Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00976

 

 

Ш.Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэр,   

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2022/00051 дүгээр магадлалтай,

Ш.Р-ийн нэхэмжлэлтэй,

И.Д-т холбогдох,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Оргил Эко хотхоны 15-8-1 байрны 20 тоотод оршин суух, Гал овогт Ивановын Дт холбогдох байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт тооцож 32,550,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Оргил Эко хотхоны 15-8-1 байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч И.Дын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ш.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёлчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Р нь хариуцагч И.Дт холбогдуулан байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт тооцож 32,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, Оргил Эко хотхоны 15-8-1 байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Рийн хариуцагч И.Дт холбогдуулан гаргасан байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт тооцож 32,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан хариуцагч И.Дын нэхэмжлэгч Ш.Рид холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж /7/ баг Оргил-Эко хотхон 15-8-1 байрны 20 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2022/00051 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.,” гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч И.Д, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ш.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснээр өмчлөгчийн эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх Иргэний хуулийг зөрүүтэй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

4.1.1. Нэхэмжлэгч Ш.Р нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг тогтоосон. Үүнд: Төмөр-Оргил ХХК /захирал Д.С/-ыг төлөөлж менежер Д.Бат-Эрдэнэ, Ш.Р нар 2013.10.23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймаг Баян Өндөр сум Дэнж багийн Зүүн дэнжийн 1 дүгээр гудамжны 30 тоотод баригдах Оргил Эко хотхоны 1 дүгээр ээлжийн 30 айлын орон сууцнаас үйлчилгээний барилгын 3 дугаар давхрын 20 тоот 40.6 м.кв 1 өрөө орон сууцыг захиалж захиалагч орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, компани өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар заажээ. Нэхэмжлэгч Ш.Р нь 2012.07.05-ны өдөр “Төмөр- Оргил” ХХК-ийн захирал Д.Стай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны барилга барих зориулалтаар 2012.11.09-ний өдрийг хүртэл нийт 500 сая төгрөгийг шилжүүлсэн. Улмаар Ш.Р, Д.С нар 2014.05.13-ны өдөр гэрээгээ дүгнэж, “Төмөр-Оргил” ХХК-д 830 сая төгрөгийг 2014.07.13-ны өдөр сарын 2,2 хувийн хүү тооцон Ш.Рид буцааж төлөх үүрэг хүлээлгэсэн “Зээлийн гэрээ” байгуулсан. Түүнээс гадна нэхэмжлэгч Ш.Р нь 2013.10.23-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр сум, Дэнж багийн Зүүн дэнжийн 1 дүгээр гудамжны 30 тоотод баригдах “Оргил Эко” хотхоны 1 дүгээр ээлжийн 30 айлын орон сууцнаас 3 дугаар давхрын 20 тоот, 40.6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг захиалж буюу худалдан авах тухай “Орон сууц захиалгын гэрээ” “Төмөр-Оргил” ХХК-тай байгуулсан. “Төмөр-Оргил” ХХК-ийн захирал Д.С нь Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2014.05.13-ны өдөр 4, 6, 7, 12, 13, 19, 20, 26 тоот орон сууцуудыг Ш.Рийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих, бусдад шилжүүлэхийг хориглосон урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлсэн. “Төмөр-Оргил” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч Ш.Р болон “Төмөр-Оргил” ХХК-ийн захирал Д.С нар нь 2020.04.27-ны өдөр зээлийн гэрээг дүгнэж, акт үйлдэж, уг актаар зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлөх 830 сая төгрөгөөс 100 сая төгрөгийг хасаж 730 сая төгрөгийг төлөх, уг мөнгөн хөрөнгийг төлж дуусах хүртэл үл хөдлөх зуучлалын Remax One салбараас Орхон аймаг, Баян-Өндөр сумын 7 дугаар багийн нутагт байрлах Эко 15-8-1 дүгээр орон сууцны 4 тоот 40.6 м.кв, 7 тоот 41.6 м.кв, 13 тоот 40.6 м.кв, 16 тоот 34.6 м.кв, 22 тоот 41.6 м.кв, 26 тоот 40.6 м.кв, 27 тоот 40.6 м.кв бүхий байруудыг худалдан борлуулахаар тохиролцсон. Улмаар Ш.Р нь маргаан бүхий 20 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлж 2020.08.31-ний өдрийн 00810515 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Р нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч бөгөөд өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлж шударгаар олж авсан. Харин хариуцагч И.Д нь “Төмөр-Оргил” ХХК-тай 2014.04.28-ны өдөр гэрээ байгуулж, маргаан бүхий 20 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байна. Уг зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өөрөөр тайлбарлагдах учиртай. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг бүртгэлээр орлодог учир хэн түрүүлж улсын бүртгэлд бүртгэлээ хийлгэснийг уг хөрөнгийг эзэмшилдээ авсан гэж үзнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь бүртгэлд суурилагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийн талаар дүгнээгүй орхигдуулсан. Иймд нэхэмжлэгч Ш.Р нь улсын бүртгэл хийлгэж маргаан бүхий 20 тоот орон сууцыг түрүүлж өөрийн эзэмшилд авсан буюу улсын бүртгэлд суурилсан өмчлөх эрхтэй болно. Харин нэг орон сууцыг хэд хэдэн этгээдэд худалдсан “Төмөр-Оргил” ХХК нь нэг гэрээний үүргийг буюу Ш.Ртой байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, маргаан бүхий орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлснээр өөр гэрээний үүрэг болох хариуцагч И.Дтай байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлж чадахгүй болж байна. Иймд И.Д нь өөрт учирсан хохирлоо компаниас шаардах учиртай болохоос өмчлөгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон шийдвэр гаргах учиргүй юм. Дахин дахин тайлбарлахад нэхэмжлэгч Ш.Р нь уг орон сууцны өмчлөх эрх, түүнд багтах эзэмших эрхийг шударгаар олж авсан болно.

 

4.1.2. Хариуцагч И.Д нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа талаар. “Төмөр-Оргил” ХХК-ийн захирал Д.С нь Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2014.05.13-ны өдөр 4, 6, 7, 12, 13, 19, 20, 26 тоот орон сууцуудыг Ш.Рийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих, бусдад шилжүүлэхийг хориглосон урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлэх үед иргэн И.Д нь тухайн компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй байсан. Өөрөөр хэлбэл, иргэн Булгантамир маргаан бүхий 20 тоот орон сууцыг худалдан авахаар “Төмөр-Оргил” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч 2015 онд өөр газар шилжин явах болж, орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны дараа И.Д нь тухайн орон сууцыг захиалж авахаар гэрээ байгуулсан үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Уг үйл баримтыг нотолсон баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч Ш.Р нь маргаан бүхий 20 тоот орон сууцыг улсын бүртгэлд 2020.08.31-ний өдөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00810515 дугаар гэрчилгээ авсан. Энэ цаг хугацаанаас эхэлж И.Д нь уг орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байна. Нөгөө талаас дүгнэсэн ч И.Дт уг орон сууцанд орох зөвшөөрөл өгсөн “Төмөр-Оргил ХХК нь уг орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ш.Рид шилжүүлснээр уг орон сууцтай холбоотой аливаа нэгэн эрхийг эдлэхгүй болсон буюу өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь дуусгавар болсон юм. “Төмөр-Оргил” ХХК-ийн эд хөрөнгийн эрх мэдэл дуусгавар болсон тул хариуцагч И.Дын маргаан бүхий орон сууцыг эзэмших эрх хүчингүй болсон буюу дуусгавар болж, уг хугацаанаас хойш түүний эзэмшлийг хууль бус гэж дүгнэх учиртай.

 

4.1.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл болох маргаан бүхий 20 тоот орон сууцны өмчлөгч Ш.Р нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч И.Дын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх хөдлөх эд хөрөнгө олж авах, хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийг тодорхойлсон Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1. 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг дүгнэж нэхэмжлэгч Ш.Рийн өмчлөх эрхийг үгүйсгэсэн нь хуулийг буруу тайлбарласан буюу хуулийн хэм хэмжээг өөрийнх нь агуулга, зохицуулалт, зорилгоос зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй атлаа иргэний процессын хууль баримталж материаллаг эрх зүйн субьектив шаардах эрхийг үгүйсгэж байгаа нь ноцтой алдаа гаргасан гэж үзнэ.

4.1.4. Иймд И.Дын хууль эзэмшлээс 20 тоот орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт өгнө үү.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааны талаар:

4.2.1. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ердийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх учиртай боловч шүүх мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах ёстой. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан нь улсын бүртгэлд суурилагддаг тул холбогдох үйл баримтуудыг талуудын тайлбарт үндэслэн тогтоох учиргүй. Гэтэл анхан шатны шүүх “Төмөр-Оргил” ХХК-ийн захирал Д.С нь 2014.05.13-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт тухайн байрны хэд хэдэн тоотуудад Ш.Рийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих бусдад шилжүүлэхийг хориглож урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх талаар хүсэлтийг Улсын бүртгэлийн газарт явуулсан байх ба Улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт нотлох баримт авагдаагүй” гэж дүгнэж байгаа нь алдаатай болжээ. Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох хүсэлтийг иргэн, хуулийн этгээд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийн дагуу төрийн байгууллага нь үйл ажиллагаагаа явуулах буюу бүртгэлийг хийх үүрэгтэй юм. Энэ баримтыг хэргийн оролцогчид гаргаж өгөөгүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй үүргийн хүрээнд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс хэргийн оролцогчоос асууж тодруулах ёстой байсан. Уг үйл баримт буюу хууль зүйн факт бодитоор тогтоогдсоноор нэхэмжлэгч Ш.Р нь улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн байсан нь тогтоогдож, улмаар хариуцагч И.Д нь гэрээний дагуу өмчлөх эрхээ олж авах боломжгүй гэдгээ мэдэх ёстой байсан нь нотлогдох учиртай. Шүүх хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй буюу эрх, үүргийг ёс төдий танилцуулж, гарын үсэг зуруулж байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Өөрөөр хэлбэл эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, танилцуулсныг тайлбарласан гэж ойлгохгүй гэдгийг шүүхийн дээрх дүгнэлт нотлон харуулж байна.

4.2.2. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулах байтал залруулаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч хэн болохыг тодорхойлсон, хариуцагчийн процессын эрхийг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

4.2.3. Иймд нэхэмжлэгч Ш.Рийн гаргасан нэхэмжлэлийг хяналтын шатны шүүх хуралдаанаас хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2022/00762 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ш.Р нь И.Дт холбогдуулан байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт 32,550,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...2012 оны 07 сарын үед Д.С ирж “...хөрөнгө оруулалт хийж өгөөч, байраа бариад хөрөнгө оруулсан хэмжээгээр байр өгөх буюу мөнгийг чинь буцаан өгнө” гэж мөнгө авсан. ...улмаар 2013.10.23-нд орон сууц захиалгын гэрээ байгуулж, Оргил Эко хотхон 15-8-1 байрны 4, 7, 12, 13, 20 тоот орон сууцыг миний нэр дээр бүртгүүлсэн. Гэтэл И.Д нь Д.Стай хуйвалдан 20 тоот байранд 2014 оноос амьдарч, одоо болохоор худалдаж авсан гэдэг, эдгээр хүмүүсийн хувийн тооцоо бидэнд хамааралгүй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч И.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...“Төмөрт-Оргил” ХХК-тай 2014.04.28-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Оргил Эко хотхон 15-8-1 байрны 20 тоотын 1 өрөө орон сууцыг худалдан авч, орон сууцны үнэд 46,700,000 төгрөгийг төлсөн гэж марган, ...орон сууцыг худалдан авсан тул уг байрны өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 7. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч Ш.Р, хариуцагч И.Д нарын хооронд ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчид, маргаан бүхий орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэх, түрээсийн төлбөр шаардах эрх үүсэхгүй, нэхэмжлэгч Ш.Р нь ...20 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан боловч орон сууцыг авах зорилгогүй, харин уг барилгад оруулсан хөрөнгө оруулалт буюу зээлсэн гэх 830,000,000 төгрөгийг буцаан авах хүсэл зоригтой байсан, ...хариуцагч И.Д нь “Төмөрт-Оргил” ХХК-иас тухайн орон сууцыг худалдан авч, үнээс 46,700,000 төгрөгийг төлж, 2014 оноос хойш уг орон сууцанд амьдарч байгаа нь тогтоогдсон тул түүнийг уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзсэн, эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, ...хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй учир өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтүүд хийж, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх ...хариуцагч И.Д нь нэхэмжлэгч Ш.Рийн эрх ашгийг зөрчөөгүй, ашиг сонирхолд нь хохирол учруулаагүй, тэдний хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй, харилцан үүрэг үүсээгүй, ...хууль буюу гэрээний үндсэн дээр тухайн байрны хууль ёсны эзэмшигч болсон. ...нэхэмжлэгч Ш. Р нь тухайн байрыг 2020.08.31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон, гэвч И.Д орон сууцыг 2014 оноос эзэмшилдээ авч, 8 жил амьдарсан байна. Маргааны үйл баримт болж байгаа 20 тоот байрны хууль ёсны эзэмшигч болон өмчлөгч нарын хоорондын маргаанд “Төмөр-Оргил” ХХК-ийн захирал Д.С гол буруутай этгээд бөгөөд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх боломжтой. ...И.Дыг хариуцагч биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. ...нэхэмжлэгч Ш.Р нь И.Даас түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй, И.Д нь тухайн байрны өмчлөгч болоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй... гэсэн дүгнэлтүүд хийж, шийдвэрт хууль хэрэглээний буюу “...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.,” гэсний дараа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар...” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулсан байна.

8. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022.07.01-ний өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Ш.Р нь “Төмөрт-Оргил” ХХК-ийн захирал Д.Стай 2013.10.23-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ, 2014.05.13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, 2020.08.27-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Оргил Эко хотхон, 15-8-1 байрны 20 тоотын 1 өрөө орон сууцны өмчлөгч болсон, харин хариуцагч И.Д нь “Төмөрт-Оргил” ХХК-тай 2014.04.28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус маргаан бүхий 20 тоотын 1 өрөө орон сууцыг худалдан авч, орон сууцны үнэд 46,700,000 төгрөгийг төлж хууль ёсны эзэмшигч болсон.

Өөрөөр хэлбэл, “Төмөрт-Оргил” ХХК-ийн захирал Д.С нь нэхэмжлэгч Ш.Р, хариуцагч И.Д нартай дээрх зээлийн, орон сууц захиалгын болон бусад гэрээнүүд байгуулж, зээлийг төлөх, орон сууцыг шилжүүлж өгөх, чөлөөлөх, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөх зэрэг үүргүүдийг хүлээсэн байхад шүүх Д.Сыг зөвхөн гэрчээр дуудаж мэдүүлэг авсан нь учир дутагдалтай, шүүх эдгээр гэрээний үүргийг хариуцвал зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, зохигчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.

10. Түүнчлэн, нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг түүний зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй, энэ талаар 2014 онд Улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэсэн тайлбар гарган маргасан, шүүх эрх бүхий байгууллагаас Оргил Эко хотхон, 15-8-1 байрны 20 тоотын 1 өрөө орон сууцны анхны бүртгэл хэзээ хийгдсэн, 2014 онд урьдчилсан тэмдэглэгээ хийх боломжтой эсэх, “Төмөрт-Оргил” ХХК-ийн захирал Д.С нь 2014.05.13-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт тухайн байрыг Ш.Рийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих, бусдад шилжүүлэхийг хориглож урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг хүргүүлсэн эсэх, хүсэлтийн дагуу бүртгэлийн байгууллага тэмдэглэгээ хийсэн эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.     

Иймд шүүх зохигчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 207/МА2022/00051 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.05.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД