Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

   2024         02         02                                    2024/ШЦТ/134

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч С.Сансартуяа,

шүүгдэгч Д.Э., түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар оролцсон эрүүгийн 2303006880600 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х. овогт Д.ийн Э.

Монгол Улсын иргэн, ... оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Э. нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн урд замд Тоёота Приус 41 маркийн ... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9-т “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрлэн дохиогоор зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Б.Ц.-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчийг шүргэснээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2303006880600 дугаартай хэргээс:

102 дуудлага лавлагаан хуудас  /хх-ийн 4/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,

Хохирогч Б.Ц.-ын мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12738 тоот дүгнэлт /хх-ийн 19-20/,

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт /хх-ийн 26-27/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 29/,

Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 32-36/,

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1155 дугаартай магадлагаа /хх-ийн 51-52/,

Гэрч Т.Т.-ын мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 67-68/,

Д.Э.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/,

Д.О.-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 81/,

Д.Э.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/,

“Б.” ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт,

Үйлдвэрлэлийн дадлагын гэрээ,

Б.Ц.-ын “Хаан” банкин дахь ... дансны дэлгэрэнгүй хуулга,

Б.Ц.-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,

Б.Ц.-д хохирол төлсөн баримтууд,

Д.Э.гийн эрүүл мэндэд холбогдох баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн урд замд “Тоёота Приус 41” маркийн ... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9-т “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гэрлэн дохиогоор зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Б.Ц.-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...асфальт, шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, хальтиргаагүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв.” гэх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/,

Хохирогч Б.Ц.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 40 минутын орчимд би Сүхбаатар дүүргийн нутаг Номын сангийн урд талын автобусны буудлын CU худалдааны төвөөс гараад өөрийн дадлага хийж байсан “Б.” ресторан руу явах гээд Хүүхдийн ордны хойд талын төв замын явган хүний гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарах гэж байхад урд талаас ирсэн машин намайг мөргөсөн. Тэгээд би машинд нь мөргүүлээд нэг хэсэг манараад шууд босоод явж байсан гэсэн. Тэнд байсан хүмүүс намайг “чи мөргүүлчихлээ” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч Т.Т.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Явган хүний гарц нь автобусны буудлын яг хойно байрладаг бөгөөд энэ үед намайг автобусны буудлын харалдаа, явган хүний гарцны урд, замын голын тусгаарлах шугам дээр хойшоо хараад зогсож байх үед хойноосоо урагш чиглэлд явж байсан цагаан өнгийн, дээрээ ачаатай Тоёота Приус 41 маркийн автомашин зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцны цагаан зураас дээрх жолоочийн хориглосон улаан гэрэл ассан байхад чигээрээ яваад, гарцаар зүүнээс баруун тийш зам гарч байсан явган зорчигчийг шүргээд зам дээр унагаачихсан. Энэ үед машинд шүргүүлсэн эмэгтэй нь “зүгээр” гээд босоод явах гээд, мөн жолооч нь машинаа хөдөлгөөд цааш явах гээд байхаар нь би машиныг нь хөдөлгөлгүй шүргүүлсэн явган зорчигч, жолооч хоёрыг хоёуланг нь байлгаж байгаад, жолоочоор нь 102-т дуудлага өгүүлсэн.

Осол болох үед хойноос ирж байгаа болон хойшоо явж байгаа автомашинуудын хөдөлгөөнийг би хараад зогсож байхад явган хүний гарцны гэрэл дохио солигдож, жолоочийн улаан гэрэл асахад хойш чиглэсэн нэгдүгээр эгнээнд явж байсан машин хурдаа хасаад зогсож байхад, гарцаар явган зорчигч явж эхлэхэд хүн шүргэдэг цагаан өнгийн Тоёота Приус 41 маркийн автомашины жолооч зогсохгүй хоёрдугаар эгнээгээр чигээрээ явж байхаар нь би хүн дайрчих вий дээ гээд дотроо бодож байтал тэр автомашин баруун талаар явган зорчигчийг шүргэж, зам дээр унагаагаад, явган хүний гарц өнгөрөөд зогсчихсон. Би явган хүний гарц дээр зогсоогүй, явган хүний гарцны хөдөлгөөн зохицуулаагүй. Хэрвээ явган хүний хөдөлгөөнийг буюу явган хүний гарцан дээр биет зохицуулалт хийх болвол хоёр алба хаагч гарцны хоёр талд буюу баруун зүүн талд зогсож, явган зорчигчийн хөдөлгөөнийг хоёр талаас нь бүрэн хязгаарлаж байгаад зохицуулдаг. Ганц цагдаа явган хүний гарцыг зохицуулах гэхээр явган зорчигчид үгэнд орохгүй, явган хүний ногоон гэрэл асахаар зам хөндлөн гараад машинд дайруулах гээд байдаг тул ганцаараа явган хүний гарц зохицуулдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Сонгинохайрхан техникийн үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй байна. Автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хоёр болон хойд дугуйн тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12738 тоот: “Б.Ц.-ын биед зүүн шуу ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1155 тоот: “Тоёота Приус 41 маркийн ... УБЕ улсын дугаартай автомашины жолооч Д.Э. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9-т “Гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.” гэсэн магадлагаа /хх-ийх 51/

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч Д.Э. нь Тоёота Приус 41 маркийн ... УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц.-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон байна.

Тодруулбал шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар зохицуулсан хууль, дүрэм, журмыг зөрчиж, үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргасан болох нь нотлогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

“Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг.

“Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэдэгт Монгол Улсын хууль /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль/ түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /Замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамд халдсан аливаа үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн холимог хэлбэрээр буюу санаатай гэмт үйлдэл хийж, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч Д.Э.г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогч “Б.” ХК-нд 2023 оны 09 дүгээр сарын 06-наас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, хийх байсан ба хэрэг болсон өдрөөс хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 04-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 23 хоног дадлага хийж авах ёстой байсан цалин 690.000 (өдрийн 30.000 төгрөг) төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт 10.000.000 төгрөг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 18.18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх) төгрөгийг буюу нийт 10.690.000 төгрөгийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад зааснаар заавал шинжилгээний байгууллагаар тогтоосон байхаар заасан, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан болохоос биш сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзэхэд учир дутагдалтай, хохирогч нийгмийн даатгал төлж байсан тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх, хэрэв авсан бол тэтгэмж, цалингийн зөрүү хэд болж байгаа зэрэг нь тодорхойгүй, хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн Үйлдвэрлэлийн дадлагын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй...” гэж,

улсын яллагчаас “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгөөр тогтоож олгуулах саналтай байна...” гэж тус тус тайлбарлан маргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр цалин хөлс, ажилласан хугацаа, эрхэлж байсан ажил үүргийн талаарх тодорхойлолтыг ажлын таван өдөрт багтаан үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хүнс, технологийн политехник коллеж, “Б.” ХК нарын хооронд байгуулсан Үйлдвэрлэлийн далдлагын гэрээ гэх баримт, мөн “Б.” ХК-ийн Хүнийн нөөцийн албаны ахлах менежерийн тодорхойлсон хохирогчийн цалингийн тодорхойлолт зэргийг гарган өгсөн ба дээрх гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу тухайн хуулийн этгээдийн “хуулбар үнэн” тэмдэг, эсхүл нотариатаар баталгаажаагүй нь уг баримтыг шүүх үнэлэхээс татгалзах үндэслэл болж байна.

Нөгөөтэйгүүр, хохирогч Б.Ц. нь ажлын 5 өдөр өдрийн 30.000 төгрөгийн цалинтайгаар дадлага хийж байсан гэж, мөн Б.Ц.-ын нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар хохирогч нь “Б.” ХК-иас 2023 оны 09, 10 дугаар саруудад холбогдох цалин авч байсан нь тогтоогдож байх боловч хохирогчийн цалингийн тодорхойлолтыг ажил олгогч буюу ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх дадлага хийгээгүй хугацааны цалинг нөхөн олгох тухай хохирогчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарласанчлан “...тэтгэмж, түүнд холбогдох цалингийн зөрүү байгаа эсэх нь тодорхойгүй...” гэх нөхцөл байдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгчээс өөрийн гэмт үйлдлээ ухамсарлан хэрэг болсон даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад 1.324.000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдсон болохыг тэмдэглэв.

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана. гэж,

            Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр ... дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг ... шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: ... 2.1.5. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих), 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”, 2.4-т “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.”, 2.10-т “Энэ журмын 2.1.1.-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.” гэж,

            Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байна.” гэж тус тус тус тус заажээ.

            Өөрөөр хэлбэл, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд буюу шүүх өөрөө Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тухайд дээрх хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д тодорхойлсноор тухайн тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тодорхойлж, улмаар Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд тодорхойлсноор тухайн гэм хорын зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох боломжтой байх ба ингэхдээ гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар нь муудсан эсэх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, хувь хэмжээг тогтоох үндэслэлтэй байна.

            Иймд “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зайлшгүй шинжилгээний байгууллагаар тогтоолгоно, хохирогчийн сэтгэцэд бус эрүүл мэндэд хохирол учирсан...” гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүх хохирогчид учирсан хохирол, хор уршиг, түүний сурч боловсрох эрх нь толорхой хугацаанд хязгаарлагдсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорын хохирлыг төлөхөд анхаарч зохих хэсгийг төлсөн, цаашид гарах төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, төлбөрийн чадвар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасанд холбогдуулан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.250.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “....шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргаж байна...” гэж, хохирогчийн өмгөөлөгчөөс “...зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналыг гаргаж байна...” гэсэн санал тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Д.Э.г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Д.Э.д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу 2016-2020 онуудын дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, Хавдар судлалын үндэсний төвийн дүгнэлт зэргээр хүнд өвчтэй болохыг нь тодорхойлсон, хохирогчид гарсан, цаашид гарах хор уршгийн зардлыг  нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.Э.гаас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал дутагдалтай байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүд, 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон      

      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х. овогт Д.ийн Э.г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Э.гаас 8.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Б.-ийн Ц. /.../-д олгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ц. нь 690.000 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН