| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2020/0015/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., 17.8.3.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 39
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Т.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.П-д холбогдох 1929002680158 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.П-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Цэргийн шүүхийн 37 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ө.А.Х.С.Х.Б.Ц.Х гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдад 52 00 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Т.П-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Т.П-г бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.П-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Т.П-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-гээс хохирогч Э.О-т 35000000 төгрөг, хохирогч Б.Э-т 15000000 төгрөг, хохирогч Ц.С-т 900000 төгрөг гаргуулан олгож, шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.П давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие энэ гэмт хэргийг санамсаргүй болгоомжгүй байдлаасаа болж үйлдсэн санаатайгаар өөрийн эд зүйл болон хүний эд хөрөнгийг устгах санаа зорилго агуулаагүй. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд тууштай мэдүүлсээр байсан ба надад Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж яллагдагчаар татаж байсан.
Дараа нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж хорих ялаар шийтгэсэн нь миний хувьд хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг.
Шүүхээс миний гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт болоод эрүүгийн ял хариуцлага тохироогүй гэж үзэж байна. Миний хувийн байдлын хувьд эрүүл мэндийн асуудалтай. Урьд өмнө нь аваарт орж тархиндаа хүнд гэмтэл аван хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группэд байдаг. 2019 оны 9 сард хэрэгт холбогдсоноос хойш Х аймаг руу явж чадахгүй байж байгаад группдээ орж чадаагүй. Цагдан хоригдож байхад биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ талын хувийн байдалтай холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт огт гаргаж өгөөгүй юм.
Миний хийсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, миний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж надад оногдуулсан зүйл анги тохирсон эсэхийг хянан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Т.П-гийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянаж үзвэл хэргийн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шийтгэх тогтоол нь хууль заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:
Прокурор яллах дүгнэлтдээ Т.П нь согтууруулах ундааны зүйл хэрглэсэн үедээ эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар устгаж, бусдад 52 700 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэжээ./хэргийн 218 дугаар хуудас/
Өөрөөр хэлбэл, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийг хоёр хүндрүүлэх шинжээр буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, мөн бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хэргийн 216 дугаар хуудас/
Шийтгэл тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэлэлцсэн талаар заасан боловч тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хуулийн тухайн зүйл, хэсэгт байхгүй заалтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан ялыг оногдуулж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ө.А.Х.С.Х.Б.Ц.Х гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 52 00 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж үйл баримтыг тогтоосон байна. Энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэхээр байна.
Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хүлээн авсан тухай бичигдсэн боловч хэргийг шүүх 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэгээ хэргийн арын хуудсанд хийгджээ.
Шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар ямар гэмт хэргийг гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн тухай заагаагүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр буюу “бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж заажээ.
Шүүх ямар нотлох баримтаар хэнд, хэзээ ямар хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон, гэмт үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаан холбоотой эсэх, хохирлыг арилгах үндэслэл, аргын талаар ямарч хийгээгүй байх тул шүүхийн “ хохирогч Ц.С-т 900000 төгрөгийн хохирогч Б.Э-т15000000 төгрөгийн, хохирогч Э.О-т 35 000 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэгдээгүй гэж үзнэ. Дээрх хохирогч нарт хохирол олгохоор заахдаа Иргэний хууль хэрэглээгүй, шатсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийн талаар буюу хохирогч мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж заасан байхад нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан.
Дээр дурдсанаар шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүд хоорондоо зөрүүтэй бичигдсэн, тодорхойлох хэсэгт прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтыг жагсаан бичснээс өөрөөр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын талаар үнэлж дүгнээгүй буюу нотлох баримтад үндэслэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотолж дүгнээгүй, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоолыг үйлдээгүй шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн дэх хэсгийн 1.6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ..
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.П-гийн ял тохироогүй гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.П-д холбогдох 1929002680158 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.П-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР