Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баатарын Батболд-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624001056 дугаартай, 188/2017/0097/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Угтаал цайдам сумын 2 дугаар баг, “Асгат уушиг” 2 дугаар гудамж 254 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил хорих ялаар шийтгүүлэн, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдэлсэн, Боржигон овогт Баатарын Батболд /РД:НТ81042018/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Өнөр хорооллын 86 дугаар сургуулийн хойд замд “Hyundai Porter” маркийн 21-74 УНХ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг  зөрчсөний улмаас жолооч Б.Батмөнхийн жолоодож явсан “Toyota Prius-20” маркийн 57-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаад, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд Х.Портер маркийн 21-74 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон ханын материал орж хүнтэй уулзах гээд Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын хойд талаас Сонгинохайрхан дүүргийн нутаг 1-р хорооллын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1-р эгнээнд ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай Өнөр хорооллын 86-р сургуулийн хойд замаар явж байхад урдаа явж байсан Т.Приус 20 маркийн машины хойд талыг унаж явсан машиныхаа баруун урд хэсгээрээ гулгаж очоод мөргөчихсөн. Тэгтэл Т.Приус 20 маркийн автомашинаас нэг эрэгтэй хүн бууж ирээд машины хаалгыг онгойлгохоор нь айснаасаа болоод машинаа ухраагаад машинаасаа буулгүйгээр баруун зүг рүү зугтаагаад яваад өгсөн. …Зам тухайн үед түгжрэлтэй байсан болохоор машин гулгаж очоод мөргөчихсөн. …Би айж сандарсан байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. …Замын хөдөлгөөн ихтэй, цаг агаар тогтуун, гадаа хүйтэн, зам хальтиргаа гулгаатай байсан. Миний унаж явсан Х.Портер маркийн 21-74 УНХ дугаартай автомашин нь манай ах Нямлхагваагийн нэр дээр бүртгэлтэй, гэхдээ надад уг автомашиныг ах Нямлхагва ажлынхаа цалингийн оронд өгнө гэж байсан юм. Тэгэхээр бараг миний машин байгаа. …Миний унаж явсан Х.Портер маркийн автомашины урд буфер цуурч хагарсан, баруун талын дохио хагарсан, өөр гэмтэл байхгүй. …Би уг автомашиныг байнга жолоодон явж вакум цонх зөөдөг байсан болохоор унаж явах зөвшөөрөлтэй байсан юм. …Би 2004 оны В ангилалтай, жолоо бариад 5-6 орчим жил болж байна, би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг 2016 оны 11-р сарын эхээр алга болгочихсон. …Би бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн Т.Приус 20 маркийн 57-82 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон халтуур хийгээд явж байхдаа Гандангийн орчмоос 2 эрэгтэй зорчигч аваад Драгон төв орох гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг 1-р хорооллын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд түгжрээд зөөлөн явж байтал гэнэт миний машины араас цэнхэр өнгийн Х.Портер маркийн автомашин мөргөчихсөн. Нөгөө Х.Портер маркийн автомашин нь баруун гар тал руугаа даялаад замаасаа гараад зогссон тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө Х.Портер маркийн автомашин дээр явж очиход жолооч болох залуу нь нилээн согтуу байхаар нь би машиных нь түлхүүрийг сугалаад авахап машин нь асаалттай байсан. Тэгээд надтай согтуу жолооч нь зууралдаж байхдаа машиныхаа арааг ухрах дээрээ хийчихээд хойшоогоо ухартал тухайн машины ард Х.Портер маркийн 69-81 УНГ дугаартай автомашин явж таараад тэр автомашины зүүн талыг нь мөргөчихсөн. Тэгээд буцаж жолооныхоо хүрдийг дараад баруун зүг рүүгээ зугтаагаад яваад өгсөн. Тухайн үед тэр машины араас нь дугаарыг нь харахдаа 91-02 УНХ гэж улсын дугаарыг анзаарч харсан. Манай машиныг мөргөсөн машин нь Х.Портер маркийн 21-74 УНХ дугаартай автомашин байсан. …Замын хөдөлгөөн ихтэй, машинууд ар араасаа цувраад явж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй, зам хальтиргаа гулгаатай байсан. …Миний унаж явсан Т.Приус 20 маркийн автомашин нь миний өөрийн эзэмшлийнх, 2015 оны 10 дугаар сард худалдан аваад нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Ослын улмаас миний машины арын багаж цөмөрсөн, хойд буфер хагарч, багаж чихэгдсэн, баруун хойд талын шанаа тунарсан зэрэг үнэлгээнд тусгагдсан эвдрэл, гэмтлүүд учирсан. …Миний машинд сууж явсан зорчигч болон би бэртэж гэмтээгүй. …Х.Портер маркийн машины жолооч бид нартай юу ч яриагүй нилээн согтуу машиндаа ганцаараа явж байсан. Миний машинд учирсан хохирол болох 645,000 төгрөгийг бэлнээр авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

Гэрч Ш.Баярмагнайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ойролцоогоор 14-15 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 69-81 УНГ дугаартай Х.Портер маркийн автомашиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн нутаг Цамбагараваас гэрлүүгээ харих гээд 1-р хорооллын арын 86-р сургуулийн замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийш чиглэлтэй зорчих 1-р эгнээгээр явж байтал тухайн зам дээр Х.Приус маркийн автомашиныг Х.Портер маркийн автомашин нь мөргсөн бололтой Т.Приус маркийн автомашины жолооч нь Х.Портер маркийн автомашины жолоочтой барьцалдчихсан зогсож байгаа харагдсан. Би өөрийн машиныг нөгөө зогсож байсан Х.Портер маркийн машины араар нь тойрч гарах гэтэл нөгөө Х.Портер маркийн автомашин нь гэнэт ухраад миний машины баруун талын хаалганы дунд хэсгийг мөргөчихсөн. Тэгээд баруун чиглэлтэй зугтаагаад явахаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй буцсан. Осол гаргасан Х.Портер машин 21-74 гэсэн дугаартай цэнхэр өнгийн машин байсан. …Би машинд эвдрэл гэмтэл байхгүй болохоор нь өөрийнхөө машинд үнэлгээ хийлгээгүй тул санал гомдол байхгүй. …Замын хөдөлгөөн гайгүй сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун хэвийн байсан. …Миний зүгээс санал гомдол байхгүй. Би өөрөө хөдөө аяллаар их явдаг, цагдаагийн байгууллагаар дахин дахин очих боломжгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 х/

 

Гэрч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батболд бид 2 багын найзууд. Төв аймгийн Угтаал сумын 10-н жилийн сургуульд хамт сурдаг байсан. Батболд болон түүний гэр бүлийг сайн мэднэ. Батболд нь эцэг эхээс 6-лаа, дээрээсээ 2 дахь хүү нь байгаа. Одоогоор эхнэр хүүхэдгүй, хороололд байдаг Нямлхагваагийн вакум цонхны үйлдвэрт ажилладаг байсан. Одоогоор хамт ажиллахаа больсон гэж байсан. Манай найз Батболд нь илүү дутуу зангүй, бид нөхөрлөөд 30 гаруй жил болж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

Иргэний хариуцагч Б.Нямлхагва-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…21-74 УНХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашин нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй боловч манай ажлын вакум цонх зөөдөг ажлын автомашин байгаа юм. Би дүү Батболдод ажлаа хийж дуусгаад цалингийнхаа оронд аваарай гээд хэлчихсэн байсан юм. Уг автомашиныг Батболд жолоодон явж ажилд унадаг. Батболд уг автомашиныг өөрөө жолоодон явдаг болохоор зөвшөөрөл өгсөн байсан. Дүү Батболд нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг, архи дарс хэрэглэхээрээ агсам согтуу тавьдаг, эхнэр, хүүхэдгүй, өмнө нь хүнтэй сууж байгаагүй. Осол хэрэг болсны дараа 21-74 УНХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг зараад хохирлоо төлсөн гэж би сураг сонссон.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 х/

 

Техникийн шинжээчийн №9 тоот дүгнэлт 

1.Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад 21-74 УНХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашины жолооч Б.Батболд нь Монгол Улсын ЗХД-н 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: үүнд а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,  в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.57-82 УБТ улсын дугаартай Т.Приус 20 маркийн автомашины жолооч Б.Батмөнх нь Монгол Улсын ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Н.Гангабаатар /хх-ийн 49-50 х/

 

Зам тээврийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 х/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7-8 х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57 х/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 х/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74 х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 х/

Чингэлтэй дүүргийн  шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-89 х/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93 х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Б.Батболд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Өнөр” хорооллын арын замд “Hyundai Porter” маркийн 21-74 УНХ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Техникийн шинжээчийн №9 тоот дүгнэлт /хх-ийн 49-50 х/, шүүгдэгч Б.Батболд /хх-ийн 69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, гэрч Ш.Баярмагнай /хх-ийн 34-35/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Б.Батболдын зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд болох обьект нь Замын хөдөлгөөний нэгдсэн журам болох Замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь хэсгийн 8.11 дэх заалтыг зөрчсөн, обьектив тал нь хэргийн газрыг орхиж зугтаасан буюу ослын газрыг санаатай орхиж зугтаасан идэвхтэй үйлдлээр, субьект нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд буюу Б.Батболд тухайн үед уг тээврийн хэрэслийг жолоодож явсан, субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэр болох осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан байх шинжүүдийг бүрэн хангаж байгаа.

 

Шүүгдэгч Б.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “Өнөр” хорооллын 86 дугаар сургуулийн хойд замд “Hyundai Porter” маркийн 21-74 УНХ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.Батмөнхийн жолоодож явсан “Toyota Prius-20” маркийн 57-82 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гаргаж, жолооч осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:Шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/, Гэрч Ш.Баярмагнайн мэдүүлэг /хх-ийн 55 х/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7-8 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Батболдыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлд тохирсон, түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57 х/-аас үзэхэд уг автомашин Б.Нямлхагва гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч түүний зөвшөөрлөөр уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан, иргэний нэхэмжлэгчид хохирлоо бүрэн барагдуулсан болох нь шүүгдэгч Б.Батболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батмөнхийн “... Миний машинд учирсан хохирол болох 645,000 төгрөгийг бэлнээр авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

Иргэний хариуцагч Б.Нямлхагва-н “…21-74 УНХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашин нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй боловч манай ажлын вакум цонх зөөдөг ажлын автомашин байгаа юм. Би дүү Батболдод ажлаа хийж дуусгаад цалингийнхаа оронд аваарай гээд хэлчихсэн байсан юм. Уг автомашиныг Батболд жолоодон явж ажилд унадаг. Батболд уг автомашиныг өөрөө жолоодон явдаг болохоор зөвшөөрөл өгсөн байсан. Дүү Батболд нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг, архи дарс хэрэглэхээрээ агсам согтуу тавьдаг, эхнэр, хүүхэдгүй, өмнө нь хүнтэй сууж байгаагүй. Осол хэрэг болсны дараа 21-74 УНХ улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг зараад хохирлоо төлсөн гэж би сураг сонссон.  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 х/ зэргээр нотлогдож байгаа.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74 х/ зэрэг баримтуудаар Б.Батболд нь Төв аймгийн Угтаал цайдам суманд оршин суудаг.

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 х/,

Чингэлтэй дүүргийн  шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-89 х/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93 х/,

Суллагдсан тухай магадлагаа /хх-ийн 101 х/ зэргээр өмнө нь хоёр удаа хүндэвтэр, хүнд гэмт хэргүүдэд ял шийтгүүлж байсан.Сүүлд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж уг  ялаа бүрэн эдлээд 2013 оны 02 сарын 17-ны өдөр суллагдсан  байна.

 

Хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссанаас хойш 8 жилийн хугацаанд ялтайд тооцогдох боловч 2015 онд УИХ-аас батлагдсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуудан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамрагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

 

Дээрх нотлох баримтуудад үндэслэн Б.Батболдыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзсэн.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, 3 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Баатарын Батболдыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Б.Батболдыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Батболд-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

 

4.Б.Батболд-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гурав хоног цагдан хоригдсон, иргэний нэхэмжлэгчид хохирлын төлбөрт 645.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батболд-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Батболд-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ