| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01687/И |
| Дугаар | 155/ШШ2020/02150 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2020/02150
2020 12 21 155/ШШ2020/02150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 18-02 тоотод оршин суух, Онход овогт Лхагважавын Энхтунгалаг /РЮ89020341/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 41-05 тоотод оршин суух, Цогнууд овогт Мөнх-Эрдэнийн Ууган-Эрдэнэ /РХ87111733/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2020/01687/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Энхтунгалаг нь М.Ууган-Эрдэнэтэй 2007 оноос танилцан үерхэж байгаад 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 277-рт бүртгүүлж гэрчилгээ авсан. Хамтын амьдралын явцад 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин Марал-Эрдэнэ нар тус тус төрсөн. Миний бие ерөнхий боловсролын сургуулиа онц дүнтэй төгсөж МУИС-д суралцах эрхийн бичгээр шагнуулсан боловч 2 удаа төрж сургуульдаа явж чадаагүй. М.Ууган-Эрдэнэ нь эмэгтэй хүүхдүүдтэй байж архи уусан үедээ гэртээ согтуу хүмүүс цуглуулдаг. Миний хөдөлмөрлөж арай гэж цуглуулсан 200.000 төгрөгтэй виза картыг хулгай хийж авч яваад хоосон болгож авчирч гонсойлгож байсан удаатай. Архичидтай нийлж үймүүлэх нь маш их, надаар хэрэгтэй гээд үнэтэй багаж гэх мэт зүйл авахуулдаг ч архинаас өгсөн байдаг. Гурван жилийн өмнөөс Эрка гэдэг хүүхэнтэй явалдаж эхэлсэн. Түүнтэйгээ одоо хүртэл холбоотой байж хамаг мөнгө төгрөгөө түүндээ зориулж утсан дээрээ миний хөвсгөрхөн гүнж гэж өхөөрдөж хадгалсан мөн түүнтэйгээ хамт байгааг нь гэрчилсэн баттай баримт байгаа. Хоёр охиндоо сурч хөгжихөд нь ердөө тусалдаггүй. Манай хоёр хүүхэд онцгой авъяастай хүүхдүүд болохоор байнга төрөл бүрийн дугуйланд явдаг. Дугуйлан бүр төлбөртэй үргэлж мөнгө орно. Манай гэрийнхэн надад их тус болдог. Ялангуяа манай ээж дүү биднийг болон манай амьдралыг их дэмждэг байсан. Ээж М.Ууган-Эрдэнийн нэр дээр 13-29-16 тоотод газар авч хашаа барьж өгсөн юм. Гэтэл М.Ууган-Эрдэнэ нь хашаагаа зарж үгүй хийсэн. Тэгээд ээж намайг дагуулж явж хөөцөлдөж байгаа миний ажлын газартай ойр миний нэр дээр газар авч өгөн хашаа барьж надад өмчилж өгсөн юм. М.Ууган-Эрдэнэ эвлэрүүлэн зуучлал дээр дуудахад ирээгүй байж саяхан ах, дүү, найз нөхдөө дагуулж ирж надад дээрэлхээд бид 3-ын шинээр авсан өндөр толийг хага цохиод явсан. Миний бие өмсөж зүүхээ хасан биеэ муудах үед ч эмчлүүлж чаддаггүй, зөвхөн 2 хүүхэддээ өмсөж зүүхээс эхлээд бүхий л талаар айлын хүүхдээс дутаахгүйн төлөө хичээж хамаг бүхнээ зориулдаг. Ууган-Эрдэнэ 2 хүүхэдтэйгээ зэрэгцэн хувцаслаж ийшээ, тийшээ ажилд явна гэж зардал мөнгө аваад явдаг. Ирэхдээ хоосон ирдэг. Би хөдөлмөрөөрөө аль гоё амттай унд хоолыг хийж дуртай бүхнийг нь авч өгчихөөд дээрэлхүүлэн олон шөнө нойргүй хоносон. М.Ууган-Эрдэнийн энэ байдал худал хуурмаг явдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон цаашид амьдрах ямар ч боломжгүй болсон. Хоёр охин болон бид гурвыг маш их гомдоолоо. Манай одоо амьдарч байгаа гэрийг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас миний хүүхдүүдэд өгсөн юм. Бид хоёр хурим ч хийгээгүй, хүүхэн гуйлганы сэмэрхий хадаг ч өгч чадаагүй юм. Намайг ерөөсөө хүндлээгүй. Өмнөх шүүх хуралдаан дээрээс бид хоёрт эвлэрэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд М.Ууган-Эрдэнэ нь бид нар дээр эргэж ирээгүй, эвлэрэх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй. Харин ч нэг удаа том охиныг минь дагуулан хоёр гурав хоногоор архи ууж, хүүхдээ авъя гэхээр зугтаалгаад ажил удаж байсан. Шүүх хурлын танхимд орж ирэхээрээ тэс өөр хүн болж, амьдрал дээр байдаг шигээ байдаггүй. Иймд 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж охин У.Энхжин, У.Марал-Эрдэнэ нарыг эх миний асрамжинд үлдээж эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч М.Ууган-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Л.Энхтунгалагтай 2007 онд танилцаж үерхэж байгаад 2009 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Том охин У.Энхжин 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, удаах охин У.Марал-Эрдэнэ 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Би баяр ёслолын үеэр болон найз нөхдийнхөө төрсөн өдрөөр хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ би эхнэрийн нэхэмжлэлдээ дурдсан шиг байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гэр орноороо архичид цуглуудаг архичин хүн биш. Би амьдрахын тулд хөдөө энд, тэнд явж барилгын ажил хийж халуунд нь халж, хүйтэнд нь хөрч хөдөлмөрлөж олсон мөнгөө эхнэртээ шилжүүлж үр хүүхдүүдээ дутах юмгүй өсгөж өнөөдрийг хүрсэн. Эхнэрийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэлд оруулж охидуудаа айлгаж байсан удаа надад байхгүй. Эхнэр, нөхөр болсон хойно заримдаа үл ойлголцох маргалдах асуудал байдаг хэдий ч би дандаа буулт хийж эхнэрээсээ уучлалт гуйгаад өөрийн буруу болгоод л өнгөрдөг. Миний хувьд эхнэрээ хуурч мэхлээд бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байсан асуудал байхгүй. Би барилгын ажил хийгээд тэр болгон гэртээ байгаад байдаггүй ба эхнэр энэ байдлаар далимдуулан гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ байсангүй гээд хардах асуудал гаргадаг ба эхнэр хэн нэгний худал үгээр үг хийж хэрүүл маргаан хийдэг. Харин ч эсрэгээрээ эхнэр өөр бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд надаас салах гээд байгаа юм болов уу гэж миний зүгээс үзэж байна. Энэ хэцүү цаг үед эхнэр надаас салаад ямар ч хүнтэй суугаа билээ суусан хүн нь охидуудад маань ямар байдлаар ч хандах билээ үр хүүхдээ бодоод би гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Л.Энхтунгалаг нэгэнт салъя гэж шийдвэр гаргаж байгаа бол зөвшөөрч байна. Шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд Л.Энхтунгалаг өөрөө надад боломж олгоогүй. Хүүхдүүдийн асрамжийн тухайд би аль нэг хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Энхтунгалаг нь хариуцагч М.Ууган-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсноо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн №0157153-277 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин У.Энхжин төрснийг 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн №0399671-92 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин У.Марал-Эрдэнэ төрснийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн 6701000438 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2019 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч шүүхээс 2 сарын эвлэрлийн хугацаа өгсөн боловч зохигч нь энэ хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л.Энхтунгалаг нь 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин У.Марал-Эрдэнэ нарыг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин У.Марал-Эрдэнэ нарыг эх Л.Энхтунгалагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин У.Марал-Эрдэнэ нарт хариуцагч М.Ууган-Эрдэнээс тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин У.Энхжин, У.Марал-Эрдэнэ нарыг эх Л.Энхтунгалагийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг М.Ууган-Эрдэнэд хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Л.Энхтунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Ууган-Эрдэнээс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлөх дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тооцож төлүүлдэг ба Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгөөр тогтоогдсон. 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин У.Марал-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр М.Ууган-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр тогтсон тул 103.000х12=1.236.000 төгрөг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хүүхэд тус бүрээр тооцвол 34.214x2=68.428 төгрөг, нийт 70.200+68.428=138.628 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Цогнууд овогт Мөнх-Эрдэнийн Ууган-Эрдэнэ, Онход овогт Лхагважавын Энхтунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин У.Марал-Эрдэнэ нарыг эх Л.Энхтунгалагийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин У.Энхжин, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин У.Марал-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Ууган-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч М.Ууган-Эрдэнээс 138.628 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг М.Ууган-Эрдэнэд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Л.Энхтунгалагт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
|
|
|
|