| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00674/И |
| Дугаар | 148/ШШ2020/00675 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 148/ШШ2020/00675
| 2020 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 148/ШШ2020/00675 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 236 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр багт байрлах Сэлэнгэ аймаг ******* ******* *******ийн төв-д холбогдох
******* ******* *******ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, энэ хугацааны шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Б.******* миний бие 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* ******* *******ийн төвийн сургуулийн эмчээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа ирэхэд өрөөний үүдэнд нэг эмэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн 20-30 минутын хугацаанд манай өрөөний үүдэнд зогссон. Манай өрөөний хажуу талд нийгмийн ажилтны өрөө байдаг учраас тэр хүнийг нийгмийн ажилтантай л уулзах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл тэр хүн надаас нь та эмч нь үү? гэж асуухад би тийм байна гэж хариулсан. Тэгтэл тэр хүн намайг таныг дагалдаж ажилла гэсэн юм гэхээр нь ямар учиртайг нь гайхаад захирал дээр очиж уулзахад Чамайг 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд ажлаас чинь чөлөөлөөд оронд нь энэ хүнийг ажиллуулахаар болсон гэж хэлсэн. Ямар үндэслэлээр намайг ажлаас халж байгаа юм бэ? гэж асуухад Чамайг тэтгэвэрт гарсан гээд хүмүүс барьцаад байна. Тэр хүмүүстэй чи одоо уулзах уу гэхээр нь би үгүй ээ би тэр хүмүүстэй уулзах шаардлага байхгүй гэж хэлээд явсан.
2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр захирал надад хандан Чи намрын ажилд 5 хоногийн хугацаатай яваад ир. Чамайг ирэхээр энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 09 дүгээр сарын 30-ны өдөр намрын ажилд яваад 10 дугаар сарын 04-ний өдөр бууж ирсэн. 10 дугаар сарын 05-ны өдөр захиралтайгаа уулзах гэсэн боловч захирал ажилдаа ирээгүй. Улмаар 10 дугаар сарын 06-ны өдөр уулзаад ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад явсан. Миний хувьд энэ тушаал нь хуульд нийцээгүй намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхэнд ноцтой халсан гэж үзэж байгаа.
Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү! гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Б.*******т эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.*******т эмчийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сард гурван ажлын байрны орон тоог Сэлэнгэ аймгийн Миний Монгол телевизээр зарлуулсан. Сэлэнгэ аймгийн мэргэжил ******* *******ийн төв 09 дүгээр сард боловсролын магадлан итгэмжлэлээр орсны дагуу Б.*******т эмчийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 сарын хугацаатайгаар сунгаад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа сургуулийн захирал Б.*******т эмчтэй уулзаж өөр орон тоон дээр буюу бичиг хэрэг архивын ажилтнаар шилжин ажиллах санал тавьсан боловч уг саналаас татгалзсан. Тиймээс ******* ******* *******ийн төвийн захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Б.******* нь тус байгууллагад ажилд орохоос өмнө өөр байгууллагаас тэтгэвэрт гарсан байсан.
Иймд Б.*******ын гаргасан энэхүү нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү! ... гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвд холбогдуулан тус ******* ******* *******ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, энэ хугацааны шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвийн эмч Б.*******ыг тус мэргэжил ******* *******ийн даргын 2020 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн Б/45 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийн талаар заасан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ.
Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвийн даргын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/47 тоот тушаалаар Б.*******ыг 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрөөс сургуулийн эмчээр 2020 оны 9 сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг 2020 оны 9 сарын 02-ны өдрөөс 9 сарын 30-ны өдрийг дуустал сунгасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ойлгодог болно.
Байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролсоноос бусад тохиолдолд хугацаагүй байх ёстой юм.
Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******т нь байнгын ажлын байранд ажиллаж байсан нь тогтоогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй болно.
Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан болон ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохирсны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарах бөгөөд энэ нөхцөлд гэрээний талууд тухайн шаардлага, шалтгаан, өөрсдийн илэрхийллийг гэрээндээ зайлшгүй, тодорхой тусгасан байх шаардлагатай.
Мөн ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ёстойг дурьдвал зохилтой.
Түүнчлэн талуудын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.*******ын байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын тохиролцсоноор хугацаатайгаар байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг зөрчиж Б.*******ын Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байх тул түүнийг Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвд сургуулийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан боловч ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул тус төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.
Нэхэмжлэгч Б.******* нь сүүлийн 3 сар буюу 2020 оны 6,8,9 саруудад авсан цалингийн нийлбэр 3.240.902:3 = 1.080.300 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч байх тул, ажилгүй байсан 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол:
2020 оны 10,11 саруудад нийт 2 сар * 1.080.300 төгрөг = 2.160.600 төгрөг,
2020 оны 12 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 17 хоног тул 1.080.300:22 хоног=49.105 төгрөг*17 хоног= 834.785 төгрөг,
бүгд 2160600+834785=2.995.385 төгрөг байна.
Нэхэмжлэгч Б.*******ын 2020 оны цалингийн карт хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин 2,995,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох үндэслэлтэй байна.
Уг олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн ниймгийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагын захирал болон нягтлан бодогчид даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.*******ын гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+62876/ нийт 133.076 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Мөн хариуцагчийн зүгээс Сэлэнгэ аймаг мэргэжил ******* *******ийн төвийн 2020 оны 8 сарын 04-ны өдөр 68 дугаартай албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 4 сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалын хавсралт, архив бичиг хэргийн эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээ,Засгийн газрын 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 276 дугаартай тогтоол, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралт зэргийг нотлох баримт гэж шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нотариатаар гэрчлэгдээгүй байхаас гадна гарын үсэг, тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул тэдгээрийг шүүх үнэн зөв гэж үзэх боломжгүй байх тул үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ыг Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвд сургуулийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвд 2.2995.385 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвд үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сэлэнгэ аймаг Мэргэжлийн ******* *******ийн төвөөс 133.076 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ