Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

39,531,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******, өмгөөлөгч Г.Э*******, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч Т.У- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээнүүд байгуулсан. Эхний гэрээ 2006/0304 гэсэн дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “А” ХХК-ийн барьж буй орон сууцны Б блокийн 1 дүгээр орцын 5 давхрын А тоотод байрлалтай 42.4 м.кв 2 өрөө орон сууцыг 20,980,000 төгрөгөөр, нөгөө гэрээ нь 2007/0310 гэсэн дугаартай мөн уг компанийн барьж буй орон сууцны 10 давхрын А тоотод байрлалтай 42.4 м.кв орон сууцны зориулалттай сууцыг 24,964,000 төгрөгөөр захиалан бариулах 2 гэрээг байгуулсан. Захиалагчийн зүгээс уг 2 гэрээний урьдчилгаанд нийтдээ 39,531,730 төгрөгийг шилжүүлсэн. Ажил гүйцэтгэгч компани гэрээгээр тогтоосон хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй. Иймээс захиалагч талаас гэрээг цуцлах саналыг гаргасан. Гэрээг талууд 2020 оны 8 дугаар сард цуцалсан. “А” ХХК-ийн зүгээс урьдчилгаанд шилжүүлсэн 39,531,730 төгрөгийг 7 хоногийн дараа шилжүүлнэ гэсэн боловч тогтоосон хугацаанд шилжүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “А” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.У-ы гаргасан нэхэмжлэлийг танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Захиалагч тал байр захиалгын гэрээ дуусаагүй байхад гэрээгээ цуцлах тохиолдолд хэрхэх талаар Б.У-тай хийгдсэн байр захиалгын гэрээний 4.7 болон 6.1-д заасан заалтуудад дурдсан. Захиалагч Б.У-гийн хувьд гэрээнд заасан дагуу захиалгын гэрээгээ цуцлах эрх нь нээлттэй  бөгөөд гэрээнд заасны дагуу байр захиалгын гэрээг цуцалж акт үйлдэж мөнгөө буцааж авар эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч захиалгын гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээ цуцлах акт үйлдэлгүйгээр шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнд урьдчилан төлсөн 39,531,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч “А” ХХК нь талуудын хооронд байгуулсан орон сууцны гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төлөгдсөн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

  1. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны талаар:

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 09 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан баримт №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн 22-25 дугаар тал/

            Шүүхээс иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15.30 цагт  товлон зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 10 дугаар сарын 21-ний өдрийн 16.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 Иргэний хэрэг хянан хэлэлцэх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г******* хэргийн материалтай танилцах, нотлох баримт цуглуулах хугацаа олгох хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16.30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Монгол улсад Covid19 цар тахал дотооддоо тархсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой байдлын комиссын 12  дугаар тогтоол, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 01/1163 дугаар зөвлөмжийн дагуу Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, хурал, цуглаан хийх боломжгүй болсон тул иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/21538 дугаар захирамжаар жич товлон хуралдааны товыг өөрчилсөн  болно.

Шүүх тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00  минутад товлон зарлаж хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, өмгөөлөгч Ш.Г******* нарт Монгол шуудангаар хүргүүлэхэд, төлөөлөгч хүлээн авсан, өмгөөлөгч надад утсаар мэдэгдсэн би хүлээн авах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн нь шуудан хүргэгчийн тэмдэглэлээр тогтоогдов.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2020 оны 12 дугаар 03-ны өдөр Нийслэлийн онцгой комисст илгээсэн өмгөөлөгчдийн замын хөдөлгөөнд зорчих тусгай зөвшөөрөл-QR код олгохыг хүссэн хүсэлтийг хүлээн авч, нэр бүхий 15 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй, үүргээ гүйцэтгэхтэй холбоотой тусгай зөвшөөрөлтэй авто машинтайгаар замын хөдөлгөөнд  оролцохоор зохицуулсан.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г******* нь шүүх хуралдаанд QR кодгүй гэх үндэслэлээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд цахим хэлбэрээр хувийн шалтгаанаар оролцох боломжгүй гэх тайлбарыг гаргасан нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагджээ. Өмгөөлөгчийг шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэв.

  1. 39,531,730 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч “А” ХХК-тай харилцан  тохиролцож 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред вилл аппартмент цогцолбор хотхоны Б блокийн 1 дүгээр орц 10 давхарт А тоот  орон сууцны зориулалттай 42.4 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 1 м.кв 990,000 төгрөгт тооцон нийт 41,976,000 төгрөг, тус хотхоны Б блокийн 1 дүгээр орц, 4 давхар А тоот орон сууцны зориулалттай 42.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв 990,000 төгрөгт тооцон нийт 41,976,000 төгрөгийг төлөхөөр Орон сууц захиалгын №20070310, 20060304 дугаартай гэрээ-г тус тус байгуулжээ./7-16 дугаар тал/

Орон сууц захиалгын гэрээний үүрэгт нэхэмжлэгч Б.У- хариуцагч “А” ХХК-ийн Хаан банкны 000000000000 дансанд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 38,000,000 төгрөг, 5 дугаар сарын 10-ны өдөр 1,531,000 төгрөг, нийт 39,531,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн талаар талууд маргаагүй./хх-ийн 5-6 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг..........2021 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид өгнө гэж хариуцагч гэрээгээр үүрэг хүлээжээ.

Хариуцагч барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга баригдахгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч "хариуцагч “А” ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзахад манай компанийн захирал сонгуульд нэр дэвшиж байгаа тул удахгүй барилгын ажлыг эхлүүлнэ гэсээр 8 сар болоход ажил ерөөсөө эхлээгүй болохоор нэхэмжлэгч шүүхэд хандсан" гэж тайлбарласан.

Зохигчдын хороонд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний

- 2 дугаар зүйлийн 2.1-д Орон сууцны 1.м.кв 990,000 төгрөг буюу нийт 41,976,000 төгрөг болно. Энэхүү үнийн дүнд НӨАТ багтсан;

- 2 дугаар зүйлийн 2-т Тухайн захиалагч гэрээ байгуулахад урьдчилгаанд 17,012,000 төгрөг төлсөн болно.”;

- 2 дугаар зүйлийн 2.3-т Захиалагч  орон сууцны төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 823,133 төгрөгийг нийт 24,964,000 төгрөгийг хуваарийн дагуу төлнө гэж  тохиролцжээ.   

Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байна. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 Хариуцагч барилгын ажлыг эхлүүлээгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй  тул орон сууцны захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төлөгдсөн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй. гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул гэрээний үүрэгт төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулж олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч “А” ХХК-иас орон сууц захиалгын гэрээний үүрэгт 39,531,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн баримтыг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “А” ХХК/рд:/-иас 39,531,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 730 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 355,605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00535 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ