| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/05158/И |
| Дугаар | 101/ШШ2021/00037 |
| Огноо | 2020-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн цахим шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,855,624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Цахим шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч Ж.Б-, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б- миний бие 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг хүүгүй 1 сарын хугацаатай 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, Ж.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны 417022895 тоот дансанд зээлийн төлбөр болох 500,000 төгрөгийг шилжүүлж бидний гэрээ баталгаажсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ж.Б- зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Ж.Б- Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 5 дугаар хороолол 33 дугаар байрны 7 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон.2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гарч хариуцагч Ж.Б-г эрэн сурвалжилж, уг ажлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэс эрэн сурвалжлах ажлыг удаа дараа зохион байгуулж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ж.Б-г ******** тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 870 хоног тутам, 0,5 хувийн алданги 2,175,000 төгрөг үндсэн зээлийн 500,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг 3 шатны шүүхийн хурлын материалыг нотариатаар батлуулах, хувилах зардалд 50,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,624 төгрөг нийт 2,855,624 төгрөгийг Ж.Б-гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийг зээлсэн үнэн. Алданги хуульд зааснаас өндрөөр тооцсон байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг, шүүхэд материал бэлдэхэд гарсан 50,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, алданги 2,175,000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нотариат, хувилах зардал 50,000 төгрөг, нийт 2,856,624 төгрөгийг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.Б- хуульд зааснаас их алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй бусад шаардлагыг зөвшөөрнө гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчид 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр, зээлдүүлэх, зээлдэхээр талууд хүсэл зоригийг илэрхийлж, “Зээлийн гэрээ”-г байгуулж хэн аль нь гарын үсэг зурж, зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй../хх-ийн 4 дүгээр тал/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “ хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Болор-Эрдэнийн Хаан банкны 500364837 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн, уг мөнгийг хүлээж авсан талаар зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдсон гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Ж.Б- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Г.Б- хууль буюу гэрээнд зааснаар зээл, алданги шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дахь заалтад “Зээлдэгч зээлсэн мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөх үүрэгтэй ба хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувийн төлнө” гэж тохирчээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байх тул алданги 250,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан зардал 50,000 төгрөг нийт 120,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэнг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болон хувилах зардалд 120,200 төгрөг нийт 870,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,985,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 219 дүгээр 219.1-д хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-с 870,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,985,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ