Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/146

 

 

   2024         02         07                                    2024/ШЦТ/146

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

улсын яллагч: Б.Өнөбат,

шүүгдэгч: Д.Б. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2309018112417 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж. овогт Д.гийн Б.

Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1022 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б. нь 2023 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Прайм” нэртэй ПС тоглоомын газрын компьютерын 1 ширхэг процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 5.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зүс таних Э.Чингүүнтэй уулзаж, “маш амархан сурронтой болох арга байна, чи надад түрээсийн газраас суррон авч өгөөд ломбарданд барьцаанд тавьж өгвөл 3 хоногийн дотор суррон авч өгье” гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

Эрүүгийн 2309018112417 дугаартай хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/,

Хохирогч Б.Мягмарбатын мэдүүлэг /хх-ийн 20/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалын мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03/079 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35-36/,

Д.Б.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Хулгайлах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Д.Б. нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Прайм” нэртэй ПС тоглоомын газрын компьютерын 1 ширхэг процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 5.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

СиДи-нд үзлэг хийсэн: “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 05:36:16 минутад процессор хулгайлан авч гарч байгаа 175 см орчим өндөртэй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан ултай пүүзтэй, нүүрэндээ хар өнгийн масктай сэжигтэй этгээд процессор бариад гарч байгаа дүрс бичлэгийг харуулав.” гэх тэмдэглэл /хх-ийн 9-13/,

Хохирогч Б.Мягмарбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Прайм” нэртэй цахим тоглоомын газраас процессор хулгайд алдагдсан байсан. Үүний дагуу хяналтын камер шүүж үзэхэд үүрээр 05:00 цагийн орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд, тухайн процессорыг хулгайлаад аваад гарч байгаа дүрс бичлэг байсан. Ингээд тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж гомдол  гаргаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн “Сонор” плаза дотор байрлах ломбарданд оройн 17:00 цагийн орчим 2-3 хүүхдүүд ирээд “барьцаанд процессор тавья, 2-3 хоногийн дараа авна” гэж хэлээд надаас 2.100.000 төгрөгийг дансаар авсан. Надтай Н.Булгантамир гэж хүн нь гэрээ байгуулж авсан. Тэгээд 7 хоногийн дараа Сүхбаатар дүүргийн цагдаагаас мөрдөгч ирж, надтай уулзсан. Тэгээд надтай гэрээ байгуулсан Б.Булгантамир нь процессор тавихдаа “скүүтэр барьцаанд авах уу?” гэж өмнө асууж байсан болохоор тэр хүнийг “скүүтэрийг нь үзье” гэж дуудаж ирүүлж байсан. Мөн камерын бичлэг болон дуу хоолойны бичлэг өгч байсан. Манай ажлын байранд Батзаяа гэх хүн 2023 оны 06 дугаар сарын 19-нд ирээд, барьцаанд 2.100.000 төгрөгөөр авсан процессорыг хохирогч нь аваад явсан. Бид хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан гэж тэмдэглэл үйлдэн мөрдөгчид өгсөн. Намайг хохиролгүй болгохыг хүсэж байна. Миний нэхэмжилж байгаа мөнгөн дүн бол 2.250.000 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 03/079 дугаартай: “...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Прайм-3 нэртэй цахим тоглоомын газраас 1 ширхэг компьютерын процессор алдагдсан хэргийн газраас шинжээч Ж.Пүрэвсүрэнгийн илрүүлж, бэхжүүлсэн №2 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 3, 4 гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №1 ширхэг гарын мөр нь санд бүртгэгдсэн гарын дардсууд болон эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон харьцуулах загварт ирүүлсэн гарын дардсуудтай тохирохгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 5.350.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 35-36/

Д.Б.ийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед өр төлбөрт ороод мөнгөний хэрэгцээ гарчихсан байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Залилах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Д.Б. нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зүс таних Э.Чингүүнтэй уулзаж, “маш амархан сурронтой болох арга байна, чи надад түрээсийн газраас суррон авч өгөөд ломбарданд барьцаанд тавьж өгвөл 3 хоногийн дотор суррон авч өгье” гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Э.Чингүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Итгэл ах нэг  найзтайгаа манай гэрийн гадаа уулзаад, суррон мотоциклыг түрээсэлдэг газар луу хамт явсан. Тэгэхэд Итгэл ах автобусны буудал дээр үлдээд, би сурроныг очиж авахад миний “Хаан” банкны 5107059991 тоот данс руу 2 хоногийн түрээсийн мөнгө болох 400.000 төгрөг болон барьцааны мөнгө 200.000 төгрөг, нийт 600.000 төгрөгийг 5028942401 тоот данснаас шилжүүлсэн. Буцаж Хүнсний 4 дүгээр дэлгүүр лүү хамт явсан. Хамт явж байхад “энэ сурроныг өөрийнхөө нэр дээр ломбарданд тавиад өг, 3 хоногийн дотор ах нь авчихна, тэгвэл ах нь чамд дахиад нэг суррон бараг үнэгүй аваад өгье” гэх ухааны юм ярьсан. Тэгэхэд нь итгээд өөрийнхөө нэр дээр ломбарданд 3.500.000 төгрөгөөр тавьж өгсөн. 3.500.000 төгрөгийг миний “Хаан” банкны 5107059991 тоот данс руу ломбардны хүн шилжүүлсэн. Тэгээд гарч ирээд Итгэл ахын “Хаан” банкны 5028942401 тоот данс руу шилжүүлсэн. Надаас мөнгөө авчихаад шууд явсан. Хэлсэн 3 хоногтоо Итгэл ах Bulgaa Bulgaa гэх фэйсбүүк хаягаас “одоо болж байна, ажил хийж байна” гэх чат бичээд, тэгээд алга болсон. 3 хоногийн хугацаа нь дуусаад маргаашнаас нь буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр суррон түрээсэлсэн хүн намайг “хулгайч, сайн хараад аваарай, мэддэг хүн байвал холбогдоорой” гэж миний зургийг оруулан пост оруулсан. Тэр хүнд учир байдлаа хэлсэн ч “надад наадах чинь хамаагүй, чи л надаас авсан” гэж хэлсэн. Тэгээд ломбардны 3 хоногийн хугацаа дуусаад, мөнгөө нэхээд байсан тул гэрийнхэндээ хэлээд, эмээ маань тэтгэврээ зээлээд, ломбардны мөнгийг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-100/,

Д.Б.ийн яллагдагчаар өгсөн “...Э.Чингүүн нь өөрийн нэр дээр 1 ширхэг суррон дугуй түрээслээд гараад ирэхээр нь авч яваад Хүнсний 4 дүгээр дэлгүүрин ард байрлах ломбарданд 3.500.000 төгрөгийн барьцаанд Э.Чингүүнээр тавиулсан юм. Би Э.Чингүүнд 3 хоногийн дараа эрүүлэн авах болно гэж хэлсэн. Үүнээс 2.000.000  төгрөгийг нь Анхаа эгчид, 1.500.000 төгрөгийг нь One X аппликейшн орж, сагсан бөмбөгийн тэмцээнд бооцоо тавиад алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/ зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Мягмарбатаас эд зүйлээ алдсан, хохирогч Э.Чингүүнээс эд хөрөнгөө залилуулсан талаар, шүүгдэгч нь хохирогч нарын эд зүйлсийг нууцаар авсан, залилсан талаар тус тус мэдүүлж, эд мөрийн баримтаар тооцогдсон камерын дүрс бичлэгт шүүгдэгчээс хохирогч Б.Мягмарбатын эд зүйлийг авч буй болох нь тусгагдсан, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан, мөн уг хулгайн эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, үүнийг нь мөрдөгч хураан авснаар иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалд нийт 2.250.000 төгрөгийн хохирол учирсан, мөн хохирогч Э.Чингүүнээр дамжуулан суррон унадаг дугуйг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, Э.Чингүүнийг залилсны улмаас Э.Чингүүн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний зардлаар барьцааны эд зүйлийг чөлөөлж, түрээсийн газарт буцаан өгснөөр Э.Чингүүнд 3.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тус тус нотлогджээ.

Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг илэрхийлдэг бол “залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь бодитоор хэрэгжихгүй зүйлийг урьдаас төлөвлөн гэмт санаа зорилгынхоо нөхцөл болгон хохирогчийг хуурах замаар эд хөрөнгийг нь өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авах үйл ажиллагааг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.   

Шүүгдэгчийн хулгайлах гэмт үйлдлийн улмаас хохирогчид 5.350.000 төгрөгийн хохирол, залилах гэмт үйлдлийн улмаас хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүгдэгчийн үйлдлүүд нь хулгайлах болон залилах гэмт хэргийн шинжийг тус тус агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Б.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Мягмарбатад хөрөнгийн үнэлгээний тайлангаар 5.350.000 төгрөгийн хохирол учирсан боловч алдагдсан эд зүйл буюу компьютерын процессорыг нь биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн, уг процессорыг Д.Б. нь бусдаар дамжуулан ломбарданд тавьж, мөрдөгч тухайн эд зүйлийг ломбардаас хураан авснаас иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалд барьцаат зээлийн төлбөр 2.100.000, түүнд бодогдсон хүү 150.000 буюу нийт 2.250.000 төгрөгийн хохирол учирсан, мөн Д.Б. нь бусдаар дамжуулан суррон унадаг дугуйг түрээсийн газраас түрээслэх замаар дугуйг бусдаар ломбарданд барьцаанд тавиулж, 3.500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилснаар Э.Чингүүнд 3.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Б.ээс 5.750.000 төгрөгийг гаргуулж 2.250.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалд, 3.500.000 төгрөгийг хохирогч Э.Чингүүнд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Д.Б.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаж, шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгчээс дээрх хугацаанд хохирол төлбөр бүрэн болон хэсэгчлэн төлөгдөөгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцсон болохыг дурдав.

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял буюу нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” гэсэн саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Д.Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нь 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг тогтоов.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг шүүгдэгчийн оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,  ялын хугацаанд уг нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Д.Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж. овогт Д.гийн Б.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд,

мөн шүүгдэгч Ж. овогт Д.гийн Б.ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б.эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг өөрийн оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б.ээс 5.750.000 төгрөгийг гаргуулж 2.250.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Өндгөн овогт Жамбалшонуугийн Баяржаргал /ШУ89081398/-д, 3.500.000 төгрөгийг хохирогч Боржигон овогт Энхбаатарын Чингүүн /УП04251058/-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай. 

            7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Мягмарбатад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б.эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН