Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх болон цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Н.Г-д холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, аав, ээжийнхээ хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө сумын төвөөс хойш 34 км-т орших “Э.Х" гэх газарт Э.Ч-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикл жолоодон зугтаасан Э.Ч-ын араас мотоциклтой хөөсний улмаас Э.Ч онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчын муруйлт, баруун хамрын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-д холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж байгаа тул тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Миний ах эрүүл саруул, гэр орондоо амарч байхад нь шүүгдэгч Н.Г, гэрч Б.А нар гэрээс нь шөнийн цагаар авч гарчхаад, хөдөө хээр аваачиж Н.Г миний ахын элгэн тус газарт 1 удаа, эрүүн тус газарт 2 удаа цохисон гэдгийг гэрч Б.А гэрчээр өгсөн 2 удаагийн мэдүүлэгтээ ахыг мотоциклоо асаагаад давхиад явахад араас нь Н.Г мотоциклтойгоо хөөж давхисан талаар мэдүүлсээр байтал шүүхээс Н.Г-ыг цагаатгаж шийдвэрлэснийг хохирогчийн ар гэрээс хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх үнэн зөвийг тогтоож, хохирсон хохирогчийн эм тариа, эмчилгээний зардлыг гаргуулан өгөх ёстой байгууллага байтал, ялтанд ял завшуулж, хохирогч талыг хохироож үлдээсэнд маш ихээр гомдолтой байна.

Ер нь энэ хэрэгт яагаад Б.А гэгчийг шалгаагүйг гайхаж байна. Б.А, Н.Г нар нь миний ахыг хүнд аюултай байдалд орхиж явсан, мөн эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээг огт үзүүлээгүй, холоос хараад давхилдаад яваад байсан байдаг. Магадгүй тухайн үед нь түргэн тусламж дуудсан /ядаж л эхнэрт нь очоод хэлж болох л байсан/ бол миний ах өдийд ямар ч байх байсан юм билээ.Одоо миний ах ухаан санаа нь орж гардаг, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, группийн, асаргааны хүн болоод удаж байна. Гэтэл шударга ёсны баталгаа болсон шүүх шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэнд маш ихээр гомдож байна.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д ...шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана... гэж заасан атал шүүхээс Н.Г холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолд шийдвэрээ бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл ...-ийг бичих талаар хуульчилсан.

Анхан шатны шүүхээс хэргийг илт үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс нотлох баримтын талаар дүгнэхдээ ... тухайн хэргийн талаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, зөвхөн гэрч Б.А-ын өгсөн мэдүүлгийг эх сурвалж болгосон нь учир дутагдалтай..., би хүүхэдтэйгээ тэр газраа үлдсэн ...” гэж мэдүүлсэн байхад бага насны хүүхдээс хуульд заасан журмаар мэдүүлэг аваагүй нь учир дутагдалтай, хэргийн бодит байдлыг тогтоох арга хэмжээ аваагүй байна гэж дүгнэсэн байна. Дээрх үндэслэлд дараах няцаалтыг өгч байна.

Хавтаст хэргийн хүрээнд /XX-35 талд / гэрч Б.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт : ... би дагуулж явсан 4 настай хүүхдээ шээлгэх үед ... гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Н.Г, Б.А-тай хамт явсан хүүхэд бага насных болох нь тогтоогдож байдаг. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна гэж хуульчилсан. Гэтэл шүүгч иргэний эрх зүйн чадамжгүй иргэнээс мэдүүлэг аваагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж шүүх дүгнэсэн атлаа, шүүгдэгч Н.Г-ыг цагаатгаж шийдвэрлэснийг огт ойлгохгүй байна.

Иймд дээрх цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.9 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус ноцтойгоор зөрчсөн байх тул цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “..Шүүгдэгч Н.Г холбогдох хэргийг Н.Г-ын хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Ч-ын биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолдоо: “...гэрч Б.А-ын: “...Э.Ч бид нарын зогсож байсан газраас зүүн хойшоо өөрийнхөө эзэмшлийн Dayun маркийн улаан шар өнгийн мотоциклтой хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй гэнэт асаагаад учиргүй хаазлаад явсан. Тэгээд зүүн хойд дээгүүр даваад чимээгүй болсон.

Хаазалж байгаад гэнэт чимээгүй болчихсон тэгээд би Э.Ч-ыг уначихлаа гэж мэдсэн. Гэтэл Н.Г ойччихлоо гээд миний мотоциклыг жолоодоод Э.Ч-ын араас явсан би хүүхэдтэйгээ тэр газраа үлдсэн. Н.Г удаагүй буцаж ирээд Э.Ч-ыг мотоциклоосоо уначихсан байна” /хх-ийн 34-35-р/” гэсэн мэдүүлгийг цагаатгах үндэслэл болгосон байна.

Гэвч уг мэдүүлгийн эхний хэсэгт дурдагдсан “...Тэгээд хоорондоо муудалцаад Н.Г Э.Ч-ын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Н.Г намайг нэг удаа цохиж авсан дараа нь Н.Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Э.Ч өөрийнхөө мотоциклыг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан. Тэгсэн Н.Г гүйж очоод миний мотоциклыг асаагаад Э.Ч-ын араас хаазлаад явсан” гэсэн хохирогч Э.Ч нь чухам юунаас болоод айлын гэрт хүргэх зам зааж өгөхөөр хамт явсан хүмүүсээсээ гэнэт хаазлаад зугтах болсон талаар хэлсэн хэсэгт огт дүгнэлт хийлгүй үндэслэлгүй цагаатгасан байна.

Өөрөөр хэлбэл гэрч Б.А-ын мэдүүлгийн дээрх хэсгээр яллагдагч Н.Г нь хохирогч Э.Ч-ыг араас нь хөөсөн, үүний улмаас онхолдсон байдал тогтоогдож байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгасан байна.

Мөн яллагдагч Н.Г-ыг заавал хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн байхыг шаардаж цагаатгасан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг үндэслэлээс гадна “...эсхүл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг, гэрч Б.А, шинжээч Ж.Ж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Ч-ыг яллагдагч Н.Г араас нь хөөсний улмаас онхолдож хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь тогтоогдсон байна.

Мөн шийтгэх тогтоолдоо: “...тухайн хэргийн болсон гэх нөхцөл байдлыг зөвхөн гэрч Б.А-ын мэдүүлгээр нотлогддог гэж улсын яллагч үздэг түүний мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах гол гэрч болох Б.А-ын хүүхдээс нөхцөл байдлыг тодруулаагүй буюу хэргийн бодит байдлыг тогтоох арга хэмжээ аваагүй байна.” гэсэн байна. Гэтэл гэрч Б.А-ын хүүхэд нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2019 оны 06 дугаар сард 4 настай байсан бөгөөд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй” хүүхдээс бодит байдлыг тодруулж мэдүүлэг авч, хэрэгт хавсаргах боломжгүй юм.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна.”, 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь гэм буруутай болох нь тогтоогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.”, 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.” гэж тус тус заасан байна.

Гэтэл шүүх дээрх заалтуудыг ноцтой зөрчиж шийтгэх тогтоол гаргасан атлаа шүүгдэгч Н.Г-ыг цагаатгасан шийдвэр гаргаж хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мөн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр болсон байхад шийтгэх тогтоолын огноо нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу шүүх хуралдаан болохоос өмнөх өдрөөр бичигдсэн байна.

Шүүхийн тогтоолын ТОГТООХ хэсэгт удирдлага болгож буй хуулийн зүйл, хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийг баримталснаас үзэхэд шийтгэх бус цагаатгах тогтоол гарсан мэт байх бөгөөд цагаатгасан үндэслэлийг нь харахаар “...Н.Г-ын хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Ч-ын биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй" гэсэн үндэслэлээр цагаатгасан гэж ойлгогдохоор байна.

Гэтэл шүүх дээрх үндэслэлээр цагаатгасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах ёстой атал энэ талаар шийдвэр гаргаагүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Гол нь энэ хэрэгт хийгдэх бүх ажиллагаа хийгдсэн. Буцаах үндэслэл байхгүй. Нөгөө талдаа энэ хэрэг чинь нотлогдсон. Өөрөөр хэлбэл Н.Г яах гэж Ч-ыг зодсон юм. Зүгээр явж байгаад араас нь дайрчих дайрчих гэж дайраад алчих гээд байсан шалтгаан нь юу байсан юм. Тэгээд хээр очоод зодож байгаа шалтгаан нь юу юм. Хэн ч гэсэн зодуулахаас амь насаа аврахаар зугтаана биз дээ. Зугтаж байхад зам хөдөлгөөний дүрэм үйлчлэхгүй шүү дээ. Амь насаа аварч л байвал хээр тал дээр. Ийм нөхцөл байдал үүсэж байгааг үнэлээч ээ, дүгнээч ээ гээд хүсээд байгаа юм. Тийм учраас энэ хүн араас нь хөөсөн. Хөөсөн нь үнэн. Амиа аврах гээд зугтаж байгаа юм. Гэтэл өнөөдөр гэмтлийн улмаас эрүүл мэндээ 70 хувиар алдчихсан сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлаар нотлох баримтаа зөв үнэлээд шийдвэрлэх ёстой байсан” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгааг ойлгож байна. Яг шийтгэх тогтоол маань хуулийн хүрээнд ямар байх ёстой юм бэ гэдэг талаар өмгөөлөгчийн зүгээс тусгайлан  маргаад мэтгэлцээд байх зүйл алга байна. Энэ прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдоод байгаа гомдлын хувьд прокурорын газраас хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нэг талдаа ямар вэ гэдэг талаар тодорхой хэмжээний дүгнэлт өмгөөлөгчийн зүгээс хэлэх ёстой гэж бодож байна. Анхан шатны шүүхээс хийж байгаа цагаатгах тогтоол гаргах дүгнэлт маань нэг талдаа үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

...Анхан шатны шүүхээс хэргийг буцаах үндэслэл байсаар байхад хэргийг буцаасангүй гэсэн ийм тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Энэ хэрэг маань зам тээврийн ослын улмаас тодорхой хэмжээгээр өөрөө өөртөө хохирол гэмтэл учруулсан ийм нөхцөл байдал байгааг би дурдаж хэлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:      

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн давж заалдах гомдол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/92 дугаартай захирамжид /хх-183/ шүүгдэгч Н.Г холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутаас нээлттэй явуулахаар тогтоосон боловч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-216/ шүүгдэгч Н.Г холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад нээлттэй хийсэн, шийтгэх болон цагаатгах тогтоолуудыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргасан /хх-227, 235/ гэж бичигдсэнээс үзэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид заасан хугацаанд шүүх хуралдааныг хийгээгүй /явуулаагүй/ байна.

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шийтгэх тогтоол болон цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...яллагдагч Д.Т-ийн /хх-230, 236/ мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтаар шинжлэн судалсан” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцээгүй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн  ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт явуулсан албан бичигтээ: “...тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай цагаатгах тогтоолыг шүүгчийн туслах шийтгэх тогтоолын бланк дээр гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залруулга хийж цагаатгах тогтоолыг хүргүүлэв” гэж бичсэн байх ба хэрэгт шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан ямар алдааг яаж залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан эсэх, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулсан эсэх талаар баримт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэрийг залруулах тухай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, шийтгэх тогтоолын хэвлэмэл хуудсанд бичигдсэн тогтоолыг цагаатгах тогтоолд бүрэн эхээр нь хуулж бичсэн байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

“...шүүгдэгч Н.Г-ын болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Ч-ын биед хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16/, гэрч Б.-ийн “...Ч бид нарын зогсож байсан газраас зүүн хойшоо өөрийнхөө эзэмшлийн Dayun маркийн улаан шар өнгийн мотоциклтой хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй гэнэт асаагаад учиргүй хаазлаад явсан. Тэгээд зүүн хойд дээгүүр даваад чимээгүй болсон. Хаазалж байгаад гэнэт чимээгүй болчихсон. Тэгээд би Ч-ыг уначихлаа гэж мэдсэн. Гэтэл Г ойччихлоо гээд миний мотоциклыг жолоодоод Ч-ын араас явсан. Би хүүхэдтэйгээ тэр газраа үлдсэн. Г удаагүй буцаж ирээд Ч-ыг мотоциклоосоо уначихсан байна” гэсэн мэдүүлэг /хх-34/ зэрэг нотлох баримтуудаар Н.Г-ын хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Ч-ын биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийж Н.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан боловч шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шаардлагыг зөрчсөн байна.

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.Г нь Э.Ч-ын биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж” шүүх дүгнээд ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Г-ыг цагаатгаж шийдвэрлэв”, “...Н.Г холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв гэснээс үзэхэд шүүгдэгчид холбогдох хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар цагаатгах тогтоол гаргахдаа шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ийн заалтыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх болон цагаатгах тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх болон цагаатгах тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний  өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх, цагаатгах тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Г холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                         Ш.ТӨМӨРБААТАР