Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 01634

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00879 дүгээр шийдвэртэй, Б.Г-ын нэхэмжлэлтэй, Н болон “С” ХХК-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрт 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 182 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр биелэгдэх мэдэгдэл гаргасан. Н 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 120/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4/2583 дугаартай албан бичгээр үнэлгээний мэдэгдэл хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу “С” ХХК-ийг шинжээчээр томилон 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Уг үнэлгээгээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Багатойруу 37-08 тоотод байрлах 12 м.кв 1 өрөө орон сууцыг 41 200 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур болох нь тайлангаар нотлогдож байна. Иймд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “С” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар захирамжаар Б.Г, “Хос маркшейдер” ХХК-иас 55 701 685 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 37 дугаар байрны 8 тоотод байрлах 12 м.кв 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Бага тойруу 37 дугаар байрны 8 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003001 дугаарт бүртгэлтэй 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу битүүмжилж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/30438, 4/30436 тоот албан бичгээр хүргүүлэхэд төлбөр төлөгч “Хос маркшейдер” ХХК-ийн захирал Ж.Б, Б.Г нар үнийн санал өгөхгүй, шинжээч томилуулах хүсэлтэй гэсэн тайлбар өгсөн. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгоход “С” ХХК-иас барьцаа хөрөнгийг 41 290 000 төгрөгөөр үнэлсэн.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Хос маркшейдер” ХХК-ийн захирал Ж.Б, Б.Г нарт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4/2583, 4/2585 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн болно. Төлбөр төлөгч нарт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/3961, 4/3962 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Г нь шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/Ш32018/02212 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Төлбөр төлөгч “Хос маркшейдер” ХХК-ийн захирал Ж.Б, Б.Г нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Үнэлгээ хийх 3 арга байдгаас өртгийн арга, зах зээлийн хандлагын аргаар судалгаа хийж үнэлгээ гаргасан. Үнэлгээ хийсэн орон сууц нь хотын төвд байрлалтай бөгөөд материал ойролцоо 3-4 үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулан үнэлгээ хийсэн. Маргаан бүхий орон сууц нь зах зээлийн үнийн дүнгээр 42 сая төгрөгөөр болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н, “С” ХХК-д холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2212 дугаар “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн үйлчлэлийг дуусгавар болсонд тооцож,   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Үнэлгээний “С” ХХК нь зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн боловч  үнэлгээ хийлгэж байгаа байрны м.кв-аас хэт зөрүүтэй байртай харьцуулсан учраас үнэлгээ хэт доогуур болсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Н болон “С” ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээ хуульд нийцсэн гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгэээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01050 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхүй болгох тухай” захирамжаар хариуцагч “Хос маркшейдер” ХХК болон Б.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 55 484 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 217 685 төгрөгийн хамт гаргуулж “Ингүүмэл инвест ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 37 дугаар байрны 08 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 6-7 дугаар тал/

Төлбөр төлөгч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н нь Б.Г-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 37 дугаар байрны 08 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. /хэргийн 9, 43 дугаар тал/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар  шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Н-аас “С” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хэргийн 56-82 дугаар тал/

   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог. Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч дүгнэлт гаргахдаа үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнийг 41 290 000 төгрөгөөр тодорхойлсон дүгнэлтийг үндэслэн, хариуцагч Н анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай нэхэмжлэгч Б.Г-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн байхад нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөн хуулийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж шүүхэд гаргасан байгааг дурдах нь зүйтэй. /хэргийн 4, 54 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00879 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА