Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/130

 

 

 

 

 

 

   2024         01         31                                    2024/ШЦТ/130

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Э.Билгүүн,

Хохирогч Ц.А.,

Шүүгдэгч: А.Д., түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар оролцсон эрүүгийн 2309000001947 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З. овогт А.ын Д. ... оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д. нь 2023 оны 07 дугаар сарын 20-24-ний өдрийн орчимд Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух өөрийн хадам ээж болох Ц.А.-ийн гэрт байрлах сейфнээс монетон гинж 2 ширхэг, луун хээтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 4 ширхэг, эмэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.А.-д 19.477.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Австрали явах гээд визанд орчихсон байсан. Тэгээд мөнгөө үрчихсэн байсан болохоор хадам аав, ээж хоёрыг гэртээ байхгүй хойгуур гэрт нь ороод, айдастай байсан болохоор самгардаад нэг хайрцагтай юм байсан болохоор нь тэр чигээр нь аваад гарсан. Хөдөө яваад, хадмуудыг ирэхээс нь өмнө буцаагаад тавина даа гэж бодож байсан боловч чадаагүй. Уучлаарай гэж хэлмээр байна.” гэв.

Хохирогч Ц.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хайрцагтай үнэт эдлэлүүд байхгүй байгааг би 2023 оны 08 дугаар сарын 08-нд мэдсэн. Тэгээд 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант суманд ургийн баярт явчихаад ирсэн. Гэхдээ яагаад наана нь цагдаа дуудаагүй вэ гэхээр үүд зүгээр, цонх зүгээр байхаар нь би энэ хэргийг дотроосоо юм байна гэж бодоод хүмүүсээ хүндлээд, ургийн баяртаа явчихаад ирсэн. Ингээд 12-нд ирээд шууд 102 дуудсан. Гомдолтой байна...” гэв.

Эрүүгийн 2309000001947 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/,

Хохирогч Ц.А.-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ин 24-25/,

Гэрч Ч.М.-ын мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч М.Х.-ын мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч М.М.-ын мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Ж.Э.-ийн мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч Ж.А.ын мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч Т.О.-ийн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Гэрч Б.С.-ийн мэдүүлэг /хх-ийн 102/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75/,

Гэрч Н.Т.-ийн мэдүүлэг /хх-ийн 75/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 108-109/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 112-113/,

Хохирогч Ц.А.-ийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 133/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 144/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч А.Д. нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн орчимд Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух өөрийн хадам ээж болох Ц.А.-ийн гэрт байрлах цоожтой сейфны түлхүүрийг олж улмаар сейфыг нь онгойлгон монетон гинж 2 ширхэг, луун хээтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 4 ширхэг, эмэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.А.-д 19.477.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ц.А.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 08-ны орой 20:00 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байх гэртээ ирээд, маргааш нь ургийн баярт явах гээд сейфнээс үнэт эдлэл, хөөргөө гаргах гээд онгойлготол сейфэнд байсан хуванцар тунгалаг хайрцаг байхгүй байсан. ...Солонгос улсад үйлдвэрлэсэн 14 каратын сорьцтой, эрэгтэй загвартай монетон гинж 2 ширхэг, луун хээтэй эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, эрэгтэй загвартай монетон бөгж 4 ширхэг, хайрцагтай цуглуулж байсан хэмжээ, загвар тодорхойгүй алтан эдлэлүүд, сувдтай, мөнгөн үсний даруулга, эмэгтэй алтан бөгж 4 ширхэг, алтан гинж 1 ширхэг, алтан ээмэг 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, хар манан шигтгээтэй ээмэг, кулоны хослол, эмэгтэй хүний монетон гинж 3 ширхэг, эмэгтэй хүний цагаан алтан бөгж 1 ширхэг, циркон шигтгээтэй монетон бөгж 6 ширхэг, хар манан шигтгээтэй бөгж 1 ширхэг, монетон ээмэг /хатгадаг 2 хос, унждаг 2 хос, цагариган 2 ширхэг/-нүүд, монетон кулонууд, шар шувууны хэлбэртэй, улаан рубин шигтгээтэй 14 каратын Солонгос монетон ээмэг 1 хос, зааны хээтэй эрэгтэй загвартай мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, хөөргөний халбага 1 ширхэг, мөнгөн эмэгтэй дээлний товч 5 ширхэг, мөнгөн эрэгтэй товч 1 ширхэг, ногоон шигтгээтэй, зааны хэлбэртэй мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсныг мэдсэн. Гэр 2023 оны 06 дугаар сарын 01-нээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд эзэнгүй байсан, цоожтой байсан. Манай гэрийн түлхүүр 5 хувь байдаг, 1 хувь нь манай гэрт бурхан тахилын ширээн доор байдаг ба тухайн түлхүүр байрандаа байсан. 1 нь нөхөрт, нөгөөх нь надад, нэг нь манай том охин М.Х.-д, нэг нь бага охин М.Ү-д нарт байдаг. Биднийг Наадмаар хөдөө явсан хооронд манай охин гэрт орж, цэцгээ усалдаг байсан. Бид хааяа ирж очдог байсан. Би хүргэн А.ын Д.ийг сэжиглэж байна. Учир нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гэрийн тавилга авахаар явсан. Энэ үед над руу утасдаад гадаад паспортоо асуухаар нь “чи үз дээ” гэж хэлсэн. Тэгээд манай охин 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу явахдаа манай гэрийн түлхүүрийг нөхөрт үлдээсэн ба сейфний түлхүүр унтлагын өрөөнд байдаг гар урлалтын сагсанд ил байдаг юм. Манай охиныг БНХАУ-ын Эрээн хот явсан хооронд орсон болов уу гэж хардаж байна. Гэхдээ шууд хүргэнийг гэж хэлэх хэцүү байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Хохирогч Ц.А.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “Хэргийн материалд авагдсан үнэлгээний тайлангуудад тусгагдсан зүйлс зарим нь байна. Үлдсэн нь тодорхойгүй байна. Тухайн эд зүйлсийг нөхөр бид хоёр ариун цагаан өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө олж авч байсан. Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн зүйлсээс өөр зүйл аваагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 133/,

Гэрч Ч.М.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг 41 минутад А.Д. над руу “хаана байна?” гэж чат бичихээр нь “ажил дээр байна” гэхэд “намайг залгахаар шууд над дээр хүрээд ирээрэй, мөнгө олж өгье чамд” гэж хэлсэн. Тэгээд орой ажил 16:00 цагт тараад 17:00 цагийн үед Улсын их дэлгүүрийн ард талын зогсоол дээр машинд нь А.Д.тэй уулзсан. Уулзаад машиныхаа арын суудлаас цагаан гялгар юм  гаргаж ирсэн ба доторх зүйл нь шууд гаднаасаа харагдаж байсан. 3 см орчим зузаантай, 23-25 см орчим урттай, 17-18 см орчим өргөнтэй пиавр материалтай, нээгдэж хаагддаг сав гаргаж ирсэн ба гаргаж ирэхээр нь “энэ юу юм?” гэж асуухад “энэ хадам аав, ээж хоёр тусдаа гарлаа гэж бэлэглэж байсан эдлэлүүд, манай эхнэрийн эдэлж хэрэглэдэг ээмэг, бөгж, зүүлт эдлэлүүд” гэж хэлсэн, мөн “чиний иргэний үнэмлэх байгаа юу?” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр хайрцагтай савыг нээгээд дотор нь байсан үнэт эдлэлүүдийг алт болон монетоор нь ялгаад байсан. Тэгээд ялгасан алт, монетон эдлэлүүдийг миний гаран дээр тавиад, би өмсөж байсан улаан цамцныхаа энгэрийн халаасанд хийгээд “эд нарыг яах юм бэ?” гэхэд “ломбарданд тавина” гэж хэлсэн ба “эхнэр чинь мэдэж байгаа юм уу?” гэхэд “эхнэр мэдэж байгаа” гэж хэлээд Улсын их дэлгүүрээс хөдлөөд явсан. Явж байхдаа дахиад надаас “чиний иргэний үнэмлэх байгаа биз дээ?” гээд дахиж асуухаар нь “байгаа, яасан” гэхэд “чи эд нарыг өөрийнхөө нэр дээр тавьчихаач” гэхээр нь “яасан юм, чи өөр дээрээ тавиач” гэж хэлсэн чинь А.Д. “манай хадам аав ломбардтай гэдгийг мэднэ биз дээ, М.Х. бид хоёрыг ломбарданд юм тавьчих юм бол аав мэдчихнэ” гэж хэлэхээр нь “эд, үнэт эдлэлүүдийг тавьж яах гэж байгаа юм?” гэхэд “Австрали явах агентын хүнд мөнгө өгнө, ер нь бол Австрали явахад хэрэгтэй, бас чиний өрийг өгнө” гэж хэлсэн ба ямар ч байсан гэртэйгээ ойрхон ломбарданд тавьсан нь дээр байх даа гээд Монгол 3 дугаар сургуулийн тийшээ яваад “Сайн” ломбард дээр очсон. Очоод А.Д. “би энд хүлээж байя, аав энэ хавиар явдаг, намайг харж ч магадгүй, наад үнэт эдлэлүүд чинь ломбарданд 1 хүний тавих лимит нь 5.000.000 байдаг, 5.000.000 төгрөгөөс илүү гарах юм бол тэрийг нь аваад ирээрэй” гэж хэлэхээр нь би ороод надад өгсөн зүйлүүдийг бүгдийг нь нийтдээ 3.640.000 төгрөгт барьцаанд тавьж байсан чинь А.Д. ломбарданд орж ирсэн ба намайг “чи машин дээрээ очоод сууж байхгүй юу, гар утасныхаа “Хаан” банкны аппликейшний нууц кодыг гаргаад өгчих” гээд миний гар утсыг аваад үлдсэн. Тэгээд би машин руугаа очиж суугаад удаагүй 3, 4 минутын дараа буцаад ломбард руу гар утсаа авах гэж ороход А.Д. ломбардны эгчид “Төрийн банк руу шилжүүлчихсэн шүү” гэж хэлж байсан. Би тэгээд гар утсаа аваад, буцаад машиндаа очиж суугаад удалгүй миний араас ломбарднаас нэг юм авчихсан орж ирсэн, тэр нь уутанд алтан ээмэг байсан. Тэгээд тэрийгээ аваад “Мөнгөн завьяа” автобусны буудал дээр зогсоод арын суудал дээр байсан нөгөө хайрцагтай зүйлээ дахиж гаргаж ирээд, дахиж ялгаад, луун толгойтой алтан бөгж, нэлээн олон бөгж зэргийг гаргаж ирээд “энийг авч ороод үнийг нь хэд болж байна асуугаад надад хэлээрэй” гэхээр нь би буухаасаа өмнө “чи хамт орохгүй юм уу?” гэхэд надад “би машин зогсохгүй газар зогссон байна, ороод над руу залгаарай” гэж хэлсэн. Би ороод шууд нэг эгч дээр очиход “чи юу хийдэг юм” гэж асуухаар нь би “орчуулагч хийдэг” гэж хэлсэн. Тэгээд нөгөө үнэт эдлэлүүдээ зарах гээд өгсөн, тэр эгч бүгдийг нь хэдэн төгрөг болох нь уу гээд бодоод тэр эгч “9.112.000 төгрөг болж байна” гэхээр нь тэр эгчид би “асуучихаад ирье” гэж хэлж гараад А.Д.д хэлэх гэтэл А.Д. нөгөө зогсоол дээрээ байхгүй байсан, “автобус ирчихлээ, тойроод ирье” гэж хэлсэн. Тэр хойгуур нь буцаж ороод өөр нэг эгчид хэд болох нь уу гээд бодуулж үзээд 8.900.000 төгрөг болж байсан ба миний гар утасны цэнэг дуусч байсан, А.Д. рүү залгаад хэлсэн. “Ийм бага болж байгаа юм уу?” гэхээр нь “тийм ээ” гэхэд “за за, 9.112.000 төгрөгөнд зарчих” гэхээр нь зарсан. Тэгээд “Мөнгөн завьяа”-гийн ард зогсоол дээр зогсоод надаас “хэд болсон, 9.200.000-даа тавьсан уу?” гэхээр нь “9.112.000 төгрөгөнд тавьсан” гэхэд “ийм бага гар байгаа юм уу, уг нь арван таван сая, арван зургаан сая болчих байх гэж бодсон, хаана нь ч хүрэхгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ миний машины зогсоолтой ойрхон газар зогсоод, буухынхаа өмнө “одоо ингээд өмнөх мөнгөтэйгөө хэд болсон билээ?” гэж асуухаар нь “10.000.000” гэж хэлэхэд “Австралийн визанд 10.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн ба “энэ мөнгийг яах юм?” гэхэд 4.000.000 төгрөгийг миний данс руу хийчих гэж хэлэхээр нь би буугаад, утасны цэнэг дууссан байсан учраас машинд орж гар утсаа цэнэглээд А.Д.ийн өөрийнх нь данс руу хийсэн. Тэгээд хөдлөөд удаагүй явж байсан чинь чатаар өөр хүний данс явуулаад “нөгөө мөнгөнөөсөө 3.150.000 төгрөгийг гялс хийгээдэх” гэхээр нь “А. мөн үү нэр нь?” гэхэд “мөн” гэж хэлсэн. Тэгээд над руу чатаар войс коллоор залгасан ба “2.850.000 төгрөг үлдэж байна, яах юм” гэхэд “чамд байж байг, нэг хоёр хоногоос авна” гэж хэлсэн ба “би нэг ахаас мөнгө зээлэх гэсэн тэр ах цалингийн зээлтэй юм байна, энэ мөнгийг цалингийн зээлийг нь даруулаад, дахиж зээл авахуулаад чамд мөнгө өгнө, өрөө дарна, 3.150.000 төгрөгийг тэгж өгч байгаа” гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 07 дугаар сарын 26-ны өдөр 14:00 цагийн үед А.Д. над руу чат бичээд “үлдэгдлээ tdb хийчих” гэж хэлсэн ба би Худалдаа хөгжлийн банкин дахь А.Д.ийн данс руу үлдсэн мөнгийг хийсэн, тэгээд надад мөнгө үлдээгүй. Яг хэзээнээс тоглож эхэлснийг нь сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл би гадаадад сурч төгсөөд ирсэн байсан. Саяхан 06 дугаар сард “1 икс бет” сайт руу орж байхыг нь харсан, яг тоглож сууж байхыг нь харж байгаагүй. Харин энэ зун ирээд онлайн покер тоглодог гэдгийг нь мэдсэн, тоглож байхыг нь олон удаа харсан. Тухайн үед тэр хайрцаг дотор алтан ээмэг, бөгж, зүүлтнүүд маш олон ширхэг, луу хэлбэртэй алтан бөгж, цэцэг хэлбэртэй алтан ээмэг байсан. Том жижиг алт, мөнгөн эдлэл гэхээр зүйл байгаагүй. Эхлээд Монгол 3 дугаар сургуулийн хажууд буюу Баянбүрд тал руугаа явдаг чигт “Сайн” ломбарданд 3.640.000 төгрөгөнд алт болон монетон эд зүйлүүд буюу ээмэг, бөгж, зүүлт зэргийг тавьсан. Дараа нь “Мөнгөн завьяа”-д үлдсэн үнэт эдлэлүүдээс мөн ялгаж, луун толгойтой алтан бөгж, бас өөр хоёр гурван ээмэг, бөгж зэргийг 9.112.000 төгрөгөнд тавьсан. Тэр ломбардуудыг би мэднэ, одоо зааж өгч чадна. Алтан ээмэг, монетон гинж, өөр хэдэн зүйл үлдсэн. Үлдсэн нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. А.Д. өөрөө аваад явсан. Бид хоёрын хооронд өр авлага байгаа, энэ жилийн 06 дугаар сараас бага багаар авсаар байгаад надад 6.000.000 төгрөгийн өртэй болсон. Байрны засвар хийх гээд хүнээс мөнгө зээлсэн гэж байсан, өөр сайн мэдэхгүй байна. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, надад хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Гэрч М.Х.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хадам ээж Д. руу яриад “мөнгө бүтсэн, мөнгө байгаа дээр хүүгээ тусад нь гаргана” гээд Эрээн явна гэж ярьсан байсан. Тэгээд Д. надад өнөөдөр одоо оройны 20:00 цагийн экспресс вагон захиалсан, явъя гэнээ гээд тэгээд би ээж рүү аяга угааж байхдаа чанга яригч дээрээ тавьж байгаад би “миний гадаад паспорт хаана байгаа вэ? Эрээн явахаар болчихлоо” гэхэд сейфэнд байгаа гэхээр нь би сейфний түлхүүр хаана байгаа билээ гэсэн чинь ээж сейфний дээр төмөр хайрцган дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд автобусдаад гэртээ 17:00 цагийн үед ирээд би өөрийнхөө бичиг баримтыг хадгалдаг хар цүнхээ шалгатал гадаад паспорт байсан. Тэгээд би аав, ээжийн гэрт ороод орны доод талаас хувцас хийх хар цүнхээ аваад гарах гэж байтал араас Д. орж ирээд шууд буцаад гарсан. Тэгээд 20:00 цагт вагондоо суугаад явах гэж байтал Д. “чи яасан их юм зүүчихсэн юм, манай ээж бараг юм зүүгээгүй байгаа биз дээ” гэхээр нь би бугуйн цаг, гэрийн түлхүүр хоёроо үлдээгээд явсан. Тэгээд вагонд явж байсан чинь Д. руу 21:00 цагийн үед ярьсан чинь нөүтбүүк авах гэсэн чинь хаачихсан байна гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Тэгээд буцаад Д. бид хоёр 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Д. “М.” гэх найзаасаа мөнгө авах ёстой гэхээр нь би гайхаад “шилжүүлчих” гээд хэлчих гэсэн чинь “эгчээс нь бэлэн мөнгө авах ёстой” гэж хэлсэн. Тэгээд “Мөнгөн завьяа” орох хооронд би хүүхэдтэйгээ гадаа нь машинд байсан. Тэгээд орж ирэхдээ эгч нь 150.000 төгрөг илүү өгч байна, 300.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд орой нь бид хоёр Эрээн явж 3 хоночихоод 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Д. англи хэлтэй болохоор 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл аав нь 2 гадаад жуулчин олж өгөөд, хэлмэрч хийж газар үзүүлээд ирсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүний гагнуурын аппарат хүргэж өгнө гэж яваад орой болтол ирэхгүй байхаар нь залгасан чинь ПС-д байна гэж байсан. Тэгээд гэртээ 00 цагийн үед ирсэн. Би ургийн баяр руу 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг руу яваад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр орой гэрт ирсэн. Зан байдлын хувьд маш их ууртай, одоо би үнэндээ маш их айж байна, энэ асуудлаас болж намайг хулгайд сэрдлээ, чаддаг юм бол барь гээд гээд цагдаа нар луу хүртэл дайраад байсан, би энэ хүнтэй байна гэхээс айж байна, маш их хашхирч ярьдаг, байсхийгээд гэрээсээ явчихдаг болохоор энэ явдлын дараа яаж ч магадгүй, маш их сэтгэл хөдлөл ихтэй болохоор амиа хорлох магадлал өндөр учир нь нэг уурлахаар шал өөр хүн болдог, одоо цагдаа сэргийлэх болоод нөхцөл байдал хүндэрчихсэн болохоор амиа хорлох магадлал маш өндөр байна, би айж байна. Тухайн флаш нь миний улаан өнгөтэй флаш байсан дотор нь юу байгааг мэдэхгүй, нөүтбүүкдээ хийхээр код нэхээд байсан. Одоо флаш гэрт байгаа. Би одоогоор 29 дүгээр байрны 4 давхрын 28 тоотод хадмындаа хадам аав, ээж, нөхөр, хүүхдийн хамт амьдарч байна. Манай аав, ээж 29 дүгээр байрны 5 давхарт 44 тоотод амьдардаг. Аав, ээж хоёр ургийн баярт явах гээд юмаа бэлдэж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрт байсан сейфнээс хуванцар хайрцагтай монет, алтан үнэт эдлэлүүд алга болсон талаар хэлсэн. Тэгээд би санаа зовоод Д.-д гэрээс юм алга болсон байна гэсэн чинь чи намайг гээд байгаа юм уу гээд гэнэт уурлаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч М.М.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхнэр бид хоёр 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 20:00 цагийн үед ажлаа тараад Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байх гэртээ ирээд, маргааш нь ургийн баяр луу Төв аймгийн Эрдэнэсант руу явах гээд сейфнээс үнэд эдлэл, хөөргөө гаргах гээд онгойлготол сейфэнд байсан хуванцар тунгалаг хайрцганд байсан олон тооны үнэт эдлэлүүд байхгүй байсан. Энэ талаар манай эхнэр мэдүүлэгтээ маш сайн дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөө мэдчихээд эхний ээлжинд яахаа мэдэхгүй хаалганы голоо сольсон, мөн ургийн баяртаа төвлөрөөд цагдаад тухайн үедээ хандаж чадаагүй. Эхнэртэйгээ анх танилцаад монетон ээмэг авч өгч байсан. 2005 онд эхнэр бид хоёр БНСУ-д 4-5 жил хөдөлмөрлөөд Монгол Улсад ирээд, ломбард ажиллуулж, хувиараа хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Мөн манай найзууд төрсөн өдрөөр гайгүй үнэт эдлэлүүд бэлэглэдэг байсан. Мөн би хоёр охинтой болохоор өөрсдөд нь хэрэгтэй гээд цалин дээрээсээ ганц хоёр юм авч цааш нь хадгалдаг байсан. Манай эхнэр өнчин өссөн, аав нь ээжийнх нь хэрэглэж байсан гэх сувдаг даруулга, хадам аав надад өөрийнхөө зүүж байсан гэх алтан бөгжөө өгч байсан гэх мэтээр бага багаар хүүхдүүддээ зориулж хадгалж байсан юм байгаа. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл эзэнгүй байсан, хааяа ганц нэг орж гарч байсан. Би анх онгойлгоход байнга түлхүүрээ хийдэг төмөр хайрцгаас авч онгойлгоход цоожтой байсан. Түлхүүр сейфэн дээр ер нь ил байдаг, манай гэрт гаднаас бараг хүн ирдэггүй. Сейфний түлхүүр 1 л хувь гэрт байдаг. Манай гэрийн түлхүүр 5 хувь байдаг байсан. Нэг нь охинд, эхнэрт, надад, бага охинд, үлдсэн хувь нь гэрт байдаг байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хаалганы гол солиулаад эхнэр бид хоёрт л байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч Ж.Э.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай нөхөр А. болон бид хоёрыг цагдаагаас залгаад та хоёр ирж мэдүүлэг өгөөрэй гэж байсан. Тухайн өдөр манай худ буюу А.Д. хүүгийн маань эхнэр Х.-ийн аав М.-ын гэрээс эд зүйл алдагдсан гэсэн. Тэгээд манай гэрт цагдаа нар ирээд, манай гэрт байдаг орны хажууд байдаг түмбүүшиг болон сейфэн дотор байсан монетон ээмэг 3, нөхрийн 2, миний бөгж 3, миний гинж 1 ширхэг, гинжний кулон 2 ширхэг байсныг тус тусад нь зургийг авсан. Тэгээд тэр асуудлаар ирж мэдүүлэг өгч байна. 1 хэт хутга, 3 хөөрөг, 6-8 ширхэг мөнгөн аяганууд байдаг, яг хэдэн ширхэг байсан талаар санахгүй байна. Би аваагүй гэж бодож байна. Манай гэрт байдаг алт, мөнгөн эдлэл бүгд байрандаа байдаг байсан. Манай хүү надаас болон манай нөхрөөс манай хүү А.Д. нь “өгч байгаач” гэдэг юм уу, бид хоёроос асууж байсан зүйл огт байхгүй. Манай хүү ... оны 06 дугаар сард Баянхонгор аймагт төсөн, 3 хүүхдийн маань бага хүү байгаа юм. 2003 оноос 2007 оны хооронд сургуулийн өмнөх боловсрол эзэмшээд 2007 онд Баянхонгор аймгийн ...-р сургуульд сураад, 2011 онд манай гэр бүл хотод орж ирээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29-28 тоотод байдаг гэртээ ирж байсан. Тэгээд манай хүү Монгол 3 дугаар сургуульд шилжин орж байсан. 2018 онд төгсөөд “Г.” дээд сургуульд элсэн орж, бизнесийн удирдлага мэргэжлээр 2022 онд төгссөн. Төгссөнөөсөө хойш тодорхой ажил хийгээгүй. Тэгээд 2022 ондоо Австрали улсад сурах гээд бүтээгүй, тэгээд цагийн ажил болон таксинд явах гэх мэтийн ажил хийж байгаа. 2021 онд байх манай хүү М.Х. гээд манай байрны охинтой үерхэж, дундаасаа 2022 оны 06 дугаар сард охинтой болж, манай гэрт хамт амьдарч байгаа. 2022 оны хавар гэрлэлтээ батлуулсан.” гэх мэдүүлэг /хх-ий 36-38/,

Гэрч Ж.А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М. гэж найз нь байдаг юм. Тэр залуутай л их нийлээд байдаг харагддаг. Өөр бусад найз нөхдийг нь мэдэхгүй. ПС тоглоомын газраар л яваад байдаг бололтой байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч Т.О.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орой “Мөнгөн завьяа” дахь дэлгүүр дээрээ байж байхад 19:00 цагийн үед яг хаах гэж байхад манай түрээслэгч Ц. гэж дууддаг эмэгтэй үйлдвэрийн ханшаар хэдэн метал авчих гэхээр нь би үнэт эдлэл хэмждэг төхөөрөмж дээр 3-4 ширхэг зүйлийг тухайн үеийн ханшаар тооцоход 9.350.000 төгрөг болсон ба талыг нь бэлнээр, талыг нь дансаар авч байсан санагдаж байна. Тухайн үед 1 грамм алт 185.000-аас дээш үнэтэй байсан. Тухайн Ц. эгчээс авсан үнэт эдлэлүүдийг хэдэн граммтай, хэдэн ширхэг байсныг санахгүй байна. Ямартаа ч 9.350.000 төгрөг байсан. Туяа гэдэг нь манай түрээслэгч, Ц. гэж дууддаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

            Гэрч Б.С.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би хувиараа алт, монетон эдлэл худалдан авч, дархан хүмүүст өгч, шинээр ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлс болгож худалдан борлуулдаг юм. Тэгээд үнэгүй.мн болон фэйсбүүк зарын группуудэд үнэт зүйлс авна гэх зарын дагуу 2023 оны 08 дугаар сарын эхээр нэг залуу холбогдоод, дундаа уулзъя гээд Цамбагаравын автобусны буудлын хойд талд Бургер Кингийн гадаа 20 орчим насны жартгар нүдтэй залуугаас 4-5 ширхэг алт, монет нийлсэн үнэт эдлэлүүдийг тусгай хэмждэг багажаараа граммлаж үзээд 4 сая 300 мянган төгрөгөөр үнэлээд, дансаар шилжүүлэн өгсөн. Тэгээд тухайн авсан үнэт эдлэлүүдийг дарханд өгч хайлуулан шинэ бүтээгдэхүүн болгуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 102/,

            Гэрч Н.Т.-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Мөнгөн завьяа” алт, үнэт эдлэлийн дэлгүүрт лангуун дээрээ зогсоод юмнуудаа хурааж байхад 2023 оны 07 дугаар сарын 24-ний орой 18 цаг 55 минутын орчим улаан өнгийн цамцтай нүдний шилтэй эрэгтэй хүүхэд орж ирээд “монет авах уу?” гэсэн. Тэгэхээр нь би үзье гээд үзэхэд хуучин монетон ээмэг, бөгж, гинж хэдэн ширхэг байсныг би мэдэхгүй граммлаад үзэхэд нийлээд 75 грамм байсан. 1 ширхэг гар хийцийн алтан бөгж байсан, уг бөгж нь 3.5-4 грамм орчим байсан. Би уг эд зүйлийг бүгдийг нь нийлүүлээд 9.120.000 төгрөг авъя гээд би тэр хүүхдээс “хулгайн юм биш биз?” гэхэд “биш ээ, би гадаад явах гэж байгаа юм, аав ээж зөвшөөрсөн, би гараад асуугаад ирье” гэж хэлсэн. Тэгээд 15 минутын дараа орж ирээд “авчих аа” гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь өөрийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2023 оны 07 дугаар сарын 24-ний орой 19 цаг 17 минутад тэр залуугийн “Хаан” банкны ... данс руу шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь “метал” гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн. Тэр залуугаас авсан бөгж, гинж, ээмэг, зүүлтийг 15 минутын дараа О.-д  9.350.000 төгрөгөөр өгсөн, уг мөнгөнөөс миний данс руу О. нь өөрийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 4.503.620 төгрөг шилжүүлж өгөөд, үлдэгдэл 4.850.000 төгрөгийг бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 75/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...уг сейфний хаалганд эвдрэл гэмтэл байхгүй, гаднаасаа хэвийн байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “...Та өөрийн ээмэг, бөгж зарсан газраа зааж өгнө үү гэхэд Ч.М. нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн замын хойд талд байрлах автобусны буудлын хойно байх “Сайн” ломбарданд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 7 ширхэг бөгж тавьсан гээд байршлыг зааж байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...750 сорьцтой, 1.7 грамм алтан гинж, 750 сорьцтой, 2.8 грамм алтан гинж, 585 сорьцтой, 3.1 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 1.6 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 0.8 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 4.9 грамм 1 хос монетон ээмэг, 585 сорьцтой, 1.4 грамм өрөөсөн монетон ээмэг, 585 сорьцтой, 2 грамм монетон циркон бөгж, 585 сорьцтой, 5.6 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 4 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 2.9 грамм монетон бөгж, 585 сорьцтой 1.9 грамм монетон бөгж, сорьцгүй, 5.3 грамм монетон бөгж, 585 сорьцтой, 2.1 грамм монетон кулон зэрэг нь 6.129.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 108-109/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Алтан бөгж, 916 сорьцтой 5 ширхэг, алтан ээмэг, 916 сорьцтой 4 ширхэг зэрэг нь 4.235.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 144/,

            Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай “...”Сайн” ломбарднаас өөрийн санаачлагаар чөлөөлөн гаргаж өгсөн алт гэх 2 ширхэг шаргал өнгийн метал гинж, монет гэх шаргал өнгийн хос ээмэг 4 ширхэг, өрөөсөн ээмэг 1 ширхэг, монет гэх шаргал өнгийн метал бөгж 7 ширхэг, нийт 18 ширхэг шаргал өнгийн металан эдлэлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 06 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.”, “...2 ширхэг шаргал өнгийн метал гинж, монет гэх шаргал өнгийн хос ээмэг 4 ширхэг, өрөөсөн ээмэг 1 ширхэг, монет гэх шаргал өнгийн метал бөгж 7 ширхэг, нийт 18 ширхэг шаргал өнгийн металан эдлэлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 48 минутад хохирогч Ц.А.-д хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хх-ийн 115-116/,

            шүүгдэгч А.Д.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн эд зүйлс алдагдсан талаар хохирогч Ц.А., гэрч М.М., М.Х. нараас, тухайн эд зүйлсийг авсан талаар шүүгдэгчээс тус тус тодорхой мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг бусдад өгсөн, худалсан болох нь гэрч Ч.М., Т.О., Б.С., Н.Т. нар болон шүүгдэгчийн мэдүүлгүүд, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож, хөрөнгийн үнэлгээний тайлан бусад баримтуудаар хохирогчид 19.477.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч А.Д.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, депозит дансны хуулга зэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн СБ2-23-961 дугаартай дүгнэлтээр 6.129.500 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СБ2-23-1106 дугаартай тайлангаар 4.235.500 төгрөг, гэрч Ч.М.-ын өгсөн “...”Сайн” ломбарданд тавьснаас үлдсэн үнэт эдлэлүүдээс ялгаж, луун толгойтой алтан бөгж, бас өөр хоёр гурван ээмэг, бөгж зэргийг “Мөнгөн завьяа”-д 9.112.000 төгрөгөнд өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Т.-ийн өгсөн “...хуучин монетон ээмэг, бөгж, гинж хэдэн ширхэг байсныг би мэдэхгүй, граммлаад үзэхэд нийлээд 75 грамм байсан. Уг эд зүйлийг бүгдийг нь нийлүүлээд 9.120.000 төгрөгөнд авъя гээд “Хаан” банкны ... дугаартай данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Ч.-ийн М.-ын эзэмшлийн “Хаан” банкин дахь ... дугаар дансны хуулга зэргээр 9.112.000 төгрөг буюу нийт 19.477.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд тодорхойлсоны дагуу хохирлын хэмжээг нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон нь үндэслэлтэй.  

Хохирогч Ц.А.-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлсээ тодорхойлон дурдах боловч “...зарим үнэт эдлэлүүд нь ямар хэлбэртэй, хэдэн грамм, орцтой эсэхийг ч хэлж мэдэхгүй байна, миний ааваас ирсэн зарим үнэт эдлэл нь үнэлэгдэхгүй, яаж үнэлэхээ мэдэхгүй байна...” гэж тайлбарлах ба хохирлын хэмжээг тогтоогдсон баримтын хүрээнд буюу шүүгдэгчийн “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр барьцаалуулсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоолгох замаар, “Х.” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр барьцаалуулсан эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээг тогтоолгох замаар, мөн нэр төрөл бүхий үнэт эдлэлүүдийг “Мөнгөн завьяа” алт, мөнгөний дэлгүүрт бусдаар зарж борлуулуулж, 9.112.000 төгрөг орлого олсон зэрэг үйл баримтад тус тус үндэслэн тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас “...хохирогчийн алдсан гэх бусад үнэт эдлэлүүдийн тухайд хохирогч алдсан, эсхүл шүүгдэгч хууль бусаар авсан, улмаар барьцаанд тавьсан, зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн хохиролд тооцоогүй...” гэж тайлбарласан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд үндэслэн хэргийн хэмжээний хүрээнд хохирлын хэмжээг тогтоов.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 6.129.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг хохирогч Ц.А.-д биед байдлаар буцаан хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл бүхий баримтаар нотлогдож байх бөгөөд үлдэх эд зүйлийн үнэлгээ болох 13.347.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь хуульд нийцнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч А.Д.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсэг төлөгдсөн, гэм буруугаа зөвшөөрч байгаа үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хадам ээжийнхээ эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авч, тэдгээр эд зүйлсийг худалдан борлуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгох санаа зорилгыг агуулсан, мөн учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн алдсан гэх эд зүйлс нь мөн чанарын хувьд орлуулшгүй, үе дамжсан үнэт эд зүйлс байсан, хохирогч тодорхой нэр төрөл бүхий эд зүйлсээ буцаан аваагүйд гомдолтой байгаа, хохирлын дийлэнх хэсгийг төлөөгүй, нөгөөтэйгүүр шүүгдэгчийн хувийн байдал буюу тэрээр бага насны хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн буюу сонгох санкцтай гэмт хэрэг болно.

Шүүгдэгчид 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж буй нь нэг талаас хохирогчийн зөрчигдсөн эрх ашиг, хохирол төлбөрийн дийлэнх хэсэг нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдалд холбогдуулан шүүгдэгчийг цээрлүүлэх буюу гэм буруутай үйлдлийн хариуцлагыг биеэр эдлүүлэх, шүүгдэгчийг нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлах замаар засарч хүмүүжүүлэх зорилгыг агуулсан тул хорихоос өөр төрлийн ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Д. нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч З. овогт А.ын Д.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д.ийг 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Д.д оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д  заасныг баримтлан шүүгдэгч А.Д.ийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Д.ээс 13.347.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Ц.-ийн А. /.../-т олгосугай.

            7. Шүүгдэгч А.Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН