Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0704/З |
Дугаар | 128/ШШ2022/0394 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2022/0394
2022 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2022/0394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И *** ** ХХК /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У*****-******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч И *** ** ХХК нь Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг гэж тодруулсан болно.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... И *** ** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 сарын 01-ний өдрийн А/938 дугаартай захирамж, 2015 оны 12 сарын 3-ны өдрийн 000****** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 3200 м2 газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглаж байгаа билээ. Газрын тухай хууль болон гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээнд заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрчилгээний хугацааг сунгуулан авах эрхтэй тул манай компанийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар зохих журмын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хуульд заасан журмын дагуу хандсан. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Дээрх газрыг Газрыг тухай уулийн 35.3.1, 35.3.5, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2 дахь хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх Шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байх тул азрын тухай хуулийн 40.1.6-д заасан газар ашиглах эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлсэн байна... гэсэн хариу өгсөн. Мөн тус албаны 2021 оны 5 сарын 4-ний өдрийн 03-06/3049 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг Хот байгуулалт хөгжлийн газар, манай албатай хамтарсан Мэргэжлийн зөвлөл-ийн хурлаар шийдвэрлэдэг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн "холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эс зөвшөөрсөн... тухай шийдвэр гарсан тул Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье гэх огт үндэслэлгүй хариу өгсөн. И *** ** ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021.03.11-ний өдрийн 02-06/1865 тоот, 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 03-06/3049 тоот албан бичгүүдийг тус тус эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад 2021 оны 05 сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй, манай компанийн газар ашиглах эрх ноцтой зөрчигдөж байна. Газар ашиглах эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойш тус газрыг ашиглах явцад манай "И *** ** ХХК нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан удаа байхгүй. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэмээн хэт ерөнхий, ойлгомжгүй байдлаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай үндэслэлгүй шийдвэр гаргаж, И *** ** ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой халдаж байна. Манай компани нь газар ашиглах эрхийн гэрчилгээ, гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээнд заасан нөхцөлийн дагуу газраа ашиглаж, гэрээнд заасан хэмжээгээр газрын төлбөрөө хугацаанд нь тухай бүр төлж, газартаа хашаа хатхан, манаач цалинжуулж, газраа хуулийн дагуу ашиглаж ирсэн. Бид уг газар дээр 283 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж, барилгын загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг шаардагдах ажлуудыг гүйцэтгэж эхэлж байсан. Гэвч зэргэлдээ барилга барьж буй констракшин ХХК нь манай компанийн ашиглах эрхтэй газартай давхцуулан зогсоол барьж, бид өөрийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, манай компанийн газар ашиглах эрх ноцтой зөрчигдсөөр байсан тул бид Н констракшин ХХК-ийн тус хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргасан. Ингээд тус газрын 2017 оны 05 сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр манай байгууллагын гаргасан гомдлыг шийдвэрлэж, "Н констракшин" ХХК нь 133014/0073, 133014/0072 нэгж талбар бүхий Эзэмшил газраа хэтрүүлэн барилга барьсан, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зөрчил гаргасан тул газар чөлөөлөх арга хэмжээ авхуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл "Н Констракшин" ХХК-ийн дээрх хууль бус үйлдлийг арилгах арга хэмжээ аваагүй, манай компанийн газар ашиглах эрх зөрчигдсөөр байна. И *** ** нь Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу өөрсдийн хүчээр тус газрын зөрчлийг арилгах эрх байхгүй тул төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг хүлээхээс өөр сонголт байхгүй юм. Мөн И *** ** ХХК нь 100% гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2019 оны сүүлээс өнөөдрийг хүртэл үргэлжилж буй дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалан манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд болох Гүйцэтгэх захирал Jason овогтой Хie Zhihao болон хөрөнгө оруулагчид Монгол Улсын хилээр нэвтрэн орох боломжгүй нөхцөл байдал үүсэж, газар дээрх баригдах орон сууцны төслийн хөрөнгө оруулалт зогсож, цаашлаад барилгын ажил гүйцэтгэх байгууллагуудыг сонгон шалгаруулах, холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах ажлууд бүгд хийгдэх боломжгүй болсон.
Энэ тухай Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд хандан болсон явдлыг гэрчлэх баримт бичгүүдийг хүргүүлэхэд тус газраас хуульд заасны дагуу судлан үзээд 2021 оны 03 сарын 24-ны өдрийн 02/120 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Мајеште/ мөн болохыг нотолж гэрчилгээ олгосон.
Ийнхүү биднээс шалтгаалахгүй дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахал, Н Констракшин ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа, төрийн зохих байгууллагуудын буруутай уйл ажиллагаанаас үүдсэн манай байгууллагын хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан атал Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэхийг шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Мөн Газрын тухай хуулийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ. гэж заасан байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын алба өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай илт хууль бус шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар зааж, мөн зүйлийн 37.2-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана... гэж тус тус заажээ.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь И *** ** ХХК-ийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар удаа дараа гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Иймд манай компанийн Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 онд хугацаа дуусахаас өмнө Н Констракшин ХХК-ийн хууль бус үйлдэл эхэлсэн байсан. Тэр талаар газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтдээ дурдсан байгаа. Манай талбай дээр Н Констракшин ХХК барилга барьсан. Танай байгууллагаас чөлөөлөх ажил хийгдэхгүй байна. Талбайгаа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг 2015 онд газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтдээ дурдаж өгсөн байдаг. гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... И *** ** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 3200 м.кв газар ашиглах эрхийг иргэн Г.Д*****-ээс шилжүүлэн авсан ба, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 938 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан байна. И *** ** ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан, болзол, зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурал-аар хэлэлцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эс зөвшөөрсөн шийдвэр гарсан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаар албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгүүдээр тус тус газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн болно. Гэвч маргааны зүйл болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаар албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 6 шинжийг хангахгүй байна. Тодруулбал, Захиргааны акт нь тодорхой "Зохицуулах" үүрэгтэй байх ба зохицуулалт нь үйл ажиллагаа бус харин зөвхөн эцсийн шийдвэр буюу тухайн асуудлын шийдвэрлэгдсэн байдал юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл нь эрх зүйн үр дагаваргүй үйл ажиллагаа бөгөөд захиргааны байгууллагаас чиг үүргээ биелүүлэх явцад хийж буй бодит үйлдэл. Энэ нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглээгүй, зохицуулалт агуулаагүй учир Захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад Нийслэлийн Засаг даргыг "эс үйлдэхүй" гаргасан гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт "эс үйлдэхүй гэж ... өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэх ба Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай" хүсэлтийг Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурал"-аар хэлэлцүүлж эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан байх тул "эс үйлдэхүй" гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч И *** ** ХХК нь маань 2011 оны 679 дугаартай захирамжаар маргаан бүхий газрыг иргэн Дэлгэрээс эзэмших эрхийг шилжүүлж ашиглах эрхтэйгээр олж авсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 938 дугаартай захирамжаар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар сунгасан. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхүй гэдэг нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх бүхий захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлээгүй орхисныг ойлгоно гэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга хүсэлтийг нь хүлээн авч хурлаар оруулж, хурлаас хуулийн хэрэгжилтийг нь хангах үүднээс эс зөвшөөрч шийдвэрлэсэн. талаар эс зөвшөөрсөн шийдвэрээ 2 удаагийн албан бичгээр хүргүүлсэн. Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 0206/1865, 2021 оны 5 дугаар сарын 0306/3049 гэх хоёр удаагийн албан бичиг явуулсан. Хоёр удаагийн албан бичиг явуулсан гэдэг нь эс үйлдэхүй биш гэдгийг нотолж байна. Нийслэлийн Засаг дарга эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй. Тухайн хүсэлтийг хурлаар оруулж шийдсэн байгаа. Иймд эс үйлдэхүй гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч И *** ** ХХК нь Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах-ыг гэж тодруулсан болно.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны И *** ** ХХК-д хандсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №02-06/1865 тоот албан бичиг, мөн тус албаны 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 тоот албан бичиг, Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид маргаан бүхий асуудлаар хариу өгсөн байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/938 дугаар захирамжаар И *** ** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах, 3200 м.кв, орон сууцны зориулалттай газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.
2. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны И *** ** ХХК-д хандсан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №02-06/1865 тоот албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны И *** ** ХХК-д хандсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №03-06/1218 тоот[1] болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны И *** ** ХХК-д хандсан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №02-06/3870 тоот албан бичиг[2] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр сунгахаас татгалзсан байна.
3. И *** ** ХХК-д ашиглуулахаар олгосон Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах газар дээр Н констракшн ХХК-ийн ХТП-3369, ТP-2 630/6 кВА-ын цахилгааны дэд станц, Таравлин хотхоны оршин суугчдад зориулсан хогийн сав /контейнер/, Н констракшн ХХК-ийн гэх автомашины зогсоол бүхий асфальтан /бетон/ зам байрлаж байгаа болох нь маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэгүүд, Геомастер ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №22/Т/54 дугаар Шинжээчийн дүгнэлт, И *** ** ХХК-ийн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандсан 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт[3] болон түүнд хавсаргасан фото зургууд, уг хүсэлтийг хүлээн авсан Бүртгэл хяналтын картын маягт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2/1303 тоот албан бичиг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.
4. Дээрх хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь тодорхой, бодитой шалтгаануудын улмаас буюу нэхэмжлэгчид олгосон газар дээр бусдын цахилгааны дэд станц, хогийн сав /контейнер/, автомашины зогсоол бүхий асфальтан /бетон/ зам баригдсаны улмаас нэхэмжлэгч нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна гэж шүүх үзлээ.
5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгосон газар дээр бусдын цахилгааны дэд станц, хогийн сав /контейнер/, автомашины зогсоол бүхий асфальтан /бетон/ зам бий болсон нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэх боломжгүй байна.
6. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн газар дээр бусдын цахилгааны дэд станц, хогийн сав, асфальтан зам бий болсон нөхцөл байдлыг бусдын хууль бус үйлдэл гэж үзнэ гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
7. Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдэд үндэслэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр сунгахаас татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд манай компани нь газраа зориулалтын дагуу ашиглахын тулд газар шорооны ажил хийж газрыг тэгшилсэн, мөн хашаа барьж, зөөврийн сууц байрлуулж, манаач цалинжуулж тодорхой зардал гаргасан гэж тайлбарлан, холбогдох баримтууд /шорооны ажлын төсөв, хөрөнгийн үнэлгээний тайлан/-ыг шүүхэд гарган өгч байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч И *** ** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, И *** ** ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, И *** ** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах газрын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 650,000 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж Гео мастер ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч И *** ** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ