Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

2024        02        14                                  2024/ШЦТ/158

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Б.Ө, Х.Н,

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч О.С,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч М.Б,

Шүүгдэгч О.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.И, О.О, О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000000608 дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .... оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-нд менежер ажилтай,  ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ....................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.И,  ..... регистрийн дугаартай.

2. Монгол Улсын иргэн, ..... оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ю мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянгол дүүргийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Д,  ......... регистрийн дугаартай.

3. Монгол Улсын иргэн, ........ оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С их сургуулийн хувцас дизайны ангийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.Э, .................... регистрийн дугаартай.

4. Монгол Улсын иргэн, ....... оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ............ настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 2 дүү, 1 ой 3 сартай хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн .............................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.О, ............... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.И, О.Э, О.Онар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.И, О.О, Ч.Д, О.Э нар нь бүлэглэн "санхүү авна" гэсэн хуурамч зар оруулж зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тд зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" зочид буудалд 500 000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Х” банкны 54........ дугаарын дансаар шилжүүлэн авсан,

улмаар яллагдагч Ч.Д нь хохирогч Э.Тг мөнгөө нэхэн маргалдахад түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.И, О.О, О.Э нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд фейсбүүк цахим хэрэгсэлд "санхүү авна” гэсэн хуурамч зар оруулаад зарын дагуу холбогдсон хүмүүсийг залилах талаар урьдчилан үгсэн тохиролцож байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нт зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 140 000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Х” банкны 54.............. дугаарын дансаар шилжүүлэн авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2209000000608  дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Э.Тий өгсөн: "Алтай хотхоны замын эсрэг талын автобусны буудал дээр зогсоод Г гар утсаараа санхүү авна гэсэн зараар холбогдоод чат бичиж 80............. дугаарыг аваад яриад дуудсан. Тэгээд хүлээгээд сууж байтал танихгүй охин орж ирээд суусан. Тэгээд бид хэд хөдлөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "С" гээд буудалд очоод 2 өрөө аваад орсон. Тэгтэл төлбөрөө хийчих гэсэн. Тэгээд би өөрийн Г банкны 33..............данснаас 200 000 төгрөг мөн 300 000 төгрөгөөр нийт 500 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хэд бөөндөө нэг өрөөнд юм яриад байж байтал гаднаас гэнэт хоёр залуу орж ирээд нэг залуу нь хутга гаргаад энэ манай найз охин гэж хэлээд хардаад над руу хутгаараа чичээд ална шүү гээд хэл амаар доромжлоод байсан...Тэгснээ нөгөө хоёр охиныг явъя гэж хэлээд авч гараад автомашин руугаа суулгасан. Тэгэхээр нь би араас нь гараад нөгөө хоёр охинтой уулзаад би мөнгөө буцаагаад авъя тэгээд салъя гэж хэлсэн. ...Тэгтэл хутга гаргаад байсан залуу намайг ийшээ явъя гээд автомашинаас холдуулаад буудлын үүд хэсэг рүү явж байснаа намайг түлхээд автомашин руугаа яваарай гээд гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гүйгээд жолоочийн өвөр дээр нь гараад давхарлаад суусан. Тэгээд би мөнгөө авчихмаар байна гэтэл намайг хэл амаар доромжлоод над руу дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн автомашины түлхүүрийг нь сугалж аваад халаасандаа хийсэн. Тэгтэл нөгөө залуу бууж ирээд намайг барьж аваад буулгаад нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би манараад байж байтал намайг өргөөд зам дээр саваад байсан. Тэгээд би манарч байгаад босоод чи одоо боль хоёулаа ярилцъя чи намайг зодоод байвал шоронд оровоо гэж хэлсэн...Тэгээд хамтдаа явж байгаад би хүнтэй яриад мөнгийг чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгээд шилжүүлчихлээ гээд 500 000 төгрөг гүйлгээ амжилттай гэсэн зураг харуулсан. Тэгэхээр нь за одоо автомашин дээр хүргээд өгчих гэтэл за гээд бид хоёрыг хүргэж өгөөд яваад өгсөн...Тэгээд дансаа шалгаад үзэхэд 54............ дугаартай данснаас 1 төгрөг шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Хохирогч Б.Нын өгсөн "...Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө буудалд найз нартайгаа ууж байгаад гараад ганцаараа явж байгаад санхүү авна гэх зар харсан. Тэгээд дугаараа бол одоо санахгүй байна нэг дугаараар холбогдоод нэг охин ирээд надтай уулзаад эхлээд мөнгөө хийчих гэсэн. Тэгэхээр нь би дансыг нь асуугаад 140 000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл тухайн охин би хүний гар утас аваад хүрээд ирсэн байна гараад өгчхөөд ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй залилаад явсан байсан. Би тухайн хүний 54.......... дугаартай Ихмянган гэх хүний данс руу өөрийн 59.............. дугаартай данснаас 140 000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/,

Гэрч Э.Гын өгсөн: "...Тухайн өдөр би өөрийн найз Ттэй уулзаж хамт байж байгаад охидтой уулзахаар болж би Фейсбүүкээс санхүү авна гэх зарын дагуу 80........дугаартай утсаар залгахад үл таних охин авсан ба би Алтай хотхоны ойролцоо миний "Х" маркийн ...-... УБГ улсын дугаартай машинд уулзахаар цаг болзсон. Удалгүй үл таних охин машинд сууж "-хаашаа явах уу, би хоногийн нэг хүний 300 000 төгрөг" гэж хэлсэн ба бид хоёр зөвшөөрч тэр охин өөрийн найзыг дагуулж машинд суугаад бид дөрөв Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах  “С” зочид буудалд ирж өрөө авсан. Тэгтэл тэр өрөө таалагдаагүй тул өрөө авч бид дөрөв тэр өрөөндөө орж суугаад дуудлагын пиво захиалж,  Т хоёр охины 300 000 төгрөг, араас нь дахиад 200 000 төгрөгийг шилжүүлээд би Т гэдэг шар үстэй охинд "-би эхнэр хүүхэдтэй, надад унтаж хэвтээд явах хүсэл алга, зүгээр юм ярья, чи яагаад ингэж явж байгаа юм бэ" гэж асуутал "-би өөрөө хөдөө амьдардаг. Байр түрээслэх мөнгөгүй болоод ингэж байгаа юм" гэж надад хэлсэн. Удалгүй хаалга тогшиж би хаалгыг онгойлготол махлаг жоохон бололтой залуу орж ирээд “сая манай найз охин энэ өрөө рүү орсон уу" гэж хэлээд Тг харснаа "манай найз охин байна” гэж хэлээд халааснаасаа хутга гаргаж ирээд Т рүү дайраад байхаар нь би "чи болио, угаасаа танай найз охин гэж яаж мэддэг юм" гэж хэлсэн тэр залуутай хамт ах нь гээд туранхай залуу зогсож байснаа "манай дүү сая намайг сэрээгээд найз охин гараад явчихлаа" гэж хэлээд надтай цуг энд ирлээ гэж хэлсэн. Удалгүй байдал намжиж би буудлаас гарахаар болж буудлын өрөөг хүлээлгэж өгөхөөр хүнтэй нь уулзаад байж байтал гадна талд хүн орилох чимээ гарсан ба би буудлаас гараад хартал манай найзыг хутга гаргасан махлаг залуу заамдаад газарт савж байсан, би очоод найзыгаа салгаж аваад “юу болж байгаа юм бэ?” гэж асуутал манай найз “эд нар мөнгөө өгөхгүй зугтах гэж байхаар нь түлхүүрийг нь автал намайг зодсон”  гэж хэлсэн. Тэгэхээр нь Т бид хоёр тухайн залуучуудын "Тоёота Приүс” машинд нь хамт суугаад мөнгөө гаргуулж авахаар хамт явж байтал хутга барьдаг залуугийн ах гэх залуу нь за та нарын мөнгийг хийчихлээ гэж хэлээд бүрсийсэн гүйлгээний утга харуулахаар нь бид хоёр итгээд тэд нараас салж машинаас нь бууж үлдээд явах гэтэл Тий хөл нь өвдөөд явж чадахгүй болчихсон байсан тул бид хоёр Цагдаагийн байгууллагад хандсан. Бага зэрэг уусан байсан бөгөөд бид хоёр биеэ хянах бүрэн чадвартай байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Яллагдагч О.Эий өгсөн: "...бид хэд уулзаад явж байтал Д хуурамч хаягаас санхүү авна гээд зар оруулсан. Тэгээд 80.... гээд дугаарыг тавьсан байсан бөгөөд Т зарын дагуу холбогдсон хүмүүстэй яриад яваад байсан. Тэгээд гадуур явж байгаад шөнө 05 цагийн орчим "А" хотхоны замын эсрэг талд хүнтэй уулзахаар болоод бид хэд очтол автобусны буудал дээр нэг автомашин зогсож байсан. Тэгээд Т буугаад уулзана гээд ганцаараа орсон. Тэгээд удалгүй буцаж ирээд намайг бууя гээд бид хоёр хамт урд талын автомашинд суусан. Тэгтэл тухайн автомашинд хоёр залуу байсан бөгөөд бид хэд хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо "С" буудал орсон. Тэгээд хоёр өрөө аваад дээшээ ороод нэг өрөөндөө бөөнөөрөө байж байсан. Тэгээд тухайн хүмүүсээс Мгийн дансанд 500 000 төгрөгийг шилжүүлж авсан. ...Би ихэнх тохиолдолд Ихмянган нартай хамт явахдаа унтаад явдаг бөгөөд ганцаараа буудал руу орж мөнгө авч байсан. Хохирогч нарын нэрийг тэр болгон мэддэггүй бөгөөд Отой утсаар ярьж хүнтэй тохирсны дараа Отай орох уу эсвэл би ганцаараа орох уу гэдгээ ярилцаж байгаад шийдэж буудал руу орж мөнгөө шилжүүлчихээд гарч ирдэг. Хэн нь хэдэн төгрөг авахаа ярьж тохирдоггүй. Тухайн үеийн байдлаасаа болж бүгдээрээ хэрэгтэй зүйлсээ авч идээд дуусдаг. Хоол авч идэх, нэгж авах зэрэгт зарцуулаад дуусгасан. ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103, 214-215/,

Яллагдагч Ч.Д-ийн өгсөн: "...Тэгээд 05 цагийн орчим А хотхоны замын эсрэг талын автобусны буудал дээр хүнтэй уулзахаар болсон. Тэгээд бид хэд очоод зогсоход урд талд нэг саарал "Х" машинтай хүн байсан. Тэгээд Т буугаад уулзсан. Тэгээд буцаж ирээд Эг аваад явсан. Тэгээд М бид хоёр дагаад явж байтал "С" нэртэй буудал руу орсон. Тэгээд 5 минутын дараа Мгийн данс руу 500 000 төгрөг орсон. Тэгтэл манай хоёр охин ороод ир гээд дуудсан. Тэгээд бид хоёр араас нь тухайн буудал руу орсон. Тэгээд би 206 дугаартай өрөөний хаалгыг тогшоод найз охиноо авъя гээд орсон...Тэгээд явуулахгүй мөнгөө өг гээд машины түлхүүр авсан...Тэгээд АТМ-ын гадаа очоод М буугаад явсан. Тэгтэл тухайн хүний данс руу 1 төгрөг шилжүүлээд гүйлгээ амжилттай 500 000 төгрөг гэж засаад нөгөө хүмүүст харуулсан. Тэгтэл нөгөө хоёр залуу итгээд буудал дээрээ очоод бууя гэсэн тэгээд тэр хоёрыг буулгаад бид хэд гэртээ хүргүүлсэн. ...И-ы машины урд талын суудал дээр орж ирж суугаад машиных нь түлхүүрийг хохирогч булааж авсан бөгөөд би түлхүүрийг нь авах гэтэл өгөхгүй байсан тул би хохирогчийг өргөж авч явган хүний зам руу 2 удаа шидсэн, дараа нь нүүр рүү нь нэг удаа цохисон." гэх мэдүүлэг /хх-ийн 111-112, 212/,

Яллагдагч Б.Иы өгсөн: "...тэгээд 05 цагийн орчим алтай хотхоны замын эсрэг талын автобусны буудал дээр хүнтэй уулзахаар болсон. Тэгээд тэнд очиход "Х" маркийн автомашин байсан. Тэгээд Т ганцаараа бууж очоод уулзаад буцаж орж ирээд Эг хамт бууя гээд дагуулаад урд талын автомашинд суугаад хөдлөөд явсан. Тэгээд над руу байгаа газрынхаа хаягийг байршлын хамт явуулсан. Тэгээд бид хоёр араас нь "С" гээд буудлын гадаа очиход Т 2 давхарт 2 өрөө авсан байна гээд миний данс руу 500 000 төгрөг орж ирсэн...Би 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдөрт шилжих шөнө найз ОТ, Э нарын хамт явж байгаад ОТ зар оруулаад утсаар яриад яваад байсан. Тэр хоёрын хэн нь хүнтэй уулзсан талаар мэдэхгүй санахгүй байна ямар ч байсан миний данс руу 140 000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн. Бид хэд хамтдаа явж байгаад бензин тос хийгээд юм авч идсэн яг юунд хэдэн төгрөгөөр зарцуулсан талаараа бол сайн санахгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 120-121, 156/,

Яллагдагч О.Огийн өгсөн: “...бид хэд хөдлөөд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" нэртэй буудал ороод 2 өрөө авсан. Тэгээд бөөндөө 1 өрөөнд байж байгаад Мгийн нэртэй "Х” банкны данс руу 300 000, 200 000 нийт 500 000 төгрөг хийлгүүлсэн...Тэгтэл араас нь нөгөө залуу нь гүйж ирээд жолоочийн урд талд суугаад мөнгөө өг гээд машины түлхүүрийг сугалаад явсан. Тэгтэл М мөнгийг нь шилжүүлчихье гээд дансыг нь аваад машинаасаа буугаад зогсож байгаад орж ирсэн. Тэгэхдээ гүйлгээ амжилттай 500 000 төгрөг гэх утгатай баримтын зураг харуулсан. Тэгтэл тухайн хоёр залуу машин дээр хүргүүлнэ гээд буугаад үлдсэн. Тэгээд хөдлөөд явж байхдаа М тухайн хүний данс руу 1 төгрөг хийсэн. Тэгээд янзлаад 500 000 төгрөг хийсэн гээд харуулсан гэдгээ хэлсэн...тухайн хэрэг болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байсан учир зарим зүйлийг санахгүй андуурч байна. Төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 127-128, 210/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Э.Тий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогджээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хоёр өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /хх-ийн 186-188/,

хохирогч Э.Тий "Г” банкны 3......дугаартай дансны хуулга /хх-ийн 59/,

яллагдагч Б. Иы эзэмшлийн “Х” банкны 542..... дугаартай дансны хуулга /хх-ийн 91-92/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 182-184/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдах зодох, цохих, тарчлаах, бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах замаар хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болгож буй Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэнэ.

Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал хуульд заасан хор уршиг учирч байж төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй.

Гэмтлийн хүндэвтэр зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарна. Шүүгдэгч өөрийн хууль бус үйлдлээр хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж буйгаа ухамсарлахын хамт тийм гэмтэл учрах боломжтойг болон зайлшгүйг урьдчилан мэдсэн хэр нь хүсээгүй боловч зориуд хүргэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Д нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Э.Тг мөнгөө нэхэн маргалдахад түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Эдийн засгийн гэмт хэрэг нь эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах аж ахуй бизнесийн ажиллагаа эрхлэх, хөтлөн явуулах иргэдийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан, гэм буруутай үйлдэл, эс үлдэхүйн цогц бүрдэл.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд "Хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар хураан авч болохгүй." гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд дээрх залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй.

 

Шүүгдэгч Б.И, Ч.Д, О.О, О.Э нарын "санхүү авна" гэсэн хуурамч зар оруулж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Э.Тд зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" зочид буудалд 500 000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Х” банкны 54............. дугаарын дансаар шилжүүлэн авч, 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.И, О.О, О.Э нарын 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд зарын дагуу холбогдсон хохирогч Б.Нт зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 140 000 төгрөгийг Б.Иы эзэмшлийн "Х” банкны 54............. дугаарын дансаар шилжүүлэн авч 140 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах”  гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.И, О.Э, О.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Д-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Тгийн эрүүл мэндэд "Хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн шуу ясны хугарал, баруун өвдөг, тойгны шөрмөсний суналт, баруун, зүүн өвдөгт зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ч.Дэс 3 120 000 төгрөг дансаар хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар гараар бичсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хохирогч Э.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.И, Ч.Д, О.О, О.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Тд 500 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.И, О.О, О.Э нараас тус бүр 125 000 төгрөг гаргуулж хохирогч Э.Тд,

Шүүгдэгч Б.И, О.О, О.Э нарын гэм буруутай үйлдлийн улмаас Б.Нт 140 000 төгрөгийн хохирол учирсан байх шүүгдэгч нараас тус бүр 47 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд,

гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.И, О.О, О.Э нар нь хохирогч Б.Нын хохирлыг, шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э  нар нь хохирогч Э.Тгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болно.

 

Шүүгдэгч О.Огаас 125 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.Тд баримтгүйгээр 3 120 000 төгрөг нөхөн төлсөн байх тул хохирогч Э.Тд учирсан 500 000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчид ногдох хэсгээс хохирогч Э.Тд төлсөнд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож, 40 хоногийн хорих ялаар дүйцүүлэн нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 9 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийг тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

шүүгдэгч Ч.Д-ийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол хор уршгийг арилгах зорилгоор хохирол нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах журмыг хэрэглэх.  Түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ” гэх,

шүүгдэгч Б.Иы өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  нь 4 төрлийн санцтай. И урьд нь ял шийтгэгдэж байгаагүй. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хохирол тал гомдол саналгүй. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгуулын ял оногдуулж өгнө үү.” гэх, 

шүүгдэгч О.Эгийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед 16 нас 10 сартай байсан. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. 3 настай байхдаа Солонгос улс руу явж 15 настайдаа ирсэн. Оюутан тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.И нь ...... оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-нд менежер ажилтай,  ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 133/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 167-171/,

Шүүгдэгч Ч.Д нь .... оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ю мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянгол дүүргийн ......................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 135/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 173/,

Шүүгдэгч О.Э нь ...... оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, С их сургуулийн хувцас дизайны ангийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ......................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 136/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 179-180/,

Шүүгдэгч О.Онь эмэгтэй, .... оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн М суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, 2 дүү, 1 ой 3 сартай хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 134/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 174-178/ зэрэг авагджээ.

 

Улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг аль алиныг нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй,  

            шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Иыг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Шүүгдэгч Ч.Д-ийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч О.Эг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч О.Ог гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр,

шүүгдэгч О.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг  эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр,  

шүүгдэгч О.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг  эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр тус тус тогтоож,  

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1 жил хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2209000000608 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, Б.И, О.Э, Ч.Д нар нь  бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Ч.Д, О.Э, О.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.   

 

            Шүүгдэгч Ч.Дд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийдвэрийг Монгол улсын Хил хамгаалах газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.И, О.Э, О.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч Ч.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч О.Ог 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/  жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр,

шүүгдэгч О.Эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр,

шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарын хязгаарлалтын бүсээс гарахыг тус тус хориглосугай.   

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д, О.Э, О.Онар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

7.Шүүгдэгч Ч.Д, О.Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч О.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тус тус даалгасугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Огаас 125 000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж, Хан-Уул дүүргийн ....................... тоотод оршин суух хохирогч Б.Н /РД:............/-т олгосугай.

 

9.Хохирогч Э.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

            10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э, О.Онар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.И, Ч.Д, О.Э  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            11.Шүүгдэгч Ч.Дд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийдвэрийг Монгол улсын Хил хамгаалах газарт хүргүүлсүгэй.

 

            12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д, О.Э, О.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Дд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.БАТЖАРГАЛ