтой шархтай байсан. ...Яаралтай түргэн тусламжийн хуудсанд дээрх шарх нь нэвтэрсэн гэж тэмдэглэгдээгүй учраас нэвтрээгүй гэж дүгнэлт өгөх үндэслэл болсон. Нэвтрээгүй шарх учраас хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-27/, хохирогчийн эмчилгээний баримтууд /хх-68-71/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-72/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 сарын 1-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-76-78/, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 сарын 16-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-83/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-88/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-89-92/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүгдэгч О.Мөнхтөр 2016 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “32” баарны гадна хохирогч Ц.Нэмэхбаярыг гэрч Л.Зоригтбаатартай маргалдаж байхад нь бүсэлхийн зүүн хэсэгт нь хутгалсан болох нь: мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нэмэхбаярын: …би надтай анх маргалдсан залуутай маргалдаж байгаад болиод зогстол гэнэт нэг намхан банди цаанаас гүйж ирээд намайг тойрсноо ташаа хавь руу хүчтэйгээр үзүүртэй юмаар хатгачихаад шууд эргээд гүйгээд явчихсан. Тэгээд аймаар өвдөхөөр нь хартал цус гоожиж байсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30, 112/, гэрч Л.Зоригтбаатарын: …Мөнхтөр зугтаад буцаж гүйж ирээд…  …гэнэт гүйгээд явчихсан. Тэгтэл намайг хатгачихлаа гээд зүүн талын ташаа руугаа харсан. Тэгэхээр нь бид зугтсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч Г.Цэрэндагвын: …Мөнхтөр “хүн хутгалчихлаа яах уу” гэсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Баттөмөрийн: ...2016 оны 07 дугаар сарын 24-ний 03 цаг 45 минутанд Цогтбаяр овогтой Нэмэхбаяр гэдэг хүн яаралтай түргэн тусламжийн 103-аар ирээд эмнэлгийн анхны тусламж авч яаралтай тусламжийн хуудасны 912 дугаарт бүртгэгдэн эмчилгээ хийлгэсэн байна. Уг хүний бүсэлхийн зүүн талд хатгагдсан шархтай...байсан. Хатгагдсан шарханд шархны анхны цэгцлэлт хийж 1.5 см урт шарханд 2 оёдол тавьсан, ...зөвлөгөө өгөөд явуулсан. Ц.Нэмэхбаярын биед учирсан шарх нь нэвтрээгүй, хөнгөн хэлбэрийн шарх байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-113/, шүүгдэгч О.Мөнхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт …Би буцаж ирээд салгах гэхэд салахгүй намайг ална гээд дайраад байхаар нь хутгалсан гэж мэдүүлсэн мэдүүлэг, …Ц.Нэмэхбаяр нь зууралцаж байсан эрэгтэй хүн /Б.Зоригтбаатар/-ээс салаад хойшоо ухарч байх үед гэнэт цаанаас нэг жижиг, намхан биетэй эрэгтэй хүн /О.Мөнхтөр/ гүйж ирээд түүнийг зүүн талын хэсэгт нь хурдан хүрээд цаашаа яараад явж байгаа нь харагдаж байлаа… гэсэн эд мөрийн баримтаар хураагдсан “32” клубын гадна талбайг хянасан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/ болон шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.

            Шүүгдэгч О.Мөнхтөр хохирогч Ц.Нэмэхбаярыг гэрч Л.Зоригтбаатартай маргалдлаа гэх шалтгаанаар бүсэлхийн зүүн хэсэгт хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч О.Мөнхтөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нэмэхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл  учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10295 тоот дүгнэлтээр нотлогдсон ба эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлсөн нь хохирогч Ц.Нэмэхбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй хэмээн мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан дагуу хохирогч Ц.Нэмэхбаярыг оролцуулалгүй хэргийг хэлэлцсэн болно. Шүүгдэгч О.Мөнхтөр ялтайд тооцох хугацаанд хүнд гэмт хэрэг үйлдсэн, урьд хорих ял эдэлж байсан тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

  1. Отгончулууны Мөнхтөрийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлан бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т  зааснаар Отгончулууны Мөнхтөрийг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар О.Мөнхтөрд оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар О.Мөнхтөрийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 144 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  6. О.Мөнхтөр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.                                               
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                     С.ОЮУНЧИМЭГ