Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

 

 

 

 

 

 

 

 

   2024        01         11                                    2024/ШЦТ/70

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

улсын яллагч: Н.Энхтулга,

шүүгдэгч: Г.С.,

шүүгдэгч: А.М.,

шүүгдэгч: Ш.А.,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нар оролцсон эрүүгийн 2309018182636 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/ Б. овогт Г.ын С.

Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

2/ Б. овогт А.ийн М. Монгол Улсын иргэн, ... оны 07 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

3/ Б. овогт Ш.гийн А.

Монгол Улсын иргэн, ... оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С., Ш.А., А.М. нар нь урьдчилсан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, интернэт орчинд “Pokerrrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн бүртгүүлж, улмаар “Luugar club” нэртэй клуб буюу өрөө үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж, А.А.ийн “Хаан” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан 55 удаагийн гүйлгээгээр 259.340.000 төгрөг, П.О.-ын “Хаан” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан 79.411.000 төгрөгийг бэлнээр гарган авч, нийт 338.751.000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.    

Шүүгдэгч А.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.    

Шүүгдэгч Ш.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.      

Эрүүгийн 2309018182636 дугаартай хэргээс:

Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн танилцуулга /хх-ийн 11/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,

Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Ц.-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/,

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А.-ын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 18-21/,

Эрүүгийн цагдаагийн албаны 5 дугаар хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.П.-ын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн даалгаврын биелэлтийн танилцуулга /хх-ийн 29/,

Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29/6665 дугаартай лавлагаа /хх-ийн 36/,

Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29/7023 дугаартай лавлагаа /хх-ийн 39/,

Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29/7022 дугаартай лавлагаа /хх-ийн 43/,

Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/7193 дугаартай лавлагаа, тухайн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 44-46/,

Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29/9713 дугаартай лавлагаа, тухайн дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 44-46/,

Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/7193 дугаартай албан тоотын АТМ-ын хяналтын камерын зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49/,

Гэрч А.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Гэрч С.О.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79/,

Гэрч Н.Г.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-84/,

А.М.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-89/,

Ш.А.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 92-94/,

Гэрч П.О.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98/,

Гэрч М.Б.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-103/,

Гэрч М.Б.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-108/,

Гэрч Х.Б.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-112/,

Г.С.ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 115-117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Г.С., Ш.А., А.М. нар нь урьдчилсан үгсэн тохиролцож гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, интернэт орчинд “Pokerrrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн бүртгүүлж, улмаар “Luugar club” нэртэй клуб буюу өрөө үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж, А.А.ийн Хаан банкин дахь ... дугаартай дансыг ашиглан 55 удаагийн гүйлгээгээр 259.340.000 төгрөг, П.О.-ын Хаан банкин дахь ... дугаартай дансыг ашиглан 79.411.000 төгрөгийг бэлнээр гарган авч, нийт 338.751.000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн танилцуулга /хх-ийн 11/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/,

Эрүүгийн цагдааний албаны 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн  ахлах дэслэгч Ж.Ц.-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Цахим орчинд үзлэг  хийсэн тэмдэглэл,

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтантуулын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа,

Эрүүгийн цагдаагийн албаны 5 дугаар хэлтсийн шинжээч-эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.П.-ын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн даалгаврын биелэлтийн танилцуулга,

Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29/6665 дугаартай лавлагаа,

Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29/7023 дугаартай лавлагаа,

Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29/7022 дугаартай лавлагаа,

Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/7193 дугаартай лавлагаа,

Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29/9713 дугаартай лавлагаа,

Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/7193 дугаартай албан тоотын АТМ-ын хяналтын камерын зурагт үзлэг хийсэн тэмдэглэл,

Гэрч А.А.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... дугаартай Хаан банкны дансыг би сайн мэдэхгүй. Би ашиглаж байгаагүй. Би өөрөө Хаан банкны ... гэсэн дансыг 18 настай байхдаа хэрэглэж эхэлсэн. Уг данс дээрээ интернэт банк суулгуулж ашигладаг байсан. Г.С. гэх залуутай 3-4 сарын өмнө уулзаад, түүнд Хаан банкны дансаа хэсэг хугацаанд ашиглуулахаар хоорондоо ярилцан тохироод, Г.С. “сар болгон 300.000 төгрөг өгье, чи Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэлчих” гэж хэлэхэд нь Г.С.аас ямар зорилгоор ашиглах гэж байгааг асуухад “би таньдаг ахдаа хэрэглүүлнэ, асуудал гарахгүй” гэхээр нь би мөнгөний хэрэгцээ байсан учир зөвшөөрч, дансаа өгсөн. Сар болгоны 30-ны өдөр Г.С. миний ... дугаар луу өөрийн ... дугаараас залгаж, миний байгаа газар ирээд бэлэн 300.000 төгрөг өгдөг байсан. Дансаа ашиглуулснаас хойш нийтдээ 900.000 төгрөгийг бэлэн авч байсан. Миний Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгийг аваад, солиод ашиглаж байгаа. Би өөрөө дансны мэдээллээ авч чадахгүй байгаа. Би Г.С.тай 6-7 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Дамбад байхдаа танилцаж байсан ба сайн найз нөхдийн холбоогүй, зүс таних төдийд мэндлээд өнгөрдөг байж байгаад фэйсбүүк хаягаар найзууд болсон. Г.С. нь Hero gb нэртэй фэйсбүүк ашигладаг. Миний Хаан банкны дансыг ямар зорилгоор ашиглаж байгааг Г.С.аас асуухад цахим покер тоглуулахад ашиглаж байгаа гэж хэлсэн. Би өөрөө цахим покер тоглодоггүй. Миний Хаан банкны дансанд хэдэн төгрөгийн зарлага, орлого орсон эсэхийг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

Гэрч С.О.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Г.С. нь онлайн покер утсан дээрээ тоглуулдаг нь анзаарагддаг байсан. Би уг мөрийтэй тоглоомыг ажиллуулж ашиг олдог байсан эсэхийг нь мэддэггүй байж байгаад цагдаагийн байгууллагаас манай нөхрийг уг асуудлаар шалгах үед нь анх мэдсэн. Г.С. надад Хаан банкны карт өгөөд 1.000.000 төгрөг авахуулж байсан ба хэний, ямар данс өгснийг нь тухайн үедээ мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Г.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай ах Г.С. нь 2023 оны 07 дугаар сарын 07 бил үү 08-ны өдөр “би хөдөө явах гэж байгаа, чи энэ картнаас өдөр болгон бэлэн мөнгө аваад байлгаж байгаарай, хүнд өгөх ёстой юм” гээд А. гэх нэртэй улаан өнгийн виза карт өгөөд, пин код нь 0227 гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн өдөр болгон АТМ орж шалган дээд тал нь 5.000.000 төгрөг, доод тал нь 1.600.000 төгрөг авч, гэртээ байлгаж байсан ба 2023 оны 08 дугаар сарын эхээр Г.С. ах хөдөөнөөс ирэхээр нь картыг нь бэлэн мөнгөнүүдтэй нь өгсөн. Би ойролцоогоор 40-50 сая төгрөг бэлнээр авсан байх, яг нарийн тоолж байгаагүй. Тухайн мөнгийг Г.С. ах бүгдийг нь аваад гарсан. Ихэвчлэн “Дүнжингарав” худалдааны төвийн замын урд байх GS25 сүлжээ дэлгүүрийн үүдэнд байх Хаан банкны АТМ-ээс авдаг байсан. “Их Монгол” төвийн АТМ-ээс нэг удаа 5.000.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг,

Г.С.ын сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сард Pokerrrr2 аппликеэйшнээс “Луугар” нэртэй цахим мөрийтэй тоглоомын клуб нээж хөгжүүлсэн ба анх А.А. гэх зүс таних хүний Хаан банкны ... гэсэн дансыг мөрийтэй тоглоомын бооцоо авахдаа ашиглаж байгаад А.А.ийн интернэт банк болон нэвтрэх нэрийг авч ашиглаж эхэлсэн. А.А.ийн ... дугаартай Хаан банкны  дансанд интернэт банкаар нэвтэрч, дахин нэг данс нээн ашиглаж, карт захиалж, тоглоомноос олсон ашгаа авдаг байсан. 2023 оны 08 дугаар сарын эхээр ашиглахаа болиод П.О. гэх хүний дансыг ашиглаж байгаа 5835-тай данс байгаа. Анх би өөрөө нээж ажиллуулж байгаад М., Ш.А. гэх зүс таних хүмүүсийг админаар авч ажиллуулж байгаа. Би М., Ш.А. нарыг тус бүр өдрийн 200.000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байгаа. Би ойролцоогоор 100 сая гаруй төгрөгийн ашиг олсон байх гэж бодож байна. Эндээсээ тоглоом хөгжүүлэлтээсээ эхлээд олон улсын данс нээж, өдрийн 300 доллар төлдөг байсан ба сурталчилгаанд ойролцоогоор 70-80 сая төгрөг зарцуулсан байх. Хоёр админдаа 6-7 сая төгрөгийн цалин өгсөн. Би олсон орлогоосоо хуучин Iphone 12 маркийн гар утас барьж байгаад зараад, дээр нь мөнгө нэмж Iphone 14 pro max маркийн гар утас авсан. Олсон ашгаа ойр зуурын хэрэглээ болон амралт зугаалгад ихэвчлэн үрээд дуусгасан. Би цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, олсон ашгаасаа эд зүйл, техник хэрэгсэл, автомашин, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан зүйл байхгүй. Олсон ашгаа бусадтай хуваасан зүйл байхгүй. Уг санааг өөрөө анх бодож, клубыг нээн ажиллуулж, ганцаараа зохион байгуулахад асуудалтай байсан учир М., Ш.А. гэх хоёр хүнийг цалинжуулж ажиллуулсан. Би өөрөө явж АТМ-ээс бэлнээр авдаг ба анх А.А.т данс ашигласан гэж сарын 300.000 төгрөгийг өөртэй нь уулзаж, бэлэн өгдөг байсан ба П.О.-д одоо дансыг нь ашиглаж байгаа гэж сарын 500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Архангай аймаг явах ажилтай болоод өөрийн үеэл дүү Н.Г.-д А.А.ийн Хаан банкны виза картыг өгөөд 2, 3 хоноод АТМ-ээс бэлэн мөнгө авч, гэртээ байлгаж байгаарай гэж хэлсэн. Би 2023 оны 08 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирээд Н.Г.-ээс Хаан банкны виза карт болон бэлэн 30-35 орчим сая төгрөг байсныг аваад фэйсбүүкээр бүүст хийдэг хүмүүст тодорхой хэмжээгээр зарцуулж дуусгасан. А.А.ийн дансыг ашиглаж байхад данс хаагдахаар нь П.О. гэх зүс таних хүний дансыг интернэт банк, нэвтрэх нэртэй нь дугаартай холбуулан авч, интернэт банкаар нь данс нээж, карт захиалж, олсон орлогоо шинээр нээсэн дансанд хийж, АТМ-ээс бэлэн гаргуулж авч ашигласан. Би А.А.ийн Хаан банкны орлого авдаг картыг ашиглуулахаа болихоор нь хаяж үрэгдүүлсэн. П.О. гэх сүүлд нээсэн Хаан банкны дансны карт, “Луугар” Pokerr2 аппликэйшныг ажиллуулдаг админы 2 ширхэг Iphone X болон Iphone XR загварын гар утас байгаа. Уг Pokerrr2 аппликэйныг гар утасныхаа app store-оос татаж авч, VPN ашиглаж, клуб нээн, нэвтрэх кодоор орохоор тохируулсан. Тодорхой клубт элсүүлж, тоглолтыг зохион байгуулж, 50.000-100.000 төгрөгийн ширээг нээн бооцооны мөнгийг А.А.ийн дансаар авч, тоглуулж эхэлсэн. Тоглолт дуусаад хүмүүсийн хожсон мөнгийг шилжүүлдэг зарчмаар тоглолт үргэлжилдэг. Сүүлдээ тоглогч нар их болоод ирэхээр 50.000 төгрөгийн ширээ, 100.000 төгрөгийн ширээнүүдиг нээж тоглуулж эхэлсэн. Уг цахим мөрийтэй тоглоомыг ажиллуулах нь хууль бус гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С., А.М., Ш.А. нар нь санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан болохыг шүүгдэгч, гэрч нараас зөрүүгүй мэдүүлж, шүүгдэгч нараас тухайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулснаа хүлээн мэдүүлсэн, уг үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч Г.С., А.М., Ш.А. нар нь ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, бусдыг аз туршиж тоглодог буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй мөрийтэй тоглоомонд татан оролцуулсныг санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнийг зохион байгуулсан этгээд хувьдаа ашигласан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, цаашлаад шударга бус арга хэрэгслээр ашиг олох хэрэгсэл болгох, улмаар татвараас зайлсхийх хууль бус үйл ажиллагаагаар илрэн гардаг.

Ийнхүү мөрийтэй тоглоом зохион байгуулснаар түүнд өртөж буй эрх ашгийг хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хамгаалсан ба тухайн эрх ашигт халдсан аливаа үйлдлийг хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

Иймд шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас зөрчигдсөн эрх ашиг хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хууль зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж тус тус заасан.

Гэмт хэрэгт хамтран оролцогч нарын тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, хоорондоо харилцан хамааралтай, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг бий болгоход өөр өөрсдийн зохих хувь нэмэр оруулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.С. гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан, бусад шүүгдэгч нарын үүрэг оролцоог хуваарилж, шүүгдэгч А.М., Ш.А. нараас идэвхитэйгээр хамтарч цахим мөрийтэй тоглоомыг ажиллуулах админ эрхийг эдэлж, бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэн тус тус хувь нэмрийг оруулан гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.  

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.С., А.М., Ш.А. нарыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн хууль, зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж тус тус заасан.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд П.О. гэх хүний эзэмшлийн “Хаан” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан нийт 23 удаагийн гүйлгээгээр 79.411.000 төгрөг, А.А. гэх хүний эзэмшлийн “Хаан” банкин дахь ... дугаартай дансыг ашиглан нийт 56 удаагийн гүйлгээгээр 259.340.000 төгрөг буюу нийт 338.751.000 төгрөгийн ашиг орлого олсон болох нь дээрх данснуудын бэлэн зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тухайн ашиг, орлогыг шүүгдэгч Г.С. өөртөө төвлөрүүлэн авсан болох нь тогтоогджээ.

Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан гэмт хэргийн улмаас олсон орлого болох 338.751.000 төгрөгийг шүүгдэгч Г.С.аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Г.С., А.М., Ш.А. нарыг тус тус гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С.т 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Г.С.аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 338.751.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, А.М.т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Ш.А.ид 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар ялын санал гаргасныг шүүгдэгч нар нь танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч Г.С.ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, А.М.ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ш.А.ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн iPhone XR маркийн гар утас 1 ширхэг, шар өнгийн iPhone XR маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн iPhone 14 pro max загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн iPhone 7 plus загварын гар утас зэрэгт буй зохих мэдээллүүдийг устгаж, гар утаснуудыг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.М., Ш.А. нар нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Г.ын С., Б. овогт А.ийн М., Б. овогт Ш.гийн А. нарыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С.ыг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.М.ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.А.ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С.т оногдуулсан 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, шүүгдэгч А.М., Ш.А. нарт тус бүрт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С., А.М., Ш.А. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С.аас 338.751.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн iPhone XR маркийн гар утас 1 ширхэг, шар өнгийн iPhone XR маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн iPhone 14 pro max загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн iPhone 7 plus загварын гар утас зэрэгт буй зохих мэдээллүүдийг устгаж, гар утаснуудыг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.М., Ш.А. нар нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С., А.М., Ш.А. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН