| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
2024 01 09 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
улсын яллагч: Э.Булганчимэг,
шүүгдэгч хохирогч: Б.А.,
шүүгдэгч хохирогч: Г.С. нар оролцсон эрүүгийн 2309031022741 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1/ Ө. овогт Б.ын А.
Монгол Улсын иргэн, ... оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино телевизийн зураглаач, найруулагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.
2/ С. овогт Г.ийн С.
Монгол Улсын иргэн, .... оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “С.” түргэн хоолны газарт тогооч ажилтай, ам бүл 1,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1245 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсаныг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А., Г.С. нар нь 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Грийн хаус” баарны урд харилцан үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч хохирогч Б.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Цаашид шүд хийлгэнэ. Одоогоор 150.000 төгрөгөөр хиймэл шүд хийлгээд байгаа.” гэв.
Шүүхийн хохирогч Г.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2309031022741 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12808 тоот дүгнэлт /хх-ийн 8-9/,
Хохирогч Г.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12807 тоот дүгнэлт /хх-ийн 17-18/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.А., Г.С. нар нь 2023 оны 10 дугаар сарын 06-наас 2023 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Грийн хаус” баарны урд харилцан үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Б.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-д байх CU дэлгүүрийн баруун талд байдаг нэрийг нь сайн мэдэхгүй лаунжид 4 найзын хамт сууж байсан. Гадаа А.Н.-той тамхи татах гэтэл Г.С. ирсэн байсан. Би согтуу байсан болохоор зарим болсон явдлыг санахгүй байна. Би Г.С. гэх залууг таньдаг. Намайг Г.С. гэх залуу толгойгоороо миний шүд рүү 1 удаа мөргөж, үүдэн 2 шүдийг маань унагаасан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12808 тоот: “Б.А.ийн биед дээд үүдэн 2 шүд уналт, зүүн сарвуу, зүүн шагайнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 8-9/,
Г.С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 12:00 цагийн орчимд “Их Монгол” төвд Ц. гэдэг ахтай пиво ууж байсан. Би А.Н. гэх найзын гар утсаар ярихад Б.А. гар утсыг нь аваад “Сүхбаатар дүүргийн 3-р хороо, “Грийн хаус” гэх газар байна, чи хүрээд ир” гэж надад зааж өгсөн. Би тухайн газар явж очоод мэнд мэдэн Э.Э., Б.А., А.Н. нартай гар барихад Б.А. над руу “чи яах гэж ирсэн юм бэ?” гэж асуухад А.Н. “мэдэхгүй” гэж хэлсэн. Э.Э. Б.А.эд хандан “чи болиоч ээ” гэж хэлээд байсан. Б.А. над дээр ирээд миний ар нуруунаас татаад толгойн дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Би Б.А.ээс зай авч холдтол нүүр лүү хоёр удаа гараараа хүчтэй цохисон. Би Б.А.эд “чи яачихаад байгаа юм бэ?” гэж хэлээд холдоход миний өмсөж явсан куртикны нуруунаас татаж, нүүр лүү нэг удаа цохисны дараа Б.А.ийг болиулах гээд нэг удаа нүүр лүү мөргөхөд Б.А.ийн шүд нь унасан. Бид хоёрын зай хэтэрхий ойрхон байсан учир өөр арга байгаагүй. Хэрэв би гараараа цохисон байсан бол бүх найзууд нь нийлж намайг зодох байсан байх. Б.А. болон түүнтэй хамт явж байсан хүмүүс их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.А.ийн шүд унасан байсныг харсан Уска гэх найз цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудсаны дараа Б.А. над руу дайраад байхад нь Уска болиулаад Б.А. бид хоёр 00-ын өрөө орж, нүүрээ угаагаад гарч ирсэн. Тухайн газрын үүд хэсэг дээр очоод 02 цаг 10 минутын орчимд миний зүүн хацар хэсэг рүү дахин нэг гараараа хүчтэй цохиж авсан. Мөн намайг хэл амаар доромжилж зогсож байгаад миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12807 тоот: “Г.С.ын биед баруун нүдний зовхи, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, баруун сарвууны ядам, чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,
Гэрч Э.Э.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.А., Г.С. нар нь маргалдаад байсан. ...Г.С. Б.А.ийг толгойгоороо мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Гэрч А.Н.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.С. Б.А.ийг мөргөчих шиг болсон. ...Б.А., Г.С. нар хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Б.А. нь Г.С.ын дагз хэсэг рүү гараа саван цохиж, Г.С.ын саравчтай малгай унаж буй дүрс харагдаж байна. ...Б.А. хохирогч Г.С.ыг цамцны захаас нь заамдаж авах гээд чадалгүй алдаж байна. ...Б.А. нь Г.С.ын араас нь очин зүүн гараараа цохих гэж оролдож байгаа үйлдэл харагдав. Энэ үед Г.С. нь Б.А.ийг нүүр лүү нь мөргөж байгаа дүрс гарав...” гэх тэмдэглэл /хх-ийн 24-29/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А. нь Г.С.тай зүй зохисгүй харьцаж түүний нүүр, дагз хэсэг рүү гараараа цохиж гэмтэл учруулсан, Г.С. нь Б.А.ийн халдлага, довтолгоог эсэргүүцэн түүний нүүр хэсэгт мөргөж гэмтэл учруулсан болохыг шүүгдэгч хохирогч нарын хэн аль нь мэдүүлж, шүүгдэгч нар харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн ба энэ нь гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогдож, уг хэргийн нөхцөл байдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч нарын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.А. нь Г.С.ын биед, Г.С. нь Б.А.ийн биед биед хүч хэрэглэн цохиж, мөргөж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.А., Г.С. нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч хохирогч Г.С. нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч Б.А. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...“Фокус дентал клиник” эмнэлэгт 150.000 төгрөгөөр хиймэл уян шүдэлбэр хийлгэсэн ба төлбөр төлсөн баримтыг гарган өгч байна. Цаашид шүд хийлгэх шаардлагатай байгаа.” гэж тайлбарласан тул шүүгдэгч Г.С.аас 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А.эд олгож, цаашид гарах гэм хор хохирлоо хохирогч Г.С. нь шүүгдэгч Б.А.ээс, хохирогч Б.А. нь шүүгдэгч Г.С.аас тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.А., Г.С. нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Б.А.ийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, Г.С.ын хувьд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин тэдгээрт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгч Б.А. нь тухайн үл ойлголцол, маргаан гарах нөхцөл байдлыг бий болгосон, шүүгдэгч хохирогч Г.С.ыг өдөөн хатгаж, биед нь түрүүлж халдаж буй үйл баримт нь шүүгдэгч Б.А.ийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг илэрхийлж байгаа зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, эрүүгийн хариуцлагыг тус бүр ялгамжтай оногдуулах нь хуульд нийцнэ.
Иймд шүүгдэгч Б.А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн зүйл хэсэгт зааснаар Г.С.ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов.
Улсын яллагчаас “....шүүгдэгч Б.А.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.С.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А. нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө. овогт Б.ын А., С. овогт Г.ийн С. нарыг харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С.т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.эд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.С.т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А., Г.С. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.А. нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С.аас 150.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө. овогт Б.ын А. /.../-д олгосугай.
7. Шүүгдэгч хохирогч Б.А., Г.С. нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Г.С. нь шүүгдэгч Б.А.ээс, хохирогч Б.А. нь шүүгдэгч Г.С.аас тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН