| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 2409000000063 |
| Дугаар | 2024/ШЦТ/135 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/135
2024 02 05 2024/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхзул,
Шүүгдэгч В.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч В.З-т холбогдох эрүүгийн 2409000000063 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын баяжуулалтын инженер мэргэжилтэй, “Д Э м” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эх эгч дүүгийн хамт Хан-Уул дүүргийн .........................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, В.З, РД:............ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.З нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05-06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ............. тоотод хохирогч Ш.Нийг бичлэг хийсэн гэх шалтгаанаар түүний эзэмшлийн Айфоне 14 промакс загварын гар утсыг булаан авч газарт шидсэний улмаас гар утсыг нь эвдэн түүнд 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь эрүүгийн 2409000000063 дугаартай хэрэгт авагдсан
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, хохирогч Ш.Нийн өгсөн: "З Г-г хардсан шалтгаанаар Гэрэлчимэгийн уснээс зулгааж, газар луу дарж байхаар нь би очоод салгасан Г-г зодоод байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгье гээд залгах гэтэл утас дуудаж болохгүй байхаар нь симээ янзалж байгаад дуудлага өгсөн. Өөрийн Айфон 14 промакс маркийн гар утсыг би цагдаагаас буцаад дуудлага ирэх байх гээд гартаа бариад хүлээж байтал З намайг бичлэг хийгээд байна гэж ойлгоод гарнаас утсыг минь авч, шалан дээр савсан. ...Миний гар утасны дэлгэц болон арын шил үйрч, хагаран эвдэрсэн. Утас дахин ашиглах боломжгүй болчихсон." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ-02/8699 дугаартай “...Айфоне 14 промакс маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 3 500 000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/, яллагдагч В.Зын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч В.Знь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч В.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Нт 3 500 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогч Ш.Н эд хөрөнгийн хохирлоо бүрэн барагдуулан авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн гараар бичсэн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгч В.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч В.Знь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч В.Зт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч В.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч В.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч В.З-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Зыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Зт оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Знь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Знь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ