| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/03717/И |
| Дугаар | 101/ШШ2020/04082 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2020/04082
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Т-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,402,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр надаас 10,268,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх журмаар 1 сарын хугацаатай хүүгүйгээр зээлсэн эргэж төлөх хугацаа хэтэрсэн тул алданги болох 0,5 хувь болох 5,134,000 төгрөгийг нэмж нийт 15,402,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Т- шүүхийн хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5,134,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үндсэн 10,268,000 төгрөгийг гаргуулахаар багасгаж байна. миний бие М.Б-тай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд түүний авсан болон түүний ээжийн авсан ногооны төлбөрт тооцоо нийлээд гэрээ байгуулсан. М.Б- нь 3 жилийн хугацаанд огт төлбөр төлөөгүй. М.Б-аас алдангийг нь хасаад үлдэгдэл төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна гэв
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,268,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд 10,260,000 төгрөгийг зээлээгүй гэдгээ тусгасан байдаг. Зээлийн гэрээг мөнгийг бодитоор шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчид 10,268,000 төгрөгийг шилжүүлээгүй. М.Б- нь 10,268,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлд гаргасан. Тайлбараар 3,900,000 төгрөгийн ногоог М.Б-т, 7,998,000 төгрөг нь түүний ээж талийгаач Б./Н/-гийн төлбөр гэдэг. Б./Н/-тэй холбоотой эд хөрөнгө харилцаа нь дуусгавар болно. Энэ нь талуудын тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,268,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна: Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
М.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.Б- нь Нарантуул зах дээр ногоо худалдан борлуулдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг 2020 оны 02 дугаар сард өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэгч нь М.Б-ийн ээжийн төлбөрийг оролцуулан шаардлага гаргасан байдаг. Түүний хууль ёсны өв залгамжлагч өвлүүлсэн эд хөрөнгийн хэмжээгээр талийгаачийн өр төлбөрийг хариуцна гэж заасан байдаг. Иймд хариуцагч тус мөнгийг ямар нэгэн байдлаар төлөх боломжгүй. Нэхэмжлэгч нь ногооны төлбөрөө зээлийн гэрээний хэлбэрт оруулаад зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 6 сарын хугацаатай хүү төлөхөөр тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн дагуу тус хэлцэл нь дүр үзүүлэн халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад Ц.Т- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нотариат дээр очиж гэрээ байгуулсан. Хариуцагчийн ээжтэй хамт ажиллаж байсан хүмүүс тэнд байсан.Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,402,000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 5,134,000 төгрөгийн нэхэмжлэлээ шаардлагаа багасгаж, үлдэх 10,268,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас өөрт холбогдох 3,900,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ээж Н-тэй холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасныг Ц.Т- бид харилцан тохиролцож зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1.10,268,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигчид харилцан тохиролцож 10,268,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, хүүгүйгээр, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь хариуцагчийн ээжид 7,980,000 төгрөгийн, М.Б-т 4,600,000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог зээлээр худалдаалсан, ээж Б./Н/ нь 2020 оны 02 дугаар сард нас барсан үйл баримтад зохигчид маргаагүй.
Хариуцагч М.Б- ээжийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр нэхэмжлэгчээс хүнсний ногоо зээлээр худалдан авч, талууд харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч ээж Б./Н/-н төлөх төлбөрт 7,980,000 төгрөг дээр хариуцагчийн төлөх төлбөр 3,900,000 төгрөгийг нэмж нийт 11,880,000 төгрөгөөс 1,612,000 төгрөгийг төлсөн гэж үзэн хасаж, үлдэгдэл 10,268,000 төгрөгт тооцоо нийлэн тэд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ”-г дахин байгуулжээ ./хх-ийн 4, 27 дугаар тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “М.Б- өөрийн зээлээр авсан ногооны үнийн үлдэгдэл 3,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө” гэж тайлбарласан.
Зохигч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ”Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог нэгтгэн дүгнэж, хариуцагч М.Б- нь 10,268,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Т-д төлөхөөр үүрэг хүлээсэн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэг дэх тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул зохигч худалдах, худалдан авах гэрээний харилцааг дуусгавар болгож, тооцоо нийлсэн баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээг шинээр байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солилцохоор тохиролцсон” гэж заасантай нийцсэн, энэ хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т “энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж зааснаар өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгожээ.
Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийн харилцааг шинээр бий болгосон, талууд гэрээний 1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг зээлийн гэрээний зүйл болгон өөрчилж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу хийгдсэн гэрээ гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Т- нь талийгаач Б./Н/-н төлөх төлбөрт 7,980,000 төгрөгөөс 1,612,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 6,368,000 төгрөгийг охин М.Б-аас нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын авласан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж зааснаар хариуцагч М.Б- нь ээжийнхээ өвийг хүлээн авсан эсэх, Ц.Т-, Б./Н/ нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт М.Б- ээжийнхээ төлөх төлбөрөөс 1,6,12,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч баримтаар нотлоогүй, хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээний үүргээс 1,700,000 төгрөгийг эгч н.Энхээгийн дансаар дамжуулан төлсөн гэж маргах боловч хэн аль баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тодорхой хэмжээний төлбөрийг хариуцагч төлсөн талаар няцаагүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрлийн үндэслэн 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:
Зохигчид харилцан тохиролцож 10,268,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, хүүгүйгээр, хэрэв хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцжээ./хх-ийн 4 дүгээр тал/
Хариуцагч М.Б- ээжийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр нэхэмжлэгчээс хүнсний ногоо зээлээр худалдан авч, талууд харилцан тохиролцож 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч ээж Б./Н/-н төлөх төлбөрт 7,980,000 төгрөг дээр хариуцагчийн төлөх төлбөр 3,900,000 төгрөгийг нэмж нийт 11,880,000 төгрөгөөс 1,612,000 төгрөгийг төлсөн гэж үзэн хасаж, үлдэгдэл 10,268,000 төгрөгт тооцоо нийлэн тэд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ”-г дахин байгуулжээ.
Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул зохигч худалдах, худалдан авах гэрээний харилцааг дуусгавар болгож, тооцоо нийлсэн баримтыг үндэслэн талууд зээлийн гэрээг шинээр байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солилцохоор тохиролцсон” гэж заасантай нийцсэн, энэ хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т “энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж зааснаар өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийн харилцааг талууд үүсгэн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу хийгдсэн гэрээ гэж үзэв.
Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг хууран мэхэлж хууль зөрчин дүр эсгэж хийсэн гэрээ гэж тайлбарлах боловч зохигчид 10,268,000 төгрөгт тооцоо нийлэн гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, хариуцагч тодорхой төлбөрийг төлсөн, үлдэгдэл өр төлбөртэй гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан хариуцагч М.Б-с 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч суух Ц.Т-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,368,000 төгрөгийн, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.21, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 77,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ