Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2020/04136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 133 дугаар дунд сургуульд  холбогдох

Урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, нөхөн олговор 3,082,180 төгрөг гаргуулах, нийгмийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах, шимтгэл нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ө-, өмгөөлөгч Д.Өлзийбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бахархал, гэрч Д.Ариунаа, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч Д.Ө- миний 133 дугаар сургуульд 2017 оноос биологийн багшаар томилогдсон. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын      24-ний өдөр 55 нас хүрч, тэтгэмж тогтоолгох хүсэлтийг тавьснаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Улсаас нэг удаагийн буцалтгүй тусламжийн тэтгэмж тухайн сардаа орж ирэхгүй учраас буцаад ажилд орох хүсэлтийг гаргаснаар ажилд эгүүлэн томилогдсон. Би тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг давхар гүйцэтгэдэг. Багш, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс захиралд удаа дараа албан бичиг хандсан. Албан бичгээр хандахад эргээд албажуулаад хариу өгдөггүй. Энэ нөхцөл байдлын улмаас зөрчилдөөн үүссэн. Би 12 дугаар ангитай, учраас захирал ангиа төгсгөөд тэтгэвэрт гараарай гэсэн. Түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ тушаал гарсан талаар надад хэлээгүй. Захирал намайг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуудаад таныг буцаагаад ажилд нь томилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн болон 22-ны өдрийн 2 тушаалыг хүчингүй болгосон, ажлаа хий” хэлснээр хэвийн үргэлжилсэн. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Тушаалын надад гардуулж өгөөгүй, надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Иймд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул урд эрхэлж байсан ажилд буцаан тогтоон ажилгүй байсан хугацааны цалин 3,082,180 төгрөгийг, нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дулмаа овогтой Өсөхцэцэгтэй 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б/39 дугаартай захирлын тушаалаар 31 дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж анх ажилд авсан.  Д.Ө- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох буюу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргаснаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Д.Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/69 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргах үед Д.Ө-ийн өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болоогүй, 55 нас хүрээгүй арай хүрээгүй байсан. Хуульд нийцүүлээд төрсөн он, сар, өдрөөр нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлыг тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөхөөр зааж улсаас олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжид хамруулж эрхийг нь эдлүүлсэн. Ингэснээр Д.Ө-тэй байгуулсан 31 дугаартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж тухайн сард орж ирээгүй хойшлогдсон. Д.Ө- 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг авах хүртлээ үргэлжлүүлэн ажиллая гэсэн хүсэлтийг гаргасан. Д.Ө-ийн хүсэлтээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б78 дугаар тушаал гаргаж буцааж ажилд нь авсан. Энэ үед Д.Ө- тэтгэврээ тогтоолговол цалингийн шатлалыг нь анх орж байгаа багш, ажилчидтай адилхан тогтоогоод 113 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулахаар ярилцаад ажлаа хийгээд явж байсан. Нэхэмжлэгч өөрөө 12 дугаар ангиа төгсгөнө гэсэн аман тохироо хийсэн гэж өөрөө хэлсэн. Д.Ө- багшийн хувийн байдал илт өөрчлөгдсөн. Тухайн үед 12 дугаар ангийн сурагчдаас мөнгө татсан. Мөн сургуулиас хориглосон үйл ажиллагаа зөрчиж 12 дугаар ангийн сурагчдыг аялал зугаалгаар авч явсан. Ажлын цаг ашиглалт хангалтгүй болсон. Залуу багш нартай ялгамжтай харилцдаг харилцааны ёс зүйгүй болсон. Сургуулиас зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээнд оролцохоо больсон. Ёс зүйн зөрчил гаргаад байхад нь ажлаас халахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Захирал ажлаас халах тушаал гаргахдаа эмэгтэй хүний нинжин сэтгэл гаргаж манай сургуулийн анхны тэтгэвэрт гарч байгаа багш учраас халсан тушаал гаргахгүй гээд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай Б10 дугаартай тушаалыг гаргасан. Д.Ө- дээд албан тушаалтан хүнээр яриулж, хувийн байдлаа засаж залруулахаа амлаж хичээлийн жилийг дуустал ажиллуулаач гэж гуйсан. Тухайн үед олон жил ажилласан ахмад багш гэж хүндэтгэн үзээд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/11 дугаартай тушаалыг гаргаж Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгосон. Д.Ө-ийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б/13 дугаар тушаалыг гаргаж ажилд  буцаан авсан. Тухайн үед Д.Ө-тэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулна гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Дэлхий дахиныг хамарсан ковид-19 цар тахал манай улсад гарсан. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд орж сургууль, цэцэрлэг хаагдаж хөл хорионд орсон. Энэ байдлаас болоод Д.Ө-тэй ямар нэгэн шинэчилсэн гэрээ байгуулж чадаагүй. 2020 оны08 дугаар сарын 24-ний өдөр Б/34 дугаартай “Д.Ө-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж ажлаас бүр мөсөн чөлөөлсөн. Учир нь Д.Ө-тэй байгуулахаар байсан хөлсөөр ажиллуулах хугацаатай гэрээ үзэглэгдээгүй, өмнөх хөдөлмөрийн гэрээ үзэглэгдээгүй буюу ямар гэрээгүй ажиллаж байсан. Гэрээний хугацаа дууссан. Мөн өөртэй нь тохиролцсон хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө- нь хариуцагч 133 дугаар дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,082,180 төгрөг гаргуулах, нийгмийн эрүүл мэндийн даатгалд даатгуулах, шимтгэл нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч: Д.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй, хөлсөөр ажиллах гэрээ үзэглэгдээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл баримт тогтоогдов.

1. Хариуцагч Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 тушаалаар .......Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 231.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн Д.Ө-ийн 01 дүгээр сарын 16-ны өдрөөс биологийн багшаар томилж, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн  захирлын Б/34 дүгээр тушаалаар ....... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3-дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 8, 16  дугаар тал/

Нэхэмжлэгч шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

Нэхэмжлэгчийн ажилд томилсон 133 дугаар сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаалд .......Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 231.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэл болгожээ.

Хэрэгт ажил олгогчийг төлөөлж тус сургуулийн захирал С.Дэжидсүрэн ажилтан Д.Ө- нарын хооронд №113 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг,  Хөлсөөр ажиллах гэрээ-г 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс гэх 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар  тус тус байгуулсан баримт хэрэгт авагджээ. ./хх-ийн 54-61 дүгээр тал/

Дээрх 2 төрлийн гэрээнд гэрээнд ажил олгогч дангаар гарын үсэг зурсан, ажилтан гарын үсэг зурагдаагүй, түүнд нэг хувийг өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1.заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 231.2-д Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна., 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусд төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь ажилтанг ажилд томилсон 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн талууд хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч дангаар гарын үсэг зурсан, ажилтны гарын үсэг зурагдаагүй, 2 тал хүсэл зоригийн илэрхийлэл болгож 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын туршилтын хугацаатай, тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй” гэж заасантай нийцсэн гэх боломжгүй, 2 өөр төрлийн гэрээ байгуулж үзэглэгдээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч 133 дугаар сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6-д Шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй захирал туршилтын түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана. Хичээлийн жилийн 2 дугаар улирал дууссаны дараа хэрхэн ажилласан үр дүнг сургалтын менежер, нийгмийн ажилтан, ЗАН-ийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй баг дүгнэн, захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулан үнэлгээ өгнө. Энэ үнэлгээг харгалзан захирал хөдөлмөрийн гэрээ сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэж тусгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д:ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж заасныг тус сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар ажилтны үр дүнг захирлын дэргэдэх зөвлөл танилцуулан, үнэлгээ өгнө гэсэн заалтыг нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ө-ийг ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарласан атлаа ёс зүйн зөрчлийг хэзээ, хэрхэн, ямар удирдамжийн үндсэн дээр дүгнэсэн болох, ийнхүү дүгнэсний эцэст ямар хариуцлага ногдуулсан эсэх, түүнд танилцуулсан эсэх нь баримтаар нотлогдоогүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд төгсөх ангийн сурагчдад давтлага өгч ажилласан, хариуцагчийн төлөөлөгч Д.Ө-тэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулах гэсэн боловч covid19-тай холбоотойгоор сургууль хөл хорио тогтоосон учир үзэглэгдээгүй, нарийн бичгийн дарга багшаас айдаг тул гарын үсэг зуруулаагүй, үүнийг нь захирал мэдээгүй байсан гэх тайлбар нь няцаагдсан гэж үзэв.

 Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Өсөхцэцэ нь 133-р сургуулььд биологийн багшаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 01ий өдөр хүртэл хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн №01 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ-г хариуцагч 133 дугаар сургуулийн захирал  Д.Ө-тэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан баримт авагджээ./59-61 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ажил олгогч, ажилтан нар 12 дугаар ангиа төгсгөөд ажлаасаа гараарай гэж амаар тохирсон, Хөлсөөр ажиллах гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон тул Д.Ө- багшийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/234 тушаалын хавсралтад цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журмын 23 дугаар зүйлд Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар  ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа  болон ажилгүй байгаа мэргэжлийн  багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэх Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.3-д Уг гэрээг адил хүчинтэй 2 хувь үйлдэж, талууд тус бүрт нь нэг хувь хадгалагдана. гэж тусгасан атлаа нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нэг хувийг олгогдоогүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэв.

Хариуцагч байгууллага ажилтантай гэрээ байгуулаагүй, удирдлагаас нуусан талаар шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/34 дугаар тушаалд нэхэмжлэгч Д.Ө-ийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй байх тул тус сургуулийн биологийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Ө-ийг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 2020 оны 8 дугаар сарын 24ий өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүртэлх ажилгүй байсан 86 хоногийн хугацаанд 3,064,254 төгрөг нэхэмжилжээ.

Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийна-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар тооцоход Д.Ө-ийн сарын дундаж цалин /770.545/-г тооцоход 2,311,635 төгрөг гэж үзэв./хх-ийн 50-51 дүгээр тал /

Нэхэмжлэгчийг ажилгүй байсан 2020 оны 8 дугаар сарын 24ий өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 19ий өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 86 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт /770,545 төгрөг/21.5хоног=35,839 төгрөг 86хоног=3,082,180/ байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,064,254 төгрөгийг Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулиас гаргуулж, Д.Ө-т олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т:Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч 133 дугаар дунд сургуулийн захирал болон нягтлан бодогчид Д.Ө-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Ө-ийн оронд биологийн багш ажилд авсан тул буцаан ажилд томилох боломжгүй гэж тайлбарлах боловч хэрэгт  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тус сургуулийн захирлын Б/10 тушаалаар Б.Сайнзаяаг бага ангийн багшаар ажилд томилсон болохыг дурдах нь зүйтэй./хх-ийн 15 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ийг хариуцагч 133-р сургуульийн биологийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч 133 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,064,254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,926 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч 133 дугаар сургуулийн захирал болон нягтлан бодогчид даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,978 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ