Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2020/00628/И |
Дугаар | 148/ШШ2020/00657 |
Огноо | 2020-11-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2020/00657
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг,Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг 089 тоотод оршин суух хаягтай, *******ын гэгээн овогт *******гийн ******* РД:/*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар 4 баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж 4-402 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ы ******* РД:/*******/-д холбогдох
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 4 баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж 4-402 тоотод байрлах хуувийн сууцыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.Бүрэнбаатар Т.Мөнхзаяа нараас уг орон сууцыг худалдан авч түр хугацаагаар тэд нарын гуйлтаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл аман хэлцлээр суулгахаар тохиролцсон байсан. Ингээд хугацаа болж орон сууцаа хүлээн авах гэтэл ******* гэдэг айл орж амьдарч байгааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр очиж мэдлээ.
Нэгэнт эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй миний худалдан авсан өөрийн өмч болох Сэлэнгэ аймгийн,Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхааны Партизаны 4 гудамж 402 тоот хашаанд байрлах хувийн орон сууцанд хууль бусаар сууж байгаа *******ыг нүүлгүүлэх эд хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлагатай боллоо.Тиймээс энэ хүн сайн дураараа гарахгүй байгаа тул шүүхэд хандсан.
Миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 4 баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж 4-402 тоотод байрлах хуувийн сууцыг Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Д.******* нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэл гаргасан Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг миний дүү Бүрэнбаатараас худалдан авсан ба одоогоор орон сууц нь төлбөрийн хувьд маргаантай, өглөг авлагатай байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй! ... гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Д.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 баг Баянхаан Партизан цэнгүүн гудамж 4-402 тоотод байрлах хувийн сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын бүртгэлийн Ү-1317002113 дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан партизан цэнгүүн гудамж, 4-402 тоот хаягт байршилтай, 151 м.кв талбайтай, хувийн сууц нь нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийн орон сууц мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000703707 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Дээрх орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа нь түүний нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримт болон шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх, мөн түүнийг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72,3, -т хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор татгалзсан үндэслэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэх, энэ хугацаанд тайлбар өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-д зааснаар хариуцагч татгалзалаа өөрөө нотлох үүрэгтэй байхаар тус тус заасан ба эдгээр эрх үүргийг хариуцагчид тайлбарласан боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагч нь тухай орон сууцыг эзэмших эрхтэй эсэхээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзалын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэгчийг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан партизан цэнгүүн гудамж, 4-402 тоот хаягт байршилтай, 151 м.кв талбайтай бүхий хувийн сууцыг бусдын буюу хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан партизан цэнгүүн гудамж, 4-402 тоот хаягт байршилтай, 151 м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өмгөөлөгчөө оролцуулна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн ...хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан партизан цэнгүүн гудамж, 4-402 тоот хаягт байршилтай, 151 м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ