Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Г

Хариуцагч: “Н х, С о” ХХК холбогдох

24,495,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын       17-ны өдөр хүлээн авч цахимаар хянан хэлэлцэв.

Цахим шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, хариуцагч бөгөөд хариуцагч “Н х, с о” ХХК--ийн төлөөлөгч Д.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Т- нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Н х, с о” ХХК-, Д.Г- нартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Баянзүрх дүүрэгт баригдах ******** тоот, 37.87 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Н х, с о” ХХК--ийн данс руу 20,824,450 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулна гэсэн боловч одоог хүртэл барилга ашиглалтад ороогүй. Барилгын ажил зогсчихсон байгаа. Иймд гэрээнээс татгалзаж мөнгөө авъя гэж хариуцагч талд хэлэхэд, эхэндээ өгнө гэж байгаад сүүлдээ алга болсон. Урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ цалингийн зээл авсан. Цалингийн зээлийн хүүг нэмж шаардаж байна. Хариуцагчид төлсөн үндсэн төлбөр болох 20,823,450 төгрөг, алданги 759,000 нийт 24,495,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүхэд, шүүх  хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх гэрээ хийхдээ та цалингийн зээл авч байрны урьдчилгааг хийж болно гэж санал тавиагүй. Сайн дурын үндсэн дээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хэрвээ цалингийн зээлээр урьдчилгаа хийсэн бол “Н х, с о” ХХК-, барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд цалингийн зээлийн хүүг хариуцна гэсэн заалт гэрээнд байхгүй. Барилга баригдаагүй нь биднээс үл хамаарах асуудлаас болсон. 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингис хаан банкны зүгээс дур мэдэн хуурамч баримт үйлдэн барилга барих санхүүжилтийн 1.9 тэрбум төгрөгийг шамшигдуулсан. Уг хэрэгтэй холбоотой асуудал Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байсан. Одоо харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Манай компанийн буруутай үйлдлээс биш гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс болж барилга баригдаагүй учраас цалингийн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай захиалагчид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрүүдийг дараалан хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу үндсэн захиалгын гэрээний дүн болох 20,823,500 төгрөгийг графикт оруулан 2021 оны 8 дугаар сараас төлөх хүсэлтэй байна. Бидний байгаа байдлыг ойлгож шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т- нь  хариуцагч “Н х, с о” ХХК--ийн захирал Д.Г- болон “Н х, с о” ХХК--д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20,823,450 төгрөг, алданги 759,930 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,912,000 төгрөг нийт 24,495,380 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 20,823,450 төгрөгийн шаардлагыг хугацаа тохирч төлнө, алданги759,930 төгрөг, хохирол 2,912,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

  1. 20,823,450төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч “Н х, с о” ХХК-, захирал Д.Г- нарт холбогдуулан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 14.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, хариуцагч “Н х, с о” ХХК- ********  тоот хаягт байршилтай 47.87 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч Ц.Т- орон сууцны үнэд 69.411.500 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-ийн 5-7 дугаар тал/

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилгаа төлбөр 20,823,450 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкан дахь 426010888 тоот дансанд шилжүүлсэн болох нь орлогын ордер баримтаар тогтоогджээ /хх-ийн 5 дугаар тал/.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны барилгыг барьж эхлээгүй, гэрээнд заасан хугацаанд баригдахгүй болсон гэх үндэслэлээр гэрээ цуцлах тухай удаа дараа мэдэгдэж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар талууд шүүхэд маргаагүй.

Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байна. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны захиалгын гэрээний дагуу төлсөн 20,823,450 төгрөгийг буцаан төлөхийг шаардсан нь үндэслэлтэй.

  1. алданги 759,930 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Талуудын хороонд байгуулсан гэрээний 3.7 дахь хэсэгт “...барилга ашиглалтад орох хугацаа ...бусад хүчин зүйлс нөлөөлбөл нийт төлсөн байрны үнийн 0.01 хувьтай тэнцэх төлбөрийг захиалагчид өгөх үүрэгтэй” гэж заажээ.

Гүйцэтгэгч “Н х, с о” ХХК- нь гэрээгээр хүлээсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний хугацааг зөрчсөн байна.

Гүйцэтгэгч “Н х, с о” ХХК- нь гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар борлуулагч нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрээ гардуулан өгөх үүргийг 365 хоногоор хэтрүүлсэн тул  урьдчилгаанд төлсөн 20,823,450 төгрөгөөс 0.01 хувийн алданги /1 өдрийн 2,082 төгрөг/ 365 хоногоор тооцоход 759,930 төгрөгийг гүйцэтгэгч захиалагчид төлөх үүрэгтэй.

  1. Хохирол 2,912,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч орон сууцны захиалгын гэрээ байгуулахын тулд  Хаан банкнаас 13,000,000 төгрөгийг цалингийн зээл авч, зээлийн хүүд 2,912,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хаан банкнаас 13,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх цалингийн зээлийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөхөөр авсан гэж тайлбарлах хэдий ч зээлийн гэрээнд зээлийн зориулалт тусгагдаагүй, нэхэмжлэгчийг уг зээлийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх эсэх өөрөөс нь хамааралтай, хариуцагч талтай захиалгын гэрээ байгуулахад шалтгаант холбоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч “Н х, с о” ХХК--иас 21,583,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,9000,000 төгрөгийн, хариуцагч Д.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Н х, с о” ХХК-/рд: /-иас 21,583,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,900,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлд хангагдсан үнийн дүн ногдох улсын тэмдэгтийн хураамжид 265,866.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Т.ГАНЧИМЭГ