| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
2024 01 04 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч: Г.Г. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2309016352144 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Б.ын Г.
Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г. нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулгын уулзвар орчимд ...-ны шүүх хурал явагдаж байх үед хамгаалалтад гарч үүрэг гүйцэтгэж байсан ... дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч Н.Б.-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэрүүл маргаан үүсгэж, хоолойг нь боож хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулгын уулзвар дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байсан Н.Б.-тэй маргаж хоолойг багалзуурдаж, суга хэсэгт хүч хэрэглэн татаж эрүүл мэндэд нь хүзүү, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г. нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Улаанбаатар чуулганы хажууд барилгын цутгалттай хоносон. Өглөө 07 цагийн орчимд ажилчин нараа тараачхаад гараад явж байхад ажлын газрын ах “ганц шил юм хувааж уугаад харьж амаръя” гэсэн учир машинд хамт уусан. Ажил руугаа би орчхоод гараад ирэхэд машин нь хөдөлж байсан. Хаашаа явах гэж байгаа юм гэхэд “энэ ах согтуу байсан учир машиныг нь байрлуулж өгсөн юм” гэж хэлсэн учир би “ойлголоо” гэж хэлчхээд хажууд нь тамхи татаад зогсож байхад Б. гэх дэд ахлагч ирээд “чи пизда минь зайл, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд намайг түлхсэн. “Чи хүнтэй яаж харьцаад байгаа юм. Хүнтэй аятайхан харьцаж сураарай” гэж хэлтэл хэл амаар доромжлоод “чамтай яриагүй пизда минь зайл, чамд хамаагүй” гээд байсан учир би заамдсан. Удалгүй цагдаагийн машин ирээд надаас “мэдүүлэг авна” гэж хэлсэн. Би машинд нь суугаад ... дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиход намайг шууд эрүүлжүүлэх руу авч очсон. Эрүүлжихийн дарга нь намайг яв, чамд хамаатай хэрэг биш байна. Ар гэрээсээ хүн дууд гэж хэлж байсан. Ар гэрээ дуудчихаад байж байсан чинь эрүүлжүүлэхийн дарга нь маргааш гэхэд лай болно эрүүлийг нь оруулчих гэж хэлж байсан. Би маргааш нь 13 цагийн үед эрүүлжүүлэхээс гарсан. Б. цагдаагийн энгэрийн бичлэгийг үзье гэж хэлсэн ч намайг сонсох цагдаа олдохгүй байсан. Э. гэх цагдаа дээр очсон ч өнөөдөртөө явчих гэж хэлж байсан. Дуудсан цагт бэлэн бай гэж баталгаа бичүүлж авсан. Тэр өдрөөс хойш над руу ярихгүй байж байгаад наадмын амралтын дараа 07 дугаар сарын 20-ны үеэр ... дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс дуудаж байна ирж байцаалтаа өг гэж хэлсэн. 7 сараас хойш байцаалт өгч явсаар өнөөдрийг хүрсэн..”гэв.
Эрүүгийн 2309016352144 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Б.-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Гэрч О.Т.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны №6283 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шинжээч Б.Т.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31, 80 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Г.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г. нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулгын уулзвар орчимд ...-ны шүүх хурал явагдаж байх үед хамгаалалтад гарч үүрэг гүйцэтгэж байсан ... дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч Н.Б.-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэрүүл маргаан үүсгэж, хоолойг нь боож хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Мөн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар чуулгын уулзвар дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байсан Н.Б.-тэй маргаж хоолойг багалзуурдаж, суга хэсэгт хүч хэрэглэн татаж эрүүл мэндэд нь хүзүү, бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Н.Б.-ийн “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 07 цаг 30 минутаас 18 цаг 30 хүртэл замын хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар чуулганы урд гарсан ба замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх үед 17 цаг 40 минутын үед хаалт тавьсан, хаалт дээр ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тулж ирсэн ба надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Т. “та согтуу байна, таны машиныг байрлуулаад өгье” гэж хэлтэл хойшоо шууд ухарчихсан. Тухайн зам дээр шүүх хурлын хамгаалалт авч байсан тул хаалт тавьсан байсан. Ингээд тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийн согтолтыг шалгахаар драйгер үлээлгэхэд 1 бүхэл 46 нэгж гарсан. Тухайн жолооч асуулт асуухад болон регистрийн дугаар болон хувийн мэдээллээ хэлэхгүй байсан. Машинаасаа буугаад зугтах гээд байсан тул би хувцаснаас нь таттал хамт явсан зорчигч Б.Г. гэх иргэн “чи яагаад хүний эрхэнд халдаад байгаа юм, чамд заавал шалгуулах ёстой юм уу, чи муу дэд ахлагч, пизда гэх мэтээр харааж эхэлсэн ба та түр байж бай би жолоочтой харьцаж байна гэтэл чи муу гөлөг гээд намайг тухайн зорчигч хүзүүнээс багалзуурдсан, суганаас татах шиг болсон. Ингээд алаг тэрэг ирж тухайн иргэнийг эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Миний биед халдсан зорчигч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Баруун суга хөхөрсөн, хүзүү улайсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Т.-ийн “...-ны шүүх хурал болоод зогсоолын хааж хязгаарласан хамгаалалтад гарч үүрэг гүйцэтгэж байхад ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаалт дээр ирээд гарна гэсэн ба очоод уулзах үед жолооч нь согтуу байсан тул тээврийн хэрэгслээсээ буухыг шаардахад хойшоогоо ухарч зугтаагаад хойд талынхаа сандал дээр суусан мөнгө өгье тохиръё, одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй одоо баригдвал шууд баривчилгаанд явна гэсэн ганц удаа хараагүй юм шиг өнгөрөөчих гэж хэлээд байсан тэгсэн тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд сууж байсан эрэгтэй нь тээврийн хэрэгслийг нь ачуулах гээд ачигч дуудсан, ачигч ирээд тээврийн хэрэгслийг нь ачуулах гэтэл хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.-ийг хэл амаар доромжилж, хувцаснаас нь татаад зууралдаад байсан. Тэгээд хэв журмын цагдаа нарыг дуудаад тухайн этгээдийг эрүүлжүүлэх байр луу аваад явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн хажууд явж байсан эрэгтэй нь ямар ч байсан Б.-ий хувцаснаас татаад зууралдаад хэл амаар доромжлоод байсан. Яг хэдэн удаа яаж цохисныг би тухайн үед анзаараагүй. Нөгөө жолооч нь бас агсам тавиад байсан учир тэр хүнтэй нь зууралдаж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны №6283 дугаартай дүгнэлт “...1. Н.Б.-ий биед хүзүү, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна....” гэсэн дүгнэлт,
Шинжээч Б.Т.-ийн “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г.ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Улаанбаатар чуулгын урд цутгалт хийж хоноод 05 сарын 11-ний өглөө 07 цагийн орчим дууссан бөгөөд би өөрийн ажлын тайлангаа бичиж дуусаад 10 цагийн үед ах А. ганц юм уух уу гэж асуугаад А. бид хоёр 1 шил 0,75 литрийн хэмжээтэй Архи нэртэй архи бид хоёр хувааж уусан. Тэгээд архи ууж дуусаад би ажил руу ороод нүүр гараа угаагаад гарч ирэхэд А. ахын машин байрнаасаа хөдөлсөн байсан. Тэгээд би машин дээр нь очоод юу болсон талаар асуухад Т. гэх дэд ахлагч цолтой цагдаа би энэ машиныг байрлуулах гэж байгаа юм гэж хэлсэн. ...Б. зайл пизда минь чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн цагдааг заамдаад чи эхлээд хүнтэй аятайхан харьцаж сур дараа нь наад пизда гэж хэлсэн. Тэгээд би Билгүүн гэх цагдааг заамдаад байж байтал цагдаагийн алаг машин хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г. нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, ийнхүү эсэргүүцэхдээ биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа дараахь тохиолдолд хүний нэр, хаяг, тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодруулах зорилгоор бичиг баримтыг шалгана:” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2-д “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, завдсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр төлөвлөж байгаа гэх үндэслэлтэй;” гэж зааснаар цагдаагийн албан хаагчаас Б.Г.ад хууль ёсны шаардлага тавьсан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа шаардсан бол тухайн хүн бичиг баримтаа шалгуулах, эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн огноог хэлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу цагдаагийн албан хаагчаас шүүгдэгчийг хэн болохыг тодруулах зорилгоор тавьсан шаардлагыг зөрчиж хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
“Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн байхыг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл хийсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Н.Б. нь Цагдаагийн албаны тухай хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд буюу хууль сахиулагч болох нь тогтоогдсон байна.
Ийнхүү шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж хууль сахиулагчийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Г.ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хууль сахиулагч Н.Б.-ий тавьсан шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.Г. нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Н.Б.-ийг биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүх шүүгдэгч Б.Г.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч Б.Г.аас “...өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б.-нээс “...шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 72/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Г.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Г.ад оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 7700 нэгж буюу 7.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгч Б.Г.аас “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн санал тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Г.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Б.Г.ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Г. нь дээд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, ... ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар Б.Г.ад оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.200.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч Б.Г. нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв авч явах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ын Г.ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,
Мөн Б. овогт Б.ын Г.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 3.200.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г.ад оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН