| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2017/0070/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 22.10.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 38
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Б.Ганбулган /онлайнаар/
Шүүгдэгч: Г.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Б-т холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.Б нь Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газарт мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн эцэг Н.Г-ийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1453574.29 юань буюу 323703943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926841,27 юань буюу 260262865.27 төгрөг, Н.Г, төрсөн дүү Г.З нарын хамтарсан Хаан банкны 507578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326841,27 юань буюу 250262 865.27 төгрөг, өөрийн төрсөн ах Г.З-ын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565303,87 юань буюу 119554501.46 төгрөг, өөрийн эхнэр Б.С-гийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466383.93 юань буюу 111731243.25 төгрөг, өөрийн салсан эхнэр О.Н-ийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4102.94 юань буюу 971695.10 төгрөг, Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5002 юань буюу 1266950.64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584264.67 юань буюу 854141219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн орлого болох 854141219.58 төгрөгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-ийн цагдан хоригдсон 134 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2010000 төгрөгийг торгуулийн ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Н.Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж, Ү-2206018460 дугаар улсын бүртгэлтэй 97А орон сууц, Г.З-ийн эзэмшлийн Ү-220015493 дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийг 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 77-07 УНП улсын дугаартай М.бенз жи маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Г.Б-ийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ учир дутагдалтай үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ яллах дүгнэлтэд дурдсан бүх нотлох баримт болон улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн нотолж өгч чадаагүй.
Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн талаар маргаж мэтгэлцдэг. Гэтэл өмгөөлөгч миний маргаж мэтгэлцсэн зүйлүүдэд шүүхээс ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон ....нотлох баримтын агуулга, ...хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, .. өмгөөлөгчийн санал үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дүгнээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг нотлоогүй гэж үзнэ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг зөв тодруулж нотлох ажиллагааг знэ гэмт хэргийн онцлогт тохируулж явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаж ажиллахад чухал.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг тухайн албан тушаалтны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай тохирч буй эсэхийг авч үзэх ёстой. Албан тушаалтны олсон хөрөнгө орлогын хэмжээ нь түүний хууль ёсны орлогын эх үүсвэрээс хэт давсан байхыг хууль шаарддаг.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 50000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн байхыг ойлгоно гэж хуульчилж өгсөн. Энэхүү хуулийн заалттай холбогдуулан авч үзэхэд шийтгэх тогтоолд Г.Б-ийн хууль ёсны орлогыг хэчнээн төгрөг гэж үзсэн, уг орлогоос хэчнээн төгрөгийн орлого хууль бус болохыг шүүх тогтоож өгөөгүй.
Үүнийг прокурор ч ялган зааглаж маргаж мэтгэлцэж чадаагүй. Г.Б-ийн хууль ёсны орлого хэт давсан нь ямар ямар баримтаар хэрхэн яаж нотлогдож байгаа нь ойлгомжгүй, үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
Г.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгө авсан гэх боловч тухайн мөнгийг дансны эзэмшигч өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл Г.Б-ийг нотлох ёстой гэсэн хэт нэг талыг барьж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Г, Г.З, Г.З, С нар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн дансаар орсон мөнгө нь Г.Бтой ямар ч хамааралгүй, тухайн мөнгийг Г.Б авсан гэж мэдүүлдэггүй. Гэтэл шүүх хууль ёсны орлогоосоо гадна дээрх этгээдүүдийн данс дахь мөнгийг авсан гэж үзэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Хэрэгт авагдсан өвөр монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг бүрэн дүүрэн үнэлж, энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй. Өмгөөлөгч миний бие тухайн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасны дагуу цуглуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байхад шүүх Өвөр монгол иргэдийн буюу гэрч А.Ч /хх-ийн 48-51/, Ш /хх-ийн 48-51/, Э /хх-ийн 58-61/, У /хх-ийн 64-65/, Б.Б /хх-ийн 66-68/, Э.Э /хх-ийн 69-71/, Ш.З /хх-ийн 72-73/ нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар дурдан хэргийг шийдвэрлэж үнэлсэн нь үндэслэлтэй болоогүй.
Эдгээр нөхцөл байдлыг анхааран үзэж анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Ганбулган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаа байхгүй. Одоо бол нөхөж гүйцэтгэж хийж, тогтоох ажиллагаа байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэж дүгнэж байна.
Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдаан дээр хэргийн нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтуудыг өмгөөлөгч тал болон яллагч талын зүгээс түүнчлэн шүүгдэгч өөрийн байр суурийг бүрэн дүүрэн илэрхийлсэн. Улсын яллагчийн зүгээс яллах байр суурьтай шүүх хуралдаанд оролцож хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтууд, банкны хуулганууд, Г.Б-ийн өөрийнх нь албан тушаалд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай оролцсон.
Шүүх хуралдаан дээр Г.Б-ийг гэм буруутайд тооцоод 2700 нэгжээр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хурааж авахаар шийдвэрлэсэн.
Шүүх хуралдаан хууль зөрчсөн ямар нэгэн нөхцөл байдал бол тогтоогдоогүй. Мөн хуулийг буруу хэрэглэж гэм буруугүй этгээдэд ял шийтгэл оногдуулсан нөхцөл байдал огт болоогүй.
Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хууль ёсны байна гэж дүгнэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Компанийн менежерүүд нь гэрчээр оролцдог. Гэрчээр оролцохдоо нэг жишээ аваад яръя: Омогт цагаан шонхор гээд компани байлаа. Манайх 30 визний зөвшөөрөл гаргах тийм зөвшөөрөлтэй гэж байгаа юм. Бид нар өөрсдөө хөөцөлддөггүй гэж байгаа юм. Яг энэ Өмнөговь аймагт бодит байдал дээр Омогт цагаан шонхор нь 100 машин яваад байдаг. Энэ үлдсэн 100 машинаа нөхөж барьдаг тэр визийг хэн гаргаад байгаа гэдгийг би одоо мөрдөн байцаагчаас нь энэ олон жил гуйж явж байгаа. Энэ асуудлыг л тогтоогоод өгөөч ээ гээд байгаа. Яагаад энэ асуудлыг тогтоож өгөхгүй байгаа юм бэ?
Би Дорнод аймагт сүлжээгүй газар ажиллаж байхад мөнгө шилжээд тэгээд визний ажиллагаа нь явагдаад байдаг. Тэр болгонд намайг буруутгаад байдаг. Би Дорнод аймагт 6 сар ажилласан байдаг. Баян-Уул гэдэг боомтод ажиллаж байсан. Би бол хил дагаад явж байгаа энгийн нэг төрийн албан хаагч.
Надад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй ээ. Энийг бизнес хийсэн гэдгийг прокурор өөрөө нотлоод байдаг. Манай төрсөн ах бол өөрийнхөө эхнэрийн компаниар виз хийсэн гэх бүх баримтаа ил болгосон.
Яг энэ 800 хэдэн сая гээд байгаа нь улсад тушаачихсан мөнгө. Би бол тэгж боддог. Би улсдаа их мөнгө оруулсан гэж боддог. Торгосон гээд мөнгийг Өмнөговь аймгийн төрийн сан банкнаас шүүгээд өгөөч ээ, энэ хүмүүсийн хэлээд байгаа тэр гарын үсэгтэй бичиг баримтууд нь бүгд байдаг гэхээр тэрийг шалгахгүй, гаргах шаардлагагүй гээд байдаг.
Тэгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж би чин сэтгэлээсээ гуйж байна. Хамгийн гол нь энэ хамаарал бүхий этгээдүүд нь бизнес хийж байгаа хүмүүстэй хамаатуулж гэм буруутайд тооцоод байна. Би одоо 6 жил шүүхээр шалгуулаад явж байна. Би өөрөө байнга гуйдаг. Өөрөө л гуйгаад явдаг. Энэ ийм байна гээд хүсэлт гаргаад л ингээд яваад байдаг. Миний энэ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Мөрдөн байцаагчийн даалгавар, прокурорын тогтоолууд хүчинтэй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсныг бүрэн дүүрэн нотолж өгөөгүй байна.
Дансны хуулгуудыг үзэхэд торгуулийн мөнгө Г.Б-т гэдэг ч юм уу, торгууль гэж бичээгүй байхад буруутгаад байдаг. Торгуулийн мөнгө гэж тушаасан баримт байдаггүй. Тэгэхээр энэ хүний ажил албан тушаалтай холбогдуулаад нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо илүү хэд давсан хэмжээгээр орлого олсон байна гэж үзэж байгаа нь энэ баримтуудаар тогтоогдохгүй харагдахгүй байгаа нь нэг талдаа гэм буруутай гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй байгааг анхааран үзнэ үү.
Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Б-ийг өөрийнхөө орлогыг нотолж чадаагүй, үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй байна гэдэг ийм зүйлийг хэлээд байдаг. Хүний дансаар орсон мөнгийг энэ хүн тайлбарлах үүрэг байхгүй. Тийм учраас өмгөөлөгч миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, цагаатгах аль эсвэл мөрдөн шалгах ажиллагаа руу буцааж заавал энэ хүний гэмт хэрэг гарсан нөхцөл байдал үнэхээр нотлогдож уу үгүй юу гэдгийг гэрчүүдийг байцаасны үндсэн дээр энэ хүний гэм буруугийн асуудал яригдах ёстой гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа юм.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаартай яллах дүгнэлтдээ /10 хх-99-106/ шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:
Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг тусгана” гэж Эрүүгийн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заалтыг зөрчсөн, мөн шийтгэх тогтоолын удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана” гэж заасныг баримталж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Г.Б-ийн цагдан хоригдсон хоногийг торгох ялаас хассан, 2700000 төгрөгөөр торгох ялаас 2010000 төгрөгийн торгох ялыг хасч тооцоход 690000 төгрөгийн торгох ялын тооцоо гарч байхад энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй, торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлж барагдуулах, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүгдэгчид хүлээлгэх хариуцлагын талаар тусгаагүй нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Б-т холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ