Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч Д.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн /ҮД:0-098/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хасгууд овогт Доржийн Эрдэнэбаатарт холбогдох 201626012684 дугаартай, 188/2017/0099/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Витафит” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужир булангийн 60 дугаар гудамж 4-1793 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хасгууд овогт Доржийн Эрдэнэбаатар /РД:ПБ86072217/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Эрдэнэбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Буудай” нэртэй караокед архидан согтуурч улмаар зааланд бусадтай бүжиглэж байхдаа урьд нь үл таних Л.Ганцэцэгийн малгайг газар унагаасны улмаас хоорондоо маргалдаж “Л.Ганцэцэг түүн рүү уурлаж дайрсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүнийг хүч хэрэглэн зодож бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний гадна булан, дух, зүүн чихний дэлбэн ба чихний ар хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Угтахбаярын төрсөн өдрийг тэмдэглэх гээд долуулаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байдаг “Буудай” бааранд орсон. Баарны караокед 2 цаг орчим дуулж байгаад нийтийн заал руу нь орж бүжиглэсэн. Бүжиглэж байгаад би Ганцэцэгийн малгайг нь унагаасан юм. Ганцэцэг намайг ямар бүдүүлэг юм бэ  хүний малгайг унагаачихлаа гээд над руу уурласан. Тэгэхээр нь би Ганцэцэгийг цохисон, би нэлээд согтсон байсан, би хэд хэдэн удаа Ганцэцэгийг цохисон. Энэ үед надтай хамт явсан хүмүүс тал талаас ирээд боль гэж салгасан. …Ганцэцэгтэй надаас өөр хүн зодолдоогүй. Ганцэцэг над руу хэл амаар дайраад байхаар нь би Ганцэцэгийг хэд хэдэн удаа алгадаж цохисон. …Ганцэцэгийн нүүрэн хэсэгт би угаасаа цохисон, алгадсан, дайраад байхаар нь цааш нь нүүр лүү нь түлхсэн. Би Ганцэцэгийн гарнаас барьж авч зууралдаж цааш нь түлхэж байсан. Үүнээс болж гарын шуу бугалга нь гэмтсэн. Угаасаа Ганцэцэг бид хоёр л хоорондоо барилцаж авч зодолдож, ноцолдсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Ганцэцэгээс уучлалт гуйж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

            Хохирогч Л.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Пүрэвсүрэн, Сайнцогт, Сайханцэцэг, Цагаанчулуун бид тав Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар буудлын хажууд байх “Буудай” караокед орсон. Бид нар тус бүр 1 шилтэй пиво авч уусан. Зааланд хүн байхгүй болохоор нь 6 дуу дараалж дуулаад хамгийн сүүлийн дуугаа дуулж дуусч байхад цаана VIP өрөөнд сууж байсан хүмүүс зааланд гарч ирээд диско бүжиг бүжиглэнэ гээд ая тавиулж бүжиглэсэн. Би ч бас дунд нь орж бүжиглэсэн. Над руу нэг эмэгтэй нь ирээд бөгсөө өгөөд бүжиглээд байсан. Би  тэр эмэгтэйг урагш нь гэдсээрээ түлхсэн. Би гэхдээ хүчтэй түлхээгүй. Дараа нь нэг залуу нь ирээд миний урд бүжиглээд байсан, би тэр залуутай бүжиглээгүй тойроод зогссон. Тэр залуу миний хажууд ирээд бүжиглэж байснаа миний малгайг аваад унагаасан. “Чи яаж байгаа юм бэ наадах чинь хүний тэргүүн дээр тавьдаг малгай шүү дээ” гэж хэлээд би тэр залуугийн цээж рүү нь цохисон. Тэр залуу намайг зөрүүлээд алгадсан, би ч тэр залуу руу дайраад барилцаж аваад цамцнаас нь зууралдсан. Тэр залуу намайг цохиж зодож байсан. Тал талаас баахан хүмүүс орж ирээд бөөн хэрүүл болцгоосон. Салгаад байгаа нь ч мэдэгдэхгүй бие биенээ өмөөрөөд бөөн хэрүүл болцгоосон. Энэ үед бармен нь хөгжмөө унтраагаад гэрлээ асаагаад больцгоо гээд тэнд байгаа хүмүүс ч хэрэлдэх нь гайгүй болоод гарч явцгаасан. Гадна зодоон болоогүй. Би утсаар цагдаа дуудсан боловч ирж амжихгүй байна дуудлага ихтэй байна гээд байхаар нь бид нар гэр гэрлүүгээ явцгаасан. Маргааш нь би цагдаад өргөдөл өгөх гэсэн боловч бүтэн сайн өдөр байсан болохоор өнжөөд 1 дэх өдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-нд хорооны цагдаа дээр очиж 87-58 УНХ улсын дугаартай машинтай хүмүүс намайг зодсон гэж бүртгүүлсэн. Маргааш нь буюу 08-нд шүүх эмнэлэг дээр очиход дүүрэг дээрээ өргөдөл бичиж өгөөд бичгээ авч ирж үзүүлдэг юм гэхээр нь цагдаа дээр очиж өргөдөл өгсөн. …Би газар унахад тэр залуу намайг бас өшиглөсөн. Миний малгайг авч шиддэг залуу намайг цохиж гэмтээсэн. …Миний малгайг санаатайгаар барьж аваад шидсэн.

…Би одоо гомдолгүй, хохиролд Эрдэнэбаатараас бэлнээр 700,000 төгрөг авсан. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгөө бүрэн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

 

            Гэрч А.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн үед Цагаанчулуун, Зулзага болон түүний эхнэр Сайхнаа, Ганцэцэг бид тавуулаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” нийтийн караокед ороод 5 ширхэг пиво аваад дуулаад сууж байсан. Гэтэл нийтийн бүжиг болоод тэнд байсан хүмүүс бүжиглэж байсан, би бүжиглээгүй. Манай ширээнд байсан хүмүүсээс Ганцэцэг ганцаараа босч бүжиглэсэн. Ганцэцэг бүжиглэж байгаад намайг гараараа даллаад дуудсан, би очиход ханиндаа бүжиглэе энд нэг эмэгтэй тулж бүжиглээд байна гэж хэлсэн. Нэг намхан шар эмэгтэй хажууд нь бүжиглэж байсан. Би хамт бүжиглэж байтал хажууд нь бүжиглэж байсан нэг залуу руу Ганцэцэг гэнэт “чи миний малгайг унагаадаг, хүний тэргүүн дээр хүрдэг хэн бэ” гээд тэр залуу руу уурласан.  Нөгөө залуу нь ч өмнөөс нь барьж аваад цохиод алгадаж байсан. Хөгжмийн дуу чимээ ихтэй байсан болохоор юу яриад хэрэлдээд байгаа нь сайн мэдэгдэхгүй байсан. Бармен нь хөгжмөө унтраагаад гэрлээ асаагаад больцгоо гээд бид нар гарцгаасан. Ганцэцэг л тэр залууд зодуулсан. Би малгайг нь яаж унагаж байхыг нь харж амжаагүй. Ганцэцэгийн саравчтай малгай нь газар унасан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/

 

            Гэрч Т.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Угтахбаярын дүү Уранзоригийн эхнэр буюу бэр дүү нь юм. Эрдэнэбаатар бол Угтахбаярын эхнэрийнх нь төрсөн дүү. Манай хадам ах Угтахбаярын төрсөн өдөр нь 2016 оны 11 дүгээр сарын 05-нд болоод шөнийн 23 цагийн үед Угтахбаяр түүний эхнэр Мартхүү болон Угтахбаярын ахын хамаатнууд болох 2 эмэгтэй 2 эрэгтэй бид долуулаа, Эрдэнэбаатар, Нямцоож, Батцэцэг, Эрдэнэбаатарын эхнэр Энхжаргал бид нар хамт яваад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” гэх бааранд орсон. Бид нар 2 шил архи, ундаа, ус авч уусан. Би урьд нь Ганцэцэг болон хамт явсан хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байсан. Ганцэцэг бид хоёр бүжиглэж байгаад дараа нь би Эрдэнэбаатарыг Ганцэцэгтэй очиж бүжиглэж бай гэж хэлээд Эрдэнэбаатар Ганцэцэгтэй бүжиглэж байгаад Ганцэцэг миний малгайг санаатай чи унагалаа гээд Эрдэнэбаатарыг заамдаж аваад хувцасыг нь урсан. Би очоод салгах гэхэд Ганцэцэг ширээн дээрээс пивоны шил аваад далайсан.  Энэ үед манайхан тал талаас ирээд салгасан. Эрдэнэбаатар бүжиглэж байгаад Ганцэцэгийн малгайг нь унагаасан байсан.  Би яг малгай унагаах үеийг нь хараагүй. Ганцэцэг малгай унагачихлаа гээд тэр хоёр хоорондоо маргалдсан.  Би очоод наад залууг чинь би бүжиглэчих гэсэн юм надаас боллоо гэж Ганцэцэгт хэлээд Ганцэцэг бид хоёр хоорондоо муудалцсан. Ганцэцэг бид хоёр зааланд хүмүүс бүжиглэж байхад нь голд нь орж бүжиглэсэн.  Бид хоёр хэн хэн нь бие бие рүүгээ бөгсөө өгч бүжиглэж байсан. Тэгээд би Эрдэнэбаатарт очоод чи энэ охинтой бүжиглээтэх гэж хэлсэн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/

 

            Гэрч Х.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 06-нд хүргэн ах Угтахбаярын төрсөн өдөр болоод би “Буудай” караокед Угтахбаяр ах, Маартхүү, Насанжаргал, Батцэцэг, Эрдэнэбаатар, Энхжаргал, Нямцоож бид нар орсон. Та хэд сууж бай би гэртээ харьж галаа түлчихээд ирье гээд шөнийн 02 цагийн үед гэрлүүгээ өөрийнхөө машинтай явсан. Галаа түлчихээд буцаад нөгөө караокедоо ирэх үед бааранд зодоон болчихсон байсан. Манай нөхөр Эрдэнэбаатар Ганцэцэг гэх нөгөө ширээн дээр сууж байсан эмэгтэйтэй хэрэлдсэн барилцаж авсан байсан. Эрдэнэбаатарын футболк хэд хэд салмарч урагдаад газар унасан байсан. Би нөхрөө аваад гарах гэтэл тооцоогоо хий гэж бармен хэлсэн, тооцоогоо хийгээд гарах гэтэл Ганцэцэгтэй таараад чи яагаад манай нөхрийн футболкийг урж байгаа юм, би жирэмсэн эмэгтэй байна, чамтай адилхан эмэгтэй хүн гэсэн утгаар хэлэхэд юундаа баар хэсээд яваад байгаа юм бэ жирэмсэн юм байж гэж над руу уурласан. Тэгээд бид нар гараад явцгаасан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/

 

            Гэрч Б.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний төрсөн өдөр 2016 оны 11 дүгээр сарын 06-нд болсон. 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед би эхнэр Мартхүү, хүргэн Эрдэнэбаатар, Эрдэнэбаатарын эхнэр Энхжаргал, манай бэр Насанжаргал, Батцэцэг, манай отгон дүү Нямцоож бид долуулаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буудай” караокед орж 0.75 литрийн 3 шил Шар Чингис архи авч уусан. Караоке-д кабин дотор дуулж байгаад дараа нь том зааланд орж бүжиглэсэн. Зааланд бүжиглэж байхад Эрдэнэбаатар, Ганцэцэг хоёр бүжиглэж байгаад Ганцэцэгийн малгай нь унасан. Эрдэнэбаатар Ганцэцэг хоёр хоорондоо хэрэлдээд бие биенийгээ гичийгээр нь дуудаад барилцаад авсан. Би цаана ширээн дээр сууж байгаад хоорондоо барилцаад авахаар нь очиж салгасан. Тэгээд бид нар караокенаас гарсан. Гадна зодоон болоогүй. Бид нар бие биенээ танихгүй хүмүүс, сүүллд сонсож байхад Ганцэцэгийн малгай унаснаас болж Ганцэцэг малгай унагаачихлаа гэж хэрүүл хийсэн юм шиг байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/

 

            Гэрч Н.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би “Буудай” караокед барменаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай бааранд Угтахбаяр гэх залуугийн төрсөн өдөр болж байгаа гээд найзуудтайгаа манай бааранд орж ирсэн. …Тэд нар ая тавиад зааланд бүжиглэж байгаад Эрдэнэбаатар гэх залуу нь Ганцэцэгийн малгайг нь унагаасан юм шиг байсан. Би яг тэр үеийг нь хараагүй. Ганцэцэг “чи миний малгайг унагалаа гээд Эрдэнэбаатар гэх залуу руу эсэн бусын үг хэлээд хэрэлдээд байсан. Эрдэнэбаатар нь ч Ганцэцэгийг барьж аваад цохиод авч байсан. Ганцэцэгийг ямар ч байсан миний харснаар Эрдэнэбаатар нь толгой руу нь цохисон. Өөр яг хэн хэн цохисныг нь харж амжихгүй юм байна лээ. …Ганцэцэг надад хэлэхдээ Эрдэнэбаатар миний малгайг унагаасан тэгэхээр хэн ч гэсэн уурладаг юм байгаа биз дээ гэж ярьж байсан. ”…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/

 

            Гэрч Б.Нямцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бид нар долуулаа Угтахбаяр ахын төрсөн өдрийг тэмдэглээд 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 00 цагийн үед “Буудай” гэдэг караокед ороод кабинд дуулж байгаад дараа нь бүжиглэнэ гээд ах эгч нар бүжгийн тайз руу орсон. Тэр үеэр нь би гадаа утсаар яриад тамхилж байгаад буцаж орж ирэхэд хүмүүс маргалдсан зогсож байсан. Тэгэхээр нь би очоод бужигнаж байсан хүмүүсийг салгасан. …Би яг зодоон болох үед байгаагүй. …Би архи уугаагүй, ганц хоёр шил пиво уусан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 х/

 

            Гэрч Б.Сайнцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 05-наас  06-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед бид Ганцэцэг, Пүрэвсүрэн, Цагаанчулуун, манай эхнэр Сайханцэцэг бид тавуул “Буудай” караоке бааранд орж тус бүр нэг шил пиво уусан. Бааранд орохоос өмнө бид нар ногоон савтай 1 том пиво уусан байсан. Ганцэцэг зааланд бүжиглэж байгаа бололтой байсан. Тэгж байгаад зааланд гэнэт хэрэлдээд бужигнаад явчихсан. Ганцэцэг хэрэлдээд зодолдоод байх шиг болохоор нь би дундуур нь очоод салгах гэтэл олон хүн Ганцэцэгийг тойроод зогсчихсон бужигнаад байсан. …Би бүжиглэдэггүй болохоор ширээн дээр сууж байтал гэнэт зодоон болсон. …Ганцэцэгийг хэн зодсоныг би хараагүй. …Маргааш Ганцэцэгтэй ярихад толгой хавдаад өвдчихлөө үзүүлнэ гэж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 х/

 

            Гэрч Ж.Сайханцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Намайг орой ажлаа тараад 2016 оны 11 дүгээр сарын 05-нд 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манайд Цагаанчулуун, Сайнцогт хоёр байсан. Удалгүй Ганцэцэг, Пүрэвсүрэн нар 2.0 литрийн савалгаатай пиво авч орж ирээд бид нар ууцгаасан. Тэгээд “Буудай” бааранд орсон. Уг бааранд бид тав тус бүр нэг шил пиво авч уусан. Пүрэвсүрэн, Цагаанчулуун, Сайнцогт бид 4 юм яриад ширээн дээр сууж байсан, Ганцэцэг бүжиглэх дуртай юм байна лээ бүжиглээд байсан. Цаана нь бас хэдэн залуучууд хүүхнүүд сууж байсан. Тэдгээр залуучуудтай Ганцэцэг бүжиглэж байгаа харагдсан. Гэнэт тэр хүмүүстэй Ганцэцэг хэрэлдээд зодоон болоод явсан. Бид нар юу болов гээд яваад очтол нэг залуу нь танд хамаагүй гээд Сайнцогтыг түлхээд унагаасан. Сайнцогт гэмтээгүй. Яаж байгаа юм гээд Цагаанчулуун бид хоёр очсон чинь Ганцэцэгийн малгайг нэг нь унагаасан юм шиг байсан. Ганцэцэг нэг залуутай нь малгай албаар унагаасан, нөгөө залуу нь унагаагүй гээд хэрэлдээд байсан. …Яг хэн нь Ганцэцэгийг зодсоныг мэдэхгүй. …Тухайн зодоон болсны дараа гэмтэл нь сайн мэдэгдээгүй. …Ганцэцэгтэй хэрэлдэж байсан залуу дээгүүрээ цээж нүцгэн болсон байсан. …Ганцэцэгээс өөр хүн зодуулж бэртэж гэмтээгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/,

 

Шинжээчийн ¹15389 тоот дүгнэлт:

            1.2.Ганцэцэгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний гадна булан, дух, зүүн чихний дэлбэн ба чихний ар хэсэг, баруун бугалга, шуу, зүүн бугалганы цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.8.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5.Ганцэцэг нь архаг хууч өвчтэй эсэхийг шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоох боломжгүй болно.

6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа /хх-ийн 34 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Загдсүрэн өмгөөллийн үгэндээ: Д.Эрдэнэбаатар догшин авирлаж танхайраагүй, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан хэргийг үйлдсэн байна. Мөн хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, хувийн сэдэлттэй байж болох хэрэг учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:

            Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын “… Бүжиглэж байгаад би Ганцэцэгийн малгайг нь унагаасан юм. Ганцэцэг намайг ямар бүдүүлэг юм бэ  хүний малгайг унагаачихлаа гээд над руу уурласан. Тэгэхээр нь би Ганцэцэгийг цохисон, би нэлээд согтсон байсан, би хэд хэдэн удаа Ганцэцэгийг цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч Л.Ганцэцэгийн: “… нэг залуу ирээд миний урд бүжиглээд байсан, би тэр залуутай бүжиглээгүй тойроод зогссон. Тэр залуу миний хажууд ирээд бүжиглэж байснаа миний малгайг аваад унагаасан. “Чи яаж байгаа юм бэ наадах чинь хүний тэргүүн дээр тавьдаг малгай шүү дээ” гэж хэлээд би тэр залуугийн цээж рүү нь цохисон. Тэр залуу намайг зөрүүлээд алгадсан, би ч тэр залуу руу дайраад барилцаж аваад цамцнаас нь зууралдсан. Тэр залуу намайг цохиж зодсон …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 х/,

            Гэрч А.Пүрэвсүрэнгийн: “... Би хамт бүжиглэж байтал хажууд нь бүжиглэж байсан нэг залуу руу Ганцэцэг гэнэт “чи миний малгайг унагаадаг, хүний тэргүүн дээр хүрдэг хэн бэ” гээд тэр залуу руу уурласан.  Нөгөө залуу нь ч өмнөөс нь барьж аваад цохиод алгадаж байсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 х/,

            Гэрч Т.Насанжаргалын: “… Ганцэцэг бид хоёр бүжиглэж байгаад дараа нь би Эрдэнэбаатарыг Ганцэцэгтэй очоод бүжиглэж бай гэж хэлээд Эрдэнэбаатар Ганцэцэгтэй бүжиглэж байгаад миний малгайг чи санаатай унагалаа гээд Эрдэнэбаатарыг заамдаж аваад хувцасыг нь урсан. ... Ганцэцэг малгай унагачихлаа гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 х/,

            Гэрч Б.Угтахбаярын: “… Зааланд бүжиглэж байхад Эрдэнэбаатар, Ганцэцэг хоёр бүжиглэж байгаад Ганцэцэгийн малгай нь унасан. Эрдэнэбаатар, Ганцэцэг хоёр хоорондоо хэрэлдээд бие биенийгээ гичийгээр нь дуудаад барилцаад авсан. ... Ганцэцэг малгай унагаачихлаа гэж хэрүүл хийсэн юм шиг байна лээ. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

            Л.Ганцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн  Шинжээчийн ¹15389 тоот дүгнэлт,

            Гэрч Н.Мөнхцэцэгийн: “…Би “Буудай” караокед барменаар ажилладаг. ... Ганцэцэг “чи миний малгайг унагалаа гээд Эрдэнэбаатар гэх залуу руу эсэн бусын үг хэлээд хэрэлдээд байсан. Эрдэнэбаатар нь ч Ганцэцэгийг барьж аваад цохиод авч байсан. Ганцэцэгийг ямар ч байсан миний харснаар Эрдэнэбаатар толгой руу нь цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 х/ зэргээс дүгнэлт хийхэд:

          Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь олон нийтийн үйлчилгээний газар болох “Буудай” караокед архидан согтуурч улмаар зааланд бүжиглэж байсан Л.Ганцэцэг дээр очиж бүжиглэж байхдаа түүний малгайг шалан дээр унагааснаас болж “Л.Ганцэцэг түүн рүү уурлаж дайрсан”-ны улмаас түүнийг зодсоныг үл ялих зүйлээр шалтагласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй, бааранд үйлчлүүлж байсан хүмүүс уг зодооныг салгасан нь хохирогчийг төдийгүй тус караоке-д үйлчлүүлж байсан хүмүүсийг үл хүндэтгэн тэдгээрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, мөн баарны хэвийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд ч гэсэн тасалдуулж нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гаргаж бусдын бие махбодид олон тооны шарх, гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан зэрэг нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн.

          Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ганцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон тул Прокуророос Д.Эрдэнэбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын хувийн байдлын талаар:

 

            Гэрч Ө.Баяннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би “Витафит” ХХК-д 2012 оны 09 дүгээр сард ажилд ороод Эрдэнэбаатартай танилцсан. Эрдэнэбаатар ажилд сайн, олон нийтэд нэр хүндтэй, бусдад тусархуу, архи ууж байхыг нь би харж байгаагүй. Бусдад тусархуу залуу байгаа юм. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 х/,

 

            Гэрч Ц.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Эрдэнэбаатартай найзлаад 4 жил болж байна. Одоо Эрдэнэбаатар бид хоёр “Витафит” ХХК-д түгээгчээр ажиллаж байна. Эрдэнэбаатар нь бусадтай нийтэч харьцаатай, ажил тасалдаггүй, ажилдаа сайн, хувь хүн талаасаа их дажгүй хүн байгаа юм. Эрдэнэбаатарын архи ууж байхыг би харж байгаагүй. Манай ажлынхан ажлаа тараад шууд  харьцгаадаг, манай ажилд архи уухыг хориглодог. Эрдэнэбаатар их дуу цөөтэй, томоотой залуу байгаа юм даа. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 х/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд элдэв муу заан аашгүй, хөдөлмөрч зан чанартай хүн болох нь тогтоогдож байгаа.

 

Бусдад учруулсан хохирлын талаар:

Хохирогч Л.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... хохирлын төлбөрт Д.Эрдэнэбаатараас 700,000 төгрөг бэлнээр авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн тайлбар /хх-ийн 17 х/,

Хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл “Хохиролд 700,000 өгрөг авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” /хх-ийн 49 х/ зэрэг нотлох баримтуудаар бусдад учруулсан гэм хорын төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхээс Д.Эрдэнэбаатарын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Д.Эрдэнэбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

Д.Эрдэнэбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, урьд гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, бусдад учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн.

 

            Шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хасгууд овогт Доржийн Эрдэнэбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Д.Эрдэнэбаатарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гэм хорын хохиролд 700,000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Эрдэнэбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ