Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0688

 

 

 

 

 

 

 

 

                                        “Г” ХХК-ийн

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа             

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г” ХХК

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд  

Нэхэмжлэлийн шаардлага: “Г" ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай                        

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0654 дүгээр шийдвэр                    

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр  

Хэргийн индекс: 128/2026/0556/3                

ТОДОРХОЙЛОХ нь:               

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Г” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                               

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0654 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Г" ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Г" ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                       

3. Давж заалдах гомдлын агуулга:        

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо:        

“...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дүгээр албан бичигт хуулийн этгээдийн өргөдлийг  шийдвэрлэсэн агуулга байхгүй. Тухайн албан бичигт “танай компанийн ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар албан бичигтээ танилцлаа, холбогдох бичиг баримтуудыг хавсралтаар хүргүүллээ" гэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д "өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг” гэж заасныг хангаагүй буюу өргөдөлд дурдсан асуудалд хариу өгөөгүй. Уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтуудыг өргөдөл гаргагч уншиж танилцаад шууд ойлгох боломжгүй. Хандсан этгээдээс тухайн өргөдлийг буцаагаагүй тохиолдолд хянаж үзээд хэрхэн шийдвэрлэсэн тухай өргөдөл гаргагч хэн ч уншсан ойлгомжтой, тодорхой хариу өгөх ёстой... Хэрэв захиргааны байгууллага дээрх үндэслэлээр өргөдлийг хянан үзэхгүй гэвэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар өргөдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буцааж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дах заалтад заасныг үндэслэж өргөдлийг хянан үзэхгүй буцаасан бол 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-т зааснаар бүртгэлд тэмдэглэх ёстой байсан. “Г" ХХК-д өргөдлийг буцаасан тухай мэдэгдээгүй, хариуцагчаас шүүхэд өргөдлийг хянан үзэхгүй буцаасан тухай бүртгэлд тэмдэглэсэн баримтыг ирүүлээгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дугаар албан бичиг өргөдлийг шийдвэрлэсэн албан бичиг мөн эсэхийг дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг хангахгүй байна... Шүүгчийн туслахаас 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 30 минутад урьдчилсан хэлэлцүүлэг дээр гэрч асуух тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гэрч асуух ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд өгсөн. Заавал урьдчилсан хэлэлцүүлгээр бус талуудыг байлцуулаад шүүх хуралдаанаар, эсхүл шүүх хуралдааны бус үеэр гэрч асуух ажиллагаа явуулах эрх шүүхэд байсан ч талуудыг байлцуулалгүйгээр гэрчийг асууснаар гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчийн тайлбар зөрүүтэй байдал үүссэн... Гэрчийн 01 дугаар өргөдлийг гаргах үед "амаар” хариу өгөөд буцаасан гэх мэдүүлэг нь Хяналтын карт №774-т хариу өгсөн огноо 2026/03/25 хугацаандаа, хэрхэн шийдвэрлэсэн гэдэгт “шийдвэрлэсэн” биш “албан төлөвлөлт" гэсэн баримтаас зөрүүтэй байна. 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "албан төлөвлөлт" гэдэг бол "буцаасан” гэх ойлголт "Албан төлөвлөлт" гэдэг бол шийдвэрлэгдээгүй биш гэдгийг хэлсэн. төлөвлөгдөж байгаа гэсэн үг... Хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй, ирээдүйд юу болох нь тодорхойгүй байхад шүүх нэг талаас хуулийн этгээдийн өргөдлийг ямар ч ач холбогдолгүй мэт нөгөө талдаа хэн ямар өргөдөл гаргаж байгаагаас хамаараад өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулах нь захиргааны байгууллагад байж болох хандлага мэт хүлээн зөвшөөрсөн харагдаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн, хуулийн этгээдүүд адил асуудлаар ямар ч хэлбэрээр өргөдөл гаргах эрхтэй бөгөөд тухай бүр шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй... Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0654 дугаар шийдвэр нь 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасанд нийцээгүй, тус шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.       

ХЯНАВАЛ:         

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                          

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.             

 

2.1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Г” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                                                    

                                    

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр[1] тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК болон хавсралтад дурдсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх ба "Г" ХХК-ийн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт 9991.67 м.кв хэмжээ бүхий ашиглаж байсан газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарахаар байна.

2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-05/459 дүгээр[2] албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-д “...цуцлагдсан газруудын эрхийн бүртгэлийг Газрын кадастрын мэдээллийн системд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар өөрчлөлт хийгдээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Богдхан уулын Дархан цаазат газрын хилийн гадна газар ашиглах эрх олгосон иргэн, хуулийн этгээдийн асуудлыг Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн шийдвэрлэх бөгөөд дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд танай гаргасан хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна.” гэх хариу өгсөн байна.

2.4. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаар албан бичгээр[3] Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан “...Төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах бөгөөд дүйцэхүйц хэмжээний газар ашиглах эрхийг олгох байдлаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэх агуулга бүхий өргөдөл гаргасны дагуу хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дүгээр албан бичгээр хариу хүргүүлжээ.[4]  

2.5. Үүний дараа нэхэмжлэгч “Г” ХХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 01 дугаар “...ижил зориулалтаар ашиглах газарт эрх олгож хуулийн этгээдийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг дахин хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад гаргахад тус байгууллагын газрын ашиглалт, хяналт хариуцсан мэргэжилтэн Э.Ө нь “...2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариуг үндэслэж хаасан...өмнө нь албан  ёсны хариуг хүргүүлсэн тул дахин хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн...”манай байгууллагад хандахгүй, та энэ асуудлаар нийслэлд хандаарай” гэж хэлж байсан...” гэж гэрчээр мэдүүлжээ.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байж болно”, 14.1.3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус заасан.

2.7. Тодруулбал, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар хүчингүй болгосон Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Ташгай ам нэртэй газарт байрлах 9991.67 м.кв хэмжээ бүхий газар нь хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байгаа, мөн энэ асуудлаар хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06/5971 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн болон нэхэмжлэгчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийн хариуг өгсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэх үзэх үндэслэлгүй.  

2.8. Нэгэнт нэхэмжлэгчийн өмнө ашиглаж байсан Хан-Уул дүүрэг Ташгай ам нэртэй газарт байрлах 9991.67 м.кв хэмжээ бүхий газар нь хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны газар ашиглуулах харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байгаа энэ тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар буюу өөрөөр хэлбэл “Г" ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай өргөдлийг шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.  

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

      

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.                 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР    

 

                     ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] Хэргийн 78 дахь тал

[2] Хэргийн 15 дахь тал

[3] Хэргийн 86-88 хуудас 

[4] Хэргийн 114 дэх тал