Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0550/з |
Дугаар | 221/МА2016/0743 |
Огноо | 2016-11-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2016/0743
“******* констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Б.*******, О.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 693 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.*******, О.******* нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 693 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус заасныг баримтлан “ТЭД” ХХК-ийн гаргасан “...Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.*******, О.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, О.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актаар тогтоосон 4.736.727,3 төгрөгийн торгууль, 6.456.159,3 төгрөгийн алданги, нийт 11.192.886,6 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Манай компани шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Манай компани нь худалдан авалтын падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан хэдий ч Татварын улсын байцаагч нарын гаргасан актад тусгасан “татвар төлөгч “******* констракшн” ХХК нь “Газар доорх ертөнц” ХХК, “Нилай нефть” ХХК-иас хий бичилттэй 2 ширхэг падаанаар барилгын материалын худалдан авалт хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж тайлагнасан гэх зөрчил гаргасан” гэж үзэж байгааг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд гаргасан зөрчлөө бүрэн арилгасан болно. Цагдаагийн байгууллагын мэдэгдлийн дагуу акт тогтоохдоо “Газар доорх ертөнц” ХХК, “Нилай нефть” ХХК болон “******* констракшн” ХХК-ийн тайлан балансд орлого, зарлагыг адил тусгасан эсэх, мөн компаниудын тайлан баланс таарч тохирч байгаа эсэхэд шалгалт хийж, дүгнэлт өгөлгүйгээр “******* констракшн” ХХК-д шууд акт тавьсан тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байдаг хэдий ч анхан шатны шүүх уг үйл баримтыг үнэлээгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.*******, О.******* нар нь “******* констракшн” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 тоот актаар 157.890.909 төгрөгийн зөрчил илэрсэнд 15.789.090 төгрөгийн нөхөн татвар, 4.736.727 төгрөгийн торгууль, 6.456.159 төгрөгийн алданги, нийт 26.981.977 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “******* констракшн” ХХК-иас дээрх татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Тодруулбал, “******* констракшн” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж “Газар доорх ертөнц” ХХК, “Нилай нефть” ХХК-иас худалдан авалт хийхдээ бараа материалын үнийг төлсөн, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн талаарх анхан шатны баримтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэж заасныг зөрчсөн байх тул “******* констракшн” ХХК-ийн анхан шатны баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх, худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
“Газар доорх ертөнц” ХХК, “Нилай нефть” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч болох нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон байх тул “Газар доорх ертөнц” ХХК, “Нилай нефть” ХХК болон “******* констракшн” ХХК-ийн тайлан балансд орлого, зарлагыг адил тусгасан эсэх, мөн компаниудын тайлан баланс таарч тохирч байгаа эсэхэд шалгалт хийх шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тухайд дээрх хуулийг хэрэглэх боломжгүй тул давж заалдах гомдолд дурдсан “маргаан бүхий актаар тогтоосон зөрчлийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнаж зөрчлөө арилгасан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 тоот актаар ногдуулсан 4,736,727.27 төгрөгийн торгууль, 6,456,159.27 төгрөгийн алданги, нийт 11,192,886.6 төгрөгийн шийтгэлээс “******* констракшн” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан, хариуцлага хүлээсэн субъектийг бус төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэснийг зөвтгөх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 693 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ТЭД” гэснийг “******* констракшн” гэж, 2 дахь заалтын “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1” гэснийг хасч, “11.192.886,6 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулсугай” гэснийг “11.192.886,6 төгрөгийн шийтгэлээс “******* констракшн” ХХК-ийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН