Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Шүүгдэгч Ж.А,

Шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.А, Я.Ө, Д.Д, Э.Х нарт холбогдох 1928000000166 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар оршин суудаг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, оршин суух хаягтай боловч одоогоор эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар оршин суудаг, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар оршин суудаг, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнийн 02 цагийн цагийн орчимд согтуугаар Ө.А.Н.С.Т.Б.Ш.И.Х ХХК-ийн ажилчдын амрах байранд бусадтай маргалдах явцдаа Л.Г-ийн нуруун тус газарт нь хутгалж, амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Мөн цаг газарт шүүгдэгч Я.Ө нь Ж.А-ийн зүүн гар болон толгой хэсэгт модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн цаг, газарт шүүгдэгч Ж.А, Э.Х нар нь бүлэглэн, согтуурсан үедээ хохирогч Я.Ө-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн цаг, газарт шүүгдэгч Ж.А, Д.Д-тэй нар нь бүлэглэн, согтуурсан үедээ хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Ж.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Д, Э.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Я.Ө-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.А-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.Ө-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Д.Д-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Э.Х-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Я.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 40  хоног буюу 1 сар 10 хоног хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.А-ийн нийт эдлэх ялыг 9   жил 1  сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийн цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч Я.Ө-д оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч  Д.Д-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Э.Х-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ө, Д.Д, Э.Х нарт тус тус оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хохирогч Б.Г шүүгдэгч Ж.А, Д.Д нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Я.Ө шүүгдэгч Ж.А, Э.Х нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг,  шүүгдэгч Я.Ө хохирогч Ж.А-д эмчилгээний зардалд 260.000 / хоёр зуун жаран мянга/  төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 8.282.504 /найман сая хоёр зуун наян хоёр мянга таван зуун дөрөв/  төгрөгийг гаргуулан  суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга, шаргал өнгийн иштэй хутга, 85 см орчим шар өнгийн мод, цус мэт зүйлээр бохирлогдсон хулдаасны тасархай 3 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ханын хуссан будаг шохойтой /6,7,8 гэж дугаарласан/ хэсэг, талийгаач Л.Г-ийн өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хар саарал өнгийн футболк, яллагдагч Ж.А-ийн тухайн үед өмсөж байсан гэх цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хүрэн бор өнгийн оймс, ягаан өнгийн таавчиг, цагаан саарал өнгийн футболк, О.М-ийн хар өнгийн ноосон өмд, Д.Д-ий жинсэн өмд, Д.Д-ийн хар өнгийн цамц, Э.Х-ын цэнхэр өмд, ногоон өнгийн цамц, Б.Э-ын майк, Б.Г-ын саарал өнгийн өмд, Я.Ө-ны саарал өмд,  ногоон өнгийн футболк, цэнхэр өнгийн цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, цогцсын гадна үзлэг, хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг  тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Д, Я.Ө, Э.Х нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д, Я.Ө, Э.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Д, Я.Ө, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Миний дүү Л.Г нь аав ээж гэр бүлдээ ачлалтай, хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй, соёлч боловсон эелдэг даруу, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, урлаг спортын өндөр амжилт үзүүлсэн, хийж бүтээхийн төлөө явсан залуу байсан.

Анхан шатны шүүх нь хохирогч нарын хохирсон байдалд бүрэн дүгнэлт хийлгүй, зөвхөн алуурчин Ж.А гэгчийн мэдүүлэгт хөтлөгдөж Эрүүгийн хуульд байж болох хамгийн хөнгөн ялыг буюу 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмд буюу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

Үнэн хэрэгтээ Ж.А гэгч нь тухайн өдөр төрсөн өдрөө тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурсан үедээ Ө-ы эхнэр Ж гэгчийг хохирогч Г-тай хардаж хохирогч Г-ыг үгийн зөрүүгүй хавсарч унагасан... байр луу ороход нь араас нь боож, зодож цохин далнаас нь хазсан, бусадтай бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулчихсан.... архидан согтуурч байсан газраа орж ирээд эхнэр гэх хүнээ мөргөж унагаад /гэмтэл гарсан бол мөн л эрүүгийн хэрэг болох байсан/... Ж-гийн нөхөр Ө-ыг эхнэр чинь Г-тай үнсэлцэж байна гэж хэлээд түүнийг мөргөж Х гэгчтэй бүлэглэн зодчихоод, адаг сүүлд нь хутга барин танхайрч орон дээр гарч бусдыг айлган сүрдүүлж өөрийгөө зүсэж танхайрсан. Тэгэхэд миний дүү түүнтэй ямар нэг маргаан үүсгээгүй, зөвхөн “А-ийн өмнө өвдөглөөд суучихсан... тэр танхайрагчийг болио боль " гээд сууж байсан хүнийг л хутгалж амь насыг нь хохироосон.

Ийм гэмт хэргүүдийг нэг цаг хугацаанд учруулж тэнд байсан бүх хүмүүсийг айдас түгшүүрт авхуулсан этгээд гэдгийг шүүгч нар байтугай энгийн хүн ч хараад ойлгохоор тодорхой хэрэг байгаа нь илт байна. Ж.А нь нэг дор Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна шүү дээ.

Энэ байдал тодорхой байхад эрхэм шүүгч нар анхаарч үзэлгүй, гагцхүү амь хохироогчийн өөрийгөө өмгөөлсөн мэдүүлэгт хөтлөгдөж шударгаар шийдвэрлэж чадаагүй шүүгч нарт маш их гомдолтой байна. Шүүгч нар энэ шийдвэрээрээ хохирогч бидний өмөрсөн зүрх рүү хэчнээн мянган зүү шивж байгаагаа мэдэж байгаа болов уу?

Шүүх хуралдаан дээр Ж.А нь өөрийн зовлон зүдгүүрийг ярьж байсан, ирээдүйд ямар байх тухай ярьж байсан, гэтэл миний дүү энэ хорвоогийн тоосыг хэзээ ч хөдөлгөж чадахгүй бидний сэтгэл зүрхийг үүрд шимшрүүлэн, хоосон орон зай, гуниг харууслаар дүүргэн энэ хорвоог орхисон байдалд огт дүгнэлт хийсэнгүй. Өөрийн гэгээн мөрөөдөл, гэрэлт ирээдүйгээ ч бүтээж чадалгүй, барилгаа барьж дуусгаад хот орж найз бүсгүйгээ дагуулж аав ээждээ танилцуулна гэсэн хүсэл нь биелэлгүй хайртай бүсгүйгээ ч төсөөлшгүй уйтгарт автуулсан. Би хуульч бишээ. Гэхдээ дүүгээ энэ хэргийн улмаас амь нас нь хохирсон хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байх явцдаа Эрүүгийн хууль тогтоомжийг тодорхой хэмжээгээр судаллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа "... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байна. Мэдээж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд хорих ялын хэмжээг 8-15 жил тогтоохоор хуульчилсан байгааг ойлгож байна. Гэтэл энэ хэрэг нь өөрөө нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдэлдээ хандах хандлага, тухайн үед гаргаж байгаа авир араншин энэ хүнийг 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ямар ч боломжгүйг илтгэнэ.

Мөн анхан шатны шүүх бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь салж явсан гэсэн дүгнэлт хийгээд байх шиг байна. Нэгдүгээрт тийм баримт энэ хэрэгт байхгүй, эгч А-нх нь мэдүүлэг байгаа болохоос биш энэ байдлыг хөдөлбөргүй тогтоосон зүйл байхгүй /гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр, өөр бусад хүний мэдүүлэг г.м/, хэрэв эгч А-нх нь хэлээд байгаа зүйл үнэн бол өмнөх эхнэрээ төрүүлсэн үрээ авч явж чадахгүй болтол нь хүчирхийлэл дарамтад байлгасны шинж. Энэ хэрэг болох үед сүүлд суусан эхнэр гэх Б-оо мөргөөд л унагачхаж байх жишээтэй. Тэр хандлагаараа л өмнөх эхнэртээ хандсан байх. Ийм хүчирхийлэгч новшноос айж эмээн 7-хон сартай хөхүүл хүүхдээ хүртэл тэр эмэгтэй аваад явчихаж чадахгүй орхиж явсан байгаа нь харагдаж байна. Хатуухан хэлэхэд миний дүүгийн үхэл түүнийг цагдан хориулж А-ийн дарамтаас салсан эх үрс уулзалдах боломж бүрдсэн хэрэг байна !!!!!!!!!!!!

Тэрээр тийм ч хувийн байдал сайтай хүн биш юм. Энэ хэрэг гарахаас жилийн өмнө буюу 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор мөн л зодоон цохионы хэргээр 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, төрсөн эх Б.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр .. тэр эгчийнх траншейнд амьдардаг, архи дарс уудаг, хог түүдэг, хүүхдүүд нь траншейгаар явдаг...тэнд хэд хоног болохдоо манай хүүхдийн зан аашинд өөрчлөлт орсон .. гараа эсгэдэг гэх мэт үйлдэл гардаг болсон, гэрч Б.Д-ийн чээжин дээгүүр нь зулгарсан нарийн шархнууд байсан /1-р хх- 234-235/ , 2019-11-22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ... чээж хэвлийн урд 8 хэсэгт цайвар өнгийн зураасан сорвитой...зүүн гарын шууны дотор талд цайвар өнгийн бүдэг 10 сорив тогтоогдлоо...иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...эдгээр олон сорвийг тус бүрд нь үүссэн хугацааг сар жилээр тогтоох боломжгүй гэжээ. Эдгээр зүйлээс дүгнэхэд өөрийгөө хэрчиж байгаа хүн өрөөлийг хэрчихэд бэлэн байгаа нь харагдаж байна.

Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтэд хутгалагдсанаас гадна “... Талийгаачийн биед олон гэмтэл байна. Тэдгээр гэмтлийн духны 2 тал, зүүн хөмсөг, баруун хацар, баруун мөрний урд тал, чээж хэвлийн 2 хажуу тал, бүсэлхийн баруун хэсэг, 2 гарын тохой, зүүн гар, зүүн өвдөгний хэсгүүдэд үүссэн зулгаралт шалбартал, баруун гарын шууны хэсэгт үүссэн шарх, баруун гарын сарвууны ар зүүн гарын шууны дунд хэсэгт үүссэн зурагдалт зэрэг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 т зааснаар хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, биеийн эрүүл мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... баруун гарын шууны хэсэгт үүссэн шарх, баруун гарын сарвууны ар, зүүн гарын шууны дунд хэсэгт үүссэн зурагдалт нь үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. Үүнээс үзэхэд Ж.А гэгч нь намайг найз минь Ө-аас хамгаалсан гэх утгатай зүйл яриад байгаа нь огт худал юм.

Миний дүүг амьд сэрүүн байхад нь зодож халдлагаа үргэлжлүүлж амь насыг нь хохироосон нь тодорхой байна. Эсвэл өөр хүн зодож олон тооны хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байна. Энэ байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалган тогтоох нь зүйтэй байна гэж үзэж байна.

Хохиролд нийт 16 сая төгрөгийн хохирол гарсан. Бид ерөнхийдөө Д аймагт амьдардаг хүмүүс. Ө аймаг Д аймаг хоёрын хооронд хэчнээн км-ийн зай байгаа билээ. Ажил явдал хэдэн өдрийн хугацаанд болж хэчнээн хүн цугларч хамаатан садан найз нөхөд ар гэрийнхэн, анги хамт олон, сум орон нутгийнхан нь буяны ажилд оролцоход гарсан ийм хэмжээний баримтат зардлыг л шүүхэд гарган өгсөн. Үүнээс өөр баримтгүй зардал асар их гаргасан.Тэр зардлаа огт нэхэмжлээгүй байгаа. Цаашид ч нотлох баримтыг нь бүрдүүлэн нэхэмжлэх болно. Энэ хэрэгт холбогдсон цагаас хохирол төлбөр төлөх тал дээр ямар ч анхаарал хандуулахгүй, цагдан хориотой байсан гэх шалтгаанаар хохирлоос зайлсхийж 3 хүүхэдтэй эхнэр салсан гэх худал мэдүүлгээр биеэ хаацайлж шүүхийг хуурч байгаа мэдүүлэгт нь шүүх зальдуулан байгаад ийм утгагүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Анхан шатны гэм буруугийн шүүх хуралдаан завсарлахад биднээс өмгөөлөгч Сүхээ нь аав ээж хүүхэд, дүү нарынх нь амьдарч байгаа газрыг нь өгье. Нэмж 500000 төгрөг өгье гэж доромжилж байгаа мэт хандлага үзүүлсэн. Бид яалаа гэж олон хүний амьдарч байгаа голомтыг бусниулж төлбөр гэх нэрийдлээр аваад сууж байх вэ? Бидний баримталдаг Монгол ёсонд харш зүйл шүүдээ. Тэр газрыг нь авахгүй гэхэд тэгвэл 500000 төгрөг ч өгөхгүй гэж биднийг басамжилсан. Яллагдагч талынхан шүүхээс гарах шийдвэрийг мэдэж байгаа мэт сэтгэгдэл бидэнд төрүүлсэн. Газар өгье гэдэг нь зүгээр л хохирол төлбөр төлөх гэсэн эрмэлзлийг дүр эсгэн гаргаж байгаа царай гэдгийг энэ шүүх хуралдааны дараа ойлгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т: Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Гэтэл яагаад хохирлоо бүрэн барагдуулаагүй хүнийг яасан гэж есхөн жилийн хорих ялаар шийдвэрлэх ёстой юм бэ? Яагаад улсын яллагчийн ялласан 13 жилээс доош нь ял оногдуулах болов. 3 хүүхэдтэй, 3 хүнийг хохироосон болохоор ингэж ялыг хөнгөрүүлж байгаа гэж хэлээд байгаа юмуу?

Шүүх энэ хэрэгт ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн байсан. Шүүхийн тогтоолд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэчхээд яагаад ялыг нь хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нь зөөллөж байгаа юм бэ? Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1.2- т  "... энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэн эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор” заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсхүл анхан шатны шүүхэд нь дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г-ийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүгдэгч Ж.А-ийг хоёр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үүнээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хоёр хүндрүүлэх шинжийг нэгэн зэрэг агуулж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулжээ.

Тодруулбал, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилнэ гэсний дагуу тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжээр тухайлбал, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэх хүндрүүлэх шинжтэй ижил агуулгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх, бүлэглэсэн нь мөн зүйл, хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэх шинжүүдийг  агуулсан гэж зүйлчилсэн гэхээр байна. / хэргийн 3 дугаар хавтас, 143 дугаар тал/

Гэтэл улсын яллагч “...Ж.А-ийг бусадтай бүлэглэн хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна” гэж Ж.А-ийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаан тэмдэглэлд тусгагдсан байна. /4 дүгээр хавтас, 33 дугаар хуудас /

Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж Эрүүгийн хуульд тодорхойлсон” гэж бичсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойлголт бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэх гэмт хэргийн шинжтэй адил утгаар тайлбарлагдана. Бүлэглэх нь тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй боловч шүүх улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Мөн шүүх  Ж.А-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч ямар үйл баримт нь уг гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх  шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан тогтоосон үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусган ангид заасан гэмт хэргийн аль шинжид хамаарч байгаа талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй дээрх нөхцөл байдлууд нь шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал болж байна.

2. Ж.А-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн талаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “ажилчдын байранд бусадтай маргалдах явцдаа Л.Г-ийн нуруун тус газар хутгалж амь нас насыг хохироосон” гэж үйл баримтыг тогтоосноос өөрөөр талийгаач Л.Г-ийг хутгалснаас ямар гэмтэл учирсан, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд юунаас учирсан, ямар гэмтэл үхлийн шалтгаан болсон зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн арга, сэдэлт зорилго зэрэг нөхцөл байдлыг тогтоож бичээгүй тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт гарсан байдал, гэмт хэргийг яаж үйлдсэн талаар нотолж чадаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу үйлдээгүйгээс шийтгэх тогтоол ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй  гэж үзнэ.  /хэргийн 3 дугаар хавтас, 142 дугаар хуудас, 4 дүгээр хавтас 56 дугаар тал/

3.  Шүүх шийтгэх тогтоолдоо тухайн гэмт хэрэг гарсан газрыг  “ажилчдын амрах байранд” гэж тогтоосон ба гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийн тухайд “Ө.А.Н.С төвд барилга барихаар “Ш.И.Х” ХХК-ий ажилчид ажиллаж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгч Ж.А-ийн төрсөн өдрийн баяр тохиолдож тус компаний ажилчид төрсөн өдрийн баярын ширээ бэлдэж согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, Я.Ө-ы эхнэр Г.Ж-г Б.Г-тай үнсэлцэж байхыг харсан гэх ярианаас үүдэн эмх замбараагүй байдал бий болж харилцан зодолдон 1 хүний амь хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний биед эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэхээр байна” гэжээ. /хэргийн 4 дүгээр хавтас, 59 дүгээр хуудас/    

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.А “...Би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд М намайг хорьж байсан. ..Ө эхнэр рүүгээ аяга таваг шидээд байсан,... эхнэр нь миний араар гүйгээд гарсан..., ...Ө намайг түлхээд орхиход би нэг хүнтэй мөргөлдсөн. Тэгэхэд Г чи эмэгтэй хүн цохичихлоо гэж нэг нь хэлсэн.  Тэгээд харахад Б газар уначихсан байсан...” , гэрч Х.Г “...Д бид хоёр талийгаачийг сугадаж эмнэлгийн машин руу оруулсан,... Бид нарт ажлын байрны дотоод  журам гэж байдаг..., Шөнө дунд болж байсан...” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Шүүхийн гэмт хэрэг гарсан гэх шалтгаан нөхцөлийн талаарх дүгнэлт, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Ж.А, Я.Ө, Д.Д, Э.Х нарын шөнийн 02 цагийн орчим ажилчдын амралтын байранд согтуугаар бүлэглэн, бусдад хүч хэрэглэж гэмтэл учруулсан, мөн хүний амь нас хохирсон үйлдэлд  нийтийн хэв журмыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.   

Иймээс шүүхээс гэмт хэрэг гарсан газар, цаг, хугацааг гэмт үйлдлийн хүрээ, шинж чанар, арга, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл,  гэм буруугийн хэлбэрийн шинжийг тогтоогоогүй, шүүгдэгч нарын үйлдлийн шинжид хамаарч болох өөр хууль зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ бий эсэхийг шалгаж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх зөрчлүүдийг давж заалдах болон анхан шатны шүүхээс залруулах боломжгүй, энэ нь мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 1.5, 1.9, 1.10-т заасан хянавал зохих үүрэгт хамаарах асуудлууд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ж.А, Я.Ө, Д.Д, Э.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ тогтоосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж байгаа, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан дараалал, шаардлагын дагуу  тодорхойлон бичихгүй, цагдан хоригдсон хугацааг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заасан агуулгаар биш, “эдлэх ялаас хасаж тооцсугай” гэж ойлгомжгүй бичих, тогтоох хэсэгт хууль хэрэг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  шийдвэрлэсэн асуудалд хамаарах хуулийн зүйл, хэсгийг бүрэн биш зөвхөн 1, 5 дахь хэсгийг хэрэглэж, мөн эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн нарийвчлан зохицуулсан зүйл, хэсгийг хэрэглэхгүй байх зэрэг зөрчлийг давтан  гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г-ийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Ж.А, Я.Ө, Д.Д, Э.Х нарт холбогдох 1928000000166 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Прокурорт очтол Ж.А-ийн цагдан хорих, Я.Ө, Д.Д, Э.Х нарын хувийн баталгаа гаргахаар урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                      Ш.ТӨМӨРБААТАР