Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

  2024          02            05                                    2024/ШЦТ/139

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч М.Б,

Шүүгдэгч Ш.Э,

Шүүгдэгч А.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б, Ш.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309016672373 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ........ оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.Б,  ......... регистрийн дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, 1...... оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Ш.Э,  ................ регистрийн дугаартай.

 

3. Монгол Улсын иргэн, ....... оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Э........ регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б, Ш.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гурван замын уулзвар дээр ..-... УЕЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хохирогч Г.Этэй маргалдаж улмаар түүний биед халдан нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Э нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гурван замын уулзварын зам дээр хохирогч А.Эгийн биед халдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Энь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гурван замын уулзвар дээр хохирогч Ш.Эийн "Samsung galaxy Z Fold" rар утсыг булаан авч газар руу шидэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 3 517 600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309016672373 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Г.Эийн "... Би өөрийн эхнэр болон ээжийн хамт Тоёота сай маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 6-р сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан засмал замаар явж байтал машины урдуур хүн гарах шиг болоод ээж тоормос гишгээд хүн гаргасан. Тоёота кроун маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл сигнал өгөөд байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэл  хажуугаар гарахдаа бидэнд хандан "наад машинаа аваад зайлаач" гэж хэлээд явсан. Тэгээд урд явж байхдаа гэнэт тормос өгөөд эсхүл хажуугаар нь гарах гэхээр гаргахгүй байсан. Тэгэхээр нь манай ээж араас нь сигнал өгсөн, тэгээд Дамбадаржаагийн 3-н замын уулзвар дээр араас нь очиж зогсоод би машинаас буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн цонхоор жолоочид хандан "чи яагаад байгаа юм бэ" гэж хэлтэл "ална шүү" гэх мэтээр доромжилж эхэлсэн ба жолооч нь буугаад ирсэн. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн жолоочид хандан адилхан тээврийн хэрэгсэл жолоодож байж чи ер нь яаж яриад байгаа юм гэсэн чинь миний үүдэн шүд хэсэг рүү гарааpaa 2-ооc 3 удаа цохисон ба сүүлийн цохилтод би замын хажууд байсан хашлага даваад унасан юм. Ээж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба ээж гар утсаа бариад зогсож байхад тухайн тээврийн хэрэгслээс нэг эмэгтэйтэй бууж ирээд "чи яах гэж цагдаа дууддаг юм" гэж хэлээд ээжийн гартаа барьсан байсан гар утсыг аваад газар шидээд хагалсан асуудалд болсон. Миний үүдэн нэг шүд хөдөлж нэг паалан унасан гэмтэл учирсан ба би гомдолтой байна. Ээж намайг гадаа муудалцаад байж байхад машинаасаа бууж ирээд надад хандан "миний хүү хүн битгий зодоорой” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа чихэндээ хүргэх гэж байхад нь надтай муудалдаж зодсон хүний эхнэр нь гэх эмэгтэй бууж ирээд "чи яахаараа цагдаа дууддаг" юм гэж хэлээд гар утсыг нь булааж аваад засмал зам дээр шидээд эвдэлсэн.Тэгтэл миний ээж тэр эмэгтэйд хандан “ Чи яагаад миний утсыг шидэж байгаа юм" гэсэн чинь "наад сэг болсон утсыг чинь төлөөд өгнө. Хэдэн төгрөг юм..." гэж хэлээд хашхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч О.Нын "...ээж Э нь араас нь сигнал өгсөн чинь жолооч нь гараараа салаавч гаргаад байсан. Дамбадаржаагийн уулзвар дээр ирсэн тэгээд манай нөхөр Г-Энь тээврийн хэрэгслээсээ буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн талаар очсон чинь жолооч нь гарч ирээд манай нөхрийг гараараа цохиод авсан. Тэгтэл манай нөхөр замын хажуу талын хашлага даваад унасан тэгээд хадам ээж Э бууж ирээд манай нөхөрт хандан “миний хүү хүн битгий зодоорой" гэж хэлсэн хэлсэн. Г-Эч тэр хүнийг цохиж зодоогүй тэгээд хадам ээж машин руугаа гүйгээд цагдаа дуудна гээд машинаасаа гар утсаа аваад тухайн тээврийн хэрэгслийн ард утсаараа цагдаа дуудах гэж байсан чинь Кроун маркийн тээврийн хэрэгслээс нэг эмэгтэй бууж ирээд "хүний олон хүнээ барьдаггүй юм" гэж хэлээд хадам ээж Эийн нүүрэн хэсэгт нь гараараа 1- оос 2 удаа цохиод авсан ба ээж цагдаа дуудах гээд утсаа чихэн дээрээ барьсан байхад тухайн эмэгтэй ээжийн гар утсыг булааж аваад орилоод засмал зам руу шидсэн. Тэгэхээр нь би засмал зам дээр бутарсан байсан гар утсыг нь түүж аваад эргээд хартал тухайн эмэгтэй ээжийн үснээс зулгаасан байсан би очиж салгасан. Тэгээд ээжийн утас ажиллахгүй болсон болохоор би өөрийн 89......... дугаараас дуудлага өгсөн тэгээд цагдаагийн байгуулга дээр ирсэн. Тэгээд ирээд байж байтал тэр эмэгтэй болон кроун тээврийн хэрэгслийн жолооч нар гар утсыг чинь төлөөд өгчихнө гэх мэтээр доромжлоод байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №7508 дугаартай "Г.Эийн биед 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн хугарал, уруулд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 55/,

Хохирогч А.Эгийн: “...Би нөхөр хүүхдийн хамт 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт шинээр тавигдсан замаар ...-... УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад урд явж байсан цагаан өнгийн Сай маркийн тээврийн хэрэгсэл урагшаа явахгүй зам дээр зогсоод байсан. Тэгэхээр нь манай нөхөр сигнал өгөөд хажуугаар нь гарсан ба гарахдаа зайлаач дээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө тээврийн хэрэгсэл араас хажуугаар гарах гээд сигнал дараад байсан тэгээд Дамбадаржаагийн 3-н замын уулзвар гэрэл дохио дээр ирээд зогстол тухайн тээврийн хэрэгслээс нэг хүн бууж ирээд цонхоор гараа оруулаад манай нөхрийг заамдаад авсан. Тэгтэл манай нөхөр машинаасаа буугаад тэр хүнтэй заамдалцаад байсан, би салгах гээд машинаасаа буугаад, очоод салгах гэж байгаад санамсаргүй байдлаар гараараа тухайн манай нөхөртэй заамдалцаж байсан хүнтэй хамт явж байсан буюу араас сигналдаад байсан тээврийн хэрэгслийн жолооч гэх эмэгтэй хүний хацар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл тухайн эмэгтэй "гартаа утас барьсан байж байгаад миний зүүн нүд, хөмсөг хэсэг рүү нэг удаа цохисон" тэгээд дараа нь өөрөө гар утсаа над руу шидэж миний "уруулыг" цохисон. Тэгээд гар утас нь газар унасан. Тэгтэл дахин нэг эмэгтэй гарч ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд удалгүй салаад Цагдаагийн байгууллага дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч М.Бийн: "...Дамбадаржаагийн гэрлэн тохиотой уулзвар дээр ирээд зогссон чинь, тухайн машинаас жолоочийн эсрэг талаас эрэгтэй хүн бууж ирээд, цонхоор гараа оруулж ирээд намайг заамдаад авсан. Тэгтэл араас нь жолооч гэх эмэгтэй бууж ирсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнтэй маргалдаад муудалцсан, тэр үед манай эхнэр машинаас бууж ирээд намайг салгах гэж байгаад санамсаргүй байдлаар жолооч гэх эмэгтэйг гараараа цээж толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд намайг заамдаад байж байсан эрэгтэй толгойгоороо миний хамар хэсэг рүү мөргөөд гараараа 2 удаа цохисон, харин би тэр залуугийн нүүрэн хэсэг рүү гараараа 1 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр эрэгтэйгийн амнаас цус гарсан. Мөн миний амнаас цус гарсан. Тэгээд заамдалцаад зогсож байхад тухайн машинаас мөн нэг эмэгтэй бууж ирээд манай эхнэр руу дайрсан ба жолооч гэх эмэгтэй гар утсаа барьсан гараараа манай эхнэрийн зүүн нүд рүү 1 удаа цохисон ба араас нь гар утсаа нүүрэн хэсэг хүү нь шидэж уруулыг нь цохисон." гэх мэдүүлэг. /хх-ийн 37/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №7341 дугаартай "А.Эгийн биед дух, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,

Хохирогч Ш.Эийн: “...Би өөрийн эзэмшлийн 55-34 УНЯ дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Г.Э, бэр Н нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны зүүн талаар шинэ засмал замаар явж байхад араас ирж байсан хар өнгийн ..-... УЕЕ улсын дугаартай Кроун маркийн тээврийн хэрэгсэл сигналдаад байсан, тэгээд хажуугаар гарахдаа "Зайлаач пизда минь" гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд цааш явж байгаад тухайн тээврийн хэрэгслийн араас нь сигнал дарсан юм. Тэгээд Дамбадаржаагийн 3-н замын уулзар дээр ирэхэд манай хүү машинаас буугаад тухайн машин дээр очоод жолооч талын хаалгаар нь уулзсан. Тэгтэл тухайн машины жолооч нь миний хүүг мөргөөд цохих шиг болсон. Тэгтэл миний хүү замын хажуу талын хашлага даваад унасан. Тэгээд миний хүү босож ирэхэд ам болон шүднээс цус гарсан байдалтай байсан. Хүүдээ хандан “миний хүү хүн битгий зодоорой" гэж хэлээд машинаасаа гар утсаа аваад Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гээд байж байхад тухайн кроун маркийн тээврийн хэрэгслээс нэг эсэгтэй бууж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гар утсаа барьсан гараараа тэр эмэгтэйгийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл тэр эмэгтэй гар утсыг булааж аваад зам руу шидсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйгээс "чи яагаад миний гар утсыг эвдэж байгаа юм бэ" гэсэн чинь "хохь чинь, чиний сэгийг эвдэхээр яадаг юм" гэж хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ Цагдаагийн байгууллага дээр ирцгээсэн. Би гар утсаа 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сайн электроникс дэлгүүрээс 8 999 000 төгрөгөөр буюу лизингээр урьдчилгаагүйгээр авсан ба сард 390 000 төгрөг төлдөг.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Хохирогч Г.Эийн "Тэр үед ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба ээж гар утсаа бариад зогсож байхад тухайн тээврийн хэрэгслээс нэг эмэгтэй бууц ирээд "чи яах гэж цагдаа дууддаг юм" гэж хэлээд ээжийн гартаа барьсан байсан гар утсыг аваад газар шидээд хагалсан асуудалд болсон. Миний үүдэн нэг шүд хөдөлж нэг паалан унасан гэмтэл учирсан ба би гомдолтой байна. Тиймээ би харсан ээж намайг гадаа муудалдаад байж байхад машинаасаа бууж ирээд надад хандан "миний хүү хүн битгий зодоорой гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд цагдаа дуулаа гэж хэлээд гар утсаа чихэндээ хүргэх гэж байхад нь надтай муудалдаж зодсон хүний эхнэр нь гэх эмэгтэй бууж ирээд "чи яахаараа цагдаа дууддаг" юм гэж хэлээд гар утсыг нь булааж аваад засмал зам дээр шидээд эвдэлсэн тэгтэл миний ээж тэр мэгтэйд хандан "чи яагаад миний утсыг шидэж байгаа юм" гэсэн чинь "наад сэг болсон утсыг чинь төлөөд өгнө хэдэн төгрөг юм" гэж хэлээд хашхираад байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

"Д" ХХК-ийн "Samsung galaxy Z Fold" гар утасны эвдрэл 3 517 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 83-87/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч М.Бийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Этэй маргалдаж улмаар түүний биед халдан нүүрэн тус газарт гараараа цохиж  эрүүл мэндэд нь "1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн хугарал, уруулд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл,

Шүүгдэгч Ш.Эийн 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.Эгийн биед халдан нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь "дух, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч А.Эгийн  2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Эийн "Samsung galaxy Z Fold" rар утсыг булаан авч газар руу шидэж гэмтээн  3 517 600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх  гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б, Ш.Э нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Эийн эрүүл мэндэд 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн хугарал, уруулд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүдээ өөрийн зардлаар эмчилсэн талаар мэдүүлсэн байх тул хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 Шүүгдэгч Ш.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Эгийн эрүүл мэндэд дух, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Ш.Эийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эийн Samsung galaxy Z Fold" rар утсыг булаан авч газар руу шидэж хагалсаны улмаас 3 517 600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид дансаар 2 700 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч А.Эг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч М.Бид Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Эт Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргав.   

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.Б нь ..... оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ........................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 164/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 166-172/,

Шүүгдэгч А.Энь ...... оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ..................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 191/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 192-198/ зэрэг авагджээ.

Шүүгдэгч Ш.Э нь 1...... оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 127, 137-140/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан талаархи тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. 

 

Шүүгдэгч М.Б, А.Энар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч М.Б, А.Энарыг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Эийг бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.  

 

 Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б, Ш.Э, А.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

                                                                                                    

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ш.Эт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Эд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг тус тус гурван сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баасандорж, Ш.Э, А.Энар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Баасандорж, Ш.Э, А.Энар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

6.Хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Ш.Э, А.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ