Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0686

 

 

С.А***, Л.Ц*** нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч С.А***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.А***, Л.Ц***,

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд С.Б***, Б.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/164 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2026/0021 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А***, Л.Ц***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А***,

гуравдагч этгээдүүд Б.Б***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,

Хэргийн индекс: 127/2025/0011/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А***, Л.Ц*** нараас шүүхэд хандан “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/164 дугаар захирамжийн Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2026/0021 дүгээр шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.А***, Л.Ц*** нараас Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/164 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрний Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.А*** анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1 Манай хашааны арын хаалга нь зам руу ордог болохоор хичээл сургуульдаа явахад ойр, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинг хангаж байсан. Урд талын хаалгаар гарах нь хүүхдэд аюултай, учир нь эрсдэл өндөртэй, нохой, согтуу хүн ихтэй мөн нарийн гудамжгүй урт үргэлжилсэн гэрэл асахгүй харанхуй гудамж байдаг тул уг гудамжаа дуустал явж байж машин унаанд суух боломжтой. Гэтэл шүүхээр эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн айлын арын хаалга буюу орц, гарцыг хааж, хашаа барихыг завдаж өмчлөлийн газар хэмээн маргаж байгаа боловч энэ нь Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-д “барилга, гэр хашаа барих, мод тарих” гэж заасныг зөрчсөн.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2011 оны шинээр өмчлүүлэх газрын байршил нь 6, 7 дугаар багт төлөвлөгдөж, бусад багт шинээр газар өмчлүүлэх талаар тусгагдаагүй нь батлагдсан тул захирамжаа хүчингүй болгох үндэслэлтэй талаар илэрхийлсэн. Гэтэл шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тогтоол гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх боломжтой байтал хуулийн энэ боломжийг ашиглаагүйг ойлгохгүй байна.

3.3. Мөн бид амьдарч буй газрынхаа ар талын газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад удаа дараа хандсан боловч тухайн үеийн Хэрлэн сумын газрын даамлууд болох Г.Мөнхжаргал, Б.Золбоожаргал нар уг газрыг холбооны шугамтай гэсэн үндэслэлээр өмчлүүлэх боломжгүй гээд бичгээр хүсэлт хүлээж авдаггүй байсан. Энэ талаар тайлбарлаж, гэрчээр Г.Мөнхжаргалыг асуух хүсэлт гаргасан байхад шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан.

3.4 Уг маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, холбооны шугам сүлжээ тавигдсан зэрэг хууль бус байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн байтлаа тогтоох хэсэг нь өөр байдлаар заагдсан байгааг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хоорондоо зөрчилтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан тул бидний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул Хэнтий аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2026/0021 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

 

          3.1. Маргаан бүхий газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн ***3 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг анх Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 164 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Б*** гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчлөх эрхээ иргэн С.Б***д шилжүүлсэн.

          3.2. Нэхэмжлэгч С.А*** нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд *** тоот хаягт байрлах 1754 м.кв газрын өмчлөх эрхийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Ц.С***-оос шилжүүлэн авсан.

          Нэхэмжлэгч Л.Ц*** нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийд **** тоот хаягт оршин суудаг боловч тухайн газар нь иргэн Ж.П***-ийн өмчлөлийн газар болох нь  тус тус тогтоогдсон.

          3.3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Уг газарт холбооны худаг, сувагчлал байдаг ба бид өөрсдийн хашааныхаа ар талын газрыг өмчилж авъя гэж удаа дараа Хэрлэн сумын газрын даамалд хандаж байсан ч холбооны шугамтай гээд хүлээж авахгүй байсан атлаа өөр иргэнд өмчлүүлж давуу байдал бий болгож, ялгавартай хандсанд гомдолтой...” гэх зэргээр тайлбарлан маргажээ.  

4. Анхан шатны шүүх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэлтэй зөв тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгох бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт тодорхойлсон хүрээнд шүүхээс 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шийдвэрийг гаргах замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг тогтоож, хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

6. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нар нь, 2011 онд гуравдагч этгээд Б.Б***д газар өмчлөх эрх олгосон маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус буюу “анх тухайн газрыг өөрсдөө эзэмшиж, өмчлөхөөр газрын даамалд хандаж байсан ч тухайн газрыг “шугам сүлжээ” бүхий газар хэмээн олгоогүй атлаа бусдад олгосон” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2/249 болон 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/445 дугаар албан бичиг, холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч С.А***, Л.Ц*** нараас Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчлөх талаар хуульд заасан журмын дагуу өргөдөл, хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон. Аймгийн Засаг дарга болон газрын албанаас нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших, өмчлөх хүсэлтийг хууль бусаар татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

7. Мөн Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01/422 дугаар албан бичиг болон холбогдох бусад баримтаар маргаан бүхий газрын тодорхой хэсэг шилэн кабелийн шугамтай давхцалтай болох нь тогтоогдож байгаа ч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч нараас гаргасан субьектив эрхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй буюу маргаан бүхий Хэнтий аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 164 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Б.Б***д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч С.А***, Л.Ц*** нарт тухайн газрыг шууд эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилтоос дүгнэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны алдааг хянах, засах зорилгогүй, харин нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А***гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                             ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА