| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2026/0518/З |
| Дугаар | 221/МА2026/0665 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0665
“Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О, Б.Ж нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О, Б.Ж нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24250000090 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0675 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ж.С
Хариуцагч Б.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0518/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24250000090 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0675 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.4.6-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон HA-24250000090 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагчаас актаар эцсийн байдлаар тогтоосон зөрчлийн дүн яг ямар зардлын төрөл, гүйлгээ дээр тавигдсан болохыг хэд хэдэн удаа тодруулан асуусан боловч хариуцагчийн төлөөлөгч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй. Мөн хариуцагч ямар тодорхой зардлууд баримтаар нотлогдохгүй байгааг манай компанид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч, шүүх хуралдаанаар ч тодорхой танилцуулаагүй. Үүний улмаас манай компани шүүх хуралдаанаар болон нотлох баримтаар өөрийн гаргаж өгсөн зардлуудаас алийг нь хариуцагч няцаагаагүй, алийг нь няцаасан гэдгийг зөвхөн таамаглах байдалтай үлдсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо бодитоор хамгаалах, эсрэг тал болон шүүхэд мэтгэлцэх бодит боломжийг эрс хязгаарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмын дагуу хэргийн оролцогч талууд тэгш эрхтэйгээр мэтгэлцэх ёстой бөгөөд захиргааны акт нь тодорхой, үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны актыг батлан хамгаалж буй хариуцагч тал шүүх хуралдаан дээр өөрийн актынхаа тоон үндэслэлийг зүйл тус бүрээр нь задалж, ил тод тайлбарлах ёстой бөгөөд үүнийг хийж чадаагүй тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас задаргаатай, зүйл ангилалтай тодорхойлолт албан ёсоор гаргуулан авах ёстой байв. Үүнийг хийлгүйгээр, задаргаагүй нэгдсэн дүн дээр үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хэргийг бодитоор, иж бүрэн хянан шийдвэрлээгүй, нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй гэсэн үг юм... Хэрэгт хоёр тал (татвар төлөгч, татварын алба) хоорондоо зөрүүтэй тооцоолол гаргасан атал шүүх аль нэг тооцооллыг сонгон авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шинжээчийн дүгнэлт авалгүйгээр, зөвхөн талуудын өөрсдийнх нь тайлбар дээр үндэслэн хариуцагчийн тооцооллыг зөв гэж дүгнэсэн нь мэдлэг шаардсан асуудлыг мэргэжлийн үнэлгээгүйгээр шийдвэрлэсэн, нотлох баримтыг бодитоор, иж бүрэн шинжлэн судлах шүүхийн үүргийг зөрчсөн хэмээн үзэж байна... Шүүх "М" ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн 222,862,900 төгрөгийн зардал, түүнчлэн Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны шимтгэлийн зардлыг зөвхөн дахин давтагдашгүй дугаартай цахим төлбөрийн баримт (е-баримт) байхгүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж дүгнэсэн. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д "татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж заасан нь энэ үүргийг худалдагч буюу үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хүлээлгэсэн зохицуулалт бөгөөд худалдан авагч талд уг баримтыг гаргуулах, эсхүл түүний оронд өөр нотолгоо бүрдүүлэх боломжгүй үед хариуцлагыг худалдан авагч дээр шилжүүлэх үндэслэл болохгүй... Мөн Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны шимтгэлийн зардлын хувьд хариуцагч өөрийн тайлбартаа эдгээр банкнууд "хэдэн төгрөгийн цахим төлбөрийн баримт олгосон, хэдэн төгрөгийг олгоогүй талаар нарийвчлан ялгаж, тодорхой тайлбарлаж чадаагүй" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банкнаас 2022, 2023 онуудад манай компанийн гүйлгээний шимтгэл төлсөн баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн онуудад баримт гаргаж өгөөгүй гүйлгээний баримтыг манай компанийн зүгээс нотлох баримтын шаардлага хангах хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хаан банкны хувьд 2022 болон 2023 онуудад зарим баримтыг гаргаж өгч, зарим баримтыг банк болон татварын байгууллагын цахим төлбөрийн баримт шивэх систем бүрэн нэвтэрч дуусаагүй шалтгаанаар системийн бүртгэл, техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шивэгдэж ороогүй, үүний улмаас олгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь тайлагналын систем дэх дутагдалтай холбоотой болохыг харуулж байхад нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн. Хариуцагч өөрөө шүүх хуралдааны явцад маргаан бүхий 392,710,321.41 төгрөгийн зөрчлийн дүнгээс 35,343,007.06 төгрөгийг "буруу тооцоолсон", "зөрчилд тооцох боломжгүй" хэмээн хүлээн зөвшөөрсөн. Энэ нь анхны нөхөн ногдуулалтын акт материаллаг алдаатай боловсруулагдсаныг нотолж байгаа хэрэг. Ийм нөхцөлд шүүх актын үлдсэн 357,367,314.57 төгрөгийн хэсгийг нэгэн адил нарийвчлан, бие даан хянаж, шаардлагатай бол нэмэлт нотлох баримт, шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан бөгөөд зөвхөн хариуцагчийн тайлбар дээр тулгуурлан баталгаажуулсан нь нотлох баримт үнэлэх журмын ноцтой зөрчил юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0675 дугаар шийдвэрийг бүхэлд нь, эсхүл 357,367,314.57 төгрөгийн хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарын 2025 оны 10 сарын 22-ны өдөр тогтоосон НА-24250000090 тоот “Нөхөн ногдуулалтын акт"-аар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү. Хэрэв дээрх шаардлагыг бүрэн хангах боломжгүй гэж үзвэл, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, (і) хариуцагчаар эцсийн актаар тогтоосон зөрчлийн дүнг зардлын зүйл, гүйлгээ тус бүрээр задалсан, аль баримт ямар үндэслэлээр няцаагдсаныг тодорхой харуулсан бичгийн тайлбар гаргуулж, (ii) гадаад валютын ханшийн зөрүү болон банкны шимтгэлийн зөрүүтэй тооцооллын талаар нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулахыг үүрэг болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нарын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон НА-24250000090 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.О , Б.Ж нар “Э” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-24250000090 дугаар нөхөн ногдуулалтын актаар "Э" ХХК-д 39,271,032.14 төгрөгийн нөхөн татвар, 15,708,412.86 төгрөгийн торгууль, 12,805,599.68 төгрөгийн алданги, нийт 67,785,044.68 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
2.3. Хариуцагч нарын татварын хяналт шалгалтаар илрүүлсэн нийт зөрчлийн дүн болох 392,710,321.41 төгрөгөөс нэхэмжлэгч “Э” ХХК нь 357,367,314.57 төгрөгийн зардалд ногдох 35,736,731.44 төгрөгийн нөхөн татвар, 14,294,692.57 төгрөгийн торгууль, 11,793,121.37 төгрөгийн алданги, нийт 61,824,545.38 төгрөгийн төлбөрийн дүнг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна.
Тухайлбал, нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 онд гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг алдагдлыг тооцохдоо бодит бус ашиг алдагдлыг оруулж буруу тооцоолсноос 38,163,926.72 төгрөгийн хасагдах зардал дутуу тусгасан, 2022 онд нэр бүхий хуулийн этгээдүүдийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 38,205,457.80 төгрөгийг, “М” ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу 222,862,900 төгрөгийг тус тус төлсөн гээд нийт 308,867,760.78 төгрөг, 2023 онд “Х” ХХК, “Г” ХХК, “Х” ХХК-д гүйлгээний шимтгэлд 22,132,208.97 төгрөг, албан томилолтод 26,367,344.60 төгрөгийн зардал тус тус гаргасан гэж тайлбарлаж маргадаг.
2.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт болон өөрийн санаачилгаар бүрэн цуглуулж, шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасан.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гэж, 13.1.1-13.1.5-д уг зардалд тавигдах нөхцөлүүдийг тус тус тодорхойлсон байна.
2.6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 357,367,314.57 төгрөгийн зөрчлийн дүнг эс зөвшөөрч нийт 5 төрлийн зардлын үндэслэлээр тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүн тус бүрийг бүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
2.7. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийн талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн байдлыг авч үзвэл,
2.7.1. Анхан шатны шүүхээс “...гадаад валютын ханшийн зөрүүний бодит алдагдлыг 23,096,322.08 төгрөгөөр тооцож тайландаа тусгасныг хариуцагч нар нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож хүлээн зөвшөөрсөн, зөрчилд тооцоогүй... 38,163,926.72 төгрөгөөр буурсан, дутуу дүнгээр тайланд тусгагдсан нь нягтлан бодогчийн алдаатай үйл ажиллагаанаас болсон...хасагдах зардлыг өсгөн тооцоогүй нь зөрчлийн дүнг ихэсгэсэн гэх агуулгаар тайлбарласан...” гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгчээс гадаад валютын ханшийн зөрүүний бодит ашиг, алдагдлыг буруу тооцоолсны улмаас 38,163,926.72 төгрөгийн хасагдах зардлыг дутуу тусгасан гэж маргаж байхад уг дүн нь маргаан бүхий актаар тогтоосон зөрчлийн дүнд хэрхэн туссан эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан ханшийн алдагдлын тооцоо болон татварын улсын байцаагч нарын тооцооллын хоорондын зөрүү, түүний үндэслэлийг анхан шатны шүүх бүрэн тодруулаагүй.
2.7.2. Мөн анхан шатны шүүхээс “…2022 онд нэр бүхий хуулийн этгээдүүдийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 38,205,457.80 төгрөгийг төлсөн, энэ дүнгээр борлуулалт болон татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тус тус өсгөж тайлагнасан, ингэхдээ борлуулалтад олгох и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгосноор бүртгэсэн талаар тайлбар гаргасан…” гэж дүгнэсэн боловч уг төлбөрийг нэхэмжлэгч өөрийн зардалд хамааруулан тооцох эрх зүйн үндэслэл байгаа эсэх, тухайн дүн нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүнд хэрхэн туссан эсэх, хасагдах зардалд тооцох хуульд заасан нөхцөлийг хангасан эсэхийг бүрэн дүгнээгүй.
2.7.3. Дансны гүйлгээний шимтгэлийн хувьд анхан шатны шүүхээс “…Голомт банк ХХК нь 2022-2023 оны хооронд дансны гүйлгээний шимтгэлд 29,079,753.98 төгрөгийг суутган авч и-баримт олгосон, Х ХХК нь 2022 онд 579,400.58 төгрөгийн, 2023 онд 3,422,400.00 төгрөгийн гүйлгээний шимтгэлд и-баримт олгосон…” гэж дүгнэсэн боловч дээрх байдлаар бодитоор төлөгдсөн банкны гүйлгээний шимтгэлийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцоогүй үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд дурдсан 22,132,208.97 төгрөгийн зардалд уг шимтгэлүүд хамаарч байгаа эсэх, улмаар маргаан бүхий актаар тогтоосон зөрчлийн дүнд уг зардал туссан эсэхийг анхан шатны шүүх бүрэн тодруулаагүй.
2.7.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “М” ТӨХК-ийн чартер нислэгийн үйлчилгээнд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 222,862,900.00 төгрөг төлсөнтэй холбоотой зардлын тухайд, уг төлбөрийг 2022 онд төлсөн боловч тухайн худалдан авалтад хамаарах төлбөрийн баримт буюу и-баримт нь 2022 оны тайлант хугацаанд олгогдоогүй, харин 2025 онд нөхөн олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлбөр төлсөн хугацаа болон тухайн зардлыг нотлох и-баримт олгогдсон хугацаа хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг зардал нь 2022 оны татварын тайлант хугацаанд хамаарах эсэх, мөн тухайн зардлыг 2022 оны татвар ногдох орлогоос хасаж тооцоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх” шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
2.7.5. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...43,833,504.39 төгрөгийг хасагдах зардалд оруулж тооцсон, нэхэмжлэгч хаанаас 26,367,344.60 төгрөгийн зөрүүг гаргаж ирснийг өөрсдөө ч мэдэхгүй байдаг. Үүнд холбогдох материалыг хяналт шалгалтын явц болон маргаан таслах зөвлөлийн шатанд гаргаж өгөөгүй” гэж тайлбарлах ба шүүхээс “...2023 оны гадаад томилолтын зардалд 26,367,344.60 төгрөгийн зардал гарсан нь гадаад улсад хийгдсэн гүйлгээний баримтуудаар тогтоогджээ...” гэж дүгнэсэн боловч уг зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцох хуульд заасан нөхцөлийг хангасан эсэх, тухайн зардал нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүнд туссан эсэхэд дүгнэлт хийгээгүй.
2.8. Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс бодитой үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулсан гэж үзэхээргүй байна. Тодруулбал, хариуцагч нарын татварын хяналт шалгалтаар тогтоосон нийт зөрчлийн дүн болох 392,710,321.41 төгрөгөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн болон эс зөвшөөрч маргасан зөрчлийн дүнг зардал тус бүрээр нь тодорхойлж, нэхэмжлэгчийн маргаж буй 357,367,314.57 төгрөгийн зардал нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүнд хэрхэн туссан, уг зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцох хуульд заасан нөхцөлийг хангасан эсэх, нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол болон татварын улсын байцаагч нарын тооцооллын хоорондын зөрүү, түүний үндэслэл зэргийг бүрэн тодруулаагүй.
2.9. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан гадаад валютын ханшийн зөрүү, нэр бүхий хуулийн этгээдийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн төлбөр, гэрээний дагуу “М” ТӨХК-д төлсөн төлбөр, банкны гүйлгээний шимтгэл, гадаад томилолтын зардал тус бүрд холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулж, шинжлэн судалсны үндсэн дээр тухайн зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах нөхцөлийг хангасан эсэх, мөн уг зардал нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүнд хамаарч байгаа эсэх буюу нөхөн ногдуулалтын актын зөрчил тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.
2.10. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болон маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийн дүн тус бүрд холбогдох үйл баримт, нотлох баримтыг бүрэн тодруулж, үнэлэн, хууль хэрэглээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан шүүхийн шийдвэрийн үндэслэлд тавигдах шаардлагад нийцээгүй байна.
2.11. Нэгэнт анхан шатны шүүх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан зөрчлийн дүн, маргааны үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА